Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 101/2022/03590/И |
Дугаар | 210/МА2022/01878 |
Огноо | 2022-10-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2022/01878
У-ОНӨААТҮГ-ын
нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/03579 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч У-ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч "С" СӨХ-д холбогдох,
240249 хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-ний үүрэгт 4,510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Ц.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь.
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: У -нь нийслэлийн хүн амыг ундны цэвэр усаар хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах чиг үүрэгтэй. И- 00 дугаар байрны барилгыг барьсан О-ХХК нь У-газар-тай тухайн орон сууцыг цэвэр, бохир усаар хангах тухай гэрээ байгуулж, У-газраас 240249 дугаартай тоолуурын код олгосон. О-ХХК нь шугам сүлжээний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж биш учраас барилгаа оршин суугчдадаа хүлээлгэж өгөөд орхиод явсан байдаг. У-газар-аас нийслэл рүү хандахад орон сууцны контор луу шилжүүлж өгөөгүй байх хугацаанд цэвэр, бохир усны шугам, сүлжээ, ашиглалт, үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд хариуцуулж өгөөгүй учир айл өрхийн усны төлбөр тооцоог тухайн үед тус орон сууцыг хариуцан ажиллаж байсан С-сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчдаас усны төлбөрийг төвлөрүүлэн манай байгууллагад тушааж байсан. С-сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцан ажиллаж байсан 00 дугаар байрны усны өр төлбөр 2013 оноос эхлэн үүссэн ба өнөөдрийн байдлаар 4,510,000 төгрөг болсон байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс усны үйлчилгээний төлбөрөө барагдуулж авах эрхтэй. "С" СӨХ-д төлбөр барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч өр төлбөрөө төлөөгүй тул 240249 дугаартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-ний үүрэгт 4,510,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн гаргасан хариу тайлбарын агуулга: С-СӨХ-нд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 7, 8 дугаар байрууд харьяалагддаг. И- ХХК-ийн барьсан 1 дүгээр хороонд байрлах 00 дугаар байр бүртгэлгүй. Тус байрны оршин суугчид Төрийн банкны 00000000000тоот дансанд усны төлбөрийг төлж байгаагүй болно. Б.Б-гийн У-газар-т төлнө гэж бичиж өгсөн баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ш- СӨХ байгуулагдсан. С-СӨХ нь 00 дугаар байртай газар нутаг, хорооны хувьд ч хамааралгүй. 00 дугаар байрыг Арвин гишүүн барьсан бөгөөд өөрөө хариуцаж явж байгаад нас барахад нь О- СӨХ, С-СӨХ нэрээ ашиглуулж байсан болохоос албан ёсоор хариуцаж байгаагүй, айлуудын усыг хаагаад эхлэнгүүт энэ байранд амьдардаг хүний хувьд шинэ СӨХ байгуулъя, өмнөх өр төлбөрийг төлөхгүй, авсан цагаасаа хойш төлбөрөө төлөөд явъя гээд төлбөрөө төлөөд явж байгаа гэж хэлсэн. Нэхэмжлэлд манай сууц өмчлөгчдийн холбоотой 240249 дугаар бүхий Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-тэй гэж дурдсан байх боловч ийм гэрээ байхгүй. Иймд С-сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлд дурдсан гэрээний өр төлбөрийг хариуцах үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: . Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч С-сууц өмчлөгчдийн холбооноос 240249 хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-ний үүрэгт 4,510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт "С-сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар Б.Б- 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр "И- компанийн барьсан 00 дугаар байрны усны төлбөр тооцоог барагдуулах талаарх хүсэлтийг манай байгууллагад хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна" гэж дүгнэсэн хэдий ч "Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ"-ний үүрэгт 4,510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан "Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг хэлцэл гэнэ", мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д "Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ" гэж заасны дагуу хэлцэл хийгдсэн байхад нотлох баримтыг дутуу үнэлсэн. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т "Хангагч нь Зохицуулах зөвлөлийн баталсан аж ахуйн харилцааны дүрмийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулна" гэж зааснаар гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэх үндэслэлгүй юм. "С"- СӨХ нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 00 дугаар байрны оршин суугчдын цэвэр бохир усны засвар үйлчилгээг хариуцан үйл ажиллагаа явуулж байсан нь дансны хуулга болон манай байгууллагад ирүүлсэн албан бичиг зэргээр нотлогддог. Энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2-т "Бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ", мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээ зохигчдын хооронд бaйгyyлaгдсан гэж үзнэ. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн төлөөлөгч Ц.Х-гаас гаргасан хариу тайлбарын агуулга: Гэрээг О-ХХК-тай хийсэн. Тухайн үед манайх СӨХ-гүй учир танайх хариуцаж мөнгийг нь У-газарт төлж байгаарай гэж амаар тохиролцсон. О- СӨХ маш их төлбөртэй байсан тул дарж чадахгүй байна, танайх манай СӨХ-ны бодоход байршил арай ойр тул хариуцчих гэж албан бусаар амаар тохиролцсон. У-газраас 4,510,000 төгрөгийн төлбөр гарсан гэхэд нь сандарч С-СӨХ-ны бичиг баримт тамгыг ашиглаж бичиг баримт үйлдсэн. С-СӨХ-тэй тухайн 00 дугаар байр нь холбоо хамааралгүй. Тухайн байр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд харьяалагддаг бол манай С-СӨХ нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд харьяалагддаг. Нутаг дэвсгэрийн хувьд Токиогийн гудамж болон замаараа тусгаарлагддаг. Хэлцэл хийхдээ харилцан тохиролцсон зүйл байхгүй гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч У-ОНӨААТҮГ нь хариуцагч С-СӨХ-нд холбогдуулан гэрээний үүрэгт 4,510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Их-Өргөө 00 дугаар байрны цэвэр, бохир, усны шугам сүлжээ, ашиглалт, үйлчилгээг С-СӨХ нь хариуцан ажиллаж байсан. Тус СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Б-гийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн усны өр төлбөр тооцоог барагдуулах тухай хүсэлт гаргасан. Ш- Сууц өмчлөгчдийн холбоотой хийсэн тооцооны үлдэгдлийн тооцооллоор усны төлбөрийн үлдэгдэл 4,510,000 төгрөг байна гэж тайлбарлажээ.
4. Хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлд дурдсан орон сууцны цэвэр, бохир, усны шугам сүлжээ, ашиглалт, үйлчилгээг хариуцдаггүй, нэхэмжлэгчтэй дээрх гэрээг байгуулаагүй гэж маргасан байна.
5. С-СӨХ нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон. Баянзүрх дүүргийн хөгжлийн төв ОНӨААТҮГ-ын 2022 оны 06 дугаарын сарын 13-ны өдрийн 194 дугаартай албан бичгээр Тус дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 00 дугаар байр нь 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар Ш- Сууц өмчлөгчдийн холбоо байгуулсан болохыг тодорхойлсон байна.
5. У-ОНӨААТҮГазар нь Ш- Сууц өмчлөгчдийн холбоотой 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-г байгуулжээ.
6.Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн Төлөлтийн өдрийн тайлан бичгийн баримтад 2014 оны 04 дүгээр сарын 07, 2014 оны 04 дүгээр сарын 08, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөр огноолон төлбөрийг С-СӨХ төлсөн, 2014 оны 10 дугаар сарын 31, 2014 оны 11 дүгээр сарын 28, 2014 оны 10 дугаар сарын 31, 2015 оны 01 дүгээр сарын 31, 2015 оны 02 дугаар сарын 28, 2015 оны 09 дүгээр сарын 30, 2015 оны 10 дугаар сарын 30, 2015 оны 11 дүгээр сарын 04, 2015 оны 11 дүгээр сарын 30, 2015 оны 12 дугаар сарын 31, 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаагаар тус тус огноолсон төлбөрийг Ш- СӨХ төлсөн агуулгаар тус тус тэмдэглэгдсэн байна. /хх 24-28/
7.Дээрх нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч нь ямар хугацааны ашиглалтын зардал нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байна.
8.Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/03579 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч У-ОНӨААТҮГ-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Ч.ЦЭНД