Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02016

 

 

 

 

 

 

 

 

 

М-ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02753 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М-ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 19,104,629.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний агуулга: Д.Б- нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 10004411 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 9,500,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар УНТ 00-00 улсын дугаартай, ачааны өөрөө буулгагч автомашиныг барьцаалсан. Д.Б- нь зээлийн гэрээнийн үүргээ гүйцэтгээгүй, гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дууссан. Иймд Д.Б-аас үндсэн зээл 9,071,671 төгрөг, зээлийн хүү 14,803,069 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,501,484 төгрөг, нийт 28,176,225 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9,071,596 төгрөгийг төлсөн. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул 19,104,629 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгч С.Д-нь гадаад улсад амьдардаг бөгөөд бид хамтран зээлдэгч Д.Б-аас зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардаж байгаа гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасан. Миний бие М-ББСБ ХХК-д хандаж зээл авах тухай хүсэлт гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч М-ББСБ ХХК нь иргэн Д.Б- надад зээл олгох зориулалтаар ямар нэгэн данс нээгээгүй, миний дансанд зээлийг шилжүүлээгүй, надад зээл олгоогүй, миний бие тухайн зээлийг огт ашиглаагүй болно. Миний бие 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10004411 тоот зээлийн гэрээнд гарын үсэг зураарай гэхээр нь зээлдэгчийн төлөөлөгчөөр гарын үсэг зуруулж байгаа юм байна гэж ойлгон гарын үсэг зурсан. Тиймээс миний бие зээлдэгчийн бусдад төлөх зээлийн үүргийг түүний өмнөөс гүйцэтгэх, түүний үүргийг өөртөө шилжүүлэн авах үндэслэлгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлдэгч С.Д-ыг хариуцагчаар татан оролцуулж, намайг хариуцагчаас хасах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М-ББСБ ХХК-ийн хариуцагч Д.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 19,104,629.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 298,831.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасан. Зээлдэгч С.Д-нь гэр бүлийн хамт Америкийн Нэгдсэн Улсад явсан гэх үйл баримтын талаар маргаагүй тул зээлдүүлэгчийн зүгээс Хил хамгаалах Ерөнхий газарт нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүй. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар аль ч үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэгч нь Д.Б-аас зээлийн төлбөрийг шаардсан. Гэтэл шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож үүрэг хүлээсэн байхад шүүх Д.Б-ыг үүрэг хүлээнэ гэж үзэхгүй гэсэн дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэсэн. Фидуцийн гэрээний зүйлийг бодитоор шилжүүлэхгүй байгаа тул бид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх буюу хамтран үүрэг гүйцэтгэгч болсон Д.Б-аас шаардах эрхийн хүрээнд зээлийн гэрээний үүргийг шаардсан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч М-ББСБ ХХК нь хариуцагч Д.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,104,629 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... С.Д-т зээлийн данс нээж, уг дансанд зээлийг шилжүүлсэн байдаг ..., ... надад зээл олгоогүй, зээлийг ашиглаагүй, гэрээнд гарын үсэг зураарай гэхээр нь зурсан ... гэх үндэслэл заан маргажээ. /хх-1-2, 43/

3.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

4.Хэргийн 11-17 дахь талд буй 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10004411 дугаартай Зээл, барьцааны гэрээ нэртэй гэрээнд нэг талаас зээлдүүлэгч М-ББСБ ХХК нөгөө талаас зээлдэгч С.Д-гэж бичигдсэн байгаа боловч гэрээг байгуулсан хэсэгт зээлдүүлэгч М-ББСБ-ыг төлөөлж гүйцэтгэх захирал Ө.Ц, зээлийн албаны ахлах Б.М, эдийн засагч С.Гг, зээлдэгч С.Д, хамтран зээлдэгч Д.Б- нар гарын үсэг зурж, гэрээг баталгаажуулсан байна. Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр гэрээ үйлдэн, гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар тэдгээрийн хооронд хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

4а.Гэрээгээр зээлдүүлэгч нь 9,500,000 төгрөгийг сарын 3,5 хувь, жилийн 42 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар, 18 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу хугацаанд нь төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөх нөхцлийг харилцан тохиролцжээ. /хх 11-16/

4б.М-ББСБ нь гэрээний дагуу зээлдэгч С.Д-ын зээлийн данс руу 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 9,500,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, талууд маргаангүй.

4в.Иймд М-ББСБ, С.Д, Д.Б- нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх тул хэн аль нь нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

5.Д.Б- нь хамтран зээлдэгчийн хувиар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан учир зээлдэгч С.Д, Д.Б- нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.

6.Зээлийн гэрээний хавсралтаар зээлдэгч нь сар бүрийн 28-ны өдөр зээл, түүний хүүд 719,861 төгрөг төлөх хуваарийг талууд баталсан байна. /хх-17/

7.Нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтаас үзвэл, зээлдэгч нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 800,000 төгрөг төлсөн, зээлдүүлэгч төлбөрийг үндсэн зээлд 428,329 төгрөг, зээлийн хүүд 327,945 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 43,726 төгрөг тус тус суутган тооцжээ. /хх-22/ Зээлдэгч тал дээрх хугацаанаас хойш гэрээний үүрэг гүйцэтгэсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

7а.Зээлдэгч С.Д-нь гадаад улсад амьдарч байгаа талаар зохигчдын хэн аль нь тайлбарладаг бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэгч М-ББСБ нь хариуцагч Д.Б-аас зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох зохицуулалтад нийцнэ. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсгийг буруу тайлбарласан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

8.Нэхэмжлэгч М-ББСБ нь хариуцагч Д.Б-т холбогдуулан үндсэн зээл 9,071,671 төгрөг, зээлийн хүүд 14,803,069 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,501,485 төгрөг, нийт 28,176,226 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгчээс үндсэн зээл 9,071,673 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 19,104,630 төгрөг болгон багасгажээ.

8а.Хариуцагч нь зээлийн тооцооллын талаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтыг үгүйсгэж, өөр баримтаар няцаагаагүй байна. /хх 22-27/

8б.Талууд гэрээний 3.2.3-т зээлдэгч гэрээнд заасан хугацаа болон гэрээний хавсралтаар баталсан хуваарийн дагуу зээл, хүүг төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөх үүрэг хүлээхээр заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

8в.Нэхэмжлэгч тал 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс хойш үүргийн зөрчсөн гэж үзэн, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гүйцэтгээгүй үүргээс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилсэн нь дээрх хуульд нийцэх тул хариуцагч Д.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 19,104,630 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М-ББСБ-д олгох нь зүйтэй.

Талууд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр фидуцийн гэрээ байгуулж, Даевоо трак /Daewoo truck/ маркийн 00-00 УНТ улсын дугаартай автомашиныг М-ББСБ-ын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх 18-21/ Энэ гэрээний дагуу фидуцийн зүйлийн өмчлөлийг бодитоор шилжүүлээгүй талаар тайлбарласан, нэхэмжлэгч дээрх гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир тус гэрээний талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ.

9.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/02753 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 19,104,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М-ББСБ ХХК-д олгосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,831 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 253,473 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М-ББСБ ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М-ББСБ ХХК-аас төлсөн 253,473 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ч.ЦЭНД