Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 00159

 

     Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбаяр,

иргэний хариуцагч Б.М ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунцэцэг,

шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н холбогдох 163/2018/0147/Э индекстэй, эрүүгийн 1815002390134 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ял шийтгүүлж байгаагүй, Бовогт Д.Н  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Н 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг “Сүүжийн гүүр” гэх нэртэй газарт “Приус 20” маркийн **-**УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож  яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Г.Э мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ машинтай ээжийн хамт үхэрт явсан. Тэгээд буцаж явахдаа Дашинчилэн сум явах засмал замын гүүрний тэндээс гэнэт хүүхэд гараад ирсэн. Тэгээд зогсож чадалгүй хүүхдийг мөргөсөн. Тэр даруй нь аваад эмнэлэгт хүргэж өгч ар гэрт нь мэдэгдсэн. Гэмшиж байна, гэм буруугийн талаар маргахгүй. Хохиролд нэг сая төгрөг өгсөн, цаашид гарах хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу төлнө гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунцэцэгийн өгсөн: Миний зээ хүү Г.Э  2018 оны 08 дугаар сарын 08-ны 15 цагийн үед гадуур хүүхдүүдтэй тоглох гээд гараад явсан. Тэр үед манай охин Б.Ууганбаяр бид 2 гэрийн гадаа зэрлэг зулгаагаад байж байсан. 16 цагийн үед манай охин Б.Ууганбаяр хоолоо хийчихээд Г.Э д хоолыг нь идүүлэх гээд хайгаад олоогүй. Орой 19 цагийн үед Б.Ууганбаяр бид хоёрыг гэртээ байж байхад Б.Ууганбаяр луу “танай хүү осолд орсон, эмнэлэг дээр байна” гэж утсаар яриад бид эмнэлэг дээр очсон. Очиход нүүр ам, хөл гар нь шалбарчихсан цус гараад гар хүрэх газар байхгүй, эмнэлгийн тарианы өрөөнд уйлчихсан шингэн болон хүчилтөрөгч залгуулаад хэвтэж байсан юм. Гадаа коридорт нь энэ хүү “би дайрчихлаа” гээд сууж байсан. Тэгээд Ууганбаяр бид 2 хүүгээ аваад Улаанбаатар хот руу явсан. Одоо манай хүү Г.Э ийн биеийн байдал тааруухан байгаа. Бид нар байгаа мөнгөө шавхаж хүүхдээ эмчлүүлсэн, бодитоор 3 сая төгрөг зарцуулсан. Цаашид эмчийн заалтаар шинжилгээ оношлогоо хийлгэх шаардлагатай байгаа боловч мөнгө байхгүй явж чадахгүй байна. Би гомдолтой байна, нэг сая төгрөг өгсөн нь үнэн. Бодитоор гарсан эмчилгээний зардал 3000000 төгрөг, цаашид эмчлүүлэх эмчилгээний зардалд 30000000 төгрөг, нийт 33000000 төгрөг нэхэмжилсэн, эмчилгээний зардлыг урьдчилж гаргуулмаар байна ...гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.М ын өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тугалтай үнээгээ хайхаар машинаа хүүгээр бариулаад явсан. Тэгээд буцах замд засмал замын гүүрний тэндээс хүүхэд гэнэт гарч ирээд мөргөсөн. Тэгээд л шууд эмнэлэг авч яваад анхны тусламж үзүүлээд тэндээсээ нэг машин хөлслөөд, нэг машинд бинзен хийж, 2 машинтай явж Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт шөнийн 2 цагт хүргээд ЭХО болон томографид харуулсан. Ингээд биеийн байдлыг нь харж байгаад үдээс хойш нь буцсан. Биднээс 3 сая төгрөг нэхэмжилсэн, өмгөөлөгч нотлох баримтуудыг судлаад нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэхээр нь нэг сая төгрөгийг өгсөн. Цаашид гарах хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу төлнө гэх мэдүүлэг,

        1815002390134 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

     Гэрч С.Ганхуягийн өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1940 цагийн үед намайг ажил дээрээ байж байтал манай эмнэлгийн сувилагч надруу утсаар яриад “эмнэлэг дээр зам тээврийн осолд орсон хүн ирчихлээ” гэж хэлсэн юм. Тэгээд намайг эмнэлэг дээр очиход эмнэлгийн хүлээн авах өрөөнд Г.Э  гэдэг хүүхэд уйлаад хүлээн авах өрөөний орон дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би эмнэлэг дээр байсан Д.Н гэдэг залуугаас “юу болсон” талаар асуутал Д.Н надад “сая ээж бид хоёрыг замаар машинтай явж байтал замын хажуугаас гэнэт хүүхэд гарч ирээд машинд мөргүүлчихсэн юм” гэж хэлсэн. Тэгээд би шууд Баяннуур сумын ЗЦТ-ийн зохицуулагч Б.Булгантамирт утсаар мэдэгдсэн ...гэх мэдүүлэг /хх-29-30 тал/,

Гэрч М.Соёлмаагийн өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 08-ны орой багцаагаар 1920 цагийн үед намайг гэртээ байж байтал манай сувилагч надад “машинд мөргүүлсэн хүүхэд ирчихлээ” гэж утсаар хэлсэн юм. Тэгээд намайг эмнэлгийн хүлээн авах өрөөнд ортол манай сумын иргэн Б.М , Г.Э  гэдэг хүүхдийн хамт байж байсан юм. Тэгээд би тэр Г.Э  гэдэг хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн юм. ...Намайг анх Г.Э  гэдэг хүүхдэд үзлэг хийхэд хүүхдийн зүүн талын хацар, шанаа, хоёр хөлийн шилбэ, хуухнаг зэрэг  газруудаар зулгарсан шархтай, ухаан санаа хэвийн бус, царай цонхигор биеийн байдал хүнд байсан юм. Тэгээд Г.Э онош тодруулж эмчилгээ хийлгүүлэхээр Улаанбаатар хот руу хурдан явуулсан. ...гэх мэдүүлэг /хх-31-32 тал/,

Гэрч Б.Нямсайханы өгсөн: Би Говь-Алтай аймгийн Цогт сумаас аав С.Бямбацогт, нагац ах А.Ганбаатар нарын хамт туувар туугаад Төв аймгийн Баянцогт сум руу явж байгаа юм. Тэгээд бид гурав 2018 оны 08 дугаар сарын 08-ны орой Булган аймгийн Дашинчилэн сумын төвийн ард мал туугаад явж байтал засмал зам дээр түг хийсэн дуу гарахаар нь хартал зам дээр хар өнгийн суудлын тээврийн хэрэгсэл ямар  нэгэн юм мөргөх шиг болоод зогсож байгаа харагдсан юм. Тэгээд намайг хойшоо эргээд малынхаа хойд талд очиж явтал нөгөө хар өнгийн машин тэндээсээ яваад өгсөн. Ямар маркийн, ямар улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан гэдгийг би мэдэхгүй ба суудлын хар өнгийн тээврийн хэрэгсэл байсан юм. Би асфальтан замын зорчих хэсэг дээр хүүхэд машинд дайруулахыг хараагүй. Би тэр хар өнгийн машиныг замын хажуу талын шон мөргөөд явчихлаа гэж бодсон. ...гэх мэдүүлэг /хх-33-34 тал/,

Гэрч Б.Ууганбаярын өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1500 цагийн үед манай хүү Г.Э  гадуур хүүхдүүдтэй тоглох гээд гарсан юм. Тэгээд 1600 цагийн үед би гэртээ хоолоо хийчихээд Г.Э д хоол идүүлэх гээд гэрийн гадуур хайгаад олоогүй байтал орой 1910 цагийн үед над руу эмнэлгээс утасдаад “танай хүүхэд машинд дайруулчихсан байна, чи эмнэлэг дээр хурдан ир” гэж хэлсэн юм. Тэгээд намайг эмнэлэг дээр иртэл манай хүү эмнэлгийн тарианы өрөөнд уйлчихсан, шингэн болон хүчилтөрөгч залгуулаад хэвтэж байсан юм. Тэгээд би тэр оройдоо буюу 2120 цагийн үед хүүгээ аваад Улаанбаатар хот руу явсан юм...гэх мэдүүлэг /хх-32-33 тал/,

Шүүгдэгч Д.Н яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах өөрийн гэрээсээ ээж Б.М ын хамтаар **-**УНН улсын дугаартай ээжийн машиныг жолоодоод үхрээ хайхаар Баяннуур сумын чиглэлд явсан. Тэгээд замаараа үхрээ хараад засмал замаас шороон зам руу ороод явж байтал Сүүжийн голын гүүрээр гараад явж байтал замын хойд талын хашлагын араас жаахан хүүхэд гэнэт гүйгээд гараад ирсэн. Тэгээд л машиныхаа зүүн урд хэсгээр тэр хүүхдийг мөргөсөн. Машинаас буугаад хүүхдийг аваад шууд Булган аймгийн Дашинчилэн сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгөөд ар гэрт нь мэдэгдсэн. ...Мөргүүлсэн хүүхэд ганцаараа явж байсан. Ямар нэгэн том хүн хамт яваагүй гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9799 тоот:

1.Г.Э ийн биед зүүн хоншоорын хөндийн урд болон ар хана, зүүн ухархайн  доод ханын хугарал, тархины хоёр талын бөмбөлгийн таславчинд бага хэмжээний цус харвалт, дух болон зүүн нүдний эргэн тойрон, хацар орчмын зөөлөн эдийн няцрал, нүүрний зүүн тал, хоёр хөлийн өвдөг, шилбэ, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу

зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх 50 тал/,

Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн  2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн

1. Жолооч Дашдондог овогтой Д.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.

2. Жолооч Д.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а заалт “ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 9.2 заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Явган зорчигч Г.Э  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.9.а заалт “Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх” гэсэн заалтыг зөрчсөн.

Явган зорчигч Г.Э ийн ээж Б.Ууганбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.3 дахь заалт “Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж, тэвэрч явна/ гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

3. Жолооч Д.Н жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй,

Жолооч Д.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ Приус маркийн **-**УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Э мөргөсөн.

Явган зорчигч Г.Э ийн ээж Б.Ууганбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.3 дах заалтыг зөрчиж сургуулийн өмнөх насны хүүхдийг хараа хяналтгүй, харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулсаны улмаас явган зорчигч Г.Э  нь ойртон ирж явсан Прус маркийн **-**УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдуур гүйж мөргүүлсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.

Уг зам тээврийн осол нь Жолооч Д.Нямдаваа, явган зорчигч Г.Э ийн харгалзах хүн гэх ээж Б.Ууганбаяр  нарын буруутай үйлдлээс шалтгаалан гарсан байна гэх дүгнэлт,  

“Хан Үнэлэмж” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №35 тоот:

  1. “Приус 20” маркийн  **-**УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын зах зээлийн үнэлгээг 200000 / хоёр зуун мянга/ төгрөгөөр тогтоосон дүгнэлт /хх-58 тал/,  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-3-4 тал/, хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тогтоол /хх-6 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-13 тал/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-77 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-70-77 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-83-84 тал/ болон хохирол төлсөн баримтууд зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Н нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг “Сүүжийн гүүр” гэх нэртэй газарт “Приус 20” маркийн **-**УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад бага насны Г.Э тээврийн хэрэгслийн урдуур гүйх үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

 Энэ үйл баримт нь хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-14 тал/, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, учирсан хор уршиг, шалтгаан нөхцлийн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунцэцэг, гэрч С.Ганхуяг, М.Соёлмаа, Б.Нямсайхан, Б.Ууганбаяр нарын өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “жолооч  Д.Н буруутай үйлдлээс болж зам тээврийн осол, хэрэг гарсан байна, ...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн согтуурал шалгадаг багажаар шалгахад согтуурлын зэрэг 0,00 согтолттой гэх агууламж илэрсэн байна” гэх зам тээврийн осол гарсан шалтгааныг тогтоосон, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогдсон байна.                          

       Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шүүхийн шинжилгээний болон зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээний тайланг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчдэд хууль сануулж гаргуулсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

  Шүүгдэгч Д.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хор уршиг хоёрын хооронд шууд холбоотой байгаа нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулж байна.

       Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Д.Н Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Шүүгдэгч Д.Н гэм буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч түүний эмчилгээ, оношлогоо, сувилгаатай холбоотой гарсан гэм хорын хохиролд 3000000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 30000000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байх бөгөөд иргэний хариуцагч Б.М  нь гэм хорын хохиролд 1150000 төгрөгийг төлж баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотлогооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад хохирогчийн төлбөртэй өрөөний зардал 134500₮ /110000₮, 24500₮/, Дуб ХХК-ний дүрс оношлогооны төлбөр 80000₮, эмийн сангаас авсан эм тарианы үнэ 412663₮ /6450₮, 9300₮, 7000₮,3100₮, 6000₮, 4600₮, 2600₮, 16100₮, 4900₮, 1500₮, 4400₮, 8200₮, 1000₮, 2100₮, 3040₮, 26680₮, 4382₮, 24650₮, 10960₮, 45000₮, 29412₮, 9000₮, 4500₮, 1500₮, 2189₮, 5000₮, 17500₮, 36000₮, 50000₮, 23700₮, 22000₮, 600₮, 1100₮, 1300₮, 2600₮, 14300₮/, шатахууны зардалд 373500₮ /10000₮, 25000₮, 40000₮, 10000₮, 20000₮, 10000₮, 10000₮, 40000₮, 37000₮, 30000₮, 50000₮, 40000₮, 12500₮, 10000₮, 9000₮, 20000₮/, хохирогч Г.Э , түүний хууль ёсны төлөөлөгч Оюунцэцэг, ээж Ууганбаяр нарын хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ 48200₮ /9600₮,19300₮, 19300₮/, утсаар ярьсан нэгжний тооцооноос хохирогчийн ээж Ууганбаярын 80023302 дугаар утасны нэгж 6000₮ /юнителийн нэгж 3000₮,3000₮/, хууль ёсны төлөөлөгч М.Оюунцэцэгийн утасны нэгж 43000₮ /мобиком-27000₮, скайтел-16000₮/, хүүхэддээ зориулан дэлгүүрээс худалдан авсан зүйлээс хүүхдийн ахуйн хэрэгцээнд шаардлагатай хуурай, нойтон сальфетка, памперс зэргийн үнэ 46629₮ буюу нийт 1144492 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

         Нэхэмжлэлийн шаардлагаас Б.Баасанжавын хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ 40700₮ /19300₮, 21400₮/, гар утасны төлбөр 52800₮ болон өдөр дутмын хэрэглээний хүнсний зүйл, ахуйн бараа, идсэн хоолны үнэ болон шашины зан үйлтэй холбоотой гарсан зардалд зарцуулсан 1855508 төгрөг нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нөхөн төлөх үүрэг бүхий  "бусдын эррүүл  мэндэд гэм хор учруулсан этгээд нь  хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол егөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй гарах зардал”-д хамаарахгүй, энэ гэмт хэрэгтэй шууд шалтгаант холбоогүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардал болон хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн 30000000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд   заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа эмнэлгийн тусламж үзүүлж, учруулсан хохирлоо нотлох баримтын хэмжээнд төлж цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Д.Н холбогдох хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгч Д.Н нь Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар курсэд суралцаж байгаа зэрэг  хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюунцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “цаашид эмчийн заалтаар шинжилгээ оношлогоо хийлгэх шаардлагатай байгаа боловч мөнгө байхгүй явж чадахгүй байна...” гэх мэдүүлэг, шинжээчийн “...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт зэрэгт үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй, түүнийг эмчлүүлэхэд санхүүгийн дэмжлэг туслалцаа шаардлагатай байгаа зэргийг харгалзан  шүүгдэгч Д.Н гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг, цэнхэр өнгийн тавчикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:    

      1. Шүүгдэгч Б овогт Д. Н Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

        2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Н гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй. 

        4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг, цэнхэр өнгийн табчикийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Одончимэгт даалгасугай.        

        5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан иргэний хариуцагч Б.М  1144492 төгрөгийн гэм хорын хохиролд 1150000 төгрөгийг төлсөн, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1855508 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн 30000000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг тус тус дурьдсугай.

        6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

       9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД