Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 526

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Л.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810018450635 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 000 дугаар хороо, 0000000 оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Л О /0000000000 /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.О нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Ноосны үйлдвэрийн нэгдлийн 15-141 тоотод хамтран амьдрагч Б.Батболор-тай архи уулаа гэж маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Л.О: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би хамт олонтойгоо караоке орж дуулаад, бага зэрэг архи уугаад 00 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирээд нөхөртэйгөө юм яриад унтах гээд хэвтэж байхад намайг архи уусан гэх шалтгаанаар бид хоёр хэрэлдсэн юм. Тэгэхэд намайг дээшээ хараад хэвтэхэд манай нөхөр миний хамарт гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхэд миний хамраас цус гараад байхаар нь том охин Нансалмааг дуудаад цусаа арчуулсан. Тэгээд би нөхөртөө уурлаад түүн рүү дайрахад намайг ийш тийш нь түлхээд хана, хаалга руу түлхэж бие цохиулаад, шуу хэсгээс базаж байсан...” /хх-ийн 20/ гэсэн,

 

Гэрч О.Нансалмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би өрөөндөө ороод унтаж байхад манай ээж өрөөнд орж ирээд намайг сэрээсэн. Тэгэхэд ээжийн хамраас нь цус гарсан байсан. Тэгээд ээжтэй хамт том өрөөнд ороход ээж аавд “намайг цохилоо” гээд уурлаад аавыг цохих гээд дайраад байсан...” /хх-ийн 23/ гэсэн,

 

Шүүгдэгч Л.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 25-ны орой эхнэр миний хажуугаар унтах гээд орон дээр хэвтэхээр нь би “чи согтуу ирлээ” гэж хэлээд хоорондоо хэрэлдсэн. Тэгээд миний өөдөөс гараа саваад нүдэнд цохичихоор нь би гараараа эхнэрийнхээ хамарт цохисон. Тэгэхэд эхнэр над руу уурлаад дайраад байхаар нь би түүнийг түлхэхэд газарт уначихаад босч ирээд дахиж дайраад байхаар нь би түүнийг холдуулах гэж хоёр гарын шуунаас атгаад өөрөөсөө холдуулж түлхсэн...” /хх-ийн 46-49/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №9188 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Бын биед хамрын нуруу, зүүн чихний ар хэсэг, дагз, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн нүдний дотор булан, зүүн хөх баруун бугалганы цус, баруун тохой, шуу, баруун дал, баруун хөлийн хоёрдугаар хурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...”  /хх-ийн 27/ гэсэн дүгнэлт,

 

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 13/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 46-51/,  

- Шүүгдэгч Л.О-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 41-45/ зэрэг болно.                                                        

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Л.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Л.О нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Ноосны үйлдвэрийн нэгдлийн 15-141 тоотод хамтран амьдрагч Б.Бтай архи уулаа гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хамрын нуруу, зүүн чихний ар хэсэг, дагз, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн нүдний дотор булан, зүүн хөх баруун бугалганы цус, баруун тохой, шуу, баруун дал, баруун хөлийн хоёрдугаар хурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Бын “...Гэртээ ирээд нөхөртэйгөө юм яриад унтах гээд хэвтэж байхад нөхөр намайг архи уусан гэх шалтгаанаар бид хоёр хэрэлдсэн юм. Намайг дээшээ хараад хэвтэхэд манай нөхөр миний хамарт гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхэд миний хамраас цус гараад байхаар нь том охин Нансалмааг дуудаад цусаа арчуулсан. Тэгээд би нөхөртөө уурлаад түүн рүү дайрахад намайг ийш тийш нь түлхээд хана, хаалга руу түлхэж бие цохиулаад, шуу хэсгээс базаж байсан...” /хх-ийн 20/ гэсэн, гэрч О.Нансалмаагийн “...Би өрөөндөө ороод унтаж байхад ээж манай өрөөнд орж ирээд намайг сэрээсэн. Тэгэхэд ээжийн хамраас нь цус гарсан байсан. Тэгээд ээжтэй хамт том өрөөнд ороход ээж аавд “намайг цохилоо” гээд уурлаад аавыг цохих гээд дайраад байсан...” /хх-ийн 23/ гэсэн, шүүгдэгч Л.Оын “...Эхнэр миний хажуугаар унтах гээд орон дээр хэвтэхээр нь би “чи согтуу ирлээ” гэж хэлээд хоорондоо хэрэлдсэн. Тэгээд миний өөдөөс гараа саваад нүдэнд цохичихоор нь би гараараа эхнэрийнхээ хамарт цохисон. Тэгэхэд эхнэр над руу уурлаад дайраад байхаар нь би түүнийг түлхэхэд газарт уначихаад босч ирээд дахиж дайраад байхаар нь би түүнийг холдуулах гэж хоёр гарын шуунаас атгаад өөрөөсөө холдуулж түлхсэн...” /хх-ийн 46-49/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №9188 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Бын биед хамрын нуруу, зүүн чихний ар хэсэг, дагз, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн нүдний дотор булан, зүүн хөх баруун бугалганы цус, баруун тохой, шуу, баруун дал, баруун хөлийн хоёрдугаар хурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 27/ гэсэн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 13/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 46-51/, зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь хамт амьдардаг эхнэр, нөхөр болох нь шүүгдэгч, хохирогч нарыг мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байх тул шүүгдэгч Л.Оын өөрийн эхнэр Б.Бын биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна. 

 

Шүүгдэгч Л.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд хамрын нуруу, зүүн чихний ар хэсэг, дагз, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн нүдний дотор булан, зүүн хөх баруун бугалганы цус, баруун тохой, шуу, баруун дал, баруун хөлийн хоёрдугаар хурууны зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгч нар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 56/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Л.Оыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810018450635 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Б гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Боржигон овогт Л.О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л О-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Л.О-ад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Оад торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810018450635 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Б гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.О-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР