| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0149/Э |
| Дугаар | 00160 |
| Огноо | 2018-11-02 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 00160
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Шүүгдэгч Д.Г , Б.М , Д.М , О.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г , Б.М , Д.М , О.С нарт холбогдох эрүүгийн 1815001620143 дугаартай, 163/2018/0149/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Д.Г
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ял шийтгүүлж байгаагүй, И овогт Б.М
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Д.М
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт О.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 05 дугаар саруудад Б.М , О.С, Д.М нараас зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг худалдан авсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутгаас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, худалдан байгаль экологид 523392 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг Цагаан даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, худалдан байгаль экологид 648672 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч О.С нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг Мааньт гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэж, худалдан байгаль экологид 444096 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугийн талаар маргахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугийн талаар маргахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугийн талаар маргахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч О.Санчирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугийн талаар маргахгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
1815001620143 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч С.Оюунбадрахын өгсөн: Би Булган аймгийн Орхон сумын байгаль хамгаалагч, 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хэнд ч мод бэлтгэх эрхийн бичиг өгөөгүй. Учир нь гэвэл аймгийн Засаг даргын мод бэлтгэх үйл ажиллагааг хориглосон захирамж энэ үед гарчихсан байсан учир өгөөгүй. ...Экологи эдийн засгийн үнэлгээний дагуу хохирлоо гаргуулмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 56/,
Хохирогч Ш.Энх-Амгалангийн өгсөн: Би Булган аймгийн Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, 2018 оны 05 дугаар сард аймгийн Засаг даргын мод бэлтгэх үйл ажиллагааг хориглосон захирамжтай байсан учир ямар нэгэн хүнд мод бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй. ...Экологи эдийн засгийн үнэлгээний дагуу хохирлоо барагдуулчихвал санал гомдол байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 61 тал/,
Гэрч О.Өсөхбаярын өгсөн: Би Д.Г т 3 хоногийн өмнөөс хашааны банз захиалж байсан юм. Тэрээр өчигдөр над руу өөрийнхөө утсаар ярьж таны захиалсан банз гарчихлаа гэж хэлсэн. Тэгээд би өчигдөр орой очиж авч чадаагүй. Өнөө өглөө 09 цагийн үед очиж авсан юм. ...Тэгээд өнөө өглөө 335 ширхэг хашааны банзыг өөрийнхөө 70-91 ОРХ улсын дугаартай машинд ачаад хашаанаас ухарч гараад байж байсан чинь цагдаагийн ажилтан ирсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 68 тал/,
Насанд хүрээгүй хохирогч М.Энхсайханы өгсөн: Д.М нь миний аав. Аав бид хоёр 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шиг санаж байна. Цагаан өнгийн Бонго машинтай түлээний модонд явсан бөгөөд гишүү ачиж ирэх санаатай явсан. Тэгээд гишүү авах гэхээр холдоод байсан болохоор аав бид хоёр Бугат сумын нутаг руу Эрдэнэтээс баруун тийш яваад уулын замгүй газраар яваад орой дээрээс нь давж ороод манай аав Д.М модоо хөрөөдөж бэлтгэсэн. Аав өөрөө ганцаараа модоо бэлтгэж ачсан, би гэртээ ганцаараа үлдэх гээд байсан болохоор аав намайг хань татаж гишүү түүлгэх гэж авч явсан юм. Би аавын бэлтгэж ачсан модноос өргөж ачиж туслаагүй. Дийлэхгүй учраас зүгээр хажууд нь хамт байсан. Манай аав босоо мод хөрөөдөж унагаагаад бэлтгэж ачсан. 4 ширхэг босоо мод хөрөөдөж унагаагаад жижиглэж хөрөөдөөд ачсан. Хэдэн ширхэг мод болсоныг санахгүй байна, 19-20 мод болсон байх гэж аав хэлж байсан. Аав бид хоёрын мод ачсан машин нь Зодвоо гэдэг манай хамаатны ахын машин, аав гуйгаад аваад явсан юм гэх мэдүүлэг /хх-76 тал/,
Гэрч Э.Зодвоогийн өгсөн: Д.М ахыг танина. Манай авга эгчийн хүүхэд байгаа. 2018 оны 05 сарын 27-ны өдөр шиг санаж байна, “ахын дүү машинаа өгөөч хөдөө гишүүнд яваад ирье” гэхээр нь “тэг” гээд машинаа өгөөд явуулсан. Тэгтэл Д.М ах миний **-**ОРХ улсын дугаартай, цагаан өнгийн Бонго маркийн машинаар мод ачиж ирсэн байсан. Тухайн үедээ мэдээгүй байж байгаад сүүлд нь мэдсэн. Тэр оройгоо миний машиныг өгсөн санагдаж байна. Маргааш нь ч өгсөн билүү ямарч л байсан миний машиныг эргүүлж өгсөн. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Надад сүүлд хэлэхдээ “Булганаас нойтон мод ачаад асуудалд орчихлоо” гэж байсан. Хаанаас ямар мод ачсан талаар мэдэхгүй байна. Урьд өмнө хааяа гуйж, түлээ модоо татах ажилд машиныг ашигладаг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 77тал/,
Гэрч Д.Батчулууны өгсөн: О.С нь миний хүү. Надад 93-99 ОРО улсын дугаартай, “Бонго” маркийн тээврийн хэрэгсэл байгаа. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм, би өөрөө унадаг бөгөөд О.С энэ машинаар мод ачсан талаар сүүлд мэдсэн. Гэрийнхээ урд уулнаас нэг машин мод бэлтгэж зарж байсан. Хэр хэмжээний ямар мод гэдгийг мэдэхгүй байна. Надад санал хүсэлт байхгүй. Нэгэнт манай хүү авч явж мод ачсан учир надад татгалзаад байх зүйл алга байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлэхэд татгалзаж, гомдох зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 78 тал/,
Гэрч Б.Отгонбилэгийн өгсөн: О.С нь манай төрсөн ах бөгөөд намайг адуугаа хайгаад явж байхад О.С ах модон дотор аавын машинтай мод ачиж байгаад таарсан. Модоо ачаад дуусч байсан. Би сүүлийн 2,3 модыг ачилцаж өгсөн. Унагаасан модноос хөрөөдөж ачсан байсан. 1 портер мод ачаад явсан. Би тэгээд адуундаа яваад өгсөн. О.С ах ачаад Эрдэнэт орсон байсан. Модны тоо ширхэгийг сайн мэдэхгүй байна. Манайх Бугат сумын 3 дугаар багийн нутагт Мааньт гэх нэртэй газар байдаг. Манай урдхан талын уулнаас мод ачсан байсан. О.С ах ганцаараа явсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 79 тал/,
Шүүгдэгч О.С яллагдагчаар өгсөн: Манай хөдөө байдаг гэр маань Булган аймгийн Бугат сумын нутагт нутагладаг бөгөөд хөдөө гэрт маань манай аав Батчулуун, ээж Оюунтуяа, дүү Отгонбилэг нар хамт мал маллаж байдаг. Би тусдаа гараад 08 жил гаран болж байна. Одоо эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 4 дүгээр баг шиг санаж байна. Мааньт гэдэг газраас модоо бэлтгэж Д.Г гэдэг хүнд 150.000 төгрөгөөр худалдсан юм. Миний бэлтгэж Д.Г т зарсан мод нь портер 20-21 ширхэг мод байсан. Д.Г ах надаас авсан модыг хашааны банз болгож зүснэ гэж байсан. Зүсээгүй хэвээрээ байгаа. Миний бэлтгэж Д.Г т өгсөн мод нь одоо Д.Г ын хашаанд байшингийнх нь ард хураасан байгаа. Би мод бэлтгэхдээ үндсээрээ унасан модноос модоо бэлтгэсэн бөгөөд нойтон босоо мод байж байгаад үндсээрээ унасан мод байсан. Тэр модноос 2 метрийн хэмжээтэй бэлтгэж ачсан. Би ганцаараа бэлтгээд ачиж байхад миний төрсөн дүү Отгонбилэг адуу хайж яваад таараад хамт ачсан юм. Аав Батчулууны эзэмшлийн 93-99 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж Д.Г т зарсан юм. Д.Г аас мөнгийг нь аваагүй байгаа. Мод бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн дружба хөрөөгөөр бэлтгэсэн. Манай аавын машины үндсэн дугаар нь 93-99 ОРО улсын дугаартай юм. Манайх машиныхаа тэвшийг сольсон бөгөөд 62-53 БУЛ улсын дугаартай тэвш тавьсан байгаа юм. Би мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл аваагүй, ямар ч зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн. Би хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлоо барагдуулах болно гэх мэдүүлэг /хх-ий 149 тал/,
Шүүгдэгч Д.М ы яллагдагчаар өгсөн: Би Булган аймгийн Бугат суманд төрж өссөн. Орхон аймаг руу шилжээд 4 болж байна. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байгаад эхнэрээсээ салаад 5 жил болж байна. Би одоо 3 хүүхдийн хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Би 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан даваа” гэх газраас хууль бус мод бэлтгэсэн бөгөөд тухайн өдөр гишүү ачих санаатай Зодвоо гэдэг хамаатны залуугийн машиныг гуйгаад явсан. Тэгээд гишүү олдохгүй байсан болохоор тэр хавьдаа хатах маягтай, хорхой идсэн шинжтэй 4 ширхэг мод унагааж 2 метрийн урттай тайраад ачсан юм. Би хань татах гээд бага хүү 11 настай Энхсайханы хамт явсан. Тэгээд 19 ширхэг мод ачсан бөгөөд ачсан модоо Орхон аймаг руу оруулж Д.Г гэдэг хөрөө рамтай залууд 150.000 төгрөгөөр зарж мөнгийг нь авсан. Миний ачсан мод нойтон шинэс төрлийн мод байсан. Би мод бэлтгэхдээ өөрийнхөө улаан өнгийн дружба хөрөөгөөр хөрөөдөж бэлтгэсэн. Миний Д.Г т зарсан модыг зүсээд палк болгоод байсан одоо Д.Г ын хашаанд байгаа. Би хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтээр гарсан хохиролоо барагдуулах болно гэх мэдүүлэг /хх-ийн 151 тал/,
Шүүгдэгч Б.М өгсөн: Би Булган аймгийн Булган суманд төрж өссөн. Орхон аймаг руу орж ирээд 4 жил болж байна. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Эрдэнэт хивсний үйлдвэрт ажилладаг. Би 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг Оросын булаг амралтын урд уулнаас унаанги модноос 2 метрээр хөрөөдөж модоо бэлтгэсэн бөгөөд Д.Г гэдэг хүнд 150.000 төгрөгөөр худалдсан юм. Би мөнгөө авсан байгаа. Миний бэлтгэж Д.Г т өгсөн мод нь нэг портер 20-21 ширхэг мод байсан. Д.Г ах надаас авсан модоо банз болгож зүссэн байгаа. Одоо Д.Г ын хашаанд хураасан 335 ширхэг банз байгаа. Надаас авсан бүх модыг зүсээд банз болгосон байгаа. Би модоо ганцаараа бэлдэж ачсан бөгөөд өөрийнхөө улаан өнгийн дружба хөрөөгөөр хөрөөдөж өөрийнхөө эзэмшлийн хөх өнгийн **-**БУА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн юм. Унаанги модноос хөрөөдөж модоо бэлтгэсэн бөгөөд ихэнх нь хатсан моднууд байсан. Би хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлоо барагдуулах болно гэх мэдүүлэг /хх-ийн 153 тал/,
Шүүгдэгч Д.Г ын яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б.М гэдэг залуугаас нэг портер мод буюу 2 м урттай тайрч ачсан. 20-21 ширхэг бөөрөнхий мод 150.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Б.М өөрийнхөө хөх өнгийн портероор ачиж авч ирсэн. Ганцаараа явсан. Б.М эс авсан модоо зүсээд дан банз болгосон 2 см зузаантай 2 метрийн урттай 335 ширхэг банз болсон. Одоо манай амбаарт хураасан байгаа. 2018 оны 05 дугаар сарын 28-ны Д.М гэдэг залуугаас нэг портер модыг 150.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 20 орчим ширхэг 2 метрийн урттай мод байсан. Д.М цагаан өнгийн бонго машинтай авч ирж өгч байсан. Д.М аас авсан модоо зүсээд 2 метрийн урттай палк болгосон байгаа мөн зах банз гаргаж авсан байгаа. 41 ширхэг зах банз гарсан байгаа. Одоо манай гражийн хажууд хураасан байгаа. 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр О.С гэдэг залуугаас 21 ширхэг бөөрөнхий мод худалдаж авсан бөгөөд мөнгийг нь өгөөгүй байгаа. Санчираас авсан модоо зүсэж амжаагүй, одоо 21 ширхэг бөөрөнхий мод манай байшингийн ард хураасан байгаа. Энэ гурван залуугаас авсан мод нь бүгд нойтон шинэс мод байсан. О.С гэдэг залууг Бороо гэж дууддаг юм. Энэ гурван залууг танина. Садан төрлийн холбоо байхгүй зүгээр танидаг залуучууд байгаа юм. Урьд өмнө мод авч байгаагүй. Би хашаандаа мужааны цех ажиллуулдаг юм. 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Хашаан дотроо граж барьж дотор нь үйл ажиллагаа явуулдаг юм. Мужааны цехийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зөвшөөрөл бичиг баримтууд нь бүгд бүрдсэн байгаа, зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг юм. Бөөрөнхий хөрөө, харуул, зэрэг зохих багаж хэрэгслүүдийг ашигладаг. Ажлын байрны дүгнэлт гэдэг зүйл байх ёстой байдаг. Би ажлын байрны дүгнэлтээ хаанаас авахаа мэдэхгүй байгаа болохоор одоохондоо авч амжаагүй байгаа. Ажлын байрны дүгнэлтгүй үйл ажиллагаа явуулж болдог. Мужааны цехийн үйл ажиллагаа нь модон эдлэл хийдэг зөвшөөрөлтэй мод бол зүсэж болдог юм. Би уул нь зөвшөөрөлтэй мод зүсдэг байсан. Энэ удаад зөвшөөрөлгүй мод худалдаж авсан асуудал байгаа. Би хууль бусаар мод худалдаж авсанаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 155 тал/,
Булган аймгийн Булган сумын сум дундын ойн ангийн ойн инженер Б.Жавхлангийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтээр
1. 33 ширхэг 1.89 м3 хэмжээтэй зүссэн шинэс төрлийн палкын экологи эдийн засгийн үнэлгээ 526176 /таван зуун хорин зургаан мянга нэг зуун далан зургаа/ төгрөг,
2. 41 ширхэг 0.44 м3 хэмжээтэй зүссэн шинэс төрлийн зах банзны экологи эдийн засгийн үнэлгээ 122496 /нэг зуун хорин хоёр мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөг,
3. 335 ширхэг 1.88 м3 хэмжээтэй зүссэн шинэс төрлийн банзны экологи эдийн засгийн үнэлгээ 523392 /таван зуун хорин гурван мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөг,
4. 21 ширхэг 2.57 м3 шинэс төрлийн бөөрөнхий модны экологи эдийн засгийн үнэлгээ 444096 /дөрвөн зуун дөчин дөрвөн мянга ерэн зургаа/ төрөг,
5. Нийт экологи эдийн засгийн хохирол 1616160 / нэг сая зургаан зуун арван зургаан мянга нэг зуун жар / төгрөг болж байна гэх дүгнэлт /хх-ийн 83 тал/, нөхөн төлбөр тооцох тухай Улсын байцаагчийн дүгнэлт /хх-85 тал/, Тольдох оюуны өгөөж ХХК-ий шинжээчийн дүгнэлтүүд /хх-87-119 тал/, шүүгдэгч нарын хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-125-136 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-137-140 тал/, тээврийн хэрэгслийн эзэмшигчдийн талаарх лавлагаа /хх-145-147 тал/, шүүгдэгч нарын хохирол төлсөн баримт /хх-169-171 тал/ болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагрпаж ирсэн 3 ширхэг моторт хөрөө зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн хөх өнгийн **-**БУА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Оросын булаг” гэх газраас 2.33 м3 шинэс мод, шүүгдэгч Д.М нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Э.Зодвоогийн эзэмшлийн **-**ОРХ улсын дугаартай, цагаан өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгслээр Булган аймгийн Бугат сумын нэгдүгээр багийн нутаг “Цагаан даваа” гэх газраас 1.89 м3 шинэс мод, шүүгдэгч О.С нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Д.Батчулууны эзэмшлийн 93-99 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр Булган аймгийн Бугат сумын гуравдугаар багийн нутаг “Мааньт” гэх газраас 2.57 м3 шинэс төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэж худалдсан, шүүгдэгч Д.Г нь 2018 оны 5 дугаар сарын 27-ноос 30-ны өдрүүдэд ойд зөвшөөрөлгүй бэлтгэсэн шүүгдэгч Б.М , Д.М , О.С нарын гарал үүслийн гэрчилгээгүй модыг худалдан авсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч С.Оюунбадрах, Ш.Энх-Амгалан, гэрч Е.Өлзийбат, Б.Отгонбилэг, насанд хүрээгүй гэрч М.Энхсайхан, Э.Зодвоо, Д.Батчулуун нарын өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч нарын яллагдагчаар татагдаж өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 1616160 төгрөгийн шууд хохирол учирсан болохыг тогтоосон Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газар, тээврийн хэрэгсэлд болон мод, цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр шүүгдэгч нарын хууль бусаар мод бэлтгэж худалдсан, худалдан авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргажээ.
Хууль бусаар мод бэлтгэх, худалдах, худалдан авах гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг худалдсан, худалдан авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч нарын дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдсан хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Г , Б.М , Д.М , О.С нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Байгаль экологид шүүгдэгч Д.М нь 648672 төгрөгийн, шүүгдэгч Б.М 523392 төгрөгийн, шүүгдэгч О.С 444096 төгрөгийн хохирол тус тус учруулж, Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасны дагуу ойн санд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4848480 төгрөгийн нөхөн төлбөр тооцогдсоноос 1616160 төгрөгийг шүүгдэгч Д.Г , Б.М , Д.М , О.С нар нь хувь тэнцүүлэн төлсөн байх тул үлдэгдэл төлбөрийн 1246784 төгрөгийг шүүгдэгч Б.М эс, 1297344 төгрөгийг шүүгдэгч Д.М аас, 888192 төгрөгийг шүүгдэгч О.Санчираас тус тус гаргуулж Байгаль хамгаалах санд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг зарим хэсгийг төлж үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-**БУА улсын дугаартай, хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг моторт хөрөө нь шүүгдэгч Б.М , Д.М , О.С нарын, харин **-**ОРХ улсын дугаартай, цагаан өнгийн “БОНГО Ж-2” маркийн, 93-99 ОРО улсын дугаартай, цагаан өнгийн “БОНГО Ж-2” маркийн тээврийн хэрэгсэл нь Э.Зодвоо, Д.Батчулуун нарын өмчлөлд байгаа болох нь гэрч Э.Зодвоо, Д.Батчулуун /хх-77-78 тал/ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон лавлагаа /хх-93, 102, 117, 146 тал/ зэргээр тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5/19 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн 335 ширхэг 1.88 м3 зүссэн шинэс төрлийн банз, 33 ширхэг 1.89 м3 зүссэн шинэс төрлийн палк, 40 ширхэг 0.44 м3 шинэс төрлийн зах банз, 21 ширхэг 2.57 м3 шинэс төрлийн бөөрөнхий мод, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5/18 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн **-**БУА улсын дугаартай, хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг моторт хөрөөг тус тус албадан гаргуулж гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлын дүнгээс илүү гарсан тохиролдолд улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Харин 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5/19 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн 380 вт моторын битүүмжлэлийг хүчингүй болгож өмчлөгч Д.Г т, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5/17, 5/20 дугаартай тогтоолоор тус тус битүүмжлэгдсэн **-**ОРХ улсын дугаартай, цагаан өнгийн “БОНГО Ж-2” маркийн, 93-99 ОРО улсын дугаартай, цагаан өнгийн “БОНГО Ж-2” маркийн тээврийн хэрэгслүүдийг өмчлөгч Э.Зодвоо, Д.Батчулуун нарт буцаан олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Г нь төлөх төлбөргүй болохыг дурьдвал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Товогт Д.Г ыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг худалдан авсан, И овогт Б.М , Х овогт Д.М , Ө овогт О.С нарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г , Б.М , Д.М , О.С нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Г , Б.М , Д.М , О.С нарт тус тус оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг сар бүр далан таван мянган төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг зургаан сарын хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Г , Б.М , Д.М , О.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Г нь төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгч Б.М эс 1246784 /нэг сая хоёр зуун дөчин зургаан мянга долоон зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн Орхон сумын Байгаль хамгаалах санд, шүүгдэгч Д.М аас 1297344 /нэг сая хоёр зуун ерэн долоон мянга гурван зуун дөчин дөрөв/ төгрөгийг, шүүгдэгч О.Санчираас 888192 /найман зуун наян найман мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж Булган аймгийн Бугат сумын Байгаль хамгаалах санд тус тус оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг баримтлан 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5/19 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн 380 вт моторын битүүмжлэлийг хүчингүй болгож түүний өмчлөгч Д.Г т, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5/17, 5/20 дугаартай тогтоолоор тус тус битүүмжлэгдсэн **-**ОРХ улсын дугаартай, цагаан өнгийн “БОНГО Ж-2” маркийн, 93-99 ОРО улсын дугаартай, цагаан өнгийн “БОНГО Ж-2” маркийн тээврийн хэрэгслүүдийг өмчлөгч Э.Зодвоо, Д.Батчулуун нарт тус тус буцаан олгож, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5/19 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн 335 ширхэг 1.88 м3 зүссэн шинэс төрлийн банз, 33 ширхэг 1.89 м3 зүссэн шинэс төрлийн палк, 40 ширхэг 0.44 м3 шинэс төрлийн зах банз, 21 ширхэг 2.57 м3 шинэс төрлийн бөөрөнхий мод, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5/18 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн **-**БУА улсын дугаартай, хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг моторт хөрөөг тус тус хурааж, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж илүү гарсан тохиролдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г , Б.М , Д.М , О.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД