| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2022/03289/И |
| Дугаар | 210/МА2022/01964 |
| Огноо | 2022-11-07 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2022/01964
Б.Т-, Э.Г-нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/02312 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Т-, Э.Г-нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Н- газарт холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01908 дугаартай захирамжийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр зайсан гудамж, 00тоотод байрлах, улсын бүртгэлийн 00-000 дугаартай, 110 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хөрөнгийн үнэлгээний Х-ХХК-аар үнэлүүлж, тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 379,364,721 төгрөгөөр тогтоосон. Ийнхүү хөрөнгийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан үнэлгээний хандлагын аргуудыг хэрэглээгүй, хамрах хүрээ, газар зүйн байршил, ирээдүйд үнэ хүрэх хандлагыг буруу ашиглан зах зээлийн, өртгийн хандлагаар гэсэн ганцхан хүснэгтээр үнэлгээг гаргаж, хувийн орон сууц болон газрын үнэлгээг хэт доогуур үнэлсэн байна. Иймд төлбөр төлөгч нараас Х-ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү. Үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргасан. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулбал зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгч үндэслэлгүйгээр солигдож процессын алдаа гаргасан гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01908 тоот захирамжийг албадан биелүүлэх ажиллагааны явцад Б.Т-, Э.Г-нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн 00-000 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр, Зайсан гудамж, 00тоотод байрлах, 110 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20290069/33 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 20290069/06 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураасан. Талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож, тогтоогоогүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар Х-ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээчээс эд хөрөнгийг 379,364,721 төгрөгөөр үнэлсэн. Талуудад хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 4-92/10612 тоот мэдэгдлээр танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 221 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч хариуцан ажиллаж байсан нь тухайн тойргийн шийдвэр гүйцэтгэгч чөлөөтэй байсантай холбоотой. Иймд нэхэмжлэгчийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч үндэслэлгүйгээр солигдсон гэх гомдол үндэслэлгүй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Н- газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Т-, Э.Г-нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хянасан гэж үзэхээр дүгнэлт хийсэн атлаа үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол алдаатай үйлдэгдсэн зэрэгт дүгнэлт хийгээгүй. Мөн өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулсан талаарх гомдлыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэсэн нь үндэслэлгүй. Өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг гүйцэтгэх тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23, 271 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авах ёстой байдаг. Иймд шүүхийн шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Б.Т-, Э.Г-нар нь хариуцагч Н- газарт холбогдуулан Х-ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3.Н- газар нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/01908 дугаартай захирамж, гүйцэтгэх хуудас зэрэг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасанд нийцсэн байна. /хх-39-40, 41/
4.Нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор үнэлгээчин томилсон ажиллагаанд маргаагүй, эд хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх талаар маргаж гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гаргажээ.
5.Анхан шатны шүүх, үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.
Тодруулбал, шинжээч нь маргааны зүйл болох хөрөнгөд үнэлгээ хийхдээ зах зээлийн, өртгийн, орлогын хандлагын аргыг ашиглан, хандлага тус бүрийн ач холбогдлыг тодорхойлон зах зээлийн хандлагын аргыг ач холбогдолтой гэж үзээд эрхийн улсын бүртгэлийн 00-000 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр зайсан гудамж, 00тоотод байрлах, 110 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 379,364,721 төгрөгөөр үнэлэн, дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна. /хх-61-73/
Нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгө болох орон сууц болон газрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хянасан атлаа уг ажиллагааг өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгч явуулсан, мөн эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол нь алдаатай байсан үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
6.а.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд гомдол гаргах журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зохицуулжээ. Төлбөр төлөгч нараас шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагаатай холбоотой ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
6.б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх эрхтэй. Энэ тохиолдолд нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргаж, ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөх журамтай.
6.в.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны үеэр ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллыг зөрчиж, эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан... гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн гэж үзэхгүй.
7.Анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгч нар энэ талаар гомдол, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул уг асуудлаар дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийн Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасантай нийцжээ.
Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/02312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.ЦЭНД