Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01775

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/02317 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б- ХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 6,840,000 төгрөг, алданги 3,420,000 төгрөг, нийт 10,260,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.Х- нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б- ХК-тай Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр даатгуулагч нь ахуйн ослын улмаас 32 хоног хөдөлмөрийн чадвараа алдсан. Б- ХК нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойших хугацаанд буюу талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссанаас хойшхи нөхөн олговор олгохгүй гэж шийдвэрлэсэн. Даатгалын гэрээгээр талуудын тохиролцсон хугацаа нь учирч болох даатгалын тохиолдолд хамрах хугацааг тодорхой болгох зорилготой. Харин нөхөн олговрыг тасалбар болгох хугацаа биш юм. Өөрөөр хэлбэл, гэрээний хүчинтэй хугацаанд даатгалын тохиолдол бий болсон бол тухайн эрсдэл, тохиолдлоос бий болсон хохирлыг даатгалын гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамаарч даатгагч бүрэн арилгах үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь стандарт нөхцөл бүхий гэрээ бөгөөд гэрээний 8.4.4 дэх хэсгийн заалт нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсгийн заалт юм.

Хариуцагч Б- ХК-тай байгуулсан даатгалын гэрээ нь даатгагч нь даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хоног буюу 1-90 хоногийн эрсдэлийг даахаар буюу 1-90 хоногийн хугацааг талууд гэрээгээр тохиролцсон. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бий болсон эрсдэлийн улмаас даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 32 хоногийн хугацаанд алдаж, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хөдөлмөр эрхэлж чадаагүй тул энэ хугацааны олговорт 6,840,000 төгрөг, Б- ХК-д хандсан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 103 хоногийн алдангид 3,420,000 төгрөг нийт 10,260,000 төгрөгийг Б- ХК-аас гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч 6,840,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь даатгалын гэрээний 6.2.1-д зааснаар хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг ажлын өдрөөр тооцох бөгөөд 16-30 хоног хөдөлмөрийн чадвар түр алдсан тохиолдолд шүүгчийн нэг жилийн цалингийн 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 5,130,000 төгрөгийн нөхөн төлбөр олгоно. Нэхэмжлэгч нь нийт ажлын 32 хоног хөдөлмөрийн чадвар түр алдсан байна. Иймд хариуцагчийн зүгээс 5,130,000 төгрөгөөр буюу алданги тооцохгүйгээр эвлэрэх санал гаргаж байгаа болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл, даатгуулагч Б.Х- нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлын шатнаас хальт гишгэж унасан гэх үйл баримт худал болох тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ахуйн ослын улмаас даатгалын тохиодол бий болсон гэсэн үйл баримт нь бодит бус, 10 жилийн өмнөөс үүдэлтэй архаг хууч өвчний сэдрэл нь морь унаж хол явснаас болсон нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байх тул даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх үндсэлэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна. Мөн даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д Даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх явцад, албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор учирсан эрсдэлүүдийг даатгалын үндсэн эрсдэлд тооцохоор заасан. Нэхэмжлэгч Б.Х-ын олон хоног морь унаж явсан үйл баримт нь түүний албан үүргээ гүйцэтгсэнтэй холбоотойгоор үүсгэх даатгалын эрсдэл мөн эсэх талаарх нотлох баримт байхгүй тул даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэл болохгүй байна. Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.2-т хөдөлмөрийн чадвар түр алдалтын үед эмнэлгийн хуудас, эмнэлэгийн магадалгаа, амбулаторийн картаа даатгуулагч нь бүрдүүлэн өгөхөөр 7 дугаар зүйлийн 7.1.7-д даатгуулагч гэрээгээр хүлээсэн үргээ биелүүлээгүй тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай заасан.

Даатгуулагч нь гэрээний дагуу хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны эмнэлгийн хуудас, эмнэлгийн магадалгаа, амбулаторийн карт зэргийг бүрдүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд баримт бүрдүүлэн өгөх хугацааг даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.1-д даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөл хүлээж авснаас хойш ажлын 5 өдрийн дотор, 6.3.3-т Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиодолд 4 сарын дотор гэж заасан. Даатгуулагч нь гэрээнд заасан хугацаанд зөвхөн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх эмнэлгийн хуудас ирүүлсэн бөгөөд үлдэх хугацааны эмнэлгийн хуудсыг нөхөн төлбөр хүсэхдээ ирүүлээгүй, 3 сард хүсэлт гаргахдаа хавсаргасан байна. Даатгуулагч нь баримтыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөр дамжуулаагүй шууд даатгагчид ирүүлсэн тул баримт бүрдүүлэх хугацааг ажлын 15 өдрөөр тооцох ба баримтыг хожимдуулан ирүүлэхдээ хүндэтгэн үзэх шалтгаан, түүнийг нотлох баримт ирүүлээгүй. Иймд даатгуулагчаас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх баримтыг хүлээн авах үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Б- ХК-аас 6,840,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,420,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,110 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б- ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 124,390 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-т олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүгчид даатгалын тохиолдол бий болсон, ослын улмаас үүссэн даатгалын тохиолдол гэж үзсэн атлаа хариуцагчийг нөхөн төлбөр төлөх хугацааг санаатай хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Даатгалын тохиолдол бий болсныг мэдсээр байж нөхөн төлбөр олгох хугацаандаа олгоогүй тул алданги нэхэмжилж шүүхэд хандсан. Талуудын хүлээх хариуцлага хэсэгт алданги тооцохоор зохицуулсан. Гэтэл алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хасагдсан үнийн дүнг хангаж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүх алдангийг Иргэний хуулийн 224 дүгээр зүйлд заасны дагуу хассан. Талууд анх гэрээ байгуулахдаа эрсдэл гэж юуг хэлэх, ямар хугацаанд, ямар баримтыг бүрдүүлж өгөхийг тохиролцсон. Энэ үүргээ гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн. Анхан шатны шүүх хоног хугацаа хэтэрсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан уу гэж нэхэмжлэгч талаас асуухад ямар шалтгаанаас болж хугацаа хэтэрснийг мэдэхгүй гэсэн хариу өгсөн. Шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй асуудлыг нь анхнаасаа шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн. Энэ нь гэрээний 6.5.3-т заасны дагуу нөхөн төлбөр шаардах эрхгүй гэж давж заалдах гомдол гаргасан гэжээ.

6. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн талаар хариуцагч талтай маргаж нэхэмжлэгч талаас хүндэтгэх үзэх шалтгаан байсан эсэх талаар тодруулахыг эрмэлзсэн. Нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгааныг мэдэхгүй гэсэн. Иймд даатгалын гэрээнд эрсдэл үүссэн бол хэд хоног, ийм баримтыг бүрдүүлж өгнө гэж тохирсон байдаг. Гэтэл энэ хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн. Бидний байгуулсан гэрээний 6.5.3-д зааснаар хугацаа хэтрүүлснээс хойш даатгуулагчаас ирүүлсэн нөхөн төлбөртэй холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авахгүй гэсэн гэрээний дагуу 6,000,000 төгрөг болон алдангийн үнийн дүнг тэр чигээр нь хангахгүй байх гол үндэслэл. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өвчний байдлыг дүгнэхдээ даатгуулагч Б.Х- нь шатнаас хальтирч унасан. Жийргэвч урагдаж мэс засалд орсон хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдсан. Даатгалын тохиолдолд бий болсон гэж дүгнэсэн. Үүнийг эмнэлгийн 1757215 дугаартай хуудсаар тогтоогдсон гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан 1757215 хуудас нь хөдөлмөрийн чадвар түр алдсан эмнэлгийн хуудас байна. Энэ баримтад олон улсын өвчний ангилал байдаг. Ямар хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэх хугацааг алдсан баримт юм. Шүүхээс шатнаас хальтарч унасан гэх үйл баримтыг энэ баримтаар тогтоох боломжгүй гэж дүгнэлт хийсэн. Харин хариуцагчийн зүгээс 10 жилийн өмнө морь унаж байгаад гэмтэл учирсан, архаг өвчин нь 10 хоногийн өмнө удаан хугацаагаар морь унаж явснаас болж тухайн архаг хууч нурууны өвчнийг сэдрээж гэмтэл үүсэх анхдагч шалтгаан болсон. Уг морь унаж олон хоног явсан нь түүний албан үүрэгтэй хамааралгүй гэх үндэслэлд шүүхээс дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд шатнаас хальтарч унасан эсэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бодитой хариулт өгч чадаагүй. Хариуцагчийн зүгээс морь унаж байгаад гэмтэл авсан, ингээд олон хоног хүчтэй өвчин намдаах эм ууж байгаад ходоодны өвчтэй болох хэмжээний явсан байна. Даатгалын компанид ажил дээрээ явж байгаад буруу гишгээд унаад нуруу өвчтэй болсон гэж хэлдэг. Харин Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт очиж баримтыг үзэхэд олон жилийн өмнө үүссэн морь унасантай холбоотой гэдэг. Иймд даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.2, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т тус тус заасны дагуу даатгалын нөхөн төлбөр төлөх үндэслэлгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээж аваад эвлэрэх талаар нэг удаа тайлбар гаргаж байсан. 07 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдаан болох өдөр хариу тайлбараа өөрчилж өгсөн. Нэхэмжлэгч талаас гэрээнд заасан тайлбарыг хугацаанд нь хүргүүлсэн. Б- ХК-ийн зүгээс нэмэлтээр баримт шаардсаныг дараа нь хүргүүлсэн. Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бэртсэн гэх эрх бүхий байгууллагын шийдвэр байгаа. Хальт гишгэж унасан гэдгийг буруу болон зөрүүтэй тайлбарласан зүйл байхгүй. Хөдөлмөрийн чадвараа алдсан онош нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлд үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үүргийг заасан. Б- ХК-ийн зүгээс нөхөн төлбөрийг олгохгүй гэсэн. Харин манай талаас нөхөн төлбөрийг хүлээж авахгүй гэсэн зүйл гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх зохигчдын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна.

 

2.Нэхэмжлэгч Б.Х- нь хариуцагч Б- ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 6,840,000 төгрөг, алдангид 3,420,000 төгрөг, нийт 10,260,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. /хх-1-2, 18, 143-145/

3.Б.Х- нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ахуйн ослын улмаас даатгалын тохиолдол бий болж, 32 хоног хөдөлмөрийн чадвараа алдсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон учир энэ шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.

4.Даатгуулагч Б.Х- нь Б- ХК-тай 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ нэг жилийн хугацаатай байгуулсан үйл баримтад талууд маргаангүй. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

5.Даатгуулагч нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шатнаас хальтарч унасны улмаас нурууны үе хоорондын жийргэвч урагдан мэс засалд орж, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдсанаар даатгалын тохиолдол бий болсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу байна.

6.Талууд гэрээгээр шүүгчийн амь нас, эрүүл мэнд даатгалын зүйл байна гэж тохиролцсон. Мөн даатгалын үндсэн эрсдэлд тооцох нөхцлүүдийг гэрээний 4.1-д тусгажээ. Гэрээний 4.1.2-т элдэв зүйлд цохиулах, хавчигдах, хавчуулах, унах, түлэгдэх, хөлдөх, осгох, наранд цохиулах, угаартах, хорт хий, химийн бодис, эмийн зүй, ургамалд хордох, амьтан, шавьжид хазуулах, дайралт болон зам тээвийн аюул ололд өртөх зэрэг эрсдэлийг ахуйн эрсдэлд тооцохоор харилцан тохиролцжээ.

7. Талууд Даатгалын гэрээний 4.1.2-т заасан ахуйн эрсдэлд тооцох нөхцөл бий болсон эсэх талаар маргасан байна.

Хэрэгт авагдсан Өвчний түүх №202107333 бичгийн нотлох баримтад 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэлд 1 сар орчмын өмнөөс нуруу чилээд явж байсан ба өнөөдөр шатаар буухдаа баруун хөлөөр эвгүй гишгэснээс зовиур ихсэн, хөдөлж болохгүй байна гэж /хх-70 ар тал/, мөн сарын 07-ны өдрийн эмчийн үзлэгийн өвчний түүх хэсэгт 10 жилийн өмнөөс нуруу өвддөг болсон, 10 орчим хоногийн өмнөөс зовиур эхэлсэн гэнэ. Хөдөө явж морь унаж хол явсан, түүний дараагаас эхэлж гуяны араар бага зэрэг өвдөж эхэлсэн учир 7 хоногийн өмнө эмчид үзүүлж нейромидин, мелбек хэрэглэсэн. Өчигдөр өглөө хазгай гишгэж нуруу, гуяны ар хэсгээр хүчтэй өвдөж эхэлсэн гэнэ гэж тус тус бичжээ. /хх-74/

Мөн нэхэмжлэгч Б.Х-ын Амбулаториар эмчлүүлэгчдийн карт баримтад ахуйн эрсдэл учирсан гэх өдрөөс хойш буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн эмчийн үзлэгт ... 12 дугаар сарын 06-ны ажил дээрээ явж байгаад унасан, тэр дороо хүчтэй өвдөлт өгсөн, тэр өдрөө эмнэлэгт хүргэгдэн ирж хэвтсэн гэж тэмдэглэгджээ. /хх-48-49/

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзвэл Б.Х-ын тайлбарууд хоорондоо зөрүүтэй байх тул анх эмчид үзүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 06, 07-ны өдрүүдийн эмчийн асуумжид өгсөн хариултыг үнэн зөв гэж үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцнэ.

Иймд нэхэмжлэгч Б.Х-ыг албан үүргээ гүйцэтгэх явцдаа шатнаас хальтарч унасны улмаас түүний эрүүл мэндэд бэртэл гэмтэл учирсан, даатгалын гэрээний 4.1.2-т заасан ахуйн эрсдэл бий болсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Мөн нэхэмжлэгчийн эвгүй гишгэсэн үйлдлийг унах нөхцөл/ ахуйн эрсдэл/-д хамааруулан тооцох боломжгүй байх тул ахуйн ослын улмаас даатгалын тохиолдол бий болсон гэсэн үйл баримт бодит бус, архаг хууч өвчний сэдрэл морь унаж, хол явснаас болсон нь тогтоогдож байна гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлтэй.

Даатгалын тохиолдол бий болоогүй учир хариуцагчаас даатгалын гэрээний үүрэг шаардах, мөн үүргийн гүйцэтгэлийг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй үндэслэлээр хариуцлага тооцон алданги төлөхийг нэхэмжлэгч шаардах эрхгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

8.Хариуцагч Б- ХК-д даатгалын гэрээгээр хэлэлцэн тохирсон нөхөн төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгч Б.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийн заасантай нийцнэ.

9.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/02317 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б- ХК-аас даатгалын нөхөн төлбөр 6,840,000 төгрөг, алданги 3,420,000 төгрөг, нийт 10,260,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Х-аас төлсөн 69,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б- ХК-аас төлсөн 124,390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД