| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0150/Э |
| Дугаар | 00156 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 00156
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Сувдаа,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г холбогдох 163/2018/0150/Э индекстэй, эрүүгийн 1815002880156 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасан гэмт хэрэгт 6 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Повогт Г.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Булган аймгийн Тэшиг сумын нутагт хохирогч Д.А биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантулгын өгсөн: Гэм буруугийн талаар маргахгүй, хохиролд 210000 төгрөгийг төлсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
1815002880156 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Д.А ийн өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад 3 хүүхдийн хамт гэртээ унтаж байсан. Гэтэл миний амыг хүн гараараа таглаж, хоолой зүсэх шиг болоод би сэрээд “яаж байнаа” гээд орилоод гараараа цааш нь түлхтэл дахин хоолойд хутга тулгаж зүсэх шиг болохоор нь хутган дээрээс барьж аваад хөлөөрөө тийрсэн. Хутгыг ирэн дээрээс нь барьж булаалцалдахад миний зүүн гарын дунд хурууны уг зүсэгдсэн, гэтэл холдохгүй дахин дайраад байхлаар нь “яаж байгаа юм бэ, би нялх хүүхэдтэй хүүхдүүдээ яах юм бэ” гээд орилоод хөлөөрөө тийрэхэд хутга нь миний гарт үлдээд өөрөө цаашаа эргэхэд нь өөрийнх нь барьж явсан шар асаагуурын гэрэл нүүрэн дээр нь тусах үед таньсан. Тэгээд миний 2 охин хүрч ирээд “ээжээ, ээжээ” гээд орилоход цонхоор гараад явсан. Г.Г нь өмнө манай талийгаач нөхрийг амьд байхад манай гэрээр орж гардаг байсан. ...Надад эмчилгээний зардал гэж 210000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 тал/,
Гэрч Ж.Нарантуяагийн өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02 цагийн орчимд үл таних хүн гэрт орж гэрэл тусгаад байхаар нь “чи хэн бэ, юу хүн бэ” гэж асуухад “өндөр Н” байгаа юу гэхлээр нь “байгаа” гэж хэлтэл гэрээс гараад явсан...өглөө нь Д.А надад болсон явдлын талаар хэлсэн, тэгж л мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
Гэрч Б.Цолмонгийн өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 01 цагт би дүү охин Г.Оюунсувдтай цуг гэртээ унтаж байтал “эгчээ намайг хүн татаад байна” гэхлээр нь сэрээд хартал гэрээс нэг үл таних хүн гараад явж байсан. Би хаалгаа түгжиж унтчихаад өглөө нь сэрээд дүү охиноосоо “ямар хүн шөнө орж ирсэн бэ” гэж асуухад “Г.Г байсан” гэж хэлсэн ...мэдэхгүй хаалга онгорхой болохоор орж ирсэн юм болов уу гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
Гэрч Ц.Алтантуяагийн өгсөн: Х.Д.А 2018 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн үед үзүүлсэн. Тухайн үед биеийн ерөнхий байдал дунд зэрэг, айсан байдалтай байсан. Эрхтэн тогтолцооны эмгэг байгаагүй, хэсэгчилсэн газрын үзлэг хийхэд эрүүн доор өнгөц зүсэгдсэн 1-3 см хэмжээтэй 3-4 ширхэг шарх байсан, мөн зүүн гарын долоовор хурууны салааны завсар ойролцоогоор 1 см хэмжээтэй зүсэгдсэн шархтай, цус алдалттай оёдол тавих боломжгүй байсан. Цаашид хоёрдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх талаар зөвлөгөө өгөөд явуулсан...гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,
Гэрч Ж.Эрдэнэсувдын өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн үед гэртээ унтаж байхад Д.А миний гар утас руу залгаад “манайд хүн орж ирээд хоолойг минь зүсчихлээ, хурдан ирээрэй” гэхлээр нь 10-аад минутын дараа гэрт нь очиход Д.А ийн өмссөн хувцас нь цус болчихсон, гэрийн шал нэлээд их цустай, хоолойгоо цамцаараа дарчихсан, өөрөө айж сандарсан, хүүхдүүд нь уйлчихсан байдалтай байсан. ...Д.А Гансүхийн хүүхэд Г.Г орж ирээд намайг гараараа хоолойн дээр дарж хутгаар хоолойг минь зүссэн, тэр хутгыг нь булааж авах гэж ноцолдож байхдаа хутганд нь хуруугаа зүсчихлээ гээд гарнаас нь цус гарчихсан байсан. Би Г.Гантулгыг танихгүй аавыг нь танина гэх мэдүүлэг /хх-21 тал/,
Гэрч Б.Долгормаагийн өгсөн: Би Г.Гантулгатай хамтран амьдраад 2 жил болж байгаа гэрлэлтээ батлуулж амжаагүй байгаа юм. Г.Гантулгыг ямар асуудалд холбогдсоныг хадам ээж Наранцэцэг надад хэлэхээр нь мэдсэн. Г.Г нь одоогоор тогтсон ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа. Архи согтууруулах ундааны зүйл нэг их хэрэглээд байдаггүй. Зан араншингийн хувьд цайлган цагаан сэтгэлтэй, өрөвч энэрэнгүй, аливаа ажил төрөлд шудрага, тууштай ханддаг, бусадтай нээлттэй харьцаатай. Үг дуу цөөтэй, ажлыг голохгүй хийж чаддаг. Ямар нэгэн муу зуршилгүй, муу санаагүй хүн байгаа юм гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
Гэрч Ж.Наранцэцэгийн өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед миний хүү Г.Г хүн хүргэж өгнө гээд Булган аймгийн Тэшиг сумын “хуучин төв” гэх газар луу яваад маргааш өглөө нь 10 цагт ирсэн. Өглөө 09 цагийн үед цагдаа ирж Г.Гантулгыг асуухад би утас руу нь залгаж дуудсан. ...Г.Г яагаад ийм үйлдэл хийсэн талаар хэлэх үг олдохгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
Шүүгдэгч Г.Г яллагдагчаар өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Тэшиг сумын төвд найзтайгаа 2,5 литрийн пиво, “Их монгол” нэртэй 0,5 литрийн архи хувааж уучихаад 2018 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн орчим сумын төвөөс 5 км зайтай байдаг “хуучин төв” гэх нэртэй газарлуу ганцаараа мотоцикльтой очиж өндөр Наранхүү ахын гэр лүү ороход бүгд унтаж байсан. Тэндээс гараад Д.А эгчийн хажуу талын амбарлуу орж ширээн дээрээс нь хутга аваад гэрийнхэн нь унтаж байсан байшингийн хаалган дээр очиход цоожтой байсан. Буцаад цонхон дээр нь очтол цонх нь хагас онгойсон байхлаар нь онгойлгоод гэрт нь ороод Д.А ийн унтаж байсан орон дээр шууд очиход барьж явсан хутганы үзүүр дээрээс нь бариад авахлаар нь би хутгаа тавьчихаад эргээд цонхоор гараад ертөнцийн зүгээр хойд зүг рүү Батсух гэгч айлд ороход эхнэр Нарантуяа нь 2 хүүхэдтэйгээ унтаж байхлаар нь эргээд гарсан. Тэгээд хашааны ойролцоо сууж байгаад гэр лүүгээ харьсан. ...Д.А ийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 210000 төгрөгийг төлсөн гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 229 тоот:
1. Д.А ийн биед зүүн долоовор, дунд хурууны салаа, эрүү, хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 27-28 тал/,
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, тэмдэглэл /хх 34-35 тал/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-38-45 тал/ болон хэргийн материал танилцуулсан баримт /хх-52-53 тал/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь Булган аймгийн Тэшиг сумын нутагт 2018 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 01 цагийн үед Д.А хүүхдүүдийн хамт гэртээ унтаж байхад цонхоор нь нэвтрэн орж түүний хоолойд хутга тулган эрүү, хоолой, зүүн долоовор, дунд хурууны салаанд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.А , гэрч Ж.Нарантуяа, Б.Цолмон, Ц.Алтантуяа, Ж.Эрдэнэсувд, Б.Долгормаа, Ж.Наранцэцэг нарын хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан болон учирсан хор уршигийн талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 229 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “намайг цонхоор ороход болон асаагуурын гэрэл тусгахад сэрээгүй, хойд орон дээр хоёр хүүхэд нөгөө орон дээр хохирогч унтаж байсан” гэх мэдүүлгээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.Г нь хүний гүн нойрны цагт буюу шөнийн 01 цагт хохирогчийг унтаж амарч байгаагаас гэрийн цонхоор нэвтрэн орж түүний хоолойд хутга тулгаж байгаа үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж өөрийгөө хамгаалж чадахгүйг ухамсарлаж, хохирогчийн энэ байдлыг ашиглан дээрхи гэмт хэргийг үйлдсэн нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 210000 төгрөг төлсөн, хохирогч Д.А нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч Г.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Булган аймгийн Булган сумын тохижилт үйлчилгээний албанд ажиллуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг, хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П овогт Г.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Булган аймгийн Булган сумын тохижилт үйлчилгээний албанд хийлгэхээр заасан гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Гмэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг, хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Одончимэгт даалгасугай.
5.Энэ хэрэгт шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД