Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 167

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: У.Анхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,

Шүүгдэгч: П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт П.Э-д холбогдох 1826000000192 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт П.Э

Шүүгдэгч П.Э нь 2018 оны 08 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, ******* ам гэх газар байх өөрийн гэртээ иргэн Д.М-н зүүн хөлийн гуян тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би тухайн үед согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Хохирогчид хохирол төлбөрт 90000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. 

Хохирогч Д.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 22 цагийн үед гэртээ ганцаараа 0.5 литрийн Ерөөл нэртэй архи 1 шилийг уучихаад найз А руу утсаар залгаад манайд хүрээд ир, би бензингүй болчихлоо гэхэд хүрээд ирсэн. Тэгээд бид 2 бензин авах гээд Т гэх айл руу явж бензин авчихаад буцахдаа шөнийн 02 цагийн орчимд Э-н гэрт очсон. Тэгээд би сайн санахгүй байгаа. Гэртээ ирээд гуяндаа хутгалуулсанаа мэдсэн. П.Э-тэй хэрүүл маргаан хийгээгүй. П.Э миний зүүн гуянд нэг удаа хутгалсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 4-5 хуудас/,

Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Э, М бид хоёрын голоор гарахдаа хутгатай гараараа Д.М-н дээлийн хормой руу хатгачихлаа гэж бодтол удалгүй Д.М-н гуянаас цус урсаж эхэлсэн. /хх-ийн 9-10 хуудас/,

Гэрч М.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... П.Э ширээ рүү очиж байсан. Би тухайн үед тавагтай идээ авч өгөх гэж байгаа юм байна гэж бодож байсан. Тэгээд би босож гэрлээ асаатал П.Э Д.М-г хутгалсан байсан. /хх-ийн 13-14 хуудас/,

Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд зүүн гуяндаа хутгалуулсан гэсэн дуудлаганд явсан. Намайг очих үед Д.М нь гэртээ хэвтэж байсан. Нүүр толгой ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл, шарх сорви байхгүй. Түүний амин үзүүлэлт хэвийн зүүн хөлөө боосон байсан. Тэгээд сумын төв дээр авч ирж шарханд 2 оёдол тавьсан. /хх-ийн 16 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №527 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч Д.М-н зүүн гуяны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 19 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, шүүгдэгч П.Э-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 26-27, 60-63 хуудас/,

Шүүгдэгч П.Э-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 19 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 46-47 хуудас/,

Шүүгдэгч П.Э-н урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тус хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.Э нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “******* ам” гэх газар гэртээ хохирогч Д.М-н зүүн хөлийн гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.М-н 2018 оны 08 дугаар сарын 06-ны шөнийн 02 цагийн орчимд Э-н гэрт очсон. П.Э хутга барьчихсан зогсож байсан. Тэгтэл П.Э миний зүүн гуя руу хутгаар дүрчихсэн. Гэрч Б.А, Э, Д.М бид хоёрын голоор гарахдаа хутгатай гараараа Д.М-н дээлийн хормой руу хатгачихлаа гэж бодтол удалгүй Д.М-н гуянаас цус урсаж эхэлсэн. Гэрч М.М-н би босоод гэрлээ асаатал П.Э Д.М-г хутгалсан байсан. Гэрч Б.С-н би 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд зүүн гуяндаа хутгалуулсан гэсэн дуудлаганд явсан. Сумын төв дээр авч ирж шарханд 2 оёдол тавьсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №527 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, шүүгдэгч П.Э-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч П.Э-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч П.Э-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.

Шүүгдэгч П.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Мөн шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөрт хохирогч Д.М-д 90000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар эрээн өнгийн иштэй нийт 18.5 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт П.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөрт хохирогч Д.М-д 90000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар эрээн өнгийн иштэй нийт 18.5 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.