Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 524

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ацууд овогт Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810021530641 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт, “И И ЭС” компанид худалдааны төлөөлөгч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ацууд овогт Б.Г  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Шинэ Өргөө хорооллын урд талд иргэн Т.Бтэй маргалдаж, улмаар нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Г: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид 281,300 төгрөгийн хохирол төлж барагдуулсан...” гэв.

 

 

 

 

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 04-ний орой ...машинаасаа буухад ард ирж зогссон машины жолооч надтай хэрүүл өдөж эхэлсэн. “Чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд замаар цаашаа явахад хойноос машинтайгаа тулж ирээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд тэр залуу машинаасаа бууж ирсэн. Машинаас бууж ирэхдээ ухрах араагаа салгаагүй бололтой машин нь хойшоо хүний машин руу тулж очиход, тэр залуу машиндаа суусан, намайг цааш явахад миний араас маш хурдтай мөргөх гэж ирэхэд нь би машины ард талаас нь “яаж байгаа юм” гээд өшиглөсөн. Намайг өшиглөхөд машины ард хэсэг нь хонхойсон зүйл байхгүй. Тэгээд тэр машин зогсоод жолооч нь бууж ирээд надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд би цаашаа явахад тухайн залуу араас ирээд надтай хэрүүл өдөөд “чи намайг нэг цохичих, цааш нь яахаа би мэдье” гэхээр нь “би цохихгүй, чи ахаасаа мөнгө салгах сонирхолтой байгаа юм уу” гэж хэлээд цаашаа явахад араас ирж дахин маргалдаж зогсоод миний өөдөөс гэдсээрээ түлхээд байхаар нь “би ч гэсэн чамайг гэдсээрээ түлхээд байж чадна, надад чамтай маргалдах хүсэл байхгүй байна” гээд цааш явах гэхэд намайг цохиод тэнцвэр алдах үед дахиад нүүр хэсэг рүү цохиход нь газар унасан бөгөөд газар унахад миний баруун шанаан тус газарт өшиглөсөн...” /хх-ийн 13-14/ гэсэн,

 

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр охины бие өвдөөд эмнэлэг явах гээд машинтайгаа хөдлөхөд урдаас ирж явсан хар машинтай хүн зам тавьж өгөхдөө манай нөхөр рүү орилсон. Г юу гэсэн бэ гэхэд Т.Б ...Гийн цээж хэсэг рүү гараараа түлхсэн ба салаавч гаргаад “чи ахаасаа мөнгө салгах гэсэн юм уу” гээд шанаа хэсэг рүү цохих шиг болохоор нь Г өөдөөс нь нэг удаа цохих шиг харагдсан. Миний анзаарснаар эрүү хэсэг рүү нэг удаа цохих шиг болсон ...” /хх-ийн 20-21/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр эхнэр хүүхэдтэйгээ машиндаа суугаад хөдлөхөд өөдөөс хар өнгийн машинтай хүн тулаад зогссон. ...Би “...яг одоо уучлалт гуй” гэж хэлэхэд “ахын дүү яах гээд байгаа юм, ахаасаа мөнгө салгамаар байгаа юм уу” гэж хэлэхээр нь би тэр мөнгө чинь надад хэрэггүй, зүгээр уучлалт гуй гэж хэлэхэд чам шиг юмнаас би яахаараа уучлалт гуйдаг юм, чи бол чадахгүй гээд дахиад намайг гараараа түлхээд салаавч гаргаад нүүрэнд тулгахаар нь би гараараа нэг удаа цохисон. ...Дээрх гэмтлийг би Б гэх хүний эрүү хэсэгт гараараа нэг удаа цохиж учруулсан ...” /хх-ийн 36-37/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №10869 тоот дүгнэлтэд: “...1.Т.Бийн биед доод уруулын дотор салстын няцарсан шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”  /хх-ийн 27/ гэсэн дүгнэлт,

 

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25/,

- Шүүгдэгч Б.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 40-46/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 50-51/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ Өргөө хорооллын урд иргэн Т.Бтэй маргалдаж, улмаар нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь доод уруулын дотор салстын няцарсан шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Бийн “...Тэгээд би цаашаа явахад тухайн залуу араас ирээд надтай хэрүүл өдөөд “чи намайг нэг цохичих, цааш нь яахаа би мэдье” гэхээр нь “би цохихгүй, чи ахаасаа мөнгө салгах сонирхолтой байгаа юм уу” гэж хэлээд цаашаа явахад араас ирж дахин маргалдаж зогсоод миний өөдөөс гэдсээрээ түлхээд байхаар нь “би ч гэсэн чамайг гэдсээрээ түлхээд байж чадна, надад чамтай маргалдах хүсэл байхгүй байна” гээд цааш явах гэхэд намайг цохиод тэнцвэр алдах үед дахиад нүүр хэсэг рүү цохиход нь газар унасан бөгөөд газар унахад миний баруун шанаан тус газарт өшиглөсөн...” /хх-ийн 13-14/ гэсэн, гэрч Б.Мгийн “...Охины бие өвдөөд эмнэлэг явах гээд машинтайгаа хөдлөхөд урдаас ирж явсан хар машинтай хүн зам тавьж өгөхдөө манай нөхөр рүү орилсон. Т.Б ...Гийн цээж хэсэг рүү гараараа түлхсэн ба салаавч гаргаад “чи ахаасаа мөнгө салгах гэсэн юм уу” гээд шанаа хэсэг рүү цохих шиг болохоор нь Г өөдөөс нь нэг удаа цохих шиг харагдсан...” /хх-ийн 20-21/ гэсэн, шүүгдэгч Б.Гийн “...Би яг одоо уучлалт гуй гэхэд ахын дүү яах гээд байгаа юм, ахаасаа мөнгө салгамаар байгаа юм уу гэж хэлэхээр нь би тэр мөнгө чинь надад хэрэггүй зүгээр уучлалт гуй гэж хэлэхэд чам шиг юмнаас би яахаараа уучлалт гуйдаг юм, чи бол чадахгүй гээд дахиад намайг гараараа түлхээд салаавч гаргаад нүүрэнд тулгахаар нь би гараараа нэг удаа цохисон. ...Дээрх гэмтлийг би Б гэх хүний эрүү хэсэгт гараараа нэг удаа цохиж учруулсан ...” /хх-ийн 36-37/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №10869 тоот дүгнэлтэд: “...1. Т.Бийн биед доод уруулын дотор салстын няцарсан шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 27/ гэсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Бийн эрүүл мэндэд доод уруулын дотор салстын няцарсан шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч, хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, шүүгдэгч нь хохирогчид 281,300 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй /хх-ийн 54/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810021530641 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Б гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Ацууд овогт Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Г-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810021530641 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Б гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР