| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/00159/Э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2018-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 168
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: У.Анхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,
Шүүгдэгч: Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн Ж.М-д холбогдох 1826003040185 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Ж.М
Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 06 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, 38 дугаар гудамжны 13 тоотод иргэн Ц.М-г бусадтай хардсанаас үүдэн маргалдаж, улмаар түүний зүүн хацар хэсэг рүү зуухны төмөр хутгуур шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Ц.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Ж.М намайг надтай хамт ажиллаж байсан хүүхэнтэй хардаад бид хоёр хоорондоо маргалдсан. Би Ж.М-н дух руу нэг удаа алгадсан. Тэгтэл Ж.М уурлаад зуухны урд байсан төмөр хутгуурыг аваад над руу шидэхэд миний зүүн хацар руу онож зүсэгдсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 18-19 хуудас/,
Гэрч Х.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай эгч Ж.М найз залуу болох Ц.М хэрэлдэж маргалдаад байгаа бололтой байсан. Тэгэж маргалдаж байхдаа эгч Ц.М руу зуухны урд байсан төмөр хутгуур аваад шидчихсэн юм шиг байсан. /хх-ийн 5-6 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №434 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Ц.М-н биед зүүн хацар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 25 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, шүүгдэгч Ж.М-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13-15, 30-31 хуудас/,
Шүүгдэгч Ж.М-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35-36 хуудас/,
Шүүгдэгч Ж.М-н урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тус хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.М нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 06 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар баг ******* тоотод хохирогч Ц.М-тэй түүнийг бусадтай хардсны улмаас маргалдаж, хохирогч Ц.М-н зүүн хацран тус газар нь төмөр хутгуур шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.М-н Ж.М намайг надтай хамт ажиллаж байсан хүүхэнтэй хардаад бид хоёр хоорондоо маргалдсан. Ж.М зуухны урд байсан төмөр хутгуурыг аваад над руу шидэхэд миний зүүн хацар руу онож зүсэгдсэн. Гэрч Х.З-н Ж.М найз залуу болох Ц.М-тайгаа хэрэлдэж маргалдаад байгаа бололтой байсан. Тэгэж маргалдаж байхдаа эгч Ц.М руу зуухны урд байсан төмөр хутгуур аваад шидчихсэн юм шиг байсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №434 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, шүүгдэгч Ж.М-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Ж.М-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон шүүгдэгч Ж.М-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.
Шүүгдэгч Ж.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр хутгуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Ж.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-д дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр хутгуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.