Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 170

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн,

Улсын яллагч У.Анхжаргал,

Шүүгдэгч Р.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн Р.Ц-д холбогдох 1826003110184 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Р.Ц

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Ц нь Г.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Р.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Эхнэртэйгээ эвлэрсэн, одоо хамт амьдарч байгаа гэв.

Хохирогч Г.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 29-ний орой 18 цагийн үед манай нөхөр Ц /*******/ нь Б гэх залуутай гэртээ архи уучихаад Б нь сумын төв рүү яваад өгсөн. Тэгээд манай нөхөр Ц нь одоо оршин сууж байгаа ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар гэртээ 18 цагийн үед өөрийг нь эзэнгүй байх үед адуу сурч явсан 2 залуу орж ирэхэд намайг хардаад мөн машинаа унаад явах гэхээр нь би чи согтуу машинаа унаж яах гээд байгаа юм бэ гэхэд тэрэнд мөн уурлаад намайг хүүхдээ тэврээд сууж байхад ногоон өнгийн хуванцар саваар толгой руу цохисон. Тэгэхээр нь би хүүхдээ тэврээд гэрээсээ гараад гол руу алхаад явж байтал хойноос хүрч ирээд чи хаачих гээд байгаа юм бэ? хэнтэйгээ уулзах гээд байгаа юм бэ? гэж хэлээд намайг гараараа нүүрэн хэсэгт 4 удаа цохиж багалзуур шахсан. Мөн гарын булчингаас базаад татаад байсан. Миний зүүн талын нүд хөхөрчихсөн. Хавдар нь одоо буучихсан. Толгой жаахан өвдөж байгаа. Тэгээд манай нөхөр машинаа асаагаад яваад өгсөн. Гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй. 2014 оны 12 сараас нэг гэрт орж хамт амьдарч байгаа. Дундаасаа нэг хүүхэдтэй. Би нөхрөөсөө хэрэг болдог өдөр салсан ба одоо тусдаа амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-9 хуудас/,

Гэрч Ч.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед манай охин ******* миний утас руу залгаж манай нөхөр Ц намайг зодож миний нүдийг хөхрүүлчихлээ гэсэн. Тэгэхээр нь Т гэх дүүгээ дагуулаад хөдөө гэрт нь очиж охин Б авч ирсэн. Намайг очих үед манай охин Б гэртээ охинтойгоо хамт байсан. Охин О нь одоо 3 настай. Ц нь ер нь бол байнга л архи ууж гэртээ агсан тавьж байдаг. Хэрүүл болох гол үндэс нь байнга л Б-г өөр залуучуудтай хардаж хэрүүл маргаан гаргадаг. Бид нар байнгын түгшүүртэй, хэзээ ирэх бол, хэзээ ирж агсан тавих бол гэж санаа зовж суудаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,

Гэрч Г.А-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хөдөө Ц ахын гэрт очих үед Ц ах согтуу манай ээжтэй маргалдаад байсан. Тэгээд би айлд адуу барилцаж өгөх гэж яваад шууд сумын төв рүү орчихоод ирсэн. Тэгтэл маргааш нь ээж сүлжээн дээрээс яриад зодуулчихлаа гэж хэлсэн ба эмээ, Тулга нар очиж авч ирсэн. Тэр үед манай ээжийн зүүн талын нүд нь хавдаж хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,

Шүүгдэгч Р.Ц-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг дэвсгэр “*******ын ам” гэх газар би гэртээ Буянаа гэх залуутай архи ууж дуусчихаад эхнэр *******гаас машины түлхүүр өгчих гэхэд чи согтуу машин барьж болохгүй гэхээр нь би машины түлхүүрээ булаацалдаж байгаад машины түлхүүрээ аваад явах гэхэд араас зууралдаад намайг явуулахгүй болохоор нь эргэж хараад гараараа нэг ширвээтэхсэн чинь баруун гарын тохойгоороо эхнэр *******гийн зүүн талын нүдэнд нь цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №449 дугаартай шинжээчийн:

1.Үзүүлэгч Г.Б-н биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, цээж, баруун гуя хэсэгт цус хуралт, зүүн дал хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.4.Уг гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

5. Үзүүлэгч Г.Б-н биед 2011 оны 12 дугаар сард шинэ жилийн үеэр, 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, 2015 оны 08 дугаар cap, 2016 оны 09 дүгээр сард зодуулснаас үүссэн гэх бүсэлхий нуруу, баруун зүүн хөлийн шилбэний хэсэгт үүссэн сорви гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Үүсгэсэн цаг хугацаандаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зодуулах үед үүссэн байх боломжтой тархи доргилт, зүүн нүдний зовхи, цээж, баруун гуя хэсэгт цус хуралт, зүүн дал хэсэгт зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

6. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зодуулах үед үүссэн байх боломжтой тархи доргилт, зүүн нүдний зовхи, цээж, баруун гуя хэсэгт цус хуралт, зүүн дал хэсэгт зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 36 хуудас/,

Шүүгдэгч Р.Ц-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 06/426 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 43, 45 хуудас/,

Шүүгдэгч Р.Ц-н урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тус хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Р.Ц нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 18-19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “*******ын ам” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Ц-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Б-н “...2018 оны 06 дугаар сарын 29-ний орой манай нөхөр Ц нь одоо оршин сууж байгаа ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “*******” гэх газар гэртээ 18 цагийн үед өөрийг нь эзэнгүй байх үед адуу сурч явсан 2 залуу орж ирэхэд намайг хардаад мөн машинаа унаад явах гэхээр нь би чи согтуу машинаа унаж яах гээд байгаа юм бэ? гэхэд тэрэнд мөн уурлаад гараараа миний нүүрэн хэсэгт 4 удаа цохиж багалзуур шахсан. Мөн гарын булчингаас базаад татаад байсан. Миний зүүн талын нүд хөхөрчихсөн.” /хх-6-9/, гэрч Ч.Л-н “...2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед манай охин Б миний утас руу залгаж манай нөхөр Ц намайг зодож миний нүдийг хөхрүүлчихлээ гэсэн.” /хх-14-15/, гэрч Г.А-н “...би 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хөдөө Ц ахын гэрт очих үед Ц ах согтуу манай ээжтэй маргалдаад байсан. Маргааш нь ээж зодуулчихлаа гэж хэлсэн” /хх-16-17/  гэсэн мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №449 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Р.Ц-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хуульчилсан бөгөөд хохирогч Г.Б, шүүгдэгч Р.Ц нар нь 2014 оноос хойш хамт амьдарсан, дундаасаа 1 хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу хамтран амьдрагч болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Р.Ц, хохирогч Г.Б, гэрч Ч.Л, Г.А нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Р.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокуророос уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Р.Ц нь ял шийтгүүлж байгаагүй, бусдад төлөх төлбөргүй болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/, хохирогч Г.Б-н шүүхэд ирүүлсэн “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.Цэрэнтогтохтой сайн дураараа эвлэрч одоо хамт амьдарч байна” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч  Р.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хангасан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч Г.Б-н “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Р.Ц-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь  харгалзан үзэж, шүүгдэгч Р.Ц-г хуульд заасан торгох ялаар шийтгэж,  уг торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Ц-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Мөн шүүгдэгч Р.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овгийн Р.Ц-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Р.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.