Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 163

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт А.Б-д холбогдох эрүүгийн 1826000000165 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт А.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр иргэн С.А-н зүүн гарын тохой хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Тэр өдөр болсон үйл явдалд би буруутай. Би согтуу байсан болохоор тухайн үед юу болсныг сайн санахгүй байгаа. Намайг Д гэж хочилдог. Хохиролд 700000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч С.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... А.Б морьтой ирээд миний мотоциклийг өшиглөөд унагаачихаар нь гэрээс гарч ирээд мотоциклио босготол С.Б хажуу талаар миний зүүн тохой хэсэг рүү хутгаар дүрчихсэн байсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэртэл цагдаа, эмч нар ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 3-6 дугаар хуудас/,

Гэрч Ж.Я-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... С.А буцаж манайд мотоцикльтойгоо ирээд толгойгоо Д-д цохиулчихлаа гэсэн. Удалгүй Д араас нь морьтой ирээд А-н мотоциклийг унагаагаад өшиглөтөл С.А гэрээс гарч ирээд мотоциклио босгох гэтэл хутгалчихсан юм шиг байна лээ.  Ямартай ч С.А Д-с зугтаагаад гэр тойроод гүйгээд байсан юм. Д А-г ална гээд гүйгээд байсан. Тэгтэл манай хүргэн Э гэрээс гарч ирээд Д-н барьж байсан хутгыг булаагаад авчихсан юм. ... Ямартай ч Д хутга бариад А-г хөөж байхыг харсан. Яг ямар хутга байсныг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Д морьтой ирээд манайд орж ирээд С.А-г чи намайг орхиод явчихлаа гээд гутлынхаа түрийг ухах гэхээр нь Э Д-г манайхаас аваад гарсан. Тэгтэл Д А-н мотоциклийг өшиглөөд унагаачих шиг болсон. С.А-н гараад мотоциклио босгох шиг болсон. Тэгтэл А манай гэрийг тойроод Д-с зугтаагаад байсан. Д, А-г ална чамайг, хутгална гээд хөөгөөд байсан. Тэгэхлээр нь би гэрээс гартал А гэрийн гадна баруун талд гарнаасаа цус гоожуулчихсан зогсож байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч Г.У-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байхад П манайд ирээд “...А, Д, хоёр зодоон хийгээд А-г Б хутгалчихлаа...” таныг Ц эгч дуудаж байна гэж хэлсэн. Тэгээд Я-д очтол С.А хэвтэж байсан. Тэгээд сумын эмнэлэг рүү утсаар дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч С.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тухайн өдөр би гэртээ бөх үзээд сууж байтал С.А манайд мотоцикльтой ирсэн. Тэгээд гэрт орж ирээд цай ууж байтал урдаас А.Б морьтой гэрийн үүдэнд ирчихсэн С.А-г дуудаад байсан. А гэрээс гарсан. Би гэрээс гартал Б хутга барьчихсан, А-н зүүн тохой хэсгээс цус гарчихсан байсан. Би Б-н барьж байсан хутгыг аваад шидчихээд тэр хоёрыг салгаад хоёр тийш нь болгочихоод хониндоо явсан. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 12-ны өглөө А, Б хоёр сумын төв орохоор мотоцикльтой яваад 15 цагийн үед буцаж ирсэн. Гэртээ ирээд 1.6л “Hite” пивыг Д, Б, Б, А нар уусан. Тэгээд Б, А-тай цуг айлын хотонд хонь, ямаа шүүхээр 17 цаг өнгөрч байхад мотоцикльтой явсан. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би гэртээ байсан. 20 цагийн үед хажуу айлын У-г дуудаад “...А хутгалуулчихсан байна...” дуудлага дуудаад өг гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг, цагдаагийн байгуулага ирээд А-г сумын төвийн эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 471 дугаартай: “... С.А-н биед зүүн гарын тохойн гадна дээд хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүсэн гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримт хураах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.Б-н хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 144 дугаартай тодорхойлолт, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, /хх-ийн 54-56 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Б-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр иргэн С.А-н зүүн гарын тохой хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч А.Б-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.А-н “... шүүгдэгч А.Б-д хутгалуулсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 3-6/, гэрч Ж.Я-н “... шүүгдэгч А.Б, хохирогч С.А-г хутгалсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 7-8/, гэрч Б.Э-н “... Д, А-г ална чамайг хутгална гээд хөөгөөд байсан. Намайг гэрээс гартал А-н гэрийн гадна баруун талд гарнаасаа цус гоожуулчихсан зогсож байсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 9-10/, гэрч Г.У-н “... С.А, Б хоёр зодоон хийгээд С.А-г А.Б хутгалсан талаар сонсон, эмнэлэг утсаар дуудсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 11-12/, гэрч С.Э-н “... Би гэрээс гартал Б хутга барьчихсан, А-н зүүн тохой хэсгээс цус гарчихсан байсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 23-24/, гэрч С-н “... 20 цагийн үед хажуу айлын У-г дуудаад “...А хутгалуулчихсан байна...” дуудлага дуудаад өг гэж хэлсэн талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26/, шүүгдэгч А.Б-н үйлдлийн улмаас хохирогч С.А-н биед хөнгөн гэмтэл учирсаныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 471 дугаартай дүгнэлт /хх-ийн 37/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/, Эд мөрийн баримт хураах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 29/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-34/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* овогт А.Б-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажилгаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч А.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,

Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ишний урт 10 см, ишийг бүрхсэн улаан хүрэн өнгийн зүүйлээо бохилогдсон, ажлыйн хэсэг 12 см урттай ажлын хэсэг дээр 0.5 см урттай 3 дараалсан цоорхойтой хутга нэг ширхэгийг устгахыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэг ******* овогт А.Б-г 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг  дурьдсугай.

4. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ишний урт 10 см, ишийг бүрхсэн улаан хүрэн өнгийн зүйлээр бохилогдсон, ажлын хэсэг 12 см урттай ажлын хэсэг дээр 0.5 см урттай 3 дараалсан цоорхойтой хутга нэг ширхэгийг устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д      авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,    давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Б       авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.