Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01898

 

2022.10.19 МАГАДЛАЛ №1898

 

 

Ч-ХХК, Т-ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 184/ШШ2022/02221 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч-ХХК, Т-ХК-уудын нэхэмжлэлтэй

Хариуцагч А- газарт холбогдох,

Геологи хайгуул, судалгааны ажлыг зогсоосны улмаас учирсан хохирол 29,793,099,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, түүний өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч-ХХК, Т-ХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2009 оны 07 дугаар сард Гол мөрний урсац бүрэлдэх эх, голын сав газарт, геологи хайгуул, судалгааны ажил, ашиглалт, олборлолт хийхийг хориглох хууль гарсан. Манай байгууллагын олон жилийн хөрөнгө оруулалт, олон жилийн эрэл хайгуулын уйгагүй ажиллагааны үр дүнд олдсон Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт орших, Х-ны мөнгөний ордны хайгуул судалгааны /нийт 00000 га газар/ нь дээрх хуулийн үйлчлэлд хамрагдсан тул хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

2014 онд тус газрын 14551Х дугаартай 00000 га газрыг А- газар хураан авахдаа хохирлын үнэлгээ хийлгээгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт заасны дагуу Г- ХХК, Лэндс ХХК -уудаар дүгнэлт гаргуулсан.

Иймд Т- ХК, Ч-ХХК-уудын хохирлын хэмжээ тогтоосон дүгнэлтийг үндэслэж 29,793,099,620 төгрөгийг А- газраас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Баян-Өлгий аймгийн Т,Б сумдын нутагт орших Х нуруу нэртэй 15.768.52 га талбайд ашигт малтмалын хайгуулын 00-00000 дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга /хуучин нэрээр/-ын 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1588 дугаар шийдвэрээр Т- ХХК-д анх олгосон. Т- ХХК нь ашигт малтмалын хайгуулын 00-00000 дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай хүсэлт гаргасныг хянан үзээд Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга /хуучин нэрээр/-ын 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр Ч-ХХК-д бүхэлд нь шилжүүлэн бүртгэсэн. Ашигт малтмалын хайгуулын 00-00000 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон. Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын үйлчлэлд Ч-ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбай багтсан. Монгол улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 3.4.2-т заасан хугацаанд нөхөх олговор авах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байх тул нөхөх олговор олгох хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А- газраас 66,897,127.12 гаргуулж нэхэмжлэгч Ч-ХХК, 1,068,619,287.6 төгрөгийг нэхэмжлэгч Т-ХК-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,657,583,205.28 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч-ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 492,435 төгрөгийг, нэхэмжлэгч Т-ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 5,501,046 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч А- газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын агуулга: Монгол Улсын Их хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хуулийг баталсан. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хэсэгт гол мөрний урсац бүрэлдэн эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглоно гэж заасан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглсон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтооно гэж заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 тогтоолоор тогтоосон хилийн заагт Чингис минерал деволопмент ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Т,Б сумдын нутагт Х нуруу нэртэй 15,768,52 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 00-00000 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай хамрагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн журам батлах тухай 299 дүгээр тогтоолоор Ашигт малтмал хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмыг батлан гаргасан. Уг журмын 3 дугаар зүйлд нөхөх олговор олгохгүй байх тохиолдлуудыг дурдсан ба журмын 3.4.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх, эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор олгох хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д-гийн хариу тайлбарын агуулга: Хариуцагчийн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн журам батлах тухай 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу 90 хоногт хүсэлтээ гаргаагүй тул нөхөн олговор олгох боломжгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн 2 дугаар хавтасны 166 дугаар талд авагдсан 2014 оны 10 дугаар сарын 24, 29-ний өдөр А- газарт нөхөн олговор авах хүсэлт гаргаж байсан. Гэтэл хэлтсийн дарга н.Ч нь одоогоор нөхөн олговор олгох журам батлагдаагүй байгаа тул нөхөн олговор олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд хүсэлт гаргаж байгаагүй гэсэн нь үндэслэлгүй. Манай тал хохирол нэхэмжилснээс биш нөхөн олговор нэхэмжлээгүй. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байгаа тул хангахгүй үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэл тогтоогдож байна.

2.Нэхэмжлэгч Ч-ХХК, Т-ХК-иуд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан ашигт малтмалын 14551 Х дугаартай газрын хайгуулалт, ашиглалтын үйл ажиллагааг зогсоосны улмаас учирсан хохиролд 29,793,099,620 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШЗ2021/9334 дугаартай захирамжид Ч-ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Сангийн яамын Төрийн сангийн газарт тус тус холбогдуулан Ч-ХХК-ийн 2008-2014 он хүртэлх хугацаанд төлсөн тусгай зөвшөөрлийн нийт төлбөр 91,466,236 төгрөг, 2009-2013 он хүртэл хугацаанд зарцуулсан хайгуулын ажлын нийт зардал 143,950,932 төгрөг буюу нийт 235,417,168 төгрөгийг олгохыг хариуцагч байгууллагад даалгах нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дүгээр шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ гэжээ. Тус 624 дугаартай шийдвэр хэрэгт баримтаар авагдаагүйгээс нэхэмжилж буй зардалтай холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэсэн эсэх, ямар зардлыг нөхөх олговорт тооцсон эсэх нь тодорхой бус байна.

4.Нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгө шаардах үндэслэлээ Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлийг баримталж шаардсан. Гэм хорын хохирол нь бодит хохирол болон олох ёстой байсан орлого гэсэн бүрдүүлбэртэй байна. Шүүх бодит хохирлын хэмжээг ямар баримтыг үндэслэн, хэрхэн тооцож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

5.Анхан шатны шүүх талуудаас маргааны зүйлийг тодруулах, шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж шаардах авах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу явуулах боломжтой байжээ.

7.Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28ы өдрийн 184/ШШ2022/02221 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч А- газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД