Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01927

 

 

 

 

 

 

 

 

 

Э-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/02330 дугаар шийдвэртэй,

Э-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н-газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга: Н-газрын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №4-190/16904 тоот мэдэгдэлд дурдсан үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Д- ХХК-ийн шинжээч нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай компани дээр ирж уулзаад барилгын зураг бусад материалыг аваад 14 хоногийн дотор үнэлгээ гаргах ёстой. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5-д заасны дагуу холбогдох материалыг авалгүй, барилгын шинж байдал хэмжээний талаар бодит тоо баримт материалд нарийвчилсан судалгаа хийлгүйгээр 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр буюу 2 хоногийн дотор хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан. Манай компанийн 9482.54 м.кв талбай бүхий С- олон улсын тавилгын их дэлгүүрийн барилгыг 1 талд үйлчилж, зах зээлийн үнийн дүнгээс хэт доогуур 31,071,003,521 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тайлангаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, 85 тоот хаягт байрлах, 4,665 м.кв газартай, 9,482.54 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай С- олон улсын тавилгын их дэлгүүрийн барилгыг 56,788,165,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд Н-газрын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж бидний гаргасан гомдлын хариу мэдэгдэх хуудас 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэсэн огноотой байгаа, уг хариуг авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд хандсан тул хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1739 дүгээр захирамжаар Э-ХХК, Н.Ж Н.С нараас 9,829,279,543 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9/195 дугаар тогтоолоор шинжээчээр Д- ХХК-ийг томилсон. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 31,071,003,521 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4-190/16904 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Э-ХХК-ийн захирал Н.Ж-ийн туслах н.Г-д биечлэн гардуулж, дамжуулж өгөхийг даалгаж гарын үсэг зуруулсан. Мөн төлбөр төлөгч Н.Ж Н.С нарын шүүхийн шийдвэрт заагдсан хаяг болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан 0000 тоот хаяг руу хөрөнгийн тайланг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Н.С-ийн 0000-0000 дугаар луу залгахад утсаа аваагүй талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн. Төлбөр төлөгч Э-ХХК, Н.Ж Н.С нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийг танилцуулсан бөгөөд тэднээс хугацаа аваагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нэхэмжлэгч нар хуульд заасан 7 хоногийн дотор багтаж нэхэмжлэл гаргаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Н-газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Э-ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

"Д-" ХХК нь маргаж буй үл хөдлөх хөрөнгийг 2 хоногт үнэлсэн, ийнхүү үнэлэхдээ худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг орлогын хандлагаар үнэлээгүй үйл баримт тогтоогдсон боловч нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй, тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Н-газрын 2021 оны 09 дүгээр сарын 15 ны өдрийн 4/565 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хуулийн хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдлоо гаргасан.

Тухайн хугацаанд буюу 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийг дуустал Хан Уул Дүүргийн Иргэний Хэргийн Анхан шатны шүүх Ковид-19 халдварын улмаас үйл ажиллагаагаа зогсоосон байсан тул хуулийн хугацаанд буюу 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ Монгол шуудангаар хүргүүлсэн байхад 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан гэж шүүх дүгнэж, манай компанийг хуулийн хугацаанд гомдол гаргаагүй мэтээр шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангах үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Э-ХХК нь хариуцагч Н-газарт холбогдуулан Д- ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3.Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дахь хэсэгт заасан үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч тал хэтрүүлсэн гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4.Н-газар нь шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч Э-ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр танилцуулсан нь хэрэгт авагдсан 4-190/16904 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон. /хх 189-190/

 

4.а.Төлбөр төлөгч Э-ХХК шинжээчийн үнэлгээг эс зөвшөөрч, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан, уг гомдолд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 4/565 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байх тул энэ өдрөөс шүүхэд гомдол гаргах хугацааг тоолох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийн заасантай харшлахгүй гэж үзлээ. /хх 7/

 

4.б. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шүүхийн байранд Коронавирус /Ковид-19/ өвчний голомт үүссэн нөхцөл байдлын улмаас 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд иргэдээс шүүхэд гаргаж буй нэхэмжлэл, өргөдөл, гомдлыг Монгол шуудангаар авах тухай мэдэгдлийг гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

4.в.Төлбөр төлөгч Э-ХХК 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээтэй холбоотой гомдлоо баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь хэргийн 108 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байна.

 

5.Талууд Д- ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хуульд нийцсэн эсэх талаар маргасан байна.

 

6. Д- ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд Үнэлгээний эцэслэсэн дүнгээр үйлчилгээний зориулалттай обьект болон эзэмшлийн газар нь зах зээлийн хандлагаар тооцсоныг 100 хувийн ач холбогдолтойд тооцон 30,653,495,868 төгрөгөөр үнэлгээ тогтоогдов гэж дүгнэсэн /хх 101, 161/ атлаа тайлангийн хүснэгт №1 хэсэгт 9482,54 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болох обьектыг дангаар нь 30,653,495,868 төгрөг гэж тэмдэглэсэн нь ойлгомжгүй болжээ. /хх 89, 182/ Иймд 4,665 м.кв талбай бүхий газрын зах зээлийн үнэлгээний талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

6.а.Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг талуудаас тодруулж, мэтгэлцүүлэх нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байжээ.

 

7.Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/02330 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э-ХХК-аас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД