Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 162

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Насанд хүрээгүй хохирогч Э.Ц,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.П

Шүүгдэгч Ц.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Ц.Ө-д холбогдох эрүүгийн 1826000000172 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3, 69.1.4-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, ******* овогт Ц.Ө

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ө нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны едөр иргэн Э.Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичгдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Ө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр найз охинтойгоо гэрт нь хамт байсан. Би Улаанбаатар хотод оюутан. Манай найз охин энд дунд сургуульд сурдаг. Намайг Улаанбаатар хотод байхад манай найз охин өөр хүнтэй дотно харьцаатай болсон гэсэн сураг сонсоод би Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд өөрөөс нь лавлаж асуусан чинь үгүй гээд байсан. Уур хүрээд ийм зүйл хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Э.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бид хоёр гэртээ байсан. Ц.Ө намайг өөр хүнтэй дотно харьцаатай болсон уу гэж асуухад нь би үгүй гэж худлаа хэлсэн. Ц.Ө уурлаад намайг зодсон...” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ц.Ө нь манай байгууллагад 2016 оноос хойш үйлчлүүлж байгаа. Цаашид хамтран амьдрах зорилготой юм бол дахин ийм зүйл гаргахгүй байх хэрэгтэй...” гэв.

Хохирогч Э.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд би Ц.Ө-тай хоёулаа гэртээ байсан. Тэгсэн Ц.Ө намайг өөр нэлээн хэдэн банди нартай уулзаж, дотно харьцаатай байдаг талаар мэдээд надаас лавлаж асуухаар нь би үгүй гэж худлаа хэлсэн. Тэгсэн Ц.Ө надад уурлаад намайг орноос түлхэж унагаасан. Гэрийн шалан дээр уначихсан байхад Ө миний нурууны дунд хэсгээр хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр орой 17 цаг өнгөрч байхад манай охин Э.Ц над руу залгаад “...Ц.Ө намайг зодчихлоо та гэртээ хурдан хүрээд ир...” гээд утсаа салгахаар нь гэртээ очиход “...Э.Ц гэртээ байхгүй...” байсан. Ц.Ө манай гэрт байсан. Чи яагаад “...Э.Ц-г зодож байгаан...” гэхэд Ө хариуд нь “...би ганц л цохисон шүү дээ сүртэй юм болоогүй...” гэж хэлсэн. Тэгсэн манай охин Э.Ц гаднаас ганцаараа орж ирсэн. Би Э.Ц-с юу болсон талаар асуухад Э.Ц уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 438 дугаартай: “...Үзүүлэгч Э.Ц-н биед зүүн дал баруун хөлийн өвдөг, баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн өвдөгний ар нуглаас хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 47 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Ө-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 62-68, 88-109 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Ө-н ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /рр-ийн 85 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Ө-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Ө нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны едөр иргэн Э.Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:       

Шүүгдэгч Ц.Ө-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон насанд хүрээгүй хохирогч Э.Ц-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ө-д зодуулсан талаар өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Э.Ц-н “... 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд шүүгдэгч Ц.Ө-д зодуулсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-35/, гэрч Б.Б-н “... шүүгдэгч Ц.Өл насанд хүрээгүй хохирогч Э.Ц-г 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр орой 17 цагийн үед зодсон талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45/, шүүгдэгч Ц.Ө-н үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Ц-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 438 дугаартай дүгнэлт /хх-ийн 47/ Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* овогт Ц.Ө-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* овогт Ц.Ө-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Ө нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Ө-д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, 

Шүүгдэгч Ц.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Ц.Ө-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ц.Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Ц.Ө-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Ө-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Ц.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.   

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.