Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 519

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч А.Оюунгэрэл, шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810020950601 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, И ХХК-д маркетингийн менежер ажилтай, Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 0000000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Л.М /РД: 00000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.М нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхоны 00000000тоотод хамтран амьдрагч О.Уыг жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Л.М: “...2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот руу ажлаар яваад 2018 оны 08 дугаар сарын 31-ний шөнө гэртээ ирэхэд О.У гэртээ байхгүй байхаар нь хүний утсаар залгахад нилээн согтолттой, ...хаана байгаагаа тодорхой тайлбарлаж чадахгүй байсан. Шөнө О.Уыг хайж яваад Нарны гүүрний доор байрлах нэг газраас нилээн согтолттой байхад нь очиж авсан. Унтаж байхад нь утсыг нь шалгаж үзэхэд ажлын газрын залуу нь чамаар юу байна, цуг хоолонд орьё, уулзья гэж мессэж бичсэн байсан. О.У зөвшөөрсөн хариу бичиж утасны дугаараа үлдээсэн байсан. Маргааш орой нь би Т гэдэг найзтайгаа уулзаж 3 шил пиво уугаад манайд очиж хоносон. Өглөө нь О.У руу залгаад гараад ирээ хайраа, салхинд гарья, хамт явах найзууд чинь байна уу гэхэд манай найзууд утсаа авахгүй байна, амралтанд явах хүн байхгүй юм шиг байна гэж хэлсэн. О.Утай 1 дүгээр хорооллын 24 дүгээр байранд ирсэн. Намайг чи яагаад гадуур хонодог юм гэж хэлэхээр нь би өчигдөр өөр хүнтэй уулзсан байсан. Би мессэжийг чинь уншсан гэж хэлсэн. Гэтэл О.У би өөр хүнтэй уулзаагүй гэхээр нь би утсаа гаргаад ир үзүүл гэж хэлээд булаацалдаж байгаад утсыг нь газар унагаад эвдэлсэн. Үүнээс болж маргалдаж, муудалцсан. Би О.Уыг хариад байж бай гэж хэлээд гэрээсээ гаргасан. Орой нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн орой 18 цагийн үед О.Уын гэрт очоод намайг уучлаарай, би хоол хийх үү гэж хэлэхэд намайг битгий давраад бай гээд над руу дайраад байсан. Намайг явах гэхэд машины түлхүүр аваад явуулахгүй байсан. Машины түлхүүрээ авах гэж зууралдаад би айлгах зорилгоор гар, хөлийг нь хүчтэй базаж, ор руу түлхэж унагаасан. О.Уыг санаатай цохиж, алгадсан зүйл байхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч О.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 06 цагийн үед Л.М найз Тгийн хамт гэрт согтуу орж ирээд намайг “амралтанд хамт явъя“ гэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгсэн чинь найзыгаа дагуулаад гэрээс гарсан. Хэсэг хугацааны дараа Л.М ганцаараа орж ирээд “манай гэр лүү хамт явъя, юм авчихаад ирье” гэхээр нь түүнийг дагаад гарахад гадаа Т байсан. Ингээд Л.М, Т бид гурав Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын 00000000 тоотод Л.Мгийн гэрт очсон. Т нь Л.Мгийн гэрт ороод том өрөөнд унтчихсан. Л.М надтай хамт гал тогооны өрөөнд байж байхдаа ажлын хэрэгцээнд ашигладаг цагаан өнгийн Самсунг эс 4 маркийн гар утсыг үзэж байгаад, утсыг маань нугалаад, дэлгэц батарейг салгаад шидчихсэн, тэгсэнээ том өрөө рүү ороод шүдээ хавираад суугаад байхаар нь “би явлаа” гэхэд тэрээр намайг тагт руу чирч гаргаад, “чамайг таван давхараас авч шиднэ” гээд хөлнөөс өргөөд тагтнаас унагах гээд байхаар нь би өөрөөс нь зуураад хамаг хүчээрээ доошоогоо атираад суусан. Тэгэхэд миний үснээс зулгааж, дух, зүүн хацар луу 5-6 удаа өшиглөсөн. Тухайн үед Л.М хөл нүцгэн байсан. Би нүүр лүүгээ цохиулахгүй гээд хоёр гараараа нүүрээ дарахад тэрээр миний хоёр гарын шуу руу 2-3 удаа өшиглөснөө намайг үүд рүү чирээд, гэрээсээ түлхээд гаргачихаар нь өөрийнхөө гэр лүү харьсан. Тухайн үед миний дух, зүүн шанаа орчим жоохон улайсан байсан. Өөр гэмтэл шарх учраагүй. Т унтаж байгаа харагдсан, болсон асуудлыг мэдсэн үгүйг мэдэхгүй байна. Өдөр 15 цаг өнгөрч байхад Л.М өөрийнхөө 00000000 дугаарын утаснаас над руу залгаад “яасан юу болсон бэ, яваад очих уу“ гэхээр нь би түүнд “ирээд хэрэггүй, намайг зодож нүдсэнээ харах гэсэн юм уу“ гэтэл Л.М “тийм, уучлаарай, яаснаа очиж харъя“ гээд байсан. Л.М орой 18 цагийн үед манай гэрт ганцаараа ирээд тоглоом шоглоом хийгээд хойноос дагаад, хөх бариад, хөл гарнаас татаад байхаар нь би дургүйцэж уйлаад “зайл” гэхэд гэнэт уур нь хүрсэн үү яасан хоёр хацар, толгой руу алгадаж байснаа өөрийнхөө өмдний тэлээгээр миний толгой, нуруу, хоёр гар, хоёр хөл, өгзөг рүү нилээн олон удаа ороолгохоор нь би уйлж орилоод “болиоч ээ” гэж гуйхад “нүүр амыг чинь будаа болгоод, эрүүг чинь мултлаад өгье” гээд байсан. Би түүнд зодуулаад амьсгаа давчдаад дээшээ хараад хэвтэхэд, Л.М миний цээж рүү нилээн хэдэн удаа хөлөөрөө дэвссэн. Тэрээр намайг зодохдоо “бие давхар юм байж ажлынхантайгаа яасан их явдаг юм бэ” гээд байхаар нь би түүнийг аргадаж байгаад арай гэж гадагшаа гараад утсаар ярьж эгч Цийг нь дуудсан. ...Ц эгчид нь болсон асуудлын талаар тайлбарлахад Л.М уурлаад, эгчийнхээ дэргэд миний баруун гуя руу 1-2 удаа тэлээгээрээ ороолгоход Ц харсан...” /хх-ийн 9-10/ гэсэн,

 

Шүүгдэгч Л.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр О.Утай ноцолдсон, цохиж зодоогүй. ...2018 оны 08 дугаар сарын дундуур Хятад улс руу ажлаар яваад Монгол Улсад ирсэн. Тухайн үед О.У нь жирэмсэн гэсэн байж архи ууж, ухаангүй шахам байхад нь Нарны гүүрэн доороос түүнийг авсан. Түүнийг жирэмсэн байж яагаад, хэнтэй архи уудаг юм бол гээд О.Уын гар утсыг шалгахад хамт ажилладаг залуугаас нь “уулзъя, хамт хоолонд оръё, орой сууя” гэсэн мессеж фэйсбүүкээр чатанд нь ирсэн байсан, тэр залууд дугаараа өгсөн байсан. Мөн Дгэх найздаа “нөгөө залуу чинь уулзъя гэж байна, яадаг юм бэ, сүүлийн удаа уулзъя” гэсэн мессежнүүд бичсэн байсан. Бидний гол маргалдсан шалтгаан бол О.Уыг жирэмсэн байж архи ууснаас болсон. Маргааш нь би О.Уыг “утсаа өгч бай” гэхэд утсаа өгөхгүй, надтай булаацалдаж байхад утас нь голоороо бага зэрэг хотойчихсон...” /хх-ийн 46-49/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №10892 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.О.Уын биед тархи доргилт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр мөр, бугалга, шуу, сарвуунд цус хуралт, зүүн өгзөг, хоёр гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” /хх-ийн 19/ гэсэн дүгнэлт,

            - Өргөдөл /хх-ийн 3/,

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/,

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 30-31/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 61-65/,

- Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 58-60/,

- Шүүгдэгч Л.Мгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 23-27, 34-35, 37, 53-55/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Л.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Л.М нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны 00000000тоотод хамтран амьдрагч О.Уыг жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр мөр, бугалга, шуу, сарвуунд цус хуралт, зүүн өгзөг, хоёр гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Уын “...Том өрөө рүү ороод шүдээ хавираад суугаад байхаар нь “би явлаа“ гэхэд тэрээр намайг тагт руу чирч гаргаад, “чамайг таван давхараас шиднэ“ гээд хөлнөөс өргөөд тагтнаас унагаах гээд байхаар нь би өөрөөс нь зуураад хамаг хүчээрээ доошоогоо атираад суусан. Тэгэхэд миний үснээс зулгааж, дух, зүүн хацар луу 5-6 удаа өшиглөсөн. Тухайн үед Л.М хөл нүцгэн байсан. Би нүүр лүүгээ цохиулахгүй гээд хоёр гараараа нүүрээ дарахад тэрээр миний хоёр гарын шуу руу 2-3 удаа өшиглөснөө намайг үүд рүү чирээд, гэрээсээ түлхээд гаргачихаар нь өөрийнхөө гэр лүү харьсан. ...Л.М орой 18 цагийн үед манай гэрт ганцаараа ирээд …гэнэт уур нь хүрсэн үү яасан хоёр хацар толгой руу алгадаж байснаа өөрийнхөө өмдний тэлээгээр миний толгой, нуруу, хоёр гар, хоёр хөл, өгзөг рүү нилээн олон удаа ороолгохоор нь би уйлж орилоод “болиоч ээ” гэж гуйхад “нүүр амыг чинь будаа болгоод, эрүүг чинь мултлаад өгье” гээд байсан. Би түүнд зодуулаад амьсгаа давчдаад дээшээ хараад хэвтэхэд, Л.М миний цээж рүү нилээн хэдэн удаа хөлөөрөө дэвссэн. ... Л.М уурлаад, эгчийнхээ дэргэд миний баруун гуя руу 1-2 удаа тэлээгээрээ ороолгоход Ц харсан...” /хх-ийн 9-10/ гэсэн, шүүгдэгч Л.Мгийн: “...О.У нь жирэмсэн байж архи ууж, ухаангүй шахам байхад нь Нарны гүүрэн доороос түүнийг авсан. Түүнийг жирэмсэн байж яагаад, хэнтэй архи уудаг юм бол гээд О.Уын гар утсыг шалгахад хамт ажилладаг залуугаас нь “уулзъя, хамт хоолонд оръё, орой сууя” гэсэн мессеж фэйсбүүкээр чатанд нь ирсэн байсан, тэр залууд дугаараа өгсөн байсан. Мөн Дгэх найздаа “нөгөө залуу чинь уулзъя гэж байна, яадаг юм бэ, сүүлийн удаа уулзъя” гэсэн мессежнүүд бичсэн байсан. Бидний гол маргалдсан шалтгаан бол О.Уыг жирэмсэн байж архи ууснаас болсон. Маргааш нь би О.Уыг “утсаа өгч бай” гэхэд утсаа өгөхгүй, надтай булаацалдаж байхад утас нь голоороо бага зэрэг хотойчихсон...” /хх-ийн 46-49/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №10892 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. О.Уын биед тархи доргилт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр мөр, бугалга, шуу, сарвуунд цус хуралт, зүүн өгзөг, хоёр гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо олон удаагийн зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”  /хх-ийн 19/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 30-31, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 61-65/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 58-60/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж” гэж заажээ. 

 

Хохирогч О.У нь хэрэг болох үед жирэмсэн байсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байх тул шүүгдэгч Л.Мгийн хамтран амьдрагч О.Уын биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “жирэмсэн болохыг мэдсээр байж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна. 

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Уын эрүүл мэндэд биед тархи доргилт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр мөр, бугалга, шуу, сарвуунд цус хуралт, зүүн өгзөг, хоёр гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.Мгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Л.Мг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810020950601 дугаартай хэрэгт хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч О.У гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Л.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Мд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн 1810020950601 дугаартай хэрэгт хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч О.У гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР