Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 72

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн И******* овогт Б.С, /************/, *******************************,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нар оролцов. 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн хуулийн дагуу сурталчилгааны компанит ажлаа явуулж, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан санал хураалтын дүнгээр хамгийн олон санал буюу 1 дүгээрт жагссан.

Гэтэл Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоол гаргаж Б.С намайг “... сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай хууль бус шийдвэр гаргасан. 

Дээрх хууль бус шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар “Б.С намайг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан Баянзүрх дүүргийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Б овогтой С-ыг оруулж дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэхийг дүүргийн сонгуулийн хороонд даалгасугай” гэж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. 

Гэтэл дээрх акттай холбоотой захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад иргэн Б.Ц гэх хүнд захиргааны шийтгэл оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 62 тоот захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “дахин сонгууль явуулах тухай” хураалт явуулах тухай шийдвэр гаргасан байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т заасныг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр байна.

Уг хууль бус шийдвэрийн улмаас Б.С миний Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрх ноцтой зөрчигдөж, ард түмний өгсөн саналыг үгүйсгэх гэсэн бусармаг үйл ажиллагаа болж, олон мянган татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироох шийдвэр гаргасанд гомдолтой байна. 

Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дээрх хууль бус тогтоолыг хүчингүй болгосноор Б.С миний сонгогдох эрхээ хэрэгжүүлэх, улмаар надад итгэл хүлээлгэн сонгосон Баянзүрх дүүргийн 1 дүгээр тойргийн иргэдийн төлөөллийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“Нэг. Нэр дэвшигч сонгуулийн тухай хууль зөрчсөн үйл баримтын талаар: “Ардчилсан намаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.С нь сонгогчдын саналын мөнгөөр худалдан авах хууль бус ажиллагааг идэвхитэй явуулж, Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн учир Нийслэлийн Баянзүрх дүүргийн Монгол Ардын намаас нэр дэвшигч Ц.У-ын ерөнхий менежер Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан болно. 

Уг зөрчлийг Цагдаагийн байгууллага шалгаад, нэр дэвшигч Б.С түүний шадар туслах Б.Ц нарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.2, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэж, захиргааны зөрчилд хариуцлага ногдуулах саналтайгаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр нэр дэвшигч Б.С, шадар туслах Б.Ц нарт холбогдох захиргааны зөрчлийн материалыг хянаж үзээд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаар захирамжаар нэр дэвшигч Б.С-ын шадар туслах Б.Ц  нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.14-т заасан “Сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж нэр дэвшигч Б.Сын шадар туслах Б.Цд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хамжээний буюу 1152000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан байна. 

Энэ нь Б.Ц, Ж.Ц нарын тайлбарууд болон бичлэг бүхий СD-ний бичлэгүүд, бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогджээ. 

Энэхүү захирамжинд нэр дэвшигч Б.Сын шудар туслах Б.Ц давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болсон байна. 

Сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  зааснаар нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч нар хамаарагдаж байна. Энэ багийн гол зорилго, хамтын ажиллагаа нь Ардчилсан намаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.С-ыг сонгуульд явуулахын төлөө хуулийн хүрээнд ажиллах үүрэгтэй. Гэтэл нэр дэвшигч Б.С сонгуульд ялахын тулд мөнгө санхүүгийн эх үүсвэрийг гаргаж, сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор шадар туслах Б.Цгээр сонгогчдод мөнгө тараалгасныг Цагдаагийн байгууллага тогтоож, арга хэмжээ авахуулах санал ирүүлсээр байхад шүүх зөвхөн шадар туслахыг зөрчил гаргасан гэж үзсэн нь алдаатай дүгнэлт болжээ. Мөн нэр дэвшигчийг буруугүй гэж үзсэн нь гэм буруугийн шалтгаант холбооны логик дүгнэлт алдагдсан гэж үзнэ. Иймд Б.С-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. 

Хоёр. Дахин сонгууль явуулах шийдвэрийн эрх зүйн үндэслэлийн талаар

Баянзүрх дүүргийн Ардын Намын Хорооноос 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дүүргийн сонгуулийн хороонд ирүүлсэн өргөдөлдөө: “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1-р тойрогт нэр дэвшигч Б.Сын шадар туслах Б.Ц нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.14-т заасныг зөрчсөн нь тогтоогдсон тул тус тойрогт дахин сонгууль явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан. 

Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1-р тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн нь эрх зүйн дараах үндэслэлүүдэд тулгуурласан болно. Үүнд:

1/ Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны хурал 7 гишүүний бүрэлдэхүүнтэй, 77.8 хувийн ирцтэйгээр хуралдсан тул шийдвэр гаргах эрх бүхий гишүүдийн ирцийн зөрчилгүй гэж үзнэ. 

2/ Нэр дэвшигч Б.С-ын шадар туслах Б.Ц нь субьектийн хувьд Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.5-д заасан “аливаа этгээд”, “эрх бүхий этгээд”-д хамаарагдахын зэрэгцээ мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд хамаарагдаж байна.

 Иймд нэр дэвшигч Б.С болон түүний сонгуулийн штаб Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.14, 70.5.16 дахь  заалтыг зөрчсөн гэж үзсэн. 

Тухайлбал, Нэрийн жагсаалтаас хасах үндэслэл нь Б.С сонгогчдын санал татах зорилгоор сонгогчдод нэр дэвшигч мөнгө тараах ажлыг санаачлан зохион байгуулсан, мөнгөн хөрөнгө гаргасан, тараасан үйл баримтад шүүх дүгнэлт хийж, зөрчил гаргасан гэж үзэж, нэр дэвшигч Б.Сын шадар туслах Б.Цг 1152000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэлээ болгосон. 

3/ Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэр дэвшигч Б.С-ыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулахаар шийдвэрлэхдээ: Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 106.3 дах хэсэгт “сонгуулийн дүн гарсны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч нэрийн жагсаалтаас хасагдсан бол дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна” гэсэн заалтыг үндэслэсэн. 

Дээрх үндэслэлээр Сонгуулийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1-р тойрогт сонгууль явуулахаар шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Б.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч, энэхүү тайлбарыг гаргалаа” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэн Б.С Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаар тогтоолыг  эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.4.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий тогтоолыг “...Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйл 160.3-д “Сонгуулийн дүн гарсны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан бол дахин сонгууль явагдана” гэж хуульчилсан байхад энэхүү хуулийг ноцтой зөрчин Б.С миний Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг ноцтой зөрчин хууль бус тогтоол гаргасан...” гэсэн үндэслэлээр маргажээ .

Харин хариуцагчаас “...нэр дэвшигч Б.С сонгуульд ялахын тулд мөнгө санхүүгийн эх үүсвэрийг гаргаж, сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор шадар туслах Б.Цгээр сонгогчдод мөнгө тараалгасныг Цагдаагийн байгууллага тогтоож, шүүгчийн захирамж гарсан. Нэр дэвшигч Б.Сын шадар туслах Б.Ц нь субьектийн хувьд Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.5-д заасан “аливаа этгээд”, “эрх бүхий этгээд”-д хамаарагдахын зэрэгцээ мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд хамаарагдаж байна. Иймд нэр дэвшигч Б.С болон түүний сонгуулийн штаб Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.14, 70.5.16 дахь  заалтыг зөрчсөн...” гэж тайлбарлан  маргаж байна.

1.Нэхэмжлэгч Б.С Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас 1 мандат бүхий тус дүүргийн 1 дүгээр тойрогт нэр дэвшиж өрсөлджээ .

Улмаар 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан санал хураалтаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр тойрогт 1272 сонгогчийн буюу 49.90 хувийн санал авч  санал хураалтын дүнгээр хамгийн олон санал авсан нь Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн тус тойрогт нэр дэвшигчдийн авсан саналын дүн, мэдээгээр нотлогдож байна .

Гэтэл тус тойрогт Баянзүрх дүүргийн Монгол ардын намаас нэр дэвшигч Ц.Уын ерөнхий менежер Б.А******* Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасныг тус хэлтэс шалгаад захиргааны зөрчилд хариуцлага ногдуулах саналтайгаар Баязүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. 

Учир нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг;”, энэ хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана” гэж тус тус хуульчилжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Захиргааны шийтгэл ногдуулах тухай” 62 дугаар захирамж гаргаж, уг захирамжийнхаа үндэслэх хэсэгт “...тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 1 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.С нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.12, 70.5.16-д заасныг зөрчиж иргэдэд мөнгө тараан, саналыг худалдаж авсан талаар нотлох баримт “CD”-ийн хамт ирүүлсэн нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэжээ . 

Харин Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо хуралдаж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Захиргааны шийтгэл ногдуулах тухай” 62 дугаар захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянаж үзэхэд хариуцагч Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо Сонгуулийн тухай  хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д заасан“ Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэснийг зөрчин нэр дэвшигч Б.Сыг нэрсийн жагсаалтаас хасч, нэр дэвшигчийн сонгуулийн дүнг хүчингүй болоогүй атлаа дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.  

Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-д “Сонгуулийн дүн гарсны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан бол дахин сонгууль явагдана” гэж хуульчилсан  байхад нэр дэвшигч Б.Сыг нэрийн жагсаалтаас хассан тогтоол гаргаагүй атлаа дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчиж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг зөрчсөн хууль бус шийдвэрийг хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо гаргасан гэж дүгнэгдэж байна.

2. Тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 973 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагчаас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Захиргааны шийтгэл ногдуулах тухай” 62 дугаар захирамжийг нотлох баримтаар ирүлсэн бөгөөд энэ захирамжийн үндэслэх хэсэгт “...тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 1 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.С нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.12, 70.5.16-д заасныг зөрчиж иргэдэд мөнгө тараан, саналыг худалдаж авсан талаар нотлох баримт “CD”-ийн хамт ирүүлсэн нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэж , Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар 24-ний өдрийн 55 дугаар тогтоолын нэр дэвшигч Б.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгон, 2016 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчийн нэрийн жагсаалт болон бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Б.Сыг оруулж шийдвэр гаргахыг тус дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай” гэжээ .

Энэхүү шүүхийн шийдвэрийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0034 дугаар магадлаар  дээрх шийдвэрийн үндэслэл бүхий дүгнэлтийг  хэвээр үлдээн шийдвэр хууль ёсны хүчин төгөлдөр болсон байна . 

Өөрөөр хэлбэл хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаар тогтоолын үндэслэл болгосон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 62 тоот захирамжийг бүхэлд нь тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 973 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0034 дугаар магадлаар  дүгнэгдсэн байх тул шүүх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт дүгнэсэн үйл баримтыг дахин дүгнэх боломжгүй байна.

Иймд дээрх байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Эцэст нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т ”Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан байдаг тул хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо төрийн эрх үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагынхаа хувьд дээрх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой гэдгийг анхаарч ажиллахыг дурьдах нь зүйтэй. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдюэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1.Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 159 дүгээр зүйлийн 159.3, 160 дугаар зүйлийн 106.3-т  заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн  “Дахин сонгууль явуулах тухай” 63 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.БАТБААТАР