Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 517

 

                   

 

 

                  

 

 

 

 

 

 

 

                       

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Н.Уранбайгаль, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 1810005850218 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 3 дугаар баг, 00000000000000 тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 0000000000 тоотод оршин суудаг, урьд нь:

Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн,

Дорноговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б.Г /РД: 000000000?0/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний замд Стейр маркийн 0000 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг нь дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Д-гийн жолоодож явсан Дэйвүү 106 маркийн 0000УБЧ улсын дугаартай автобусыг мөргөж, уг ослын улмаас автобусанд сууж явсан зорчигч Б.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Г: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг гарахад автобусны жолоочийн буруутай үйл ажиллагаанд нөлөөлсөн гэж хувьдаа үздэг. хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг барагдуулсан, мөн гарсан байгаа иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлж барагдуулна, үнэлгээний байгууллагын үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ослын улмаас манай нагац дүү Б.Оийн зүүн хөлний шилбэний гадна талд урагдалт, няцралт, цус хуралт, хөхрөлт зэрэг гэмтэл авсан. ...Би нагац дүү Б.Оийн эмчилгээний зардалд баримтаар 2,400,000 төгрөг зарцуулсан...” /1-р хх-ийн 54-55/ гэсэн,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ...12 цагийн үед хичээлээ тараад 3 дугаар хороололд байх “Хүрээ” дээд сургууль орж, мэргэжил сонгох танилцуулагад оролцохоор ...багшийн хамт шугамын автобусанд суугаад 8-9 буудал яваад, Элиганс буудалд автобус зогсож зорчигчоо суулгасан. Тэгээд автобус хаалгаа хааж хөдлөөд гүүр чиглээд явж байхад гэнэт автобусны араас нэг юм их хүчтэй мөргөж, би багшийн өвөр дээр унасан. Энэ үед нэг төмөр миний хоёр хөлийг түрж шахаад ханатай хавчуулсан. Автобусны хаалга нээгдэж хүүхдүүд бүгд хашгиралдаад гарцгаасан. Би хамгийн сүүлд автобуснаас өргүүлж гарсан. Гадаа гарч ирэхэд хүүхдүүд бүгд уйлалдаж байсан ба миний сууж явсан автобус гүүрэн дээр хөндлөн гүүрний хашлагыг эвдсэн байдалтай зогсож харагдсан...” /1-р хх-ийн 64-65/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дэйвүү маркийн 0000УБЧ улсын дугаартай автобус “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын эзэмшлийнх. ...Манай байгууллага нь Дэйвүү маркийн 0000УБЧ улсын дугаартай автобусны эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр нийт 4,344,800 төгрөг болсон. Мөн үнэлгээний төлбөр 186,000 төгрөг, журмын хашааны төлбөр 140,000 нийт 4,670,000 төгрөг болсон. Манай байгууллага нь Дэйвүү маркийн 0000УБЧ улсын дугаартай автобусны хохирлоо бүрэн барагдуулж аваагүй. Жолооч Б.Г нь жолоочийн хариуцлагын даатгалгүй байсан бөгөөд манай байгууллагаас даатгалын алба журмын холбоонд хүсэлт гаргасны дагуу тус холбооноос “Хаан” даатгалаар дамжуулан 2,172,000 төгрөг олгосон. Үлдэгдэл хохирол 2,498,000 төгрөг төлөгдөөгүй...” /1-р хх-ийн 127-128/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...11,744,166 төгрөгийг бүрэн дүүрэн барагдуулсан тохиолдолд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор буруутай жолоочийн зүгээс хохирол барагдуулсан зүйл байхгүй байгаа...” /2-р хх-ийн 52-53/ гэсэн,

 

Насанд хүрээгүй хохирогч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 12 цаг 30 минутын орчим хичээлээ тараад ангийнхаа хүүхдийн хамт “Хүрээ” дээд сургууль орохоор Нисэхийн эцсийн автобусны буудлаас Сонсголон таван шар чиглэлийн автобусны хойд суудалд сууж, ном уншаад явж байсан. Сонсголонгийн гүүрний урд талын автобусны буудал дээр зогсож зорчигчдоо буулгаж суулгаад хөдөлгөөнөө үргэлжлүүлээд цааш явахад, гэнэт түс тас хийх чимээ гарсан. Тэр үед миний суудлын араас юм цохих шиг болсон. Би урагшаа харахад зорчигч нар орилолдож байсан. Цонхоор харахад том машин автобусыг түрээд явж байсан. Удалгүй автобус зогсож хаалгаа нээсэн. Буугаад харахад автобус гүүрэн дээр хөндлөн зогсож байсан. Осол болох үед би дагзаараа суудлын түшлэгээ мөргөж гэмтсэн...” /1-р хх-ийн 101/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Ц мөрдөн шалган ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний охин Ц.Аослын улмаас тухайн үед толгой, нуруу, шилэн хүзүүгээр нь хөшиж өвдөж байсан. Мөн гар, хөл нь чилж өвдөж байсан. ...Би охиныхоо эмчилгээний зардлаар 670,000 төгрөг зарцуулсан. Уг мөнгийг жолооч бүрэн төлж барагдуулсан...” /1-р хх-ийн 105-106/ гэсэн,

 

Насанд хүрээгүй хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг 40 минутын үед би ангийнхаа хүүхдийн хамт сургууль дээр шалгалтаа өгчихөөд, 3 дугаар хороолол орохоор Нисэхийн автобусны эцсийн буудлаас шугамын автобусанд сууж автобусны хойно зогсоод явж байсан. Миний сууж явсан автобус Яармагийн дэнжийн автобусны буудал дээр зогсож зорчигч нараа буулгаад хөдлөхөд манай ангийн хүүхдүүд орилолдсон. Тэр үед бидний сууж явсан автобус Сонсголонгийн гүүрэн дээр хөндлөн хараад гүүрний ирмэг дээр зогссон. Автобус хаалга нээж зорчигчдыг буулгасан. Буугаад харахад автобусыг ачааны том машин мөргөсөн байсан. Осол болох үед автобусны шалыг төмөр труба цөмөлж орж ирэх үед миний хоёр хөл цохигдож гэмтсэн...” /1-р хх-ийн 115/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч П.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний охин Н.Н нь ослын улмаас тухайн үед толгой нь өвдөж, баруун хөл нь гишгэхэд зовиуртай, мөн зүүн хөлийн шагайн босоо яс цуурсан гэж эмч хэлээд гипс тавьж өгч байсан. Өөр гэмтэл байхгүй. ... Би охиныхоо эмчилгээнд тухайн үед мөнгө төгрөг зарцуулаагүй. Хүүхэд болохоор даатгалаар үнэ төлбөргүй эмчлүүлсэн...” /1-р хх-ийн 120/ гэсэн,

 

Насанд хүрээгүй хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед Нисэхийн автобусны буудлын эцсийн шугамын автобусаны голд зогсоод Сонсголонгоор эргээд явж байхад гэнэт манай ангийн хүүхэд “мөргөлөө ш дээ” гээд орилсон. Эргэж харахын завдалгүй түс тас хийсэн. Тэр үед би толгойгоороо цонхны бариулыг мөргөсөн. Мөн суудлын түшлэгийг гуя хэсгээрээ цохиж гэмтсэн. Тэгээд би автобуснаас буухад миний сууж явсан автобус гүүрэн дээр хөндлөн зогсож байсан. Автобусны хойд дугуй гүүрнээс гарсан байдалтай байсан...” /1-р хх-ийн 130/

 

Иргэний нэхэмжлэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний охин А.М нь ослын улмаас тухайн үед толгой өвдөж баруун гуяны дотор тал, зүүн гуяны гадна тал хөхөрч цус хурсан байна. ...Би охиныхоо эмчилгээнд баримтаар 390,000 төгрөг зарцуулсан. Уг мөнгийг жолооч бүрэн төлж барагдуулсан...” /1-р хх-ийн 133/ гэсэн,

 

Насанд хүрээгүй хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг 30 минутын үед би ангийнхаа хүүхдүүдийн хамт сургууль дээр шалгалтаа өгөөд Нисэхийн эцсээс шугамын автобусанд суугаад 3 дугаар хороолол орохоор Яармагийн дэнж өнгөрөөд автобусны буудал дээр зогсож хүн суулгаад дөнгөж хөдлөөд зам руугаа ороход гэнэт манай ангийн хүүхдүүд орилолдсон, бидний сууж явсан автобус эргээд гүүрний ирмэг дээр хөндлөн зогссон байсан. Би автобусны хамгийн арын суудалд цонхон талдаа сууж явсан. Осол болох үед толгойгоороо цонхны шил мөргөж гэмтсэн...” /1-р хх-ийн 129/ гэсэн,

 

Насанд хүрээгүй хохирогч А.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 12 цаг 30 минутын үед ангийнхаа хүүхдийн хамт шалгалтаа өгчихөөд Нисэхийн эцсээс шугамын автобусанд сууж Сонсголонгийн гүүрний автобусны буудал дээр автобус хүнээ буулгачихаад хөдлөх үед дээрээс өвстэй автомашин уруудаад хурдтай ирж яваа харагдсан. Тэр өвстэй автомашин дуут дохио өгч, зогсолгүй миний сууж явсан автобусны хойд талаас мөргөсөн. Осол болох үед би автобусны хойд талд зогсож явсан юм. Ослын улмаас автобусны хойд талын босоо төмөр бариуланд хөлөө цохиж гэмтсэн...” /1-р хх-ийн 147/ гэсэн,

 

Насанд хүрээгүй хохирогч Л.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг 30 минутын үед би ангийнхаа хүүхдүүдийн хамт сургууль дээр шалгалтаа өгөөд Нисэхийн эцсээс шугамын автобусанд суугаад Хүрээ дээд сургууль орохоор автобусны арын хэсэгт зогсож явсан. Гэнэт автобусанд сууж явсан хүүхдүүд орилолдож, автобусны араас хүчтэй мөргөсөн. Намайг харахад өвстэй том машин автобусыг түрж явсаар хажуугаараа унаж харагдсан. Би суудлын бариуланд далаа мөргөж гэмтээсэн...” /1-р хх-ийн 157/ гэсэн,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 12 цаг 40 минутын үед сургууль дээрээ давтлаганд суучихаад “Хангай” дээд сургууль орохоор Нисэх Сонсголонгийн чиглэлийн автобусны арын суудал дээрээ суугаад явж байсан юм. Тэгээд Сонсголонгийн дэнжийн автобусны буудал дээр автобус хүнээ буулгачихаад хөдлөхөд автобусны хойд талаас нэг юм хүчтэй мөргөсөн. Тэр үед автобус түрэгдээд Сонсголонгийн гүүрэн дээр хөндлөн байрлалтай хашлага даваад зогссон. Автобусны хаалга нээгдэж, зорчигч нар буусан. Автобуснаас буугаад харахад том оврын өвс ачсан машин мөргөсөн байсан би осол болох үед гэмтэл аваагүй...” /1-р хх-ийн 159/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 12 цаг 40 минутын үед сургууль дээр шалгалт өгчихөөд Нисэхийн автобусны эцсийн буудлаас 3 дугаар хороолол орохоор шугамын автобусанд сууж автобусны хойд талд зогсоод явж байхад гэнэт автобусны араас хүчтэй мөргөсөн. Тэр үед автобус хаалгаа нээсэн. Тэгээд буугаад харахад том оврийн өвс ачсан ачааны машин мөргөсөн байсан. Осол болох үед би толгойдоо тархи доргилт авсан...” /1-р хх-ийн 169/ гэсэн,

 

Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн орчим Нисэхийн эцсийн автобусны буудал дээрээс автобусанд сууж автобусны дунд хэсэгт зогсоод явж байхад миний сууж явсан автобус ...Элиганс хорооллын автобусны буудал дээр зогсож зорчигчдоо буулгаад хөдлөхөд гэнэт хүмүүс орилолдсон. Би юу болов гээд цонх руу харахад миний сууж явсан автобус хөндлөн хараад зогссон. Осол болох үед маш хүчтэй доргилт болсон. Би тэр үед хөлөө гэмтээсэн...” /1-р хх-ийн 163/ гэсэн,

 

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 12 цаг 40 минутын үед ангийнхаа хүүхдүүдийн хамт сургууль дээрээ шалгалт өгчихөөд Нисэхийн эцсийн автобусны буудал дээрээс автобусанд сууж автобусаны хойд хэсэгт цонхны хажуу талд суугаад 3 дугаар хороолол орохоор явсан юм. Автобус ...Элиганс хорооллын автобусны буудал дээр зогсож зорчигчдоо буулгаад хөдлөхөд гэнэт зорчигч нар орилолдсон. Тэр үед бидний сууж явсан автобус гүүрэн дээр хөндлөн хараад зогссон. Осол болох үед миний зүүн хөлийн гуя хэсэг сандал болон бариуланд цохигдож гэмтсэн. Ослын дараа автобуснаас бууж ирээд харахад автобус өвс ачсан том оврын ачааны автомашинтай мөргөлдсөн байсан...” /1 дүгээр хх-ийн 165/ гэсэн,

 

 

Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагийн орчим Ч-15 чиглэлд Зорчигч тээврийн нэгтгэл төрийн өмчит компанийн эзэмшлийн Дэйвүү 106 маркийн 0000УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд ажил үүргээ гүйцэтгээд, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний Элиганс хорооллын автобусны буудлаас урдаасаа хойшоо чиглэлтэй 40-50 километр цагийн хурдтай ...хөдөлгөөнөө эхлэх гээд дохиогоо өгөөд толинд харахад том оврын өвс ачсан ачааны машин 200-300 метрийн зайтай ирж яваа харагдсан. Тухайн үед өвс ачсан ачааны машин зайтай харагдсан болохоор хөдөлгөөнөө эхэлж ойролцоогоор 20-25 орчим километр цагийн хурдтай 100 метр орчим яваад Сонсголонгийн гүүр лүү орох үед автобусны зүүн хойд багана буюу булан хэсэг рүү нэг юм маш хүчтэй мөргөсөн. Тэр үед автобус түрэгдэж автобусны баруун урд дугуй замын хашлага давж, гол харагдаад эхлэхээр нь би жолоогоо зүүн тал руу дарж тоормос гишгэсэн. Автобус гүүрэн дээр хөндлөн харж зогссон. ...Би өөрөө автобуснаас буух үед автобусны хойд талд гүүр дагуу өвс ачсан автомашин унасан байсан...” /1-р хх-ийн 171-172/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 12 цаг 30 минутын орчимд би Б.Гын эзэмшлийн Стейр маркийн 0000 УНМ улсын дугаартай ачааны машиныг жолоодоод Сүхбаатар аймгийн Асгат сумаас 500 боодол өвс ачаад, Жаран нэгийн гарам орохоор урдаасаа хойшоогоо чиглэлтэй зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр Сонсголонгийн гүүр чиглээд ойролцоогоор 30-40 километр цагийн хурдтай явж байхад дөнгөж тонгойх үед автобусны буудал дээр цагаан цэнхэр өнгийн автобус зогсчихсон, зорчигчдоо буулгаж байхыг харсан. Холоос анхааруулж дуут дохиогоо гурван удаа өгсөн боловч ойртоод ирэх үед автобус карманаас хөдөлж зүүн гар тал руугаа дарж миний машины урдуур ташуу байрлалтай орж ирсэн. Энэ үед харсан даруйдаа тоормозоо гишгэсэн боловч зай нь ойртсон байсан учраас автобусны зөв талын хойд буланг машиныхаа баруун урд булангаар мөргөх үед жолооны хүрд баруун гар тийшээгээ дарагдаж машин зүүн хажуугаараа хажуулдаж унасан. Тэгээд би машиныхаа урд салхины шилний хагархайгаар гарч ирсэн. Тэгэхэд автобус нь гүүрэн дээр ташуу байрлалтай зогсож байсан...” /1-р хх-ийн 224-226/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №13968 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Н.Оийн биед эрүүл мэндийг сарниулах гэмтэл тогтоогдохгүй байна...” /1-р хх-ийн 176/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №14094 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. А.Агийн биед тархи доргилт, зүүн хөхний зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /1-р хх-ийн 179/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №13962 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. А.Мийн биед тархи доргилт, 2 гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /1-р хх-ийн 181/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №13945 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Н.Ний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /1-р хх-ийн 183/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №13945 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ц.А-ын биед тархи доргилт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /1-р хх-ийн 185/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №28 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13988 тоот шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна.

2. Б.О-ийн биед зүүн шилбэний шаантны урд булчингийн доод 1/3 хэсгийн урагдалт, няцрал, цус хураа /150-170мл/, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, эдийн дутагдал бүхий шарх, цус хуралт, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” /1-р хх-ийн 191-192/ гэсэн,

 

- Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №028116 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Дэйвүү маркийн 0000УБЧ улсын дугаартай автобусны жолооч Г.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2. Стейр маркийн 0000 УНМ дугаарын автомашины жолооч Бумцэнд овогтой Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /1-р хх-ийн 212/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-16/,

- Хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 206-210, 2-р хх-ийн 84-88/,

- Бичиг баримт түр хураан авсан, буцаан олгосон тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 21-22, 27-29/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 47/,

- Хохирогч Б.Оийн өвчний түүх /1-р хх-ийн 68-86/,

- Хохирлын баримтууд /1-р хх-ийн 88-98, 107-111, 135-136/,

- Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 19-20/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 239-240, 243/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 17/,

- Хохирол хүлээн авсан баримт /1-р хх-ийн 99, 112, 137, 143, 160/,

- Жолоочийн лавлагаа /1-р хх-ийн 229/,

- Шүүгдэгч Б.Г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1-р хх-ийн 227-228, 230, 249, 2-р хх-ийн 19, 57-61, 64-67/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч, гэрч, шүүгдэгч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б. Б.Год холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг 40 минутын орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний замд Стейр маркийн 0000 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Дгийн жолоодож явсан Дэйвүү 106 маркийн 0000УБЧ улсын дугаартай автобусыг мөргөж, уг ослын улмаас автобусанд сууж явсан зорчигч Б.Оийн эрүүл мэндэд биед зүүн шилбэний шаантны урд булчингийн доод 1/3 хэсгийн урагдалт, няцрал, цус хураа /150-170мл/, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, эдийн дутагдал бүхий шарх, цус хуралт, баруун шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Оийн “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ...12 цагийн үед хичээл тараад 3 дугаар хороололд байх “Хүрээ” дээд сургууль орж, мэргэжил сонгох танилцуулагад оролцохоор ...багшийн хамт шугамын автобусанд суугаад 8-9 буудал яваад, Элиганс буудалд автобус зогсож зорчигчоо суулгасан. Тэгээд автобус хаалгаа хааж хөдлөөд гүүр чиглээд явж байхад гэнэт автобусны араас нэг юм их хүчтэй мөргөж, би багшийн өвөр дээр унасан. Энэ үед нэг төмөр миний хоёр хөлийг түрж шахаад ханатай хавчуулсан. Автобусны хаалга нээгдэж хүүхдүүд бүгд хашгиралдаад гарцгаасан...” /1-р хх-ийн 64-65/ гэсэн, гэрч Г.Баярцэцэгийн “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 12 цаг 40 минутын үед ...Автобус ...Элиганс хорооллын автобусны буудал дээр зогсож зорчигчдоо буулгаад хөдлөхөд гэнэт зорчигч нар орилолдсон. Тэр үед бидний сууж явсан автобус гүүрэн дээр хөндлөн хараад зогссон. ...Ослын дараа автобуснаас бууж ирээд харахад автобус өвс ачсан том оврын ачааны автомашинтай мөргөлдсөн байсан...” /1 дүгээр хх-ийн 165/ гэсэн, насанд хүрээгүй гэрч Н.Оийн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 12 цаг 40 минутын үед сургууль дээр шалгалт өгчихөөд Нисэхийн автобусны эцсийн буудлаас 3 дугаар хороолол орохоор шугамын автобусанд сууж автобусны хойд талд зогсоод явж байхад гэнэт автобусны араас хүчтэй мөргөсөн. ...Тэгээд буугаад харахад том оврийн өвс ачсан ачааны машин мөргөсөн байсан...” /1-р хх-ийн 169/ гэсэн, гэрч Г.Дгийн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагийн орчим ...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний Элиганс хорооллын автобусны буудлаас урдаасаа хойшоо чиглэлтэй 40-50 километр цагийн хурдтай ...хөдөлгөөнөө эхлэх гээд дохиогоо өгөөд толинд харахад том оврын өвс ачсан ачааны машин 200-300 метрийн зайтай ирж яваа харагдсан. Тухайн үед өвс ачсан ачааны машин зайтай харагдсан болохоор хөдөлгөөнөө эхэлж ойролцоогоор 20-25 орчим километр цагийн хурдтай 100 метр орчим яваад Сонсголонгийн гүүр лүү орох үед автобусны зүүн хойд багана буюу булан хэсэг рүү нэг юм маш хүчтэй мөргөсөн. Тэр үед автобус түрэгдэж автобусны баруун урд дугуй замын хашлага давж, гол харагдаад эхлэхээр нь би жолоогоо зүүн тал руу дарж тоормос гишгэсэн. Автобус гүүрэн дээр хөндлөн харж зогссон. ...Би өөрөө автобуснаас буух үед автобусны хойд талд гүүр дагуу өвс ачсан автомашин унасан байсан...” /1-р хх-ийн 171-172/ гэсэн, шүүгдэгч Б.Гын “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 12 цаг 30 минутын орчимд би ...замын зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр Сонсголонгийн гүүр чиглээд ойролцоогоор 30-40 километр цагийн хурдтай явж байхад дөнгөж тонгойх үед автобусны буудал дээр цагаан цэнхэр өнгийн автобус зогсчихсон, зорчигчдоо буулгаж байхыг харсан. Холоос анхааруулж дуут дохиогоо гурван удаа өгсөн боловч ойртоод ирэх үед автобус карманаас хөдөлж зүүн гар тал руугаа дарж миний машины урдуур ташуу байрлалтай орж ирсэн. Энэ үед харсан даруйдаа тоормозоо гишгэсэн боловч зай нь ойртсон байсан учраас автобусны зөв талын хойд буланг машиныхаа баруун урд булангаар мөргөх үед жолооны хүрд баруун гар тийшээгээ дарагдаж машин зүүн хажуугаараа хажуулдаж унасан. Тэгээд би машиныхаа урд салхины шилний хагархайгаар гарч ирсэн. Тэгэхэд автобус нь гүүрэн дээр ташуу байрлалтай зогсож байсан...” /1-р хх-ийн 224-226/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №28 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт ...2. Б.Оийн биед зүүн шилбэний шаантны урд булчингийн доод 1/3 хэсгийн урагдалт, няцрал, цус хураа /150-170мл/, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, эдийн дутагдал бүхий шарх, цус хуралт, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 191-192/ гэсэн,

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны №028116 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Дэйвүү маркийн 0000УБЧ улсын дугаартай автобусны жолооч Г.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2. Стейр маркийн 0000 УНМ дугаарын автомашины жолооч Бумцэнд овогтой Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /1-р хх-ийн 212/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-16/, хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 206-210, 2-р хх-ийн 84-88/,  бичиг баримт түр хураан авсан, буцаан олгосон тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 21-22, 27-29/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 47/, хохирогч Б.Оийн өвчний түүх /1-р хх-ийн 68-86/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасныг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Оийн биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Оийн эрүүл мэндэд зүүн шилбэний шаантны урд булчингийн доод 1/3 хэсгийн урагдалт, няцрал, цус хураа /150-170мл/, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, эдийн дутагдал бүхий шарх, цус хуралт, баруун шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол /1-р хх-ийн 187/, насанд хүрээгүй хохирогч А.А, А.М, Н.Нэ, Ц.Анарын эрүүл мэндэд хөнгөн хохирол /1-р хх-ийн 179, 181, 183, 185/, иргэний нэхэмжлэгч Зорчигч тээврийн нэгтэл ОНӨААТҮГ-д 4,344,000 төгрөгийн /1-р хх-ийн 205-211/, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-д 3,482,000 төгрөгийн /2-р хх-ийн 84-89/ эд хөрөнгийн хохирол тус тус учирсан.

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад  иргэний нэхэмжлэгч Д.Буян-Эрдэнэд 2,500,000 төгрөг /1-р хх-ийн 99/, иргэний нэхэмжлэгч Б.Цэгээнд 670,000 төгрөг /1-р хх-ийн 105/, иргэний нэхэмжлэгч  Н.Батчулуунд 390,000 төгрөг /1-р хх-ийн 133/ барагдуулсан, иргэний нэхэмжлэгч хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /1-р хх-ийн 120, 121, 137, 143, 146/ гэсэн мэдүүлэг, тайлбарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан тул дээрх нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй байна.

 

Иргэний нэхэмжлэгч Зорчигч тээврийн нэгтэл ОНӨААТҮГ-ын эд хөрөнгөд 4,344,000 төгрөгийн хохирол учирснаас даатгалын байгууллагаар дамжуулан 2,172,000 төгрөгийн хохирол төлөгдсөн /1-р хх-ийн 126-127/ байх тул төлөгдөөгүй 2,498,000 төгрөгийн болон Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын эд хөрөнгөд учирсан 3,482,000 төгрөгийн хохирлуудыг гэм буруутай Б.Гоос гаргуулж, иргэний нэхэмжлэгч нарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн ажил эрхлэлт, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдлуудыг харгалзан шүүх түүнд хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810005850218 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Г-од оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гоос 5,980,000 /таван сая есөн зуун наян мянга/ төгрөг гаргуулж,  иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б/РД: 000000000000, Баязүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам 0000000000000 тоотод оршин суух хаягтай/-д 2,498,000 /хоёр сая дөрвөн зуун ерэн найман мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А/ИЦ0000000000, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 000000000 тоотод оршин суух хаягтай/-д 3,482,000 /гурван сая, дөрвөн зуун наян хоёр мянга/ төгрөгийг тус тус олгож, иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 1810005850218 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР