Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 502

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/, шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810016030545 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирийн багш мэргэжилтэй, хувиараа автомашин зардаг ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 00000000000000000000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 000000000000000000 хаягт түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Г.А /РД: ОЕ75022213/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш” хорооллын 00000000000тоотод иргэн Х.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэнд баруун гараараа хоёр удаа цохиж биед нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун үүдэн 8 дугаар шүдний хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, баруун, зүүн үүдэн 1, баруун дээд үүдэн 2 дугаар шүдний сулрал, баруун доод 5 дугаар шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.А: “...Би 2018 оны 06 дугаар сарын 25-ны орой С.П, Х.Б нарын гэрт очсон. Тухайн үед Х.Б, С.П нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас салсан байхаар нь би эвлэрүүлсэн. Тэгээд Х.Б, С.П нар нь шинэ байранд орж, би хүүтэйгээ очиж гэрийн тавилгыг нь угсарч өгч байгаад Х.Б бид хоёр архи уусан. Тухайн үед Х.Б энэ жил улсад морь уяж сайн уралдуулна гэхэд С.П хүүхдээ тусад нь гаргаж чадахгүй байж морь уяахад мөнгө зарцууллаа гээд тэр хоёр хоорондо маргалдсан. Би дундуур нь орж салгахад Х.Б миний амьдрал чамд хамаагүй гэж над руу дайрсан. Би Х.Бг 2-3 удаа гараараа цохисон. Мөн Х.Б намайг 2-3 удаа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, биеийн байдал нь сайн байгаа...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Хурд” хорооллын 00000000000тоотод нүүж очсон. Манайхыг нүүхэд хадам дүү Г.А тусалсан. Шинэ байранд нүүж орсон тул сайн сайхныг бэлгэдэн 750 граммын савалгаатай архи задалсан ба бид хоёр ууж ярилцсаар шөнийн 2 цаг болсон. Тэр үед Г.А бид хоёр ярилцаж байгаад үл ойлголцон маргалдсан. ...Улмаар Г.А бид хоёр маргалдаж байгаад заамдалцахад, Г.А миний зүүн нүд, уруул орчимд 2 удаа баруун гараа атгаж байгаад цохисон...” /хх-ийн 5-8/ гэсэн,

 

Гэрч П.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ...нүүлгэлтийн компаний хүмүүс болон Г.Агийн хүү М, Х.Бгийн охин И бид нар гэрийн эд зүйлсийг зөөж янзлаад байж байхад, Х.Б, Г.А, С.П нар цаад өрөөнд архи ууж байсан. ...Х.Б, Г.А, С.П нар архи уугаад үлдсэн, шөнө 02 цагийн үед хүмүүс маргалдаад байхаар нь сэрэхэд Х.Б, Г.А, С.П нар хоорондоо маргалдаад байсан. ...И бид хоёр очиход Г.А, Х.Б хоёр бие биенээ заамдчихсан, тэдний хамар амнаас цус гарсан байдалтай байсан...” /хх-ийн 13-14/ гэсэн,

 

Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр аавын хамт хамаатан С.П-гийн гэрийг шинэ байранд нүүлгэхэд тусалсан. Нүүлгэлтийн компанийн хүмүүс болон П.М бид нар гэрийнх нь эд зүйлсийг зөөж цэгцлээд, харин Х.Б, Г.А, С.П нар цаад өрөөнд архи уусан. ...Шөнө 02 цагийн үед Х.Б, Г.А, С.П нар маргалдсан. ...Намайг өрөө рүү ороход, Х.Б аавын мөр, цээж рүү гараараа цохиход аав Х.Б-гийн мөр цээж, нүүр хамар луу нь цохиод зодолдоод байхаар нь би тэдний дундуур орж салгасан. ...С.П эгчийг Х.Б ах түлхэж унагаахад, аав С.П эгчийг өмөөрөөд Х.Бгийн нүүр лүү гараараа цохисон. Тухайн үед Х.Б ах уурлаад архины шилийг ширээний өнцөгт цохиж хагалаад, аав руу дайрах гэж байхаар нь би шилийг нь булааж авсан. Х.Б дахин архины шил аваад аав руу шидэхэд шил аавыг онолгүй хана мөргөөд хагарсан...” /хх-ийн 15-16/ гэсэн,

 

Гэрч С.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ...Х.Б тавилга худалдан аваад шинэ байрандаа нүүж орсон. Ингээд орой нь 21 цаг өнгөрч байхад Г.А бидэнд тусалж, эвлэрүүлээд гаднаас сүү, архи авч орж ирсэн. Тухайн үед Х.Б бид хоёр тусдаа амьдарч байгаад буцаад нийлсэн болохоор баяртай байсан. Х.Б, Г.А бид гурав хүүхдийн өрөөнд 750 граммын савалгаатай архи 3 шилийг уусан ба би архи ууж чаддаггүй болохоор нэг их уугаагүй. Бид гурав архи уун ярилцаад сууж байхад, Х.Б “...Чи ийм болохоор би чамтай хамт амьдардаггүй, Стэй амьдардаг, би Сд хайртай” гээд орилж хашгираад эхэлсэн. Тэгтэл Г.А бидний дундуур ороод Х.Бтай маргалдсан. Х.Б архины шил, сандал зэрэг зүйлсийг Г.А руу шидээд орилж хашгираад эхэлсэн. Г.А, Х.Б хоёр согтсон байсан болохоор хөл дээрээ ч зогсож чадахгүй байсан. Тэгээд хоорондоо зууралдаад, бие биенийгээ цохиод байсан...” /хх-ийн 43-44/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Амөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Х.Бг худалдан авсан байранд нь нүүлгэж өгсөн. Тухайн үед Х.Б нь согтуурхаад “...энэ ингээд үглээд байдаг юм, ийм болохоор нь би энэнээс салсан, би Стэй хамт амьдарна” гэсэн. Үүнээс болоод маргаан үүссэн. Х.Б нь С.Птэй маргалдаж байснаа С.Пгийн нуруу руу цохиод, хамарнаас цус гаргахаар нь би тэдний дундуур ороход Х.Б нь над руу “миний амьдрал чамд хамаагүй, чи дуугүй байж бай” гээд миний хамар руу гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд Х.Бгийн зүүн нүд, хамар руу нэг удаа гараараа цохисон чинь хойшоо саваад унасан. Тухайн үед Х.Бгийн хамраас цус гарч байсан. Мөн би түүний уруул орчим руу гараараа нэг удаа цохитол амнаас нь цус гарсан...” /хх-ийн 40-42/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №7988 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Х.Б-гийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун үүдэн 8 дугаар шүдний хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, баруун, зүүн дээд үүдэн 1, баруун дээд үүдэн 2 дугаар шүдний сулрал, баруун доод 5 дугаар шүдний паалангийн эмтэрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 19/ гэсэн дүгнэлт,

           -  Өргөдөл /хх-ийн 4/,

- Шүүгдэгч Г.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 24-32, 45-47, 52-60/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.Ань 2018 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш” хорооллын 00000000000тоотод иргэн Х.Бтай маргалдаж, түүний нүүрэнд цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун үүдэн 8 дугаар шүдний хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, баруун, зүүн үүдэн 1, баруун дээд үүдэн 2 дугаар шүдний сулрал, баруун доод 5 дугаар шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Бгийн “...Тэр үед Г.А бид хоёр ярилцаж байгаад үл ойлголцон маргалдсан. ...Улмаар Г.А бид хоёр маргалдаж байгаад заамдалцахад, Г.А миний зүүн нүд, уруул орчимд хоёр удаа гараа атгаж байгаад цохисон...” /хх-ийн 5-8/ гэсэн, гэрч А.Мөнх-Эрдэнийн “...Х.Б, аав, С.П нар маргалдсан. ...Намайг өрөө рүү ороход, Х.Б аавын мөр, цээж рүү гараараа цохиход аав Х.Бг зөрүүлээд мөр цээж, нүүр хамар луу нь цохиод зодолдоод байхаар нь би тэдний дундуур орж салгасан. ...С.П эгчийг Х.Б ах түлхэж унагаахад, аав С.П эгчийг өмөөрөөд Х.Бгийн нүүр лүү гараараа цохисон...” /хх-ийн 15-16/ гэсэн, гэрч С.Пгийн “...Х.Б, Г.А бид гурав хүүхдийн өрөөнд архи уусан. Бид гурав архи уун ярилцаад сууж байхад, Х.Б “...чи ийм болохоор би чамтай хамт амьдардаггүй, Стэй амьдардаг, би Сд хайртай” гээд орилж хашгираад эхэлсэн. Тэгтэл Г.А бидний дундуур ороод Х.Бтай маргалдсан. ...Г.А, Х.Б хоёр согтсон байсан болохоор хөл дээрээ ч зогсож чадахгүй байсан. Тэгээд хоорондоо зууралдаад, бие биенийгээ цохиод байсан...” /хх-ийн 43-44/ гэсэн, шүүгдэгч Г.Агийн “...Х.Б нь С.Птэй маргалдаж байснаа С.Пгийн нуруу руу цохиод, хамарнаас нь цус гаргахаар би тэдний дундуур ороход Х.Б “миний амьдрал чамд хамаагүй, чи дуугүй байж бай” гээд миний хамар руу гараараа цохихоор нь би зөрүүлээд Х.Бгийн зүүн нүд, хамар руу нэг удаа цохисон чинь хойшоо саваад унасан. Тухайн үед Х.Бгийн хамраас цус гарч байсан. Мөн би түүний уруул орчим цохитол амнаас нь цус гарсан...” /хх-ийн 40-42/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №7988 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Х.Бгийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун үүдэн 8 дугаар шүдний хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, баруун, зүүн дээд үүдэн 1, баруун дээд үүдэн 2 дугаар шүдний сулрал, баруун доод 5 дугаар шүдний паалангийн эмтэрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 18/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Ань гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Бгийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун үүдэн 8 дугаар шүдний хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, баруун, зүүн дээд үүдэн 1, баруун дээд үүдэн 2 дугаар шүдний сулрал, баруун доод 5 дугаар шүдний паалангийн эмтэрэл бүхий хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч, хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.А-гийн үйлдэлд хохирогч Х.Б-гийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн ар гэр, ажил эрхлэлт, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 18100016030545 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн, зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Ад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.А торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 18100016030545 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн, зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Х.Б гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Д.АЛТАНЖИГҮҮР