Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 477

 

                                                          Г.Ед холбогдох                                                               

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 300 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 771 дүгээр магадлалтай, Г.Ед холбогдох 2009008250431 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2013 оны 1 дүгээр сарын 3-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлсэн, Боржигон овогт Г.Е нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ег бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ед хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авч шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, ...” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Text Box: Хяналтын шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Э.Амарбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Боржигон овогт Г.Ег “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Ед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ед хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 771 дугаартай магадлалаар “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрөх дараах үндэслэл байна. Үүнд:

1.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг харилцааг зохицуулсан байгаа бол, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ялыг тэнсэх буюу харилцан өөр агуулга бүхий харилцааг зохицуулсан байгаа тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдсон хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн хэргийн талаар хийгдэж байгаа дүгнэлтээс шалтгаалж эдгээр зохицуулалтын аль нэгийг баримтлахаар байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлүүдийг давхар баримтлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг заахаар тусгасан байна. Гэтэл 300 дугаартай “Шийтгэх тогтоол”-ын “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад “Хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бус “Шүүгдэгч Боржигон овогт Г.Ег “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж шүүгдэгч Г.Егийн үйлдлийн аргаар гэм бурууг тодорхойлсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 771 дугаартай магадлалд өөрчлөлт оруулуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Г.Е нь дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Б.Бгийн “Самсунг эс-9” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 765.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд прокурорын хялбаршуулах саналын дагуу цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлийг давхар журамласан нь үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлийг давхар журамлан хэрэглэснийг Эрүүгийн хууль буруу хийсэн гэж үзэхгүй гэсэн дүгнэлтийг хийж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй тул дээд шатны прокурор шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн нь үндэслэлтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Э.Амарбатын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Г.Ед холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Е нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тамир” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Б.Бгийн эзэмшлийн “Самсунг эс-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 765.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Егийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын тавьсан саналын хүрээнд /хх-78/ Г.Ед хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зохих албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу болон учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ед хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлаж техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт” гэсэн өөрчлөлт оруулсан нь зөв болно.

Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг давхар баримтлах шаардлагагүй тул энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв.

Түүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох;”-ыг бичихээр хуульчилсан тул шүүгдэгч ямар төрлийн гэмт хэргийг ямар хүндрүүлэх шинжээр үйлдсэн гэм буруутай болохыг шийтгэх тогтоолд тодорхой бичих нь шүүгдэгч ямар хэрэгт яллагдаж, гэм буруутайд тооцогдож байгаагаа мэдэх эрхийг нь хангахад чухал ач холбогдолтой тул энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохих нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Э.Амарбатын бичсэн эсэргүүцлийг хангаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Боржигон овогт Г.Ег хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэснийг хасч, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 771 дүгээр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН