| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0473/Э |
| Дугаар | 492 |
| Огноо | 2018-10-15 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Л.Ц, Н.Г, тэдний өмгөөлөгч С.Санжаажамц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Ц, Н.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810000930122 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 00000000000000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Л.Ц /РД: 000000000000/.
Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 000000000000000000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 03 жил, 05 сарын хорих ял оногдуулж, уг ял дээр 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 02 жил 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 05 жил 11 сараар тогтоосон,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сар хорих ял шийлгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Н.Г /РД: 000000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Ц, Н.Г нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт баарны гаднаас Австрали улсын иргэн Л.Р, З.П нарыг авч тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сөүл Рояал Каунти хотхонд хүргэж өгөхдөө Л.Ргийн хэтэвчнээс илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар 410,000 төгрөг авч, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Л.Ц: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Шүүгдэгч Н.Г: “...Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Л.Р мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Зорчигчийн суудалд сууж байсан залуу нь миний хэтэвчийг булааж аваад зугтсан. Тэгэхээр нь би хэтэвчийг буцааж авахаар уг автомашиныг явуулахгүй байж байхад нөгөө залуу миний хэтэвчийг газар шидээд “хэтэвч чинь тэнд байна” гэж заасан. Тэгэхээр нь би машинаас бууж, хэтэвчээ аваад нээж үзэхэд, дотор нь байсан мөнгө байхгүй болчихсон байсан. Тэр үед машинтай хоёр залуу хөдлөөд явчихсан. Тухайн үед би мөнгөнд санаа зовоогүй, харин хэтэвчин дотор миний бүхий л бичиг баримтууд байсан болохоор их санаа зовсон... ” /хх-ийн 141-144/ гэсэн,
Гэрч З.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд өөрийн эхнэр Л.Ргийн хамтаар “Минт” баарны гаднаас таксинд суугаад гэрийнхээ гадаа буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Зайсан Рояал Коунти” хотхоны 308 дугаар байрны гадаа очсон. Тэгээд таксины мөнгийг төлсөн чинь дахин мөнгө нэмж хэлэхээр нь би “өгөхгүй ээ” гэж хэлээд машинаас буусан, эхнэр уг таксинд мөнгө нэмж өгөхгүй талаар маргаад үлдсэн. Тэгээд би эхнэрийгээ таксинаас бууж ирэхийг хүлээж байтал, эхнэр маань бууж ирээд “миний хэтэвчийг авчихлаа” гэж хэлсэн. Энэ үйл явдал маш хурдан болж өнгөрсөн ба эхнэр “энэ хүмүүс миний хэтэвчийг аваад явчихлаа” гэж хэлэхэд, зорчигч талд буюу жолоочийн эсрэг талд сууж байсан хүн “хэтэвч чинь тэнд байна” гэж хэлээд газар шидсэн. Бид хоёр очиж авахад уг хүмүүс дотор нь байсан мөнгийг нь авсан байсан, тэгээд такситай хүмүүс хөдлөөд явчихсан...”/хх-ийн 145-147/ гэсэн,
Шүүгдэгч Л.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны орой ...“Минт” баар руу шууд явсан. Тэндээс 2-3 удаа зорчигч авч хүргэж өгчихөөд буцаж ирээд зогсож байтал шөнө 03 цагийн орчим баарнаас эрэгтэй, эмэгтэй гадаадын хоёр иргэн гараад ирэхээр нь Н.Г эмэгтэйг нь хажуу талаас нь түшиж миний эзэмшлийн 0000 УНӨ улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёото Приус 20 маркийн автомашины хойд сандал дээр суулгасан, харин эрэгтэй нь эмэгтэйн хажуу талд буюу хойд сандал дээр орж суусан. Тэгтэл Н.Г “хамт явья” гээд миний машины жолоочийн эсрэг талын сандал дээр тойрч ирээд суусан. Тэр хоёр гадаадын иргэн Зайсангийн “Сөүл Роял Коунти хотхон руу явья” гэж хэлсэний дагуу уг хотхоны 308 дугаар байрны гадаа очиж зогсоод би таксины мөнгө 10,000 төгрөг болсон гэж хэлсэн чинь машин дотроо мөнгө гаргаж ядаж байснаа эрэгтэй нь “5,000 төгрөг өгнө” гэхээр нь би “10,000 төгрөг болсон” гэж хэлсэн. Тэгтэл Н.Г машинаас буугаад тойрч очоод эмэгтэйг нь машинаас түшиж буулгаад орцных нь гадна хаалга хүртэл хүргэж өгсөн, харин би араас нь эрэгтэйгийнх нь сууж байсан талын хаалгыг онгойлгож өгөөд машинаас буулгаад “таксины мөнгөө авья” гэж хэлсэн чинь надад 3,000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би англи хэлээр “10” гэж хэлэхэд цаана орцны үүдэнд зогсож байсан эхнэр нь цүнхнээсээ 10,000 төгрөг гаргаж ирээд Н.Гд өгөөд тэр хоёр хамт шатан дээр унасан. Тэгээд ...Н.Г машинд суугаад бид хоёр хөдлөх гэтэл эхнэр нь жолооч талын хаалгыг нээгээд миний гарнаас татаад байсан. Тэгэхээр нь Н.Г машинаас буугаад эмэгтэйг нь татаж надаас холдуулаад “машинтайгаа хөдлө” гэж хэлсэн. Би хаалга хаагаад хөдлөх үед Н.Г машинд суусан. Тэгээд уг хотхоноос гарч явахдаа “эхнэр нь яасан бэ” гэж асуухад Н.Г “хэтэвч нь газар уначихсан байхаар нь би хэтэвчнээс нь мөнгийг нь аваад хэтэвчийг нь буцаагаад шидчихсэн” гэж хэлээд надад 200,000 төгрөг өгсөн, уг хэтэвчнээс нийт 410,000 төгрөг авсан гэж хэлсэн...” /хх-ийн 83-84/ гэсэн,
Шүүгдэгч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад “Минт” баарны гадна ирсэн. ...Тэр үед машинаа зарчихсан явган явж байсан. Тэгээд шөнийн 02 цаг өнгөрч байхад баарнаас гадаад улсын 2 иргэн /эрэгтэй, эмэгтэй/ гарч ирэхээр нь очиж уулзаад такси гэж англиар асуухад “еэс” гэж хариулахаар нь Л.Ций машин руу дагуулж очиж хойд хаалгаар суулгаж, өөрөө машины зүүн урд хаалгаар суугаад “Сөүл рояал коунти” байрны гадаа зогсож, “10,000” гэж Англиар хэлэхэд 5,000 төгрөг өгчихөөд буух гэхээр нь “10,000” гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч нэмж өгөхгүй байсан. Тэгээд эмэгтэй нь буух гэхээр нь би хойд талын хаалгыг онгойлгож, буулгаад нилээн согтуу байхаар нь халтирч унахаас болгоомжилж, гарнаас нь түшээд орцных нь үүдэнд хүргэж өгөөд буцах үед нөгөө эмэгтэй халтирч унасан. Тэгэхээр нь босгочихоод эргэхэд, шатны хажуу талд бараан өнгийн урт загвартай хэтэвч уначихсан байхаар нь авч машинд суусан. Тэр үед Л.Ц машиныхаа жолооны ард суучихсан нөгөө эрэгтэй жолоочийн хаалгыг нь онгойлгочихсон юм яриад байгаа юм шиг байдалтай зогсож, байхаар нь “нөгөө эмэгтэйн хэтэвч нь газар уначихсан байхаар нь авчихлаа” гэж хэлээд хэтэвчийг шалгахад 10,000-тын дэвсгэртээр нийт 410,000 төгрөг байсан. Тэгээд хэтэвчийг нь цонхоор эмэгтэйн унасан газрын орчим шидчихээд явсан. Замдаа явж байхдаа Л.Цд 200,000 төгрөгийг өгсөн...” /хх-ийн 79-80/ гэсэн мэдүүлгүүд,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 11-13, 87-95, 96-103/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13/,
- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8/,
- Такси үйлчилгээ эрхлэгчдийн үнийн судалгаа /хх-ийн 110-111/,
- Орчуулагч томилох тухай тогтоол /хх-ийн 138-139/,
- Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 37, 42, 77-78, 125-133/,
- Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Түвшинжаргал /хх-ийн 23/, Н.Уранбайгаль /хх-ийн 24/ нарын мэдүүлгүүд, бусад баримтууд /хх-ийн 25-36/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Л.Ц, Н.Г холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Л.Ц, Н.Г нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт баарны гаднаас Австрали улсын иргэн Л.Р, З.П нарт такси үйлчилгээ үзүүлж, тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сөүл Рояал Каунти хотхонд хүргэж өгөхдөө Л.Ргийн хэтэвчнээс 410,000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Ргийн “...Зорчигчийн суудалд сууж байсан залуу нь миний хэтэвчийг булааж аваад зугтсан. Тэгэхээр нь би хэтэвчийг буцаан авахаар уг автомашиныг явуулахгүй байж байхад нөгөө залуу миний хэтэвчийг газар шидээд “хэтэвч чинь тэнд байна” гэж заасан. Тэгэхээр нь би машинаас бууж, хэтэвчээ аваад нээж үзэхэд, дотор нь байсан мөнгө байхгүй болчихсон байсан. Тэр үед машинтай хоёр залуу хөдлөөд явчихсан. Тухайн үед би мөнгөнд санаа зовоогүй, харин хэтэвч дотор миний бүхий л бичиг баримтууд байсан болохоор их санаа зовсон... ” /хх-ийн 141-144/ гэсэн, гэрч З.Пийн “...Эхнэр маань бууж ирээд “миний хэтэвчийг авчихлаа” гэж хэлсэн. Энэ үйл явдал маш хурдан болж өнгөрсөн ба эхнэр “энэ хүмүүс миний хэтэвчийг аваад явчихлаа” гэж хэлэхэд, зорчигч талд буюу жолоочийн эсрэг талд сууж байсан хүн “хэтэвч чинь тэнд байна” гэж хэлээд газар шидсэн. Бид хоёр очиж авахад уг хүмүүс дотор нь байсан мөнгийг нь авсан байсан, тэгээд такситай хүмүүс хөдлөөд явчихсан...”/хх-ийн 145-147/ гэсэн, шүүгдэгч Л.Ций “...Тэр хоёр гадаадын иргэн Зайсангийн Сөүл Роял Коунти хотхоны 308 дугаар байрны гадаа очиж зогсоод би таксины мөнгө 10,000 төгрөг болсон гэж хэлсэн чинь машин дотроо мөнгө гаргаж ядаж байснаа эрэгтэй нь “5,000 төгрөг өгнө” гэхээр нь би “10,000 төгрөг болсон” гэж хэлсэн. Тэгтэл Н.Г машинаас буугаад тойрч очоод эмэгтэйг нь машинаас түшиж буулгаад орцных нь гадна хаалга хүртэл хүргэж өгсөн харин би араас нь эрэгтэйгийнх нь сууж байсан талын хаалгыг онгойлгож өгөөд машинаас буулгаад “таксины мөнгөө авья” гэж хэлсэн чинь надад 3,000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би англи хэлээр “10” гэж хэлсэн хэлсэн чинь цаана орцны үүдэнд зогсож байсан эхнэр нь цүнхнээсээ 10,000 төгрөг гаргаж ирээд Н.Гд өгөөд тэр хоёр хамт шатан дээр унасан. Тэгээд ...Н.Г машинд суугаад бид хоёр хөдлөх гэтэл эхнэр нь жолооч талын хаалгыг нээгээд миний гарнаас татаад байсан. Тэгэхээр Н.Г машинаас буугаад эмэгтэйг нь татаж надаас холдуулаад “машинтайгаа хөдлө” гэж хэлсэн. Би хаалга хаагаад хөдлөх үед Н.Г машинд суусан. Тэгээд уг хотхоноос гарч явахдаа “эхнэр нь яасан бэ” гэж асуухад Н.Г “хэтэвч нь газар уначихсан байхаар нь би хэтэвчнээс мөнгийг нь аваад хэтэвчийг нь буцаагаад шидчихсэн” гэж хэлсэн...” /хх-ийн 83-84/, шүүгдэгч Н.Гантулгын “...Тэгээд эмэгтэй нь буух гэхээр нь би хойд талын хаалгыг онгойлгож, буулгаад нилээн согтуу байхаар нь халтирч унахаас болгоомжилж, гарнаас нь түшээд орцных нь үүдэнд хүргэж өгөөд буцах үед нөгөө эмэгтэй халтирч унасан. Тэгэхээр нь босгочихоод эргэхэд, шатны хажуу талд бараан өнгийн урт загвартай хэтэвч уначихсан байхаар нь авч машинд суусан. Тэр үед Л.Ц машиныхаа жолооны ард суучихсан нөгөө эрэгтэй жолоочийн хаалгыг нь онгойлгочихсон юм яриад байгаа юм шиг байдалтай зогсож, байхаар нь “нөгөө эмэгтэйн хэтэвч нь газар уначихсан байхаар нь авчихлаа” гэж хэлээд тэгээд хэтэвчийг нь цонхоороо эмэгтэйн унасан газрын орчим шидчихээд явсан...” /хх-ийн 79-80/ гэсэн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 11-13, 87-95, 96-103/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8/, такси үйлчилгээ эрхлэгчдийн үнийн судалгаа /хх-ийн 110-111/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч Л.Ц, Н.Г нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ргийн эд хөрөнгөд 410,000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан /хх-ийн 8/, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.Ц, Н.Г нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, шүүгдэгч Л.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Л.Ций гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй түүний хувийн байдлыг харгалзан Л.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой,
шүүгдэгч Н.Гантулгын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасны дагуу хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн 1810000930122 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Австрали улсын иргэн Л.Р нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Л.Ц, Н.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Ц, Н.Г нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч Л.Цд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 1810000930122 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Л.Р гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Л.Ц, Н.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Л.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гд авсан цагдан хорих, шүүгдэгч Л.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР