Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01845

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Д-, З.И-,Н.Ц-, Б.Б-,

Н.Цэ-, Н.У-нарын

нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг. даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/02377 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Д-, З.И-,Н.Ц-, Б.Б-, Н.Цэ-, Н.У-нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч УБтЗ холбогдох,

Гэм хорын хохиролд 43,195,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь.

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нар бүгд Дорнод аймгийн Чулуун хороот сумын иргэд. 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр УБтЗын харьяа Дорнод аймгийн Б-тасгийн ажилчид төмөр замын зам байгууламжаа түймрээс хамгаалах зорилгоор цурав тавьж байгаад Чойбалсан сумын нутаг дэвсгэр дэх зам дээр 5 хэсэг болгон түймэр тавьсан. Аймгийн Онцгой байдлын газраас цурав тавих зөвшөөрлийг олгож, зөвлөмж өгсөн байдаг. Цурав тавьсан газрын 40 см зайнаас гал гарч эхэлсэн. Түймэр нь 4 дүгээр сарын 23, 24 хүртэл хугацаанд эхлээд Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрээс гал гарч, энэхүү нутаг дэвсгэрийн залгаа орших Гурван загал сум, Дашбалбар сум, зүүн тийш Чулуун хороот сумын нутаг дэвсгэрийг хамарч гал гарсан. Энэхүү галын улмаас эдгээр айл өрхүүдийн хашаа саравч, мал, гэр орон бараанууд зэрэг эд зүйлс шатсан. Үүнд:

1а. З.И- нь эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Түймрийн улмаас хашаа саравч 200,000 төгрөг, бэлэн мөнгө 900,000 төгрөг, 4 ханатай гэр 700,000 төгрөг, Нарны зай, хүлээн авагч 420,000 төгрөг, телевиз 50,000 төгрөг, модон авдар 100,000 төгрөг, сервант тавилга 100,000 төгрөг, хонь 21, ямаа 1, тугал 1, хурга 20, ишиг 70 толгой мал шатсан. Нийт 10,755,000 төгрөг эд зүйлээр хохирсон. Тусламжаар 1,000,000 төгрөг өгснийг хасаж 9,755,000 төгрөгийг нэхэмжилж байна.

1б.Н.Ц-ийн хашаа саравчны мөнгө 4,045,000 төгрөгийг нэхэмжилсэн.

1в. Ж.Д- үхэр 1 толгой, хашаа саравч, гэрийн бүх эд зүйлс, бичиг баримт, хоол хүнс, үхэр шатсан. Малын хашаа саравчид орсон материалын тоо, шатсан эд зүйлсийг тооцож нийт 10,610,000 төгрөгийг нэхэмжилсэн.

1г. Н.Цэ- нь хонь 10, ямаа 20, тугал 4, хурга 10, ишиг 15 толгой мал, бусад эд зүйлсийн үнэд 8,935,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн.

1д. Б.Б- нь хонь 10, ямаа 8, хурга 13, ишиг 10 толгой, бусад эд зүйлсийн үнэд 7,280,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн.

1е. Н.У-нь үхэр 1, хонь 2 толгой, бусад эд зүйлийн үнэд 2,570,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Эдгээр нэхэмжлэгч нарын нийт үнийн дүн нь 43,195,000 төгрөгийн хохирлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБтЗ-ээс нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Галын аюулгүй байдлын тухай хуульд гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон тэмдэглэл, тэмдэглэгээ, гал түймэр гарсан тухай акт, гал түймрийн улмаас учирсан хохирлыг нотолсон нотлох баримтууд байхгүй байна. Галын акт гэдэг баримт байх ёстой. Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д т зааснаар галын акт гэдгийг эд хөрөнгөд учирсан хохирлын нотлох баримтыг гэж заасан. 1999 оны Галын аюулгүй байдлын тухай хуульд 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт зааснаар гал гарсан шалтгаан нөхцөл, 25.1 дахь хэсэгт шаардлагатай бол шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар заасан. Зурваст газрын дэглэм гэж байдаг. Зурваст газрын дэглэмд, зурваст газарт галт тэрэгний хөдөлгөөний үзэгдлийг хязгаарласан ургамлыг хадах гэж заасан. Төмөр замын тээврийн тухай хуульд аюултай бүсийн дэглэмийг зааж өгсөн. Аюултай бүсийн дэглэмд зурваст газарт байгаа үзэгдлийг ургамал ургаад хязгаарласан тохиолдолд хадах гэж заасан. Тухайн хууль тогтоомжийн актад ургамлыг хадах гэж заасан байхад галын байгууллагаас цурам тавих зөвшөөрөл өгсөн гэх тайлбар нь үндэслэлгүй. Түймэр тавьсан, хойд зүгт цурам тавьсан гэх 2 янзын тайлбарыг гаргадаг.Түймэр гэж хүний санаатай галдан шатаах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй зүйл анги юм. Галын голомт нь гэж галыг хэн тавьсан, ямар эх үүсвэрээс гарсан, галыг тавьж байгаа этгээдийн гэм бурууг нотолсон баримт авагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Эрүүгийн хэргээр мөрдөн шалгаж байгаа тохиолдолд гал түймрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах ёстой. Ийм баримт байхгүй тохиолдолд гал түймэр тавьсан гэмт хэрэг, гэмт хэрэг биш гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нар тухайн үед эд зүйлсийн хохирлоо мэргэжлийн үнэлгээний эрх бүхий хуулийн этгээдэд хандаж дүгнэлт гаргуулаагүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол-Оросын хамтарсан УБтЗ-ээс 9,755,000 төгрөг гаргуулахыг хүссэн З.И-, 4,045,000 төгрөг гаргуулахыг хүссэнН.Ц-, 10,610,000 төгрөг гаргуулахыг хүссэн Ж.Д-, 8,935,000 төгрөг гаргуулахыг хүссэн Н.Цэ-, 7,280,000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Б-, 2,570,000 төгрөг гаргуулахыг хүссэн Н.У-нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгч З.И-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,030 төгрөг,Н.Ц-ийн төлсөн 79,670 төгрөг, Ж.Д-ийн төлсөн 184,210 төгрөг, Н.Цэ-ийн төлсөн 157,100 төгрөг, Б.Б-ын төлсөн 180,150 төгрөг, Н.У-ын төлсөн 107,500 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4.Нэхэмжлэгчийн Б.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Дорнод аймгийн цагдаагийн газрын шалгалтаар төмөр замын ажилчид цурам тавьж байгаад гал алдсан гэдэг нь тогтоогдсон. Цагдаагийн газар хэргийг шалгаж хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл үйлдсэн. Түймрийн шалтгаан нөхцөлийн талаар мөрдөн байцаагч шинжээч томилон, шинжээчийн дүгнэлтүүд гарсан байдаг. Сум орон нутгаас ажлын хэсэг томилогдон түймрийн хохирол тогтоох ажлыг хийж, акт үйлдэн хохирсон иргэдийн үнэлгээ, санал баримтыг үндэслэн хохирол тогтоох ажиллагааг хийж, цагдаагийн газарт гаргаж өгснийг хэрэгт хавсаргаж өгсөн. Цурам тавих ажилд оролцсон хүмүүсийг шалгаж 2017 оны 05 дугаар сарын 05-нд аймгийн прокурорын газрын прокурорын 5/91 дугаартай тогтоолоор, сэжигтэн яллагдагчид холбогдох этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, эрүүгийн хэргийг шалгах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй гэж 2012 оны 06 дугаар сарын 22-нд 5/107 тоот хариу мэдэгдэх хуудсаар хариу өгсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримт дутуу гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Бидний зүгээс нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Хохирлын үнэлгээг бид өөрсдөө хийсэн, шүүхээс нэхэмжлэлд хавсаргасан баримтуудыг болно гэж авсан атлаа, болохгүй байсан бол буцаагаад өгөх боломжтой байсан. Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх нэг удаа хуралдааныг хойшлуулж болдог байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б-той нэг удаа утсаар холбогдож болсон процессын талаар тайлбарласан. Үүний дараа Б.Б- өргөдөл, гомдлоо гаргаж өгсөн байдаг. Бусад нэхэмжлэгч нартай өнөөдрийг хүртэл холбогдож чадаагүй. Б.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй. Анхан шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбар өгөөгүй, мөн нотлох баримт гаргаж өгөөгүй. УБтЗын дүрмээс өөр нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Галын аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу цагдаагийн байгууллага галын акт үйлдсэн. Бүх баримтууд хэрэгт авагдсан байхад байхгүй гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээгээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдож байна.

2. Нэхэмжлэгч Ж.Д-, З.И-,Н.Ц-, Б.Б-, Н.Цэ-, Н.У-нар нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБтЗд холбогдуулан гэм хорын хохиролд нийт 43,195,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...УБтЗ-ийн Б-тасгийн ажилчдын буруутай үйлдлийн улмаас гарсан түймэрт Ж.Д- 1 үхэр, Б.Б- хонь 10, ямаа 8, хурга 13, ишиг 10, Н.У-үхэр 1, хонь 2, Б.Б- хонь 10, ямаа 20, тугал 4, хурга 10, ишиг 15, З.И- хонь 21, ямаа 1, тугал 1, хурга 20, ишиг 70 толгой мал, бусад эд зүйл шатсан гэж тайлбарлажээ.

Хариуцагч эс зөвшөөрч хариуцагч байгууллагын буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй, эд зүйлсийн хохирлоо үнэлгээний байгууллагаар тогтоолгоогүй гэх үндэслэл заан маргажээ.

3.Хэрэгт нэхэмжлэгч Ж.Д-,Н.Ц-, З.И-, Б.Б-, Н.Цэ-, Н.У-нарыг 201211000253 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоосон тогтоол, тэдгээрээс авсан мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 8-15, 16-27, 116-124, 125-138, 139-149, 241-242, 245-246/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 46-49, 151-152/, 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг шалгасан тухай танилцуулга /хх 50-52, 153-155/, шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол, галын шинжээчийн дүгнэлт /хх 54-60, 156-163/, хохирол тогтоох ажлын хэсэг байгуулах тухай Засаг даргын захирамж, хохирлын үнэлгээ /хх 61-72, 150, 164-171/, иргэний хариуцагчаар татах тогтоол /хх 83-85, 178-180/,Б-тасгийн даргын Хамгаалалтын зурвас татах тухай А-16 тоот тушаал, зөвшөөрөл хүсэх тухай, Галын аюултай ажиллагаа явуулахад олгох зөвшөөрлийн хуудас, хээрийн түймрийн тухай /хх 83-86, 175-177/, Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б-2-64 тоот тушаал /хх 87, 181/, Дорнод аймгийн прокурорын газрын прокурорын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /91-92/, Дорнод аймгийн Чулуунхороот сумын засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/54 дугаартай Малын сэг зэм устгах тухай захирамж, устгасан тухай акт /хх 95-97, 172-174/ зэрэг баримтууд авагдсан байна.

4.Харин хэрэгт авагдсан З.И-, Б.Б- нарын А данс буюу мал тооллогын баримтууд /хх 240-241, 246/ нь бичвэрийн хувьд гаргац муутай, уншигдах боломжгүй байна. Нэхэмжлэгч Ж.Д-,Н.Ц-, Б.Б-, З.И-, Н.У-нарын нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай малын А данс буюу мал тооллогын баримт хэрэгт авагдаагүй байна.

5.Энэ тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд холбогдох ажиллагаа явуулах боломжтой байхад нэхэмжлэгч нар хохирлын үнэлгээ гаргуулаагүй, галын дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдоогүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

6. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч Б.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/02377 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-гийн төлсөн 180,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД