| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0154/Э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2018-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 161
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч: У.Анхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,
Шүүгдэгч Ш.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Ш.Х-д холбогдох эрүүгийн 1826003480186 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Ш.Х
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Х нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн орчимд иргэн Д.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ш.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Д.Б-н намайг захын баруун талд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд бид хоёр уулзаад өндөрлөгийн зүүн талд очиж архи уусан. Бид хоёр хоорондоо маргалдаад Д.Б намайг цохьсон. Тэгэхээр нь би буцаагаад нүүрэн тус газар нь мөргөсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Д.Б-ы мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн орчим. ...Ц.Л над руу залгаад захын баруун талд айлд хүрээд ир гэсэн юм. Тэгэхлээр нь би яваад очсон. Л, Х 2 дундаа нэг шил юм тавьчихсан ууж байсан. Бараг дуусч байсан. Тэгээд “Сэрүүн” нэртэй пиво авч өгсөн. Тэрийг бид 3 юм ярингаа хувааж уусан. Уучихаад дахиад нэг 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй нэг пиво авч тойруулж хувааж уусан. Би Х ахад мотоциклийн мотор зарж байсан юм. Тэгсэн тэр мотоциклийн моторийг муу сул мотор байна гэхээр нь та тэгвэл яах гэж авсан юм би хямдхан өгсөн гэсэн чинь хэрүүл гуйгаад бид 2 маргалдаад би Х ахыг нүүрэн хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн намайг барьж аваад нүүрэн хэсэг рүү духаараа нэг удаа мөргөчихсөн чинь миний зүүн нүдний хөмсөгний хэсгээс цус ихээр гараад, хөмсөгийг сэтлэсэн байсан. Дараа нь намайг ахиж нүүрэн хэсэг рүү гараараа нэг удаа цохичихоод зугтаагаад яваад өгсөн. ... Ш.Х надад аархаад байсан. Тэгээд намайг мөргөөд намайг ойччихсоны дараа толгойноос дараад газар мөргүүлээд байсан. ... Зүүн хөмсөгний дээд хэсэгт 2 оёдол тавиулсан. Үе үе толгой өвдөөд байгаа...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ш.Х-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би Б-с мотоциклийн мотор авсан байсан юм. Тэрийгээ Б 100.000 төгрөгөнд зарах байсан юм гээд барилцаж аваад намайг Б гараараа цохиод авсан. Тэгэхлээр нь би уур хүрээд нэг удаа нүүр лүү нь духаараа мөргөчихсөн чинь Б хөмсөгийг сэтлээд хаячихсан. Хөмсөгнөөс нь цус гараад байсан. Тэгээд би яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Ц.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ш.Х нэг шил юм ууя гээд уухаар болоод 0.5 литрийн “Нутгийн буян” нэртэй архи нэг ширхэгийг авчраад бид 2 хувааж уусан. ...Б дэлгүүрээс 2.5 литрийн “Сэнгүүр” нэртэй пиво 2 ширхэгийг авчраад бид 3 өндөрлөгийн зүүн талд хөдөө юм ярингаа хуваагаад ууцгаасан. Би нилээн согтоод тасраад ойччихсон. Нэг сэрсэн нөгөө газраа сэрсэн. ...Ш.Х Д.Б-н зүүн талын хөмсөгний дээд талд сэтэлчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч У.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ш.Х нь хааяа нэг уурлаж, ууртай ширүүн догшин зан авир гаргадаг, цочир ууртай. Архи уучихаараа жоохон хөнгөн хийсвэр агсан зантай болчихдог...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 480 дугаартай: “... Д.Б биед зүүн хөмсөг хэрэгт шарх, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Б хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1/457 дугаартай тодорхойлолт, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа Цагдаагийн “Асап” сангийн лавлагаа /хх-ийн 48-53 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ш.Х нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өндөрлөг”-ийн зүүн талд иргэн Д.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ш.Х-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Б “...шүүгдэгч Ш.Х-т зодуулсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-9/, гэрч Ц.Л-н “...шүүгдэгч Ш.Хр хохирогч Д.Б-н зүүн талын хөмсөгний дээд талд сэтэлсэн талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч У.Х-н “...шүүгдэгч Ш.Х-н хувийн байдлын талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 17/, шүүгдэгч Ш.Х-н үйлдлийн улмаас хохирогч Д.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 480 дугаартай дүгнэлт. /хх-ийн 19/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогт Ш.Х-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Ш.Х-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ш.Х нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Х-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ш.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,
Шүүгдэгч Ш.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Ш.Х-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ш.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Ш.Х-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 225.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Ш.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.