Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 499

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Б.Соёлмаа, хохирогч Ч.Н, шинжээч эмч С.О, шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810000320423 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 02 дугаар сарын 25-ны өдөр
Завхан аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдлын хөнгөн үйлдвэрийн техник технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 00000000000000000 оршин суух хаягт бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 0000000000000000000000000000 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ж.Э /РД: 00000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Энь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 000000000000 тоотод гэртээ өөрийн эхнэр Ч.Нтэй “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг сууж байсан сандалтай нь авч шидэж, эрүүл мэндэд нь баруун гарын бугалга, шилбэнд цус хуралт, хамарт шалбаралт бүхий нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Ч.Н: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 10 цаг 30 минутын үед Д аяга угаагаад, би сандал дээр сууж байсан. Ширээн дээр ууттай 5.000.000 төгрөг байсан. Миний орлогоноос 5.000.000 төгрөг дутсан байсан нь Ж.Эын халааснаас гарч ирсэн. Би тэр мөнгийг “түрээсэнд өгнө” гэхэд “чи миний мөнгийг авдаг хэн юм бэ, энэ мөнгийг би авна гээд ширээн дээр байсан мөнгийг авсан. Намайг ширээний ард сууж байхад сандалтай унагааж, энэ гэмтлийг надад учруулсан. Гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Шинжээч С.О: “...Хохирогчийг өөрийн биеэр үзсэн. Хэсэг газрын үзлэгт бугалгадаа 5смх1см хэмжээтэй шалбаралттай, нүүр, өвдөг гээд олон газарт цус хуралт, шалбаралт байсан. Хохирогчийн хувьд гэмтлүүд нүүр, биеийн олон хэсгийг хамарсан, эрүүл мэндийг 14-өөс дээш хоног сарниулна гэдэг үндэслэлээр хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан. Хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж 21 хүртэлх хоногийн хугацаанд эдгэрнэ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Э: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн  үед манай дэлгүүрт худалдагч хийдэг байсан Д манай гэрийг цэвэрлэж байсан. Тэр үед эхнэр бид хоёрын дунд мөнгөний асуудал яригдсан. Ширээн дээр ууттай 5.000.000 төгрөг байсныг эхнэр салоны түрээсэнд өгнө гэхээр нь би буцаацалдахад эхнэр цаашаа унасан. Тухайн үед эхнэр хумбагар сандал дээр сууж байсан юм. Эхнэрийг босч ирэхэд хамар нь шалбараад цус гарсан байсан. Би хүнд гар хүрэх хүмүүжилтэй хүн биш...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ч.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн үед гэртээ мөнгө тоолоод сууж байхад Ж.Э харчихаад “би наад мөнгийг чинь авна” гэж хэлсэн. Би Ж.Эод энэ мөнгийг маршалийн төлбөрт өгөх гэж байгаа гэхэд  “чи муу пизда, миний мөнгийг авдаг хэн бэ” гээд мөнгийг булааж аваад намайг сандалтай хамт аваад шидсэн. Би газар унахдаа толь сандал хоёрын завсарт унасан, босож ирэхэд миний хамрын дээд хэсгээс цус гарчихсан байсан.  ...2017 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 03 цаг хүртэл намайг хэл амаар доромжилж, салаавч гаргаж миний хүзүүнд тулгаад, нүүр рүү нулимсан. Намайг чи муу маажиг, одоо үхвэл таарна, хаа таарсан газраа ална, Турк улсад очвол хүнээр алуулна гэж дарамталсан. ...Миний захиалсан машин ирсэн гээд 13 цагийн үед очиход нөхөр бас ирсэн байсан, “хамт зургаа авхуулья” гээд бид хоёр зургаа авахуулсан...” /хх-ийн 9-11, 32-35/ гэсэн,

 

Гэрч Э.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ээж надтай уулзаад “өчигдөр би аавтай чинь маргалдаад, аав чинь намайг сандалтай хамт шалан дээр унагааж, гар хөхрүүлсэн” гээд гараа харуулж байсан. Тухайн үед түүний баруун гарын бугалга бага зэрэг хөхөрсөн харагдаж байсан. Ингээд би ээж, аав хоёртой ярилцахад  тэр хоёр маргалдаад, аав ээжээс нэг зүйл авах гээд гарнаас нь хүчтэй татахад ээж сандалтайгаа хамт шалан дээр унасан гэж хэлсэн...” /хх-ийн 40-45/ гэсэн,

 

Шүүгдэгч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Үндэслэлгүй байхад хэрэгт холбогдуулан татаж байна. Би Солонгос улсад нурууны хагалгаанд орж байсан, гурван кг-аас дээш хэмжээтэй зүйл өргөж болохгүй, би 75 кг жинтэй хүнийг авч шидэж чадахгүй, хэрэв би авч шидсэн бол тэр дороо нуруу хугараад унах байсан. Мөн манай эхнэр намайг “залуу охинтой яваад байна, би чамайг айлгах гэж цагдаад өгсөн” гэж надад хэлсэн...” /хх-ийн 41-43/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №14923 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ч.Нгийн биед баруун гарын бугалга, шилбэнд цус хуралт, хамарт шалбаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...”  /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт,

 

- Шүүгдэгч Ж.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой  бусад баримтууд /хх-ийн 23-26, 29, 47, 79-80/,

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 19-20/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 67-71/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ж.Ж.Эод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ж.Энь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан лакшири виллаж” хотхоны 5-8 тоот өөрийн гэртээ эхнэр Ч.Нтэй “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан түүнийг сууж байсан сандалтай нь унагааж, эрүүл мэндэд нь баруун гарын бугалга, шилбэнд цус хуралт, хамарт шалбаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Нгийн “...Би Ж.Эод энэ мөнгийг маршалийн төлбөрт өгөх гэж байгаа гэхэд “чи муу пизда, миний мөнгийг авдаг хэн бэ” гээд мөнгийг булааж аваад намайг сандалтай хамт аваад шидсэн. Би газар унахдаа толь сандал хоёрын завсарт унасан, босож ирэхэд миний хамрын дээд хэсгээс цус гарчихсан байсан...” /хх-ийн 9-11, 32-35/ гэсэн,

гэрч Э.Згийн “...Ээжтэй уулзахад “аавтай чинь маргалдаад, аав чинь намайг сандалтай хамт шалан дээр унагааж, гар хөхрүүлсэн” гээд гараа харуулж байсан. Тухайн үед түүний баруун гарын бугалга бага зэрэг хөхөрсөн харагдаж байсан...” /хх-ийн 40-45/ гэсэн,

шүүгдэгч Ж.Ж.Эын “...Би Солонгос улсад нурууны хагалгаанд орж байсан, гурван кг-аас дээш хэмжээтэй зүйл өргөж болохгүй, би 75 кг жинтэй хүнийг авч шидэж чадахгүй, хэрэв би авч шидсэн бол тэр доороо нуруу хугараад унах байсан. Мөн манай эхнэр намайг “залуу охинтой яваад байна, би чамайг айлгах гэж цагдаад өгсөн” гэж надад хэлсэн...” /хх-ийн 41-43/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №14923 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ч.Нгийн биед баруун гарын бугалга, шилбэнд цус хуралт, хамарт шалбаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой...”  /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 19-20/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 67-71 /зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Ж.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.   

Шүүгдэгч, хохирогч нар нь эхнэр, нөхөр болох нь тэдний гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46/, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Эын өөрийн эхнэр Ч.Нгийг биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. 

 

Шүүгдэгч Ж.Эмөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “...Үндэслэлгүй байхад хэрэгт холбогдуулан татаж байна. Би Солонгос улсад нурууны хагалгаанд орж, гурван кг-аас дээш хэмжээтэй зүйл өргөж болохгүй, би 75 кг жинтэй хүнийг авч шидэж чадахгүй, хэрэв би авч шидсэн бол тэр доороо нуруу хугараад унах байсан....” гэж мэдүүлэх бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийн гэм бурууг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүйн дээр түүний ингэж мэдүүлсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр няцаагдаж, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлосон бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Нгийн эрүүл мэндэд баруун гарын бугалга, шилбэнд цус хуралт, хамарт шалбаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.Энь анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ж.Ж.Эын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн ажил эрхлэлт, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хувийн байдлуудыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810000320423 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Ж.Эод холбогдох эрүүгийн 1810000320423 дугаартай хэрэг тус шүүхэд 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ирсэн бөгөөд шүүх Ж.Ж.Эод хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон арга хэмжээг /хх-ийн ...../ тус тус давхардуулан авчээ.

Шүүх Ж.Эод холбогдох хэргийг шийдвэрлэж шүүхээс шийтгэх тогтоол гарсан учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эыг 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ж.Эод оногдуулсан 1,400,000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Эторгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810000320423 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ж.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ч.Н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Ж.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Ж.Эод урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох арга хэмжээг хүчингүй болгож, Хил Хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэж, шийтгэх тогтоолын хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах , эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ж.Эод авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР