Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2016/0850/З |
Дугаар | 69 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 69
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн “2” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Б******* овогт Б-ын М
Хариуцагч: Зэвсэгт хүчний жанжин штабын даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/636 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Зэвсэгт хүчний жанжин штабын Захиргааны удирдлагын хэлтсийн Хуулийн тасгийн хуулийн мэргэжилтэн олон улсын эрх зүйч ахлах дэслэгч А.Э, хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн дэслэгч Г.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Б.М 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б овогтой М нь Дорнод аймаг Хэрлэн суманд төрсөн. 2010 онд Батлан хамгаалах сургуулийн Автын ашиглалтын инженерийн ангийг төгсөж, 2010 онд Баян-Өлгий аймагт Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийг байгуулахад анх томилогдон ирж 2010 оноос хойш тус ангид ажиллаж байсан. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар намайг цэргийн жинхэнэ албанаас халж цэргийн цолыг хурааж авсан болно.
Уг тушаалыг би дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Намайг 2016 оны 08 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ажлын цагаар дүрэмт хувцастай архидан согтуурсан гэх ба миний бие 16-ны өдөр үдээс хойш 17 цаг 30 минутад ангийн байрлалаас гарч гэртээ мал авч ирэх зорилгоор хөдөө явж, буцах замдаа машин эвдэрсэний улмаас ажлаасаа хоцорч ирсэн. Миний хувьд ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ба энгийн хувцастай явсан.
2. Тушаалд цэргийн дүрэм сахилгыг удаа дараа зөрчсөн гэж заажээ. Намайг өмнө нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ажлын газрын 2 албан хаагчтай амралтын өдөр архи уусан гэж ангийн захирагч зэмэлж надаас тухайн өдөр болсон үйл явдлын тухай тодорхойлолт гаргуулж авсан. Надад зөвхөн болсон талаар хэлээд өг гэснээс биш тухайн үед ямар нэгэн сахилгын шийтгэл оногдуулаагүй. Учир нь амралтын өдөр байсан. Миний хувьд ямар нэгэн зөрчил гаргаагүй. Гэтэл би халагдсаны дараа төрийн албаны салбар зөвлөлд хандах үеэр 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр сахилгын арга хэмжээ оногдуулахыг 08 сарын сүүлээр цалин дансанд орох үеээр би мэдсэн. Уг тушаал гарсан тухай миний бие мэдээгүй надад танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл бодит байдал дээр тухайн үед арга хэмжээ аваагүй ба намайг Төрийн албаны салбар зөвлөлд хандах үед дээрх тушаал нөхөн гарсан. Хэрвээ тухайн үед надад танилцуулсан бол би уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй холбогдох байгууллагад хандах байсан. Би сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хамт ажиллаж байсан найз нөхдөөсөө сонссон. Одоо хүртэл надад албан ёсоор танилцуулаагүй.
Эцэст нь хэлэхэд манай ангийн удирдлагад намайг ажлаас халах хувийн өс хонзонтой байсан учир дээрх тушаалыг хуурамчаар үйлдэж, хуульд нийцүүлэх санаа агуулж байгаа гэж би бодож байна.
3. Төрийн албаны тухай хуульд “Хуулинд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол” албанаас халахаар заасан. Миний бие албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан удаа байхгүй.
Дээрхи үндэслэлүүдээр уг тушаал Монгол улсын хууль тогтоомжуудад нийцэхгүй байгаа тул уг тушаалыг хүчингүй болгож, намайг урьд нь эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн дэд хурандаа Э.М, Захиргаа, удирдлагын хэлтсийн Хуулийн тасгийн дарга хуулийн зөвлөх ахмад Б.Ц нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.М-ын “...ажлын цагаар дүрэмт хувцастай архидан согтуурсан ...” албаны хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан бол цэргийн дүрэм сахилгыг удаа дараа зөрчсөн ёс зүйн зөрчлийн талаар:
Монгол Улсын иргэн цэргийн албанд орж ажиллахдаа: “Монгол Улсын иргэн би, ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, ...Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая, Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ” гэж цэргийн тангараг өргөдөг. Цэргийн тангарагын энэхүү заалт нь нэг ёсондоо төрийн хууль, цэргийн дүрмийг ягштал дагаж мөрдөх бөгөөд хэрэв үүнийгээ зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн утгатай. Монгол Улсын цэргийн тангараг /Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1/
Өөрөөр хэлбэл цэргийн албанд ажиллах гэж байгаа хүн цэргийн албаны онцлог, зэвсэгт хүчинд дагаж мөрдөж байгаа дүрэм, журам, заавар, эрхийн хязгаарлалтыг хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр цэргийн тангараг өргөж, улмаар цэргийн жинхэнэ албан хаагч болох бөгөөд цэргийн алба хаагчид тавигдах шалгуур, баримтлах зарчим, хүлээх үүрэг, хариуцлага, дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ зэргийг хэлбэрэлтгүй биелүүлэх учиртай.
Түүнчлэн цэргийн алба хаагчийн гүйцэтгэх үүрэг, баримтлах ёс зүйн хэм хэмжээг цэргийн албаны харилцааг зохицуулсан хууль, хуульчилсан актуудаар нэг бүрчлэн нарийвчлан зохицуулсан байдаг.
Тухайлбал:
1.Цэргийн алба хаагчийн үлээх үүрэг: Цэргийн жинхэнэ болон бэлтгэл алба, царгийн албан хаагчийн эрх зүйн байдлын талаархи хууль тогтоомж, хуулиар олгосон бүрэн эрх бүхий төрийн байгууллагын гаргасан эрх зүйн бусад актаар тогтоосон журмыг байгууллага, иргэн, цэргийн алба хаагчаас сахиж биелүүлэхийг Монгол Улсын иргэний цэргийн үүрэгт тооцно. /Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1/
Цэргийн алба хаагч нь “эх орон, ард түмнээ хүндэтгэн дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч байх, Монгол Улсын хууль, цэргийн дүрмүүдийг чанд сахин биелүүлж захирах, захирагдах ёсыг хэлбэрэлтгүй мөрдөх, хариуцсан байлдааны зэвсэг, техникийг төгс эзэмшиж, үүрэг гүйцэтгэхэд байнга бэлэн байлгаж, төрийн болон цэргийн өмч хөрөнгийг хамгаалах” үүрэгтэй байдаг. /Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн 2008 оны 379 дүгээр зарлигаар батлагдсан Дотоод албаны дүрэм/
Цэргийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэх үедээ мөн нийгмийн харилцаанд оролцох үедээ сахин баримтлах зүйл нь цэргийн сахилга мөн.
“Цэргийн сахилгын дүрэм”-д цэргийн алба хаагч бүр “Монгол Улсын Үндсэн хуулиа дээдлэх, өргөсөн тангарагтаа үнэн байж, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэх, ...ангийн байрлалаас гадагш явахдаа цэргийн алба хаагчийн нэр хүндийг өндөрт өргөн нийгмийн дэг журмыг үлгэр жишээчээр сахих” зэрэг үүргийг биелүүлэхийг шаарддаг. Энэ нь цэргийн сахилга байна. Энэхүү цэргийн сахилгын үүргээ зөрчсөн тохиолдолд тухайн цэргийн алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулна гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл цэргийн алба хаагч нь албан тушаал, цэргийн цол харгалзахгүйгээр Монгол Улсын хуулийн өмнө нэгэн адил хариуцлага хүлээх бөгөөд “цэргийн албаны ёс зүй, цэргийн сахилгыг зөрчвөл “Цэргийн сахилгын дүрэм”-д заасны дагуу сахилгын хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байдаг.
Б.М нь өргөсөн тангарагтаа үнэнч байх, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийн хэм хэмжээ, төрийн болон цэргийн өмч хөрөнгийг хамгаалах зэрэг үүргээ зөрчсөн.
2.Цэргийн алба хаагчийн ёс зүй: Б.Мыг офицерын ёс зүйгүй, ёс зүйн хэм хэмжээг баримталдаггүй гэдгийг дараах үндэслэлээр нэг бүрчлэн тайлбарлаж байна.
Цэргийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ ЗХЖШ-ын даргын 2015 оны 302 дугаар тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн ёс зүйн дүрэм”-ийн заалтуудын холбогдох хэсгийг Б.М нь зөрчсөн тухайд:
4.2.1 Цэргийн алба хаагч нь өргөсөн тангарагтаа үнэн байж, Монгол Улс түүний Зэвсэгт хүчний нэр төр, алдар хүндийг өргөж, эрх ашгийг дээдлэнэ,
- Өргөсөн тангарагтаа үнэн байгаагүй. Учир нь цэргийн үүргээ үнэнчээр биелүүлэхээр андгайлан тангарагладаг. Гэтэл хүлээсэн үүргээ зөрчсөн нь түүнийг өргөсөн тангарагаасаа няцсан хэмжээн үзэж болно.
- Цэргийн алба хаагч нь Ха ч, хэзээд ч зэвсэгт хүчний нэр төрийг өндөрт өргөх учиртай атал зэвсэгт хүчин болон түүнд алба хааж байгаа цэргийн албан хаагч бүрийг архи уудаг хүмүүс гэсэн ойлголтыг Баян-Өлгий аймгийн ард иргэд, төрийн болон орон нутгийн байгууллагынханд төрүүлсэнээрээ зэвсэгт хүчний нэр төрийг унагасан.
4.2.2 Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, Зэвсэгт хүчний хэмжээнд дагаж мөрдөж байгаа дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтална.
- Өөрөөр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Царгийн алба хаагчийн нийтлэг үүрэг, дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг зөрчсөн. /МУ-ын ЗГ-ын 2007 оны 13 дугаар болон БХС-ын 2007 оны 430 дугаар албан даалгаварууд, Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн Дотоод журам/
4.2.3 Офицер, ахлагч нар нь мэдлэг боловсрол, сахилга хариуцлага, зан байдлаараа иргэд олон нийтийн итгэл хүндэтгэлийг хүлээж, Зэвсэгт хүчний хөгжилд хувь нэмэр оруулж ажиллана.,
- Б.Мын тухайд бол сахилга, хариуцлагаараа иргэд, олон нийтийн итгэл хүндэтгэлийг хүлээх нь битгий хэл тэднээс муу үнэлэмж авч байсан. Учир нь тэрээр удаа дараа айл, гэр бүлийн амар тайван байдлыг алдагдуулж, агсам согтуу тавьж, тухайн гэр бүл, өрхийн гишүүдэд гэмтэл учруулж байсан.
4.2.4 Цэргийн дүрэм, ажлын байр / албан тушаал/-ын тодорхойлолтод тусгасан ажил, Офицерын алба хаах гэрээ, Ахлагчийн алба хаах гэрээ болон Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглана.
-Цэргийн дүрэм, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зөрчсөн. Мөн хугацаат цэргийн алба хаагчдын сарын цалинг хувьдаа завшсан зэрэг нь ЗХ-ний ******* дүгээр ангиас ирүүлсэн баримт бичгүүд болон хугацаат цэргийн алба хаагчдын гаргасан мэдүүлэгээс тодорхой харагдах болно. /Хавсаргасан материалаас үзнэ үү./
4.2.5 Албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байранд, түүнчлэн цэргийн дүрэмт хувцастай байх үедээ архи согтрууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, бүдүүлэг зан авир гаргах, албан тушаал, биеийн хүчний давуу байдлаа ашиглан бэлгийн харьцаанд орохыг шаардах, дарамтлахыг хориглоно,
- Б.М нь байнга архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Хэд хэдэн удаа цэргийн дүрэмт хувцастай архидан согтуурч байгаад Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт саатуулагдаж байсан. Үүнийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын 2016 оны 30/1889 дүгээр албан бичгээс харж болно.
4.2.6 Офицер, ахлагч нар биеийн жингийн зохистой харьцааг хадгалан цэргийн дүрэмт хувцасыг дүрмийн дагуу цэвэр, үзэмжтэй өмсөж, олон нийтийн газар биеэ зөв авч явна,
- Цэргийн дүрэмт хувцасыг дүрмийн дагуу цэвэр, үзэмжтэй өмсөж, олон нийтийн газар биеэ зөв авч явах ёстой байтал цэргийн дүрэмт хувцсыг цэвэр үзэмжтэй өмсөх, хэрэглэж, эрхэмлэн хүндэтгэх нь бүү хэл архидан согтуурсан этгээдүүдийг саатуулдаг /эрүүлжүүлэх/ байранд цэргийн дүрэмт хувцастайгаа орсон. Энэ нь өөрөө цэргийн дүрэмт хувцасыг цаашлаад цэргийн албыг үл хүндэтгэж байгаа нь илэрхий харагдаж байна. Мөн олон нийтийн газар биеэ зөв авч явж чаддаггүй. Архи уусан үедээ байнгын танхайн шинжтэй үйлдлийг гаргадаг зэрэг нь Б.М гэдэг хүн нь цэргийн албаны буюу офицерын ёс зүй огт байхгүй, ёс зүйн хэм хэмжээ, зарчмыг баримталдаггүй нь илт харагдаж байна.
Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн ёс зүйн дүрмийн 4.2.7-д заасны дагуу ёс зүйн хэм хэмжээ нь офицер, ахлагч байх, албан тушаал дэвших, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулахад харгалзах үзүүлэлт болно гэж заасны дагуу Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд Б.Мт сахилгын арга хэмжээнүүдийг шат дараалан ногдуулж байсан байгаа юм. /Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагчийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалууд/
3.Цэргийн албаны сахилга, хариуцлагын талаар:
Цэргийн алба хаагч нь төрийн тусгай албан хаагчийн хувьд төрийн зорилт, чиг үүрэг, бодлогыг хэрэгжүүлэхээр Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн бүх шатны байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, алба даалгавар зэргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл цэргийн алба хаагчийн хийж болохгүй үйлдэл, эс үйлэхүйг тодорхойлсон эрх зүйн актыг дагаж мөрдөж, биелүүлэх ёстой.
Цэргийн алба хаагчийг цэргийн дүрэмт хувцастай байх үедээ эсхүл албан үүргээ гүйцэтгэж байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглодог. Энэ нь шууд утгаараа цэргийн албанд сахилга, хариуцлагыг сайжруулж, бэхжүүлэх үндсэн зорилготой юм. Цэргийн алба хаагчийн өмсөж, хэрэглэж байгаа дүрэмт хувцас нь ерөнхийлөгчийн зарлигаар баталгаажсан бөгөөд цэргийн алба хаагчдад эх орноо батлан хамгаалсаныхан төлөө буюу цэргийн тусгай үүрэг гүйцэтгэсний төлөө цэргийн дүрэмт хувцасны хангалт хийгддэг. Энэхүү дүрэмт хувцасыг өөр зориулалтаар, эсхүл бусад байгууллага, аж ахуйн нэгж хэрэглэхийг хориглодог хуулийн заалттай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 87 дугаар зарлигаар цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийг баталсан байх бөгөөд тус дүрэмд “Цэргийн дүрэмт хувцас нь Төрийн өмч бөгөөд цэргийн эд хөрөнгө мөн” болохыг, түүнчлэн “Цэргийн алба хаагч зөвхөн албан үүргээ гүйцэтгэж байх үедээ цэргийн дүрэмт хувцас өмсөж хэрэглэнэ” гэж тус тус заасан байдаг.
Цэргийн алба хаагчийг дүрэмт хувцастай үедээ архи уусан, хэрэглэсэн тохиолдолд шууд захиргааны санаачлагаар халах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга, Зэвсэгт хүчний анги, байгууллагын дотоод журам гэх мэтчилэн шат дараалсан хориглосон шийдвэрийг гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилладаг.
Монгол Улсын Засгийн газраас архидан согуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2007 онд батлан гаргасан бөгөөд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс сайд, агентлагийн дарга, аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт өөрсдийн харьяа байгууллагууддаа “Сахилга, дэг журам, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай” албан даалгаврыг 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар албан даалгавараар хүргүүлсэн байдаг. Энэхүү албан даалгаварын 3-т “... архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй орчин бүрдүүлж, байгууллагын дотоод журам, сахилгын болон ёс зүйн дүрэм”-дээ тусгаж, түүнчлэн албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан согтуурсан албан тушаалтанд шийдвэртэй арга хэмжээ авахыг даалгасан байдаг.
Дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх бүх шатны байгууллага, албан тушаалтны үүрэг мөн. Тэр ч утгаараа Засгийн газрын 13 дугаар албан даалгаварыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Батлан хамгаалахын сайд 2007 онд “Сахилга, дэг журам, ажлын хариуцлагыг өндөржүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 430 дугаар тушаалыг гаргасан. Тус тушаалын “1.9-д Салбарын хэмжээнд ажлын байрнаас архийг бүр мөсөн шахан зайлуулж, ажлын байранд болон дүрэмт хувцастай архи хэрэглэсэн төдийгүй ажлын бус цагаар ч гэсэн архидан согтуурах явдалтай тэмцэх, “Архидалттай хамт олон, орчин”-г бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хөДгөөн өрнүүлж, дүгнэж ажиллахыг”, “1.10. Яам, агентлаг, цэргийн анги, байгууллагын албан байранд болон албан үүрэг гүйцэтгэж байгаа, түүнчлэн дүрэмт хувцастай үедээ согтууруулах ундаа уусан, согтууруулах ундаа уусан үедээ албан байранд нэвтэрсэн төрийн албан хаагч болон хөДмөрийн гэрээгээр ажиллагсдыг захиргааны санаачилгаар ажлаас нь шууд халж байхыг” Батлан хамгаалах яам, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харъяа анги, байгууллага, аж ахуйн нэгжийн дарга /захирагч/ нар даалгасан. Эдгээр хориглосон эрх зүйн хэм хэмжээг “Архидан согтуурахтай тэмцэх тухай “Монгол Улсын хуульд нийцүүлэн батлан гаргасан байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл дээрх хоёр албан даалгаврууд нь эрх зүйн хүчин чадалтай акт байгаа болно.
Энэ нь төрийн өмчийг зориулалтын дагуу хэрэглэх мөн түүнчлэн төрийн өмчийг албан үүргээ гүйцэтгэж байхдаа хэрэглэнэ гэсэн санаа болхоос биш ажлын бус цагаар хэрэглэнэ гэсэн үг биш юм.
Гэтэл Б.М нь 2010-2016 оны хороонд Зэвсэгт хүчний ******* дүгээр ангид ажиллаж байх хугацаандаа ажлын бус цагаар цэргийн дүрэмт хувцастай удаа дараа архи ууж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын эрх чөлөөнд халдсан үйлдэл гаргаж байсан, Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт олон удаа эрүүлжүүлэгдэж, улмаар тус ангийн сахилгын зөвлөлийн хурлаар удаа дараа орж хэлэлцэгдэж байсан төдийгүй удаа дараа тэрээр “би дахиж архи уухгүй” гэсэн амлалтыг анги хамт олныхоо өмнө өгч байжээ. Үүнийг Зэвсэгт хүчний ******* дүгээр ангиас ирүүлсэн баримт материалаас тодорхой харж болно.
Тэрээр нэхэмжлэлдээ зөвхөн 2016 оны 08 дугаар сарын 16, 17-ны өдрүүдийн үйлдэлийн талаар дурьдаж, эдгээр өдрүүдэд болсон үйлдэл дээр нь тулгуурлан сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халсан мэтээр бичсэн байх бөгөөд 2010-2016 оны хооронд тус ангид ажиллаж байх хугацаандаа олон удаа цэргийн жинхэнэ албан хаагч буюу офицер хүнд баймгүй ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж байсан. 2016 оны 08 дугаар сарын 16, 17 өдрүүдэд болсон үйл явдлын талаар ЗХ-ний ******* дүгээр ангиас ирүүлсэн баримт материалаас тодорхой харж болно.
Дээрх үндэслэлүүдээр Б.М-ын үйлдэл нь ёс зүйн болоод цэргийн сахилгыг удаа дараа ноцтой зөрчсөн байх тул түүний нэхэмжлэлийн эхний шаардлагыг үл зөвшөөрч байгаа болно.
Иргэн Б.Мын 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ажлын газрын 2 албан хаагчтай амралтын өдөр архи уусан, тухайн үед сахилгын шийтгэл оногдуулаагүй энэ тухай удаа дараа мэдсэн бөгөөд тушаалыг нөхөн гаргасан, ангийн удирдлагад намайг ажлаас халах хувийн өс хонзонтой байсан гэх шалтгааны талаар:
Иргэн Б.М нэхэмжлэлдээ дурьдсан дээрх шалтгаануудын талаар судлан үзэхэд тэрээр 2016 оны 08 дугаар сарын 06-ны шөнийн 22 цаг 00 цагт дэд ахлагч Б.Ун, Б.Б нарыг унтаж байхад гэрийнх нь цонхыг хагалан орж, зодон амгалан тайван байдлыг алдагдуулсан. Ахмад Б.Мын энэхүү үйлдэл нь хэдийгээр амралтын өдөр үйлдэгдсэн хэдий ч түүний гаргасан хууль бус үйлэд нь танхайн шинжтэй үйлдэл байсан бөгөөд тухайн үед тус ангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журмыг бэхжүүлэх салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр хуралдаанаар хэлэлцэхэд Б.М нь “Миний буруу би ямар ч шийтгэл авахад бэлэн байна” гэж хариулсан байх бөгөөд тус сахилгын хурлаар түүнд Цэргийн сахилгын дүрмийн 42-ын “г” дэх заалтыг үндэслэн албан тушаал бууруулж, албан тушаалын зэрэглэлийн цолыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн боловч ангийн захирагч нь түүнийг цалингийн зээлтэй гэж үзэн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/130 дугаар тушаалаар түүнд албан тушаалын үндсэн цалингийн 2 сар 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсан байна.
Тэрээр сахилгын хуралд биеэр байлцаж өөрт нь ямар сахилгын шийтгэл ногдуулахыг мэдсэн бөгөөд хамт олны өмнө сахилгын шийтгэлээ хүлээн зөвшөөрч дахин зөрчил гаргахгүй гэж амлалт өгч байсан төдийгүй цалин бодогдох үед тэрээр гомдол гаргаагүй байж нэхэмжлэлдээ “...бодит байдал дээр тухайн үед тэрээр гомдол гаргаагүй байж нэхэмжлэлдээ “... бодит байдал дээр тухайн үед арга хэмжээ аваагүй ба намайг төрийн албаны салбар зөвлөлд хандах үед дээрх тушаалыг нөхөн гаргасан, би халагдсаны дараа сахилгын шийтгэл ногдуулсаныг мэдсэн” гэж дурьдсан нь үндэслэлгүй, мөн Б.М нь 2010 оноос 2016 оны хооронд ЗХ-ний ******* дүгээр ангид ажиллаж байх хугацаандаа захирагч даргын зүгээс оногдуулж байсан сахилгын шийтгэлүүдийг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 10-нны өдрийн Б/130 дугаар тушаалыг хүртэл хүлээн зөвшөөрсөн байна. Ангийн захирагчийн сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг нийт бие бүрэлдэхүүнд уншиж танилцуулахад тэрээр өөрийн биеэр байлцаж байсаныг холбогдох албан тушаалтнуудын мэдүүлгээс харж болно.
Үүнээс харахад Б.М нь өөрийнхөө энэхүү нэхэмжлэлээрээ дамжуулаад төрийн байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулахаас гадна гутаан доромжилсон гэж үзэж байна. Учир н ямар ч төрийн байгууллага аливаа шйидвэр гаргахдаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргадаг болохоос биш ямарваа нэгэн үйл явдал өрнөөд дууссаны дараа тухайн харилцаатай холбоотой тушаал, шийдвэрийг гаргах нь өөрөө хууль зөрчсөн асуудал байна. Б.Мын тушаал нөхөж гаргасан гэж нэхэмжлэлдээ дурдсан нь өөрийнхөө хууль бус үйлдлийг нуун далдлах зорилгоор төрийн зорилт, чиг үүргийг хуулийн дагуу эрхлэн явуулж байгаа Зэвсэгт хүчний үйл ажиллагааг илт доромжилсон үйлдэл гэж үзэж байна.
Монго Улсын Зэвсэгт хүчин нь цэргийн алба хаагчдынхаа нийгмийн хамгаалалд аль болох дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэж байдаг. Тиймээс ч Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн зүгээс алслагдсан бүс нутагт үүрэг гүйцэтгэж байгаа гэдэг утгаар нь Б.М болон түүний ар гэрийн тогтвортой байдлыг хангаж дэмжлэг үзүүлэх зорилгоор албан тушаалын орон сууцандаа хамруулж, цэргийн цолыг хугацаанд нь олгож байсан нь Зэвсэгт хүчний зүгээс түүнд үзүүлсэн томоохон дэмжлэг гэж хэлж болно.
Б.Мыг алдаа дутагдал гаргах бүрт нь ангийн захирагч нь өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд зохих арга хэмжээг авч байсан. Түүнийг архи уун, агсам согтуу тавьж, нийтийн эзэмшлийн газар танхайраад байхад нь түүнийг цааш нь алдаа дутагдал гаргуулахгүй байх талаар нилээдгүй олон удаа арга хэмжээг хэрэгжүүлсэн хэдий ч тэрээр анги, хамт олныхоо итгэлийг удаа дараа алдсан тул түүнийг цэргийн жинхэнэ албанаас халуулах саналыг Зэвсэгт хүчний жанжин штабд ирүүлсэн байдаг.
“Миний бие албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан удаа байхгүй” гэх тайлбарын талаар:
“Төрийн албан тухай” хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” тохиолдолд төрийн жинхэнэ албанаас халхаар заасан байдаг.
Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолд “... хангалтгүй биелүүлсэн..” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмын зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэж тайлбарласан байна.
Б.М нь 2010.10.07-2016.08.26-ныг хүртэл ЗХ-ний ******* дүгээр ангид ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсан нь ангийн захирагчийн түүнд ногдуулж байсан сахилгын шийтгэлүүдийн тушаалаас тодорхой харагдаж байна. Тухайлбал:
- Тэрээр хариуцсан салаагаа хангалтгүй удирдаж, харилцааны зөрчил гаргасан, харуул хоногийн манаа тасалсан, харуулын салбарын бүрэлдэхүүнийг харуулд гарахад харуулын үүргээр хангаагүй, албан тушаалын үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж, хариуцсан рот салааныхаа зэвсэгт үзлэг, цэвэрлэгээг хийлгээгүй, ангийн дотоод журам зөрчиж, ажлын хариуцлага алдсан, хариуцсан салбарынхаа сахилга дэг журмыг бэхжүүлэх, ХЦАХ-дын хоорондын харьцааны зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаагүй, харуулд томилогдсон бүрэлдэхүүнээ удирдлагаар хангаж ажиллаагүй, тогтоосон журмын дагуу хяналт шалгалтыг хийгээгүй, хугацаат цэргийн алба хаагчдын хурууны хээгээр цахим үнэмлэхний лавагаа авуулан банк орж тэдний хадгаламжийн данснаас нийт 378000 төгрөг авч хувьдаа ашиглаж байсан зэрэг болно.
Түүний гаргаж байсан дээрх зөрчилүүдээс үзэхэд түүнийг ажлын байрны тодорхойлолтод заагдсан албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй байна.
ЗХЖШ-ын даргын тушаалыг хууль тогтоомжид нийцэхгүй тул хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгуулах хүсэлтийн талаар:
Б.Мыг цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халуулах саналыг зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагч ЗХЖШ-т ирүүлсэнийг судлан үзээд түүнийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн байна, ажлын цагаар цэргийн дүрэмт хувцастайгаа архидан согтуурч цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчиж, офицерын алба хаагчид тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй гэх үндэслэлээр 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон цэргийн жинхэнэ албанаас халж, цэргийн цолыг нь хураахаар шийдвэрлэсэн болно.
Цэргийн алба хаагчийг захиргааны санаачлагаар халах ажил олгогчийн эрхийн тухайд: “Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8.3.5 дахь заалт / хууль, тогтоомжид заасны дагуу ...төрийн албанаас халах/, “Зэвсэгт хүчний тухай” хуулийн 18.2.5 дахь заалт /ерөнхий зориулалтын цэргийн боловсон хүчнийг томилох, чөлөөлөх/-уудад Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын цэргийн алба хаагчийг цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халах эрхийг хуульчлан олгосон байдаг, “Төрийн албан тухай” хуулийн 25.1.1 дэх заалт /төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа / 2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн/, “Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 19.5.4 дэх заалт /цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчсөн/-уудад төрийн жинхэнэ албан хаагч болон цэргийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар түүний гаргасан зөрчлөөс нь хамаарч халах зориулалтыг тус тус хуульчилсан байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар баталсан “Цэргийн цол олгох журам”-ын 4.5 дахь хэсэг /...цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчсөн цэргийн жинхэнэ албан хаагчийн цэргийн цолыг уг цолыг олгосон албан тушаалтан хураан авна./, Батлан хамгаалахын сайдын 2008 оны 65 дугаар тушаалаар баталсан “Офицерын алба хаах журам”-ын 11 дүгээр зүйлйн 11.4 /офицерийн албан тушаалд ажиллаж байгаад сахилга, хариуцлага, ёс зүйн ноцтой зөрчил гаргаж, офицерийн албан тушаалд тэнцээгүй албан хаагчийг цэргийн жинхэнэ албанд эргэж авах нөхцөлгүйгээр хална. /, 11.7 /халагдах болон тэтгэвэр чөлөөнд гарах офицер нь анги, байгууллагатайгаа эрхэлсэн ажил, хариуцсан зэвсэгт техник, эд хөрөнгийн тооцоог бүрэн хийж дуусгасны эцэст холбогдох баримт бичгээ авна. Халагдаж байгаа офицер эрхэлж байсан ажил, албан тушаалын болон өмч, хөрөнгийн тооцоо хийхээс зайлсхийсэн тохиолдолд хохиролыг шүүхээр шийдвэрлүүлнэ./, мөн сайдын 2007 оны “Сахилга, дэг журам, ажлын хариуцлагыг өндөржүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 430 дугаар тушаал зэрэг эрх зүйн хэм хэмжээ тогтоосон баримт бичгүүд нь цэргийн жинхэнэ албан хаагчийн хариуцлагыг тодорхойлж өгсөн байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчинд Б.М мэтийн сахилга, ёс зүйн доголдолтой хүмүүс алба хаасаар байвал зэвсэгт хүчний нэр төр, алдар хүнд сэвтэх цаашлаад нийгмийн сэтгэл зүйлд сөргөөр нөлөөлөх, Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд харшлах зэрэг сөрөг үр дагавартай байх тул Б.Мыг зэвсэгт хүчинд дахин ажиллуулах боломжгүй юм.
Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/636 дугаар тушаалыг хууль, эрх зүйн үндэслэлтэй гэж үзэн иргэн Б.Мын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Гурав. Нэхэмжлэгч Б.М 2016 оны 01 дүгээр сарын 04-ний нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж: “Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/636 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх ” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/636 дугаар тушаалаар Б.Мыг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн ажиллагааны удирдлагын тасгийн сургалт төлөвлөлтийн офицерын албан тушаалаас Б.Мыг 2016 оны 8 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ажлын цагаар дүрэмт, хувцастайгаа архидан согтуурч цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчиж, офицерын алба хаагчид тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул сахилга хариуцлагаар халжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Б.М болон түүний өмгөөлөгч Б.У*******ээс “...Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/130 дугаар тушаалаар түүнд сахилгын шийтгэл ногдуулаагүй, уг тушаалыг гарсан болохыг Б.М мэдээгүй, гардаж аваагүй, уншиж танилцуулаагүй, Б/130 тушаал хоёр өөр байгаа, нөхөж гаргасан...”, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын Б/636 дугаар тушаал нь хуулийг буруу хэрэглэн гарсан...” гэж үгүйсгэн маргажээ. НЭГ: Нэхэмжлэгч Б.Мын хувийн байдлын талаар:
1. Б.М 2010 онд Батлан хамгаалахын их сургууль төгсөж, Зэвсэгт хүчний ******* дүгээр ангид томилогдсоноос хойш 6 жилийн хугацаанд тэрбээр согтууруулах ундаа хэрэглэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, тээврийн хэрэгсэл согтуугаар жолооддог зөрчлүүдийг гаргаж байсан бөгөөд үүнтэй удаа дараа захиргааны арга хэмжээ авхуулж байсан болно .
Энэ нь нэхэмжлэгчийн хувьд үүрэгт ажилд томилогдсоноос хойш ажлын байранд архидан согтуурсан анхны тохиолдол биш болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогддог.
Мөн тэрээр үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/194, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б/207 , 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/130 дугаар тушаалуудаар түүнд сахилгын шийтгэл ногдуулж байжээ.
Тухайлбал “х/ч Эын ”...А/д Б.М нь 2015 оны 7 дугаар сарын 28-29 нд олон нийтийн газар сахилгын зөрчил гаргаж анги байгууллагын нэр хүндийг гутааж, ангийн байлдагч, офицерын алба хаах журмуудыг зөрчсөн. Мөн өдрүүдэд нэр бүхий ХЦАХаагчдын цахим үнэмлэхний хуудас ашиглан 370,000 гаруй төгрөгийг хувьдаа ашигласан ноцтой зөрчил гаргасан асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.., он гарсаар 2 удаа архины асуудал гаргасан. Ажилдаа ч тааруухан. Архи уусан гэж санал явбал шууд халагдана. Сахилгын зөрчлөөр явбал өөр анги байгууллагад магадгүй шилжүүлэх байх...” гэснийг дурдаж болно.
Түүнчлэн х/ч Эын хэлсэн үгтэй холбогдуулан Б.М “...Архины халуунд зүгээр авсан ...нэр бүхий 4 байлдагчаас иргэний үнэмлэхний хуулбарыг ашиглан 378.000 төгрөг авсан нь үнэн ...,хэлсэн үг, гэрч Б.Цгийн “...Би 2010 онд тус ангид ажилд орсон. Ахмад Б.Мтай 5-6 жил хамт ажиллаж байгаа. Би хамт олны өмнөөс биш, өөрийн байр суурийг илэрхийлэхэд байнгын авсан амлалтаа биелүүлдэггүй, архи уусан зөрчилд холбогддог, хамт олны зарим хүмүүсийг уруу татаж архи уудаг ба энэ талаар өөрөө хүлээн зөвшөөрч, дахин ийм зөрчил гаргахгүй гэж бичиж өгсөн баримтууд надад байгаа...” гэх мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Мыг архи ууж ажлын хариуцлага алддаг болохыг гэрчилж байна гэж дүгнэх үндэслэлтэй.
ХОЁР: Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/130 дугаар тушаалын тухайд:
1.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.М нь уг тушаалд дурьдсан “...согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2016 оны 8 дугаар сарын 06-ны шөнө 22.00 цагт дэд ахлагч М.Ун, Б.Б нарыг гэртээ амарч байх үед цонхыг хагалан орж тэднийг зодож, харьцааны зөрчил гаргасан болох нь д/а М.Угийн “...гэртээ унтаж байтал хаалга нүдсэн, онгойлгохгүй байтал цонх хагалан орж ирсэн, хажуудаа нэг казактай хамт орж ирж бид 2-ыг шүүрний ишээр зодож эхэлсэн. Тэгээд гайгүй болж архи аваад ир гэхээр нь д/а Б бид хоёр шууд гаран зугтсан, ...тэр өдрөө би унаанд сууж Ховд аймгийн Манхан сум руу явсан, ... аав болох М өөрийн биеэр анги дээр ирж М ахмадтай уулзсан ...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Дийн “...уг тушаалыг уншихаас өмнө...дахиж дээрх төрлийн зөрчил гаргахгүй гэж бид дөрөв ангийн нийт бие бүрэлдэхүүний өмнө амлалт өгсөн. Үүний дараа архи ууж зөрчил гаргасан гэдгээр бидэнд сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг танилцуулсан юм. Үүнийг штабын дарга н.Э уншиж танилцуулсан ..., гэрч П.Агийн “...Б.Мыг бие бүрэлдэхүүний өмнө гаргаж ирж архи уусан буруугаа хүлээж уучлалт гуй гэснээр Б.М бие бүрэлдэхүүний өмнө гарч, дахиж ийм асуудал гаргахгүй гэж уучлалт гуйсан ...”, гэх мэдүүлэг болон тус ангийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн хурлын 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №09 дугаар тэмдэглэлийн “...Д.Э: Чи архи уугаад зогсохгүй гэртээ унтаж байсан ахлагч нарыг очиж зодож аашилсанаа юу гэж бодож байна. Чи хамт олны өмнө болон зөвлөлийн хурлаар орж дахин архи уухгүй гэж удаа дараа амласан боловч..., Б.Мын ”...Би дахин ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй архи уухгүй, ажлаа сайн хийнэ...” гэх тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт Б.Мын “...2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр буруу асуудал гаргасан байна. Амралтын өдрийг зөв боловсон өнгөрүүлэхгүйгээр архи уусан нь буруу. Үүнээс болж маргаан гарсан...” гэж хэлээд уучлал гуйсан...”, гэрч Б.Цгийн”...ахмад Б.М нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна, дахин гаргахгүй, сахилгын зөрчлөө хөнгөрүүлж өгөөч, банкинд цалингийн зээлтэй,...Энэ үед ангийн захирагчаас ахмад Б.Мын гуйлтыг харгалзаж, түүний түүний албан тушаалын цалинг 2 сар 20 хувиар буруулах арга хэмжээ авахаар шийдсэн,...2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн мэдээллийн цагаар Б.М болон зөрчил гаргасан бусад албан хаагчдын хамт олны өмнө гаргаж, тэдний зөрчилд ангийн захирагчийн зүгээс авсан сахилгын арга хэмжээг танилцуулсан. Тухайн тушаалыг би боловсруулж, эцэслэн баталсаны хувьд Б/130 дугаар тушаал нөхөж сүүлд гаргагаагүй болохыг хэлье...” гэх мэдүүлгүүд, Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн тушаал, захирамжийн бүртгэл дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр уг тушаал ёсчлогдон гарсан, энэхүү тушаалаа өөрийн салбарын онцлогт нийцүүлэн хэвшсэн журмаар зөрчил гаргагч болон анги бие бүрэлдэхүүний өмнө танилцуулагдсан болох нотлогдож байна.
Түүнчлэн гэрч Б.Л“...2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр а/х М...нарыг дарга зэмлэсэн тэд уучлалт гуйсан ба тухайн үед ямар ч шийтгэл оногдуулаагүй ба шийтгэл тушаал уншаагүй үнэн болно...” гэх мэдүүлгээ, 2016 оны 12 дугаар сарын 09-ний хууль сануулан авсан гэрчийн мэдүүлгээрээ “...уг тайлбарыг гаргах болсон шалтгаан нь Б.М надаас Захиргааны хэргийн шүүхэд дээрх агуулга бүхий тайлбар бичээд гарын үсэг зураад өг гэж гуйсан. ...Б.О, Б.М-аас асуугаад надад хэлж өгсөнөөр би тайлбар бичсэн...” гэж үгүйсгэсэн болохыг дурьдах нь зүйтэй.
2.Үндэсний архивын газрын даргын 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар батлах тухай” тушаалын 8 дугаар зүйлийн 8.3.1-д “Архив нь байгууллага, иргэдийн хүсэлтийн дагуу мэдээллийг архивын лавлагаа, архивын хуулбар болон архивын хэсэгчилсэн хуулбар хэлбэрээр олгоно.
Архивын хэсэгчилсэн хуулбар нь архивын баримт бичвэр дэх тодорхой асуудал буюу байгууллага, иргэдэд холбогдох хэсгийг тэр үгээр нь хуулж буулгасан баримт бичиг юм. Архивын хэсэгчилсэн хуулбарт архивын шифрийг зааж бичнэ”, Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар батлах тухай” тушаалын 2.3.18-д “...баримт бичгийн хуулбар хувийг байгууллагын тэмдэгээр баталгаажуулах бөгөөд хэвлэмэл хуудсан дээр үйлдэж болно. Тогтоол тушаал, захирамж зэрэг захирамжлалын баримт бичгийн хуулбарыг холбогдох газруудад хүргүүлэхдээ “ХУУЛБАР ҮНЭН” гэсэн тэмдэглэл хийхгүй, зөвхөн байгууллагын тэмдэг дарж, баталгаажуулна...”гэжээ.
Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн нууцын дарга, архивын эрхлэгч ахлах ахлагч Ч.Б нь дээрх тушаалаар батлагдсан зааварыг архивын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж ангийн захирагчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/130 дугаар тушаалыг хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу хуулбарлан өгсөнийг, уг тушаалыг нөхөж гаргасан, хоёр өөр гэж үзэх үндэслэлгүй байна.
ГУРАВ: Зэвсэгт хүчний жанжин штабын даргын Б/636 дугаар тушаалын тухайд:
Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 430 дугаар “Сахилга, дэг журам, ажлын хариуцлагыг өндөржүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тушаалын 1.10-д Яам агентлаг, цэргийн анги байгууллагын албан байранд болон албан үүргээ гүйцэтгэж байгаа, түүнчлэн дүрэмт хувцастай үедээ согтууруулах ундаа уусан, согтууруулах ундаа уусан үедээ албан байранд нэвтэрсэн төрийн албан хаагч болон хөДмөрийн гэрээгээр ажиллагсдыг захиргааны санаачлагаар ажлаас шууд халж байх ”, 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар “Журам батлах тухай” тушаалын 11.4-д “Офицерын албан тушаалд ажиллаж байгаад сахилга, хариуцлага, ёс зүйн ноцтой зөрчил гаргаж, офицерын албан тушаалд тэнцээгүй албан хаагчийг цэргийн жинхэнэ албанд эргэж авах нөхцөлгүйгээр хална ” гэж офицер, ахлагч, албан хаагч нарт хүлээлгэх, хариуцлагын талаар зохицуулжээ.
1.Б.Мт Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/130 дугаар тушаалаар “үндсэн цалинг 2 сар 20 хувиар буруулах” сахилгын шийтгэл ногдуулан түүнд зөрчил дутагдал гаргахгүй байхыг үүрэг болгосон байдаг.
Ийнхүү сахилгын шийтгэл хүлээснээс хойш тэрээр дахин архидан согтуурах үйлдлээ зогсоолгүй, 2016 оны 08 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд ажлын цагаар дүрэмт хувцастайгаа архидан согтуурч, цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчсөн тул түүнийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын Б/636 дугаар тушаалаар офицерын албан хаагчид тавигдах шалгуурыг хангахгүй гэж үзэж сахилга хариуцлагаар цэргийн жинхэнэ албанаас халжээ.
Тодруулбал гэрч Д.Мын “...2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажлын өдөр байсан ба тэр өдрийн 14.00 цагийн үед штабын даргаас хүүхэд харах чөлөө авсан. Тэр өдөр ээжийг хүүхдүүдийнхээ хажууд үлдээгээд би өөрөө хөдөө явахаар гэрээсээ гарсан....16.00 цагийн үед төв Х банкны үүдэнд очсон. Тэгэхэд Х банкны үүдэнд ахмад Б.Мтай таарсан...Б.М нь дүрэмт хувцастай, дээрээс архи үнэртэж байсан..., Б.М нь мөн авч гарсан нэг шил архиа задалж бид 2 уг нэг шил архийг уусан...Тэгээд цаашаа замд гарч Хгийн наад талд Б.Мын хадам хүргэн ах н.Бгийн гэрт очсон. Тэгээд Бгийн эхнэр нь 1 литр монгол архи хийсэн. Уг архийг Б.М бид 2 уугаад гарсан. Ингээд Бгийн хадланд очихоос өмнө Б.М надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд тэр газраас Б.М нь явган бид хоёроос зугтаасан. Ингээд голын цаад хадлангийн хүмүүс дээр очиж асуухад иргээгүй гэсэн. Тэгээд тухайн үед бензин дуусан байсан нөгөө талаар Г.Мыг олоогүй учир тэнд хонохоор болсон....Өглөө 08.00 цагийн үед хадлангийн манаач Б.Мыг хайсан. Би өглөө ажилтай болохоор шууд Өлгий руу буцаж... 11 цаг өнгөрч байхад Д, Б.Мын эхнэр О, Г.М бид дөрөв Мгийн машинтай Б.Мыг хайхаар гарсан. Шар нуурын зам дөхөж байхад Б.Мыг сая хадлангийн талбай дээр ирлээ гэж мэдэгдсэнээр хадлангийн талбайд очиход Б.М байсан ба түүнийг аваад шууд Өлгий руу орж ирсэн... гэх мэдүүлэг , гэрч г.Мгийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Д.М нар руу утсаар ярьж машинаараа хүрээд ир, хөдөө яваад ирье гэж дуудсанаар би Д.Мыг гэрээс нь авч төв Х банкны урд ирэхэд цэргийн хувцастай хүн тааралдсан.Тэр хүнийг Б.М гэдэг байсан. Би урьд тэр хүнийг танидаггүй байсан ба тухайн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...Тэгээд би Д.Мд “наад Б.Мыг авч явахаа больё цэргийн хувцастай, дээрээс нь согтуу байна гэж дагуулж явахаас татгалзсан боловч Б.М нь хүч өгөхгүй Д.Мыг танидаг болохоор нь миний машины хойд талд ирж суусан...чухам хэн Хаас архи авсныг мэдэхгүй, уг архийг замдаа тэр 2 уусан. Замдаа машин дотор Б.М нь Д.Мыг араас нь цохиж хоорондоо ноцолдож байсан. Бие биенийхээ хувцас хунараас татаж байсан, гэхдээ айхтар зодолдоогүй.
Би зогсож тэр хоёрыг болиулсан. Дараа нь хоорондын маргаанаас болж Б.М зугтаад гүйгээд алга болсон. “...Өлгий руу буцаж 09.00 цаг гэхэд ирсэн. Д.М ажил руугаа ороод би түүнийг ажлын гадаа хүлээж байсан.
Хэсэг хугацааны дараа штабын дарга машинтай гарч ирээд та нартай хамт явсан манай нэг албан хаагч байхгүй байна гэж хэлээд буцаж ороод ангийн тэргүүн ахлагч гэх нэг хүн, Б.Мын эхнэр, М бид дөрөв дахиад Б.Мыг хайхаар явсан...” гэх мэдүүлэг , гэрч Х.Бгийн “...2016 оны 08 дугаар сард өдрийг санахгүй байна өглөөний 09.00-10:00 цагийн үед би гэрийн гадаа байж байхад цоохор өмдтэй ногоон футболктой цэргийн дүрэмт хувцастай нэг хүн манайд ирсэн.Би тэр хүнтэй гэрийн гадаа уулзаж учир байдлыг нь асуухад тэрээр “би архи ууж явж байгаад согтуудаа машинаас бууж яваад төөрчихсөн байна, би Ха явж байгаа вэ? гэсэнд би та Өмнөгол гэсэн газарт явж байна гэж хариулсан. ...Тэр хүний байгаа байдал нь нилээн ядарсан, согтуу, уусан архи нь гараагүй шинжтэй байсан...”гэх мэдүүлэг , офицер, ахлагч нарын цагийн бүртгэлийн 12-т Б.Мыг 2016 оны 8 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ажил тасалсан гэх “Т” буюу тасалсан тэмдэглэл зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.М нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/302 дугаар тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний офицер, ахлагчийн ёс зүйн дүрэм”-ийн хавсралтын 4.2.12-т заасан “...түүнчлэн цэргийн дүрэмт хувцастай байх үедээ архи согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэх, бүдүүлэг зан авир гаргах...дарамтлахыг хориглоно...”, Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагчийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дүгээр “Хөдөлмөрийн дотоод журам” батлах тухай тушаалын хавсралтын 6.1.2-т заасан “...Офицер...нар нь өглөө ажилдаа ирсэн, засварласан, ажлаас орой тарсан цагаа бүртгүүлнэ...” 11.2.3-т заасан “...ангид тэмдэглүүлсэн дугаартай утсаа өдөр шөнийн ямар ч нөхцөлд унтраахгүй байх...”, 11.2.4-д заасан “холбоо барих боломжгүй /сүлжээгүй/ газар явахаар болсон тохиолдолд Х, хэдий хугацаагаар ямар ажлаар явж байгаа, болон хэзээ ирэх тухайгаа ангийн жижүүрт мэдэгдэж тэмдэглүүлсэн байна”, 12.8-т заасан “...түүнчлэн дүрэмт хувцастай үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэх... хориглоно, 12.12-т “...сахилга хариуцлага, ёс зүйн талаар дээр дурьдсанаас бусад ямарваа нэг зөрчил дутагдал гаргах”-ыг хориглоно” гэснийг зөрчжээ.
2.Нөгөөтэйгүүр энэ журмын 15.1.2-т “ Тухайн өдрийн 3 удаагийн бүртгэлд байгаагүй үед ажил тасалсанд тооцно, мөн өдрийн бүртгэлийн дүнгээр 3 удаагийн нэгдэлт тасалсан болон, ангийн нэгдсэн үйл ажиллагаа, мэдээллийн цаг тасалсан бол 1 өдөрт ажил тасалсанаар тооцно...” гэжээ.
Нэхэмжлэгч Б.М нь дээрх гэрч Д.М, Г.М, Х.Б нарын мэдүүлгээр 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажлын цаг дуусахаас өмнө ангиас гарч явсан, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн үдээс өмнө ажилдаа ирээгүй болох нь Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Манай эхнэр, ангийн тэргүүн ахлагч А.Д, Д.М, Г.М нар өглөө 9 цагийн үед намайг ирж авсан. Тэгээд бид машинд нь суугаад ангийн байранд ирсэн...” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг эдгээр өдрүүдэд ажил тасалсанаар тооцсон нь зөв байна.
Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий Б/636 дугаар актыг “...Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг хэрэглэх ёсгүй, хуулийг буруу хэрэглэн гарсан...” гэж маргаж байх боловч нэхэмжлэгч Б.М нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд болон ажлын байрны тодорхойлтод заасан “Цэргийн албан хаагчдын нийтлэг үүргүүд болон албадын дарга нарын нийтлэг үүргүүдийг биелүүлэх” үүргээ биелүүлээгүй, тогтоосон журмыг зөрчсөн байх тул энэхүү захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.
Иймд Б.Мын сахилгын шийтгэл хүлээснээс хойшх хугацаанд дахин ажлын цагаар архидан согтуурсан нэг бус удаагийн үйлдлийг түүний согтолтын зэргийг тогтоох, өөр бусад байдлаар баримтжуулах шаардлагагүйгээр дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, тэмдэглэлүүд, Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан “...архи уусан нь буруу. Үүнээс болж маргаан гарсан...” тайлбар зэргээр батлах боломжтой юм.
3.Мөн нэхэмжлэгчээс “манай ангийн удирдлагад намайг ажлаас халах хувийн өс хонзонтой байсан...” гэж нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд түүнийг “ажлаас халахаар хуурамч тушаал үйлдсэн, хувийн өс хонзотой байсан” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Б.Мын 2015 оны ажлын үр дүнг дүгнэсэн “Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн офицеруудын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний нэгдсэн дүнгээр “С” буюу 79.6, өөрийн үнэлгээний нэгдсэн дүнгээр “B” буюу 89.4, хамт олны үнэлгээний нэгдсэн дүнгээр “С” буюу 80.9 хувиар үнэлэгдсэн, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар “Эх орны төлөө III”, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “ахмад” цол олгосон гэдгээр нь түүний архи ууж, ажлын хариуцлага алдсаныг зөвтгөх боломжгүй, өөрөөр хэлбэл ийнхүү дүгнэх үндэслэлийг дээр хангалттай дурдсан, нөгөөтэйгүүр энэхүү үнэлгээ нь түүнд сахилгын шийтгэл ногдуулахаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул Б.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 25 дугаар зүйлийн 25.1.1, Монгол Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан “Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/636 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх” тухай иргэн Б.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР