| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0497/Э |
| Дугаар | 515 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Л.О, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 1810015140542 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мужаан мэргэжилтэй, Б ХХК-д мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 0000000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Л.О /РД: 0000000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо 000000тоотод гэртээ эхнэр Д.Бийг “хэл амаараа хэлсэнгүй, дургүй байгаа юм байна” гэх шалтгаанаар зодож, гэрээсээ хөөсөн, эргээд гэртээ ирэхэд нь “танайхан гуйлгачингууд ажил төрөл хийж чаддаггүй, ямар ч зорилго байхгүй” гэж зодсон, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжинд эхнэр Д.Бийг хэл амаар доромжилж, улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Л.О: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн үед гэртээ байхад нөхөр Л.Огийн ах Э нь утсаар яриад “дээл оёулна гэж байна, чи оёх уу” гэхээр нь “би оёно” гээд толгой дохиход утсаа тасалчихаад “чи хэл амаараа хэлсэнгүй, дургүй байгаа юм байна” гээд миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд намайг “зайл” гээд хөөгөөд байхаар нь би машинаа унаад, голын эрэг дээр сууж байгаад ирэхэд Л.О гараад явсан байсан. Би хүүхдийнхээ хоолыг хийж байхад архи уучихсан согтуу орж ирээд “танайхан гуйлгачингууд, ажил төрөл хийж чаддаггүй, ямар ч зорилго байхгүй” гээд намайг үсдээд нүүр, гар, эрүү рүү хэд хэдэн удаа гараараа цохиод байхаар нь гарах гэтэл үснээс татаад гараараа нүүр рүү цохиод байсан. Тэгээд Л.О “гарч архи ууна” гээд байхаар нь “би явуулахгүй” гэхэд “явна” гэсээр байгаад гараад явчихаар нь гурван хүүхдийнхээ хөнжил, хувцас, идэх юмыг нь аваад гудамжинд машин дотроо хоносон. Тэр үед цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй, ямар нэгэн өргөдөл гаргаагүй. Маргааш нь гэртээ ирээд Л.О-г байхгүй болохоор усанд явах гээд машинтайгаа гарахад, гудамжинд Л.О пиво уугаад сууж байснаа намайг хараад зогсоож машины ард суугаад намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би юм хэлэхгүй явж байгаад гэрийн ойролцоо ирэхэд гэнэт араас миний үснээс зулгаагаад, хоёр суудлын завсараар оруулаад гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байсан. Би үснээсээ тавиулах санаатай ноцолдож байгаад, машинаас буух гэтэл дахиад үснээс зулгаагаад цохиод байсан. Тэр хооронд би цагдаад дуудлага өгсөн. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өглөө эрүүлжүүлэхээс гарчихаад “цагдаад дуудлага өгдөг” гээд хэл амаар доромжлоод байсан. 2018 оны 07 дугаар сарын 09-ний орой Л.О нь гэртээ ямаа гаргаад би гэдсийг нь цэвэрлэж байсан чинь “малын гэдэс цэвэрлэж чаддаггүй авгай, аав ээж хоёртоо хэлээрэй, зайлвал таарна” гэх мэтээр хэл амаар доромжилж байгаад гараа далайгаад цохих гээд байхаар нь гудамж руу гүйгээд гарчихсан. Тэгэхэд манай гэрт байсан 9 настай М нь гэр рүүгээ гүйгээд, аав Л-г дуудаад ирэхээр нь би хамт гэртээ ороход, намайг дахиад хэл амаар доромжилж байгаад “цагдаагаа дуудаарай чи” гээд над руу дайрахаар нь би гараад гүйхэд хашаанд байсан тоосгыг аваад шидэхээр нь би гэр рүүгээ гүйгээд орчихсон. Тэгээд би цагдаад дуудлага өгөхөд Л.О зугтаасан. Цагдаа хойд айлын хашаанд архи уугаад сууж байхад олж эрүүлжүүлсэн...” /хх-ийн 14-16/ гэсэн,
Шүүгдэгч Л.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай ах над руу яриад эхнэр Д.Бээр “дээлний шилбэ хадуулъя” гэдгийг нь хэлэхэд Д.Б дуугарахгүй байхаар нь “чи яагаад дуугарахгүй байгаа юм бэ” гээд мөр хэсэг рүү нэг цохичихоод “зайл” гэтэл хүүхдүүдээ аваад явчихсан. Тэгээд би ойр хавьд хайхад байхгүй байхаар нь өөрт байсан 20000 төгрөгөөр идэх юм, нэг жижиг архи аваад гэртээ ирэхэд ирээгүй байсан, эгч Ж-гаас утсыг нь аваад Д.Б рүү залгахад утсаа авахгүй байхаар нь гудамжинд архи уучихаад, ахынд ороод унтаад өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ очиж ажлаасаа чөлөө аваад гэр рүүгээ ирж байх үед гудамжинд Д.Б машинтай явж байсан. Машинд суугаад хамт явж байхдаа “чи хаагуур явсан бэ” гээд маргалдаж байгаад үснээс нь зулгаагаад хэд хэдэн удаа цохисон. Гэхдээ хаана нь цохисон гэдгээ мэдэхгүй байна. Тэгтэл Д.Б цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд өгсөн. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би эрүүлжүүлэхээс гараад гэртээ очоод “намайг цагдаад өглөө” гэх маргаан болсон. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр амралт эхлээд ажлынхаа хүнийг гэрт нь хүргэж өгөхөд надад нэг шил архи өгсөн. Тэгээд би гэртээ ирээд ямаа гаргасан. Эхнэр Д.Б гэдэс арилга гэхэд “чадахгүй” гэхээр нь “чи ээж рүүгээ ярь, өдий хүртэл ажил хийж чаддаггүй” гэж хэлээд маргаан болсон. Тэгээд бид хоёр маргалдаж байхдаа би Д.Бт уурласан уурандаа тоосго шидсэн...” /хх-ийн 38-41/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №7188 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Бийн биед баруун хацрын ар хэсэг, баруун мөрний ар хэсэг, сээр нурууны гол дунд хэсэг, бүсэлхий нурууны баруун хэсэг, баруун бугалганы гадна хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, зүүн шууны дотор дээд хэсгүүдэд цус хуралт, доод эрүүний дунд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” /хх-ийн 28/ гэсэн дүгнэлт,
- Шүүгдэгч Л.Огийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 45, 42-44/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 50-55/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Л.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Л.О нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 000000тоотод өөрийн гэртээ эхнэр Д.Бийг “хэл амаараа хэлсэнгүй, дургүй байгаа юм байна” гэх шалтгаанаар зодож, гэрээсээ хөөсөн, эргээд гэртээ ирэхэд нь “танайхан гуйлгачингууд ажил төрөл хийж чаддаггүй, ямар ч зорилго байхгүй” гэж зодсон, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжинд эхнэр Д.Бийг хэл амаар доромжилж, улмаар зодож эрүүл мэндэд нь баруун хацрын ар хэсэг, баруун мөрний ар хэсэг сээр нурууны гол дунд хэсэг, бүсэлхий нурууны баруун хэсэг, баруун бугалганы гадна хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, зүүн шууны дотор дээд хэсгүүдэд цус хуралт, доод эрүүний дунд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Бийн: “...чи хэл амаараа хэлсэнгүй, дургүй байгаа юм байна гээд миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. ...Би хүүхдийнхээ хоолыг хийж байхад архи уучихсан согтуу орж ирээд “танайхан гуйлгачингууд ажил төрөл хийж чаддаггүй, ямар ч зорилго байхгүй” гээд намайг үсдээд нүүр, гар, эрүү рүү хэд хэдэн удаа гараараа цохиод байхаар нь гарах гэтэл үснээс татаад гараараа нүүр рүү цохиод байсан. ...Л.О пиво уугаад сууж байснаа намайг хараад зогсоож машины ард суугаад намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд гэрийн ойролцоо ирэхэд гэнэт араас миний үснээс зулгаагаад, хоёр суудлийн завсараар оруулаад гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байсан. Би үснээсээ тавиулах санаатай ноцолдож байгаад, машинаас буух гэтэл дахиад үснээс зулгаагаад цохиод байсан...” /хх-ийн 14-16/ гэсэн, шүүгдэгч Л.Огийн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний ...Д.Б дуугарахгүй байхаар нь “чи яагаад дуугарахгүй байгаа юм бэ” гээд мөр хэсэг рүү нэг цохичихоод “зайл” гэтэл хүүхдүүдээ аваад явчихсан. ...2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ...Д.Б машинтай явж байсан, машинд суугаад хамт явж байхдаа маргалдаж байгаад үснээс зулгаагаад хэд хэдэн удаа цохисон...” /хх-ийн 38-41/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №7188 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Бийн биед баруун хацрын ар хэсэг, баруун мөрний ар хэсэг сээр нурууны гол дунд хэсэг, бүсэлхий нурууны баруун хэсэг, баруун бугалганы гадна хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, зүүн шууны дотор дээд хэсгүүдэд цус хуралт, доод эрүүний дунд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 28/ гэсэн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 50-55/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь хамт амьдардаг эхнэр, нөхөр болох нь шүүгдэгч, хохирогч нарыг мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байх тул шүүгдэгч Л.Огийн өөрийн эхнэр Д.Бийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Л.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бийн эрүүл мэндэд баруун хацрын ар хэсэг, баруун мөрний ар хэсэг сээр нурууны гол дунд хэсэг, бүсэлхий нурууны баруун хэсэг, баруун бугалганы гадна хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, зүүн шууны дотор дээд хэсгүүдэд цус хуралт, доод эрүүний дунд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгч нар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх Л.Огийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн ажил эрхлэлт, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдлуудыг харгалзан улсын яллагчийн санал болгосон торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1810015140542 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Б гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ог 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.Од оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.О торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810015140542 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Б гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР