Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01928

 

 

 

 

 

 

 

 

 

Б.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/02335 дугаар шийдвэртэй,

Б.О-ын нэхэмжлэлтэй, У- УТҮГ-т холбогдох,

Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 21,357,048 төгрөг, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 11,546,752 төгрөг, нийт 32,903,800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүй хөрөнгөжсөн 12,486,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга:

1.1.Б.О- нь ХААИС-ийн харьяа У-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг. Байгууллагын удирдлагын шийдвэрээр 2020 оны 10 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Төв аймгийн Борнууд сумын Баянгол багт байрлах байгууллагын судалгаа шинжилгээний газарт албан томилолтоор ажиллаад 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буцаж явахдаа Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цагаан бургастай гэх газарт Ар гүнтийн замд У-гийн эзэмшлийн Мицубишу пажеро маркийн 00-00УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа осолд орж, эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан. Хариуцагч байгууллага нь өөрийн эзэмшлийн Мицубишу пажеро маркийн 00-00УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг Б.М-т олгосон. Автомашиныг жолоодож явсан жолооч Д.М- нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/419 дүгээр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон. Миний бие уг ослын улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд 4 удаа, Улсын 2-р төв эмнэлэгт 4 удаа мэс засалд орсон. Дахин нарийн гэдэс холбох, хагалгааны эвэрхий гэсэн оноштой 2 удаагийн мэс засалд орох заалттай эмчлүүлж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн тээврийн хэрэгслийн эзэмшигч, У-гээс эмчилгээний зардал 21,357,048 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

1.2.2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болсон дээрх ослыг үйлдвэрлэлийн осолд тооцож, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт гарч, уг актыг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э- баталгаажуулсан. Дээрх автомашины ослын улмаас надад учирсан гэмтэл болон үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг судлан үзэж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 6 дугаар шийдвэрээр миний хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасныг үндэслэж, өөрийн 14 сарын цалингийн дундажтай тэнцэх нөхөн төлбөр 11,546,752 төгрөг, нийт 32,903,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Ажилтан Д.М-, Б.О-, У.А- нар нь томилолтын өдрүүд дэх ажил дуусч, 2020.10.13-ны орой хот руу буцахад, өөрсдөө дур мэдэн байгууллагын машиныг удирдлагын зөвшөөрөлгүй ажлын бус цагаар авч үлдэн, оройн цагаар нийлж архидан согтуурсан. Улмаар согтуурсан байх үедээ замын хөдөлгөөнд оролцож, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цагаан бургастай гэх газар, Ар гүнтийн замд засмал замаас гарч онхолдон, зорчигч Б.О-, У.А- нарт гэмтэл учирсан нь нотлогдсон байна. Эрүүгийн хэргийн явцад цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд Б.О- нь албан ажлаар ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ ажлын байран дээр ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа, үйлдэл эс үйлдэхүйн улмаас үйлдвэрлэлийн осолд орсон асуудал биш болох нь тодорхой ойлгомжтой харагддаг.

2.2.Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчаас баталгаажуулсан үйлдвэрлэлийн ослын акт нь цаг хугацааны хувьд дээрх эрүүгийн шүүхийн ШЦТ/419 тогтоолоос өмнө үйлдэгдсэн байна. Ослын актад осолд орсон ажилтнуудын буруутай үйлдэл байсан эсэх, ажилтнууд согтуу байсан эсэхийг шинжлэн судалж тогтоох боломжгүй, ажлын чиг үүргийн хувьд тогтоох эрхгүй субьект байсан учир хууль зүйн хувьд шаардлага хангаагүй, хууль зөрчсөн ослын акт тогтоогдсон гэж үзэж байна. Энэ ослын актыг хууль ёсны эсэх асуудлыг шийдвэрлүүлж тогтоолгохоор У-гийн зүгээс хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллах болно.

2.3.Б.О-ыг осолд орсноос хойш өнөөдрийг хүртэл ажил олгогч нь нийт 17 сар тасралтгүй сар бүр бүтэн цалин хөлс буюу 13,526,838 төгрөг олгосон. Б.О-ын эмчилгээнд М.Б-гээс 12,500,000 төгрөг, хамт олны хандиваар эмчилгээнд 2,010,000 төгрөг, тээврийн хэрэгслийн хохирол, зардалд нэг хүнд ногдох хохирлын төлбөр 5,260,475 төгрөг, 17 сарын турш олгогдсон цалин 13,526,838 төгрөг, нийт мөнгө 28,988,205 төгрөг олгосон байна.

Иймд Б.О-ын эрхийг У-гээс ажлын хариуцлага алдаж, зөрчөөгүй мөн шаардлагатай бүхий л тусламж дэмжлэг, цалин хөлсийг тухай бүр нь олгож байгаа учир гэм хор учруулж, хохироогоогүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний агуулга: Д.О- нь байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулахаас гадна 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш нэг ч өдрийн хөдөлмөр эрхлээгүй атлаа байгууллагаас өнөөдрийг хүртэл цалин хөлсөө тасралтгүй 20 сарын турш авсан. Байгууллагын удирдлагын зүгээс осол гарснаас хойш шүүхэд дуудагдах хүртэл ажилтныхаа эрүүл мэндэд онцгойлон санаа тавьж, хувийн болон албаны журмаар багагүй мөнгөн тусламж үзүүлж, цалин хөлсийг нь үндэслэлгүйгээр олгосон байна. Ажил олгогч нь уг ослыг үйлдвэрлэлийн осол биш гэж үзэж, Захиргааны хэргийн шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн байх тул олгох ёсгүй цалинг олгосон гэж үзэж, 2020 оны 10 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сарыг дуустал олгосон 12,486,600 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулахаар шаардаж байна гэжээ.

4.Нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Мицубиши пажеро маркийн 00-00УБУ улсын дугаартай автомашин нь У-гийн эзэмшлийнх, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг зааснаар У-гийн зөвшөөрлөөр томилолтоор явж байсан жолооч Д.М- осол гаргасан гэх үндэслэлээр гэм хор буюу Б.О-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг сэргээн засахад гаргаж байгаа эмчилгээний зардлыг хүрээлэн хариуцах үүргийг хүлээнэ гэж үзэж байгаа тул татгалзаж байна гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч У-гээс 19,087,991 /арван есөн сая наян долоон мянга есөн зуун ерэн нэгэн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н овогт Б.О /ФБ85070976/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,269,107 төгрөгийг, нэхэмжлэгчээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 12 486 600 /арван хоёр сая дөрвөн зуун наян зургаан мянга зургаан зуун/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 14 сарын цалинтай тэнцэх 11,546,752 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,354 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгохоор, хариуцагч У-гээс 253,390 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 214,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.а.Ослын үед гэмтсэн Б.О-ын эрүүл мэндэд болгоомжгүйгээр гэм хор учруулсан этгээдийг тогтоож, ослын хэргийг эцэслэн шийдвэрлэж, Д.М-ын гэм буруутайг тогтоосон Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/419 тогтоол хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад тухайн осолд caнaaтaй болон болгоомжгүй ямар нэг хэлбэрээр огт оролцоогүй байгууллагад гэм хорын төлбөр хариуцуулсан нь үндэслэлгүй юм. Учир нь тухайн осол нь зорчигч, жолооч нар архидан согтуурч өөрсдийн буруутай үйлдлийн улмаас осол гаргасан байхад У-г иргэнд эрүүл мэндийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. Өмнө нь ослыг шалган тогтоосон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэм буруутайг тогтоосон шийдвэрт У- нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Гэтэл иргэний хэрэгт хариуцагчаар тогтоож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу Б.О-т учирсан гэмтлийг буруутай этгээдээр Д.М-ыг тогтоож, ял оноосон хууль зүйн үр дагавар нь хожим бий болох гэм хорын нөхөн төлбөрийг ч мөн иргэний журмаар түүнд хариуцуулах үндэстэй. Иймд хариуцагчаас 19,087,991 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлага болох 19,000,000 төгрөгийг байгууллага хариуцах ёстой. Учир нь миний биед олон гэмтэл учирсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч У--д холбогдуулан Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 21,357,048 төгрөг, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 11,546,752 төгрөг, нийт 32,903,800 төгрөг нэхэмжилж, үндэслэлээ тээврийн хэрэгслийг ашиглахыг Д.М-т хариуцагч өөрөө зөвшөөрч томилсон учир эмчилгээний зардлыг гаргуулна гэж тайлбарласан. Хариуцагч эс зөвшөөрч, ажилтнууд хот буцахад өөрсдөө дур мэдэн байгууллагын машиныг удирдлагын зөвшөөрөлгүй ажлын бус цагаар авч үлдэн, архидан согтуурч улмаар согтуурсан байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зорчигч Б.О-, У.А- нарт гэмтэл учруулсан тул байгууллага хариуцахгүй гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан, талууд маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв хэрэглэсэн байна.

4.а.У-гийн ажилчид 2020 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Төв аймгийн Борнуур сумын Баянгол багт албан томилолтоор ажилласан, тус байгууллагын эзэмшлийн Мицубишу Пажеро маркийн 0001 УБӨ улсын дугаартай машиныг ажилтан Б.М- жолоодож явсан үйл баримтад талууд маргаангүй.

4.б.Ажилтан Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 00-00УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, 2020 оны дугаар сарын 13-ны өдрийн 20 цаг 45 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цагаан бургастай гэх газрын орчимд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасныг зөрчсөний улмаас засмал замаас гарч онхолдон, тус автомашинд зорчиж явсан Б.О-ын биед хүнд гэмтэл учруулсан үйл баримтыг хэргийн баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

4.в.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

Хариуцагч байгууллага нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг ажилтан Б.М-т олгосон гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул тухайн эд хөрөнгийн ашиглалтын улмаас бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч нь арилгах үүргийг дээрх хуульд заасны дагуу хүлээнэ. Иймд ажил олгогчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ажил үүргийн хүрээнд гүйцэтгэхээр ажлын зорилгоор түүний зөвшөөрлөөр унаж яваад эрсдэж, эрүүл мэндийн хохирол учирсан үйл баримт тогтоогдоогүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

4.г.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан эмчилгээний төлбөрийн баримтууд, өвчний түүх, эмийн хуудас зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзээд хариуцагч У-гээс эмчилгээний зардалд 19,087,991 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгож, үлдэх 2,269,107 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

4.д.Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай У-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй гэх үндэслэлээр үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 11,546,752 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна

5.Анхан шатны шүүх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12,486,600 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргаагүй тул иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

6.Тус иргэний хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Шүүх, хэргийн оролцогчдын хүсэлтийг үндэслэн иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасанд нийцжээ.

7.Хариуцагч байгууллага нь буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо шаардахад энэ шийдвэр саад болохгүй болохыг тэмдэглэв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/02335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,390 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ч.ЦЭНД