| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/02721/И |
| Дугаар | 192/ШШ2026/06294 |
| Огноо | 2026-06-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2026/06294
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Я овогт А Т /РД: /,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Ц овогт С Ц /РД: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Б овогт С М /РД: /,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух Х овогт Г О /РД: / нарт холбогдох
Нийтийн эзэмшлийг хааж барьсан хана, хаалгыг буулгаж, талбайг чөлөөлүүлж, хаалгаар орж гарах эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Т , С.Ц , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч А.Т , С.Ц нар нь хариуцагч С.М , Г.О нарт холбогдуулан нийтийн эзэмшлийг хааж барьсан хана, хаалгыг буулгаж, талбайг чөлөөлүүлж, хаалгаар орж гарах эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 А.Т миний бие энэ байрыг ашиглалтад орсноос хойш амьдарч байгаа. Миний хөрш 4 тоотын оршин суугч дур мэдэн зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн 2,6х1,3м буюу 3,38м квадрат талбайг өөрийн эзэмшлийн /4 тоотын/ байрны зайнд нэмж оруулж эзэмшин, 3 тоот оршин суугчийн хаалгыг хааж, хана босгон 4 тоот хаалгаа шилжүүлэн суулгаж эзэмшилдээ нэмж авсан. Миний 2 тоот байрны хаалганд хашиж хан босгож, хаалгаа суулгасны улмаас 2 айлын хаалга зэрэг онгойход мөргөлдөж, бага насны хүүхэд цохиулах эрсдэлтэй бөгөөд том оврын эд зүйл оруулж гаргахад багтахгүй хүндрэлтэй байдаг. Иймээс миний эзэмших ёстой нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлж өгөхийг хүсье.
С.Ц би 2013 онд БГД-ийн * тоот гадагшаа харсан хаалгатай байрыг худалдан авч, худалдаа үйлчилгээ явуулсаар байгаа. Анх худалдан авахад орц, коридороос орох хаалгыг хааж, хана өрсөн байсан боловч цаашид хаалгаа гаргаж, коридороор орох хаалгаа нээх хүсэлтэй байсан. Дотор коридороос ордоггүй байсан учир 4 тоот айл хэдийд хана өрж, хаалгаа суулгаж, миний 3 тоот хаалгыг таглаж хаасныг мэдээгүй. Энэ тухай СӨХ-ны удирдлагад мэдэгдсэн боловч арга хэмжээ авч шийдэж өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
Иймд 2 болон 3 тоот оршин суугчийн нийтийн эзэмшлийн коридорын 3,38м2 талбайг чөлөөлүүлж, 4 тоотын хана хаалгыг буцаан татуулж, буулгуулж, 3 тоотын хаалгаараа орж гарах эрхийг сэргээж, байрандаа амгалан тайван, тав тухтай амьдрах эрхээ эдлэх эрхийг минь сэргээж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч С.М хариу тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нийтийн эзэмшлийн коридорын зай талбайг чөлөөлж, хааж барьсан хана хаалгыг буулгуулж, 3 тоот байрны хаалгыг нээлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь иргэн С.М миний бие нь Баянгол дүүргийн тоот орон сууцыг 2021 оны 05 сарын 15-ны өдөр худалдан авч, хууль ёсны өмчлөгч болсон. Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаа "...2 болон 3 тоот оршин суугчдын нийтийн эзэмшлийн коридорын 3,38 м.кв талбайг чөлөөлүүлж, 4 тоотын хана, хаалгыг буцаан татуулж, буулгуулж, 3 тоотын хаалгаараа орж гарах эрхийг сэргээж, байрандаа амгалан тайван, тав тухтай амьдрах эрхээ эдлэх, эрхийг минь сэргээж өгнө үү..." гэж тодорхойлсон байх бөгөөд дээрх орон сууцыг анх худалдан авахад хаалганы зохион байгуулалт, байршил нь одоогийн байрлалд байсан. Тухайн орон сууцыг худалдан авснаас хойш дур мэдэн 2, 3 тоот оршин суугчийн эрх ашгийг хөндөн нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн ашиглаж, хана, хаалгыг хааж таглан 4 тоот хаалгыг шилжүүлэн байрлуулсан зүйл байхгүй. Нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох холбогдох баримтаа өгөөгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.
3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэж харж байна. Тухайн хөрөнгө бий болсноос хойш гомдол гарах хөөн хэлэлцэх хугацаа яригдана, шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Тухайн хөрөнгө үүсснээс хойш 10 жил болсон ба хэрэгт байгаа баримтыг харахаар мөн адил 10 жил болсон нь харагдаж байгаа ба энэ хугацаанд маргасан зүйл байхгүй байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан байдаг ба 75.2.2 дээр үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан байдаг. Тиймээс тус хууль дээр зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 72 дугаар зүйл дээр хугацаа хэрхэн тоолох талаар заасан байдаг ба талуудын хооронд буюу өмнөх өмчлөгч тухайн хөрөнгийг бий болгосноос хойш гомдлын шаардлага бий болсноос хойш гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэж маргажээ.
4. Нэхэмжлэгч нараас иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, фото зураг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Саруул дулаан сууц өмчлөгчдийн холбооны албан бичиг, тодорхойлот, Төлбөр төлсөн баримт, зэрэг бичгийн баримтуудыг гаргасан байна.
Хариуцагч нараас хариу тайлбар, итгэмжлэлүүд зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар талуудын хүсэлтээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс зэргээс нотлох баримт бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А.Т , С.Ц нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Бид 2 тоот болон 3 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчид. Хөрш 4 тоотын оршин суугч дур мэдэн зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн коридорын зайнд нэмж 3 тоот оршин суугчийн хаалгыг хааж, хана босгон 4 тоот хаалгаа шилжүүлэн суулгаж эзэмшилдээ авсан. 2 тоот байрны хаалганд хашиж хана босгож, хаалгаа суулгасны улмаас 2 айлын хаалга зэрэг онгойход мөргөлдөж, том оврын эд зүйл оруулж гаргахад багтахгүй хүндрэлтэй байдаг. Иймд 2 болон 3 тоот оршин суугчийн нийтийн эзэмшлийн коридорыг чөлөөлүүлж, нийтийн эзэмшлийг хааж барьсан хана, хаалгыг буулгаж, талбайг чөлөөлүүлж, хаалгаар орж гарах эрхийг сэргээж өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч С.М , Г.О нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Тухайн хөрөнгө үүссэнээс хойш 10 жил болсон нь харагдаж байгаа ба энэ хугацаанд маргасан зүйл байхгүй байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75.2.2 дээр үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан байдаг. Тиймээс тус хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн өмнөх өмчлөгч тухайн хөрөнгийг бий болгосноос хойш гомдлын шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч А.Т нь Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 45 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2012.01.23-ны өдөр,
нэхэмжлэгч С.Ц нь Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 60,962 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2019.04.11-ний өдөр тус тус бүртгэгджээ. /хх6-7/
4.2 Хариуцагч Г.О Баянгол дүүрэг, тоот хаягт байршилтай, 44,5 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2021.05.17-ны өдөр бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон. /хх-94/
5. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг хэрэглэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эрхтэй этгээд мөн эсэхийг тодорхойлох ба нөгөө талаас эрх зөрчсөн, таслан зогсоох үйлдэл бий эсэхийг тогтоох учиртай. Хуульд зааснаар эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж байгаа өмчлөгч зөрчлийг арилгуулах, саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нараас шүүх хуралдаанд ...4 тоот орон сууц нь 44,5 м.кв талбайтай улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаас харагдаж байна. Гэтэл нийтийн эзэмшлийн коридороос 3,38м2 талбайг нэмж хаалга, хана барьж 3 тоотын хаалгаар орох, гарах болон 4 тоотын эд зүйл оруулахад хүндрэлтэй болгож бидний эрхийг зөрчиж байна. гэсэн агуулгаар тайлбар гаргасныг хариуцагч ...Нийтийн эзэмшлийн талбайг өмчлөхөөр нэмж бүртгүүлсэн зүйл байхгүй. Тухайн хөрөнгө үүссэнээс хойш 10 жил болсон нь харагдаж байгаа ба энэ хугацаанд маргасан зүйл байхгүй, гомдлын шаардлага гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. гэж тайлбарлан няцаасан нь үндэслэлгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд нэхэмжлэгч нар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаарджээ.
7. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна. 15.1.1-т орон сууцны байшингийн шатны хонгил, сууц хоорондын талбай, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө, 15.4 дэх хэсэгт Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө гэж зохицуулсан бөгөөд тухайн орон сууцны шатны хонгил болон сууц хоорондын талбай нь дундын өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд сууц өмчлөгчид дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх учиртай.
Дээрх хуульд заасны дагуу нийтийн эзэмшил буюу дундын өмчлөлийн эд хөрөнгөнд баригдсан Баянгол дүүрэг, тоотын хана, хаалга зэрэг нь нэхэмжлэгч 2 тоот болон 3 тоот орон сууцны өмчлөгч нарын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа болох нь Саруул дулаан СӨХ-ын 2025 оны 05 сарын 26-ны өдрийн 260 дугаартай албан бичиг, хэрэгт авагдсан фото зураг, зохигчдын тайлбараар нотлогдон тогтоогдож байна. /хх-8, 21/
8. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх-ээр иргэний эрхийг хамгаална гэж, хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нар нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд буюу өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнд нэвтрэх болон үйл ажиллагаа явуулахад хариуцагч Г.Оюунтуяагийн өмчлөлийн 4 тоотын хана, хаалга саад болж байх тул өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хаалгаар орж гарах эрхийг сэргээлгэж, хааж барьсан хана, хаалгыг буулгах, талбайг чөлөөлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй гэж үзлээ.
9. Тухайн хөрөнгө үүссэнээс хойш 10 жил болсон ба энэ хугацаанд маргасан зүйл байхгүй. Хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох агуулгаар хариуцагч тал тайлбар гаргасан боловч уг тайлбар татгалзлалын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч нарын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болох, өмчлөлийн зүйл рүүгээ нэвтрэх эрх, хуулиар олгосон дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөхийг хязгаарлах эрх хариуцагч Г.Оюунтуяад олгогдохгүй.
10. Түүнчлэн, хариуцагч С.М нь Баянгол дүүргийн тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч биш болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эрх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ баримтаар тогтоогдсон тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
11. Иймд хариуцагч Г.Оюунтуяаг Баянгол дүүрэг, тоот орон сууцны хаалгыг сунгаж, дундын өмчлөлийн талбайг хааж барьсан хана, хаалгыг буцаан буулгаж, нэхэмжлэгч С.Ц , А.Т нарыг дээрх хаягт байрлах орон сууцны 2 тоот болон 3 тоот орон сууцыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож чөлөөлөхийг даалгаж, хариуцагч С.М ад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оюунтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, тоот орон сууцны хаалгыг сунгаж, дундын өмчлөлийн талбайг хааж барьсан хана, хаалгыг буулгаж, тус хаягт байршилтай нэхэмжлэгч А.Т ын өмчлөлийн 2 тоот, нэхэмжлэгч С.Ц гийн өмчлөлийн 3 тоот орон сууцыг тус тус өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож чөлөөлөхийг хариуцагч Г.Од даалгаж, хариуцагч С.М ад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оюунтуяагаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ