Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/0005

 

 “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын

 хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын яам,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ашигт

 малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт

 гаргасан ажлын хэсэгт тус тус холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                  Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Шүүгчид:                     Г.Банзрагч,

                                                М.Батсуурь,

                                                Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:            Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага:Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 417 дугаар Тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгох, Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/03 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15ы өдрийн 128/ШШ2020/0413 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 507 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15ы өдрийн 128/ШШ2020/0413 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 417 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/03 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 507 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0413 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.7, 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 7, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 26 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/03 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 417 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагатай “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 507 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргав. Давж заалдах шатны шүүх ...хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн...’’ гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хуульд нийцээгүй гэж үзэж байна.

4. Нэхэмжлэгч “Б” ХХК нь Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 332 дугаар шийдвэрийн дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Харгуйтын ам нэртэй 284 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МV-005529 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлж авахдаа өмнөх эзэмшигч “М” ХХК-тай холбоотой Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын хийсэн хяналт шалгалтын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/53 дугаар актын талаар мэдээгүй бөгөөд уг тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаас хойш хуульд заасан шаардлагуудыг хангахаар ажиллаж байх үед нь уг тусгай зөвшөөрөл гэнэт цуцлагдсан. Уг лиценз бүхий талбай нь бүрэн олборлолт хийгдсэн талбай бөгөөд шороог дахин ашиглахаар арга буюу шилжүүлж авсан байжээ.

5. Давж заалдах шатны шүүх, байгаль орчныг хамгаалах талаарх Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан үүргүүд тусгай зөвшөөрөл шилжүүлж авсан нэхэмжлэгч компанид шилжсэн, нэхэмжлэгч хариуцлага хүлээх ёстой гэж үзэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч захиргааны байгууллагуудаас тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан “Б ХХК-д дээрх актад дурдсан гэх зөрчил дутагдлыг засуулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй, зохицуулах, үйлчилгээ үзүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хэт нэг талыг баримталсан дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ЗХШХШХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг буруу хэрэглэсэн.

6. Маргаан бүхий захиргааны актыг гаргах үедээ хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам хяналт шалгалтын гэх актуудын талаар мэдэхгүй байсан байхад давж заалдах шатны шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж үзэхээргүй байна гэж буруу дүгнэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж тусгайлан заасан байхад хариуцагч Кадастрын хэлтсийн дарга нь хуульд заасан энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр маргаан бүхий тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гэнэт гаргаж нэхэмжлэгчид эрхээ хамгаалах боломж олгоогүй буруутай байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй.

7. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 507 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0413 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол түүнийг хүчингүй болгохоор тус тус заасан.

10. Нэхэмжлэгч “Б” ХХК  нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Байгаль орчин, аялал жуучлалын яам, тус яамны Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргасан ажлын хэсэгт холбогдуулан, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 417 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/03 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлийг “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 332 дугаар шийдвэрээр “М” ХХК-ийн эзэмшиж байсан МV-005529 дугаартай тусгай зөвшөөрлийг манай компанид шилжүүлж эзэмшүүлсэн, мөн тус компани ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй байтал 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 417 дугаар шийдвэрээр ...тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж буй гэсэн баримт нотолгоогүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан. ...захиргааны актыг гаргахдаа манай компанийг оролцуулах, тайлбар гаргах боломжоор хангаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн” гэж маргажээ.

11. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 417 дугаар шийдвэрээр, ...”Б” ХХК нь ашигт малтмал ашиглалтын МV-005529 дугаартай  тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ...ажлын хэсгийн 2019/03 дугаар дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

12. Мөн нэхэмжлэгчийн маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/03 дугаар дүгнэлтээр, “...Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг үндэслэн ...”Б” ХХК ...тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй” гэж үзсэн бол, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот Санал хүргүүлэх тухай албан бичигт “...ашиглалтын МV-005529 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч Б ХХК, .../-ийн/ ...үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү” гэжээ.

13. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална: ...56.1.5.тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж хуульчилсан. Түүнчлэн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-ийн 6-д “"байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарнагэж заасан. 

14. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 107 дугаар зүйлийн 107.4-д заасан хэргийн нөхцөл байдал, маргаж буй захиргааны актуудын үндэслэл, тэдгээртэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, давж заалдах шатны шүүхээс энэ алдааг залруулаагүй нь буруу байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 417 дугаар шийдвэрээр, ”Б” ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан зөрчил гаргасан гэж үзсэн бол, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019/03 дугаар дүгнэлтээр, тус компанийг тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж байгаа гэж дүгнэсэн, түүнчлэн хэрэгт нотлох баримтаар Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/53 тоот хяналт шалгалтын танилцуулга, “Нөхөн сэргээлт хийсэн газрыг хүлээн авсан акт” №6, Орхон-Чулуут голын сав газрын захиргааны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 150 тоот албан бичиг, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 333 тоот албан бичиг гэх баримтууд авагджээ.

15. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “...хариуцагч Яам байгаль орчныг нөхөн сэргээсэн эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр дүгнэлт гаргах үүрэгтэй бөгөөд харин энэ тохиолдолд өөрийн харьяа орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, байгаль орчны байцаагч, Орхон-Чулуут голын сав газар болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 26 дугаар зүйлийн 1-д заасан үүрэг хүлээсэн байгууллагаас хамтарч хийсэн хяналт шалгалтын дүн, аймгийн Засаг даргын саналыг үндэслэж дүгнэлтээ гаргасныг хууль зөрчсөн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн боловч ямар баримтад үндэслэж ийнхүү дүгнэсэн, мөн хэрэгт авагдсан бусад баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон, иймд анхан шатны шүүх маргаан бүхий дээрх захиргааны актуудын үндэслэлийг шалгаж буюу нэхэмжлэгч ”Б” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-ийн 6-д заасан байгаль орчинд хортой нөлөөлөл учруулах ямар үйлдэл /эс үйлдэхүй/ гаргасан, энэ нь хяналт шалгалтын ямар акт, баримтаар тогтоогдсон, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ...ажлын хэсэг ямар баримтад үндэслэн дүгнэлт гаргасан, тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэл бүрдсэн эсэх, маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

16. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх”-ээр гаргасан хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0413 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 507 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Ч.ТУНГАЛАГ

                                                                                    ШҮҮГЧ                                                      Б.МӨНХТУЯА