| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0165/Э |
| Дугаар | 172 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 172
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Дамбийням,
Хохирогч шүүгдэгч Д.Г, Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д.Ганбат, ******* овогт Ж.Г нарт холбогдох 1726001400066 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 27 ны өдрийн 37 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Цагаан-Овоо овогт Д.Г
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаа хорих ялаар, Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөний ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар тэнссэн, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ******* овогт Ж.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн гэртээ иргэн Ж.Г-н баруун хацарт шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Г нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.Г-н толгойн тус газарт архины шилээр 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн байцаалтанд хохирогч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Би хийсэн хэргэтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Ж.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд хохирогч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Би хийсэн хэргэтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Д.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний толгойд зөөлөн эдийн гэмтэл учирсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Ж.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би тухайн өдөр Ж.Г-д цохиулсны дараа ахындаа очоод ухаан алдсан байсан. Би эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал 449.870 төгрөгийг хүнээс зээлж өгсөн. Үүнийгээ Д.Г-с нэхэмжилж байна...” гэв.
Хохирогч Д.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Ж.Г-н нүд, ам сонин болоод ууж байсан архитай шилийг архитай нь аваад миний толгой руу 2-3 удаа цохисон. ... Миний уур хүрээд архи ууж байсан 200 граммын шар хүрээтэй, төмөр сэнжтэй, шилэн хундага аваад нүүр лүү нь шидсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Хохирогч Ж.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Д.Г өөрийнхөө эхнэрийг дарамтлаад байсан. Тэгэхлээр нь би болиоч гэж хэлтэл чамд хамаагүй гээд миний хацар хэсэг рүү шилэн аягаар цохисон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
Гэрч И.У-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчим гэртээ ирсэн. Намайг ирэхэд Ж.Г, Д.Г хоёр архи уугаад сууж байсан. Тэр хоёр 2 шил 0.5 литрийн “Нутгийн буян” нэртэй архи хувааж ууцгаасан. Сүүлийн архиа хувааж ууж байхдаа хоорондоо маргалдаад Д.Г архи ууж байсан шилэн хундага Ж.Г рүү шидээд хацарт нь оносон. Тэгтэл зөрүүлээд Ж.Г, Д.Г-н толгой руу цохисон. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдоод байхаар нь би цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь Ж.Г би өөрөө цагдаа дуудна гээд явсан. Д.Г гэрт унтаад үлдсэн. Уг хэрүүл зодоон 20 цагийн орчим болсон. ...Ямар шалтгааны улмаас хэрүүл зодоон болсныг мэдээгүй. Ж.Г-н нүүр нь нил цус болсон байсан. Д.Г-н биед ил харагдах шарх гэмтэл байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад миний дүү “...Ж.Г нь манай гэрт орж ирчихээд буцаад гараад явахаар нь...” би араас нь “...хаачих гэж байгаа юм бэ...” гэж асуухад “...Д.Г-д очъё гэж хэлээд яваад...” өгсөн. Тэгээд гэртээ байж байтал буцаад 21 цаг 10 минутын орчим манайд ирсэн. Ингэхдээ шанаагаа хоёр гараараа дарчихсан, цус нь гарынх нь салаагаар нилээд их гоожоод, хамаг хувцас нь цус болчихсон орж ирээд хувцасны шкабны дэргэд газар унасан. ...Энэ хугацаанд цус нь гоожсоор байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Г-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Ж.Г-н нүд ам сонин болоод ууж байсан архитай шилийг архитай нь аваад миний толгой руу 2-3 удаа цохисон ба шил нь хагараагүй. Эхнэр бид хоёрын дундуур ороод архитай шилийг булааж авсан. Миний уур хүрээд архи ууж байсан 200 граммын шар хүрээтэй, төмөр сэнжтэй, шилэн хундгыг аваад нүүр лүү нь шидсэн. Тэгээд л би Ж.Г-тэй барилцаж аваад ноцолдсон. Тэгтэл баруун талын шанаанаас нь цус нэлээд гарсан ба шууд өөрөө гараад гүйгээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Г-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “... Д.Г бид хоёр тэр үед хоорондоо үл ойлголцож маргалдсан. Тэгээд аль аль нь согтсон байсан. Тэр үед маргалдаж байгаад Д.Г руу шилтэй архи шидсэн. Тэр бас над руу хундага авч шидсэн. Ингэж бид хоёр бие биедээ гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 424 дугаартай: “... Ж.Г-н биед баруун хацарт мэс заслын оёдол бүхий шарх, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 42 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 423 дугаартай: “...Д.Г-н биед тархи доргилт, толгойн хуйхан дор зөөлөн эдийн гэмтэл, толгой, баруун гар, хэвлийн хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь учирсан үедээ үзүүлэгчийн амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Г-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай тодорхойлолт, гэрэлт бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, ял шалгах хуудас, 1999 оны 1 дүгээр сарын 27-ны 37 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын Асап сангийн лавлагаа. /хх-ийн 74-75, 77, 78, 83-85, 108-111 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ж.Г-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 774 дугаартай тодорхойлолт, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, ял шалгах хуудас, Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар. /хх-ийн, 120-128 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ж.Гантөмөрийн баруун хацарт шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Г нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.Г-н толгойн тус газарт архины шилээр 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотглогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Г-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн байцаалтанд хохирогч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ж.Г-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн байцаалтанд хохирогч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Г-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Миний толгойд зөөлөн эдийн гэмтэл учирсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн, Хохирогч Ж.Г-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... Би тухайн өдөр Ж.Г-т цохиулсны дараа ахындаа очоод ухаан алдсан байсан. Би эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэсэн...” гэсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Г-н “...шүүгдэгч Ж.Г-т зодуулсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 23-24/, хохирогч Ж.Г-н “...Шүүгдэгч Д.Г-д зодуулсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 27-29/, гэрч И.Уранчимэгийн “... хохирогч, шүүгдэгч Д.Г, Ж.Гр нарыг хоорондоо зодолдож байхыг харсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч Ж.Г-н “...шүүгдэгч Ж.Г-г шанаагаа хоёр гараараа дарчихсан, цус нь гарынх нь салаагаар нилээд их гоожоод, хамаг хувцас нь цус болчихсон орж ирээд хувцасны шкабны дэргэд газар унасан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 12-13/, шүүгдэгч Д.Г, Ж.Г нарын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 62-63, 65-66/, шүүгдэгч Д.Г-н үйлдлийн улмаас хохирогч Ж.Г-д хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 424 дугаартай дүгнэлт. /хх-ийн 42/, Шүүгдэгч Ж.Г-н үйлдлийн улмаас хохирогч Д.Г-д хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 423 дугаартай дүгнэлт. /хх-ийн 51-52/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогт Д.Г, ******* овогт Ж.Г нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* овогт Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, ******* овогт Ж.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Д.Г, Ж.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Ж.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн” –ийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож шүүгдэгч нарын “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Г нь урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол” /хх-ийн 124-126/, шүүгдэгч Ж.Г-н ял шалгах хуудас /хх-ийн 123/ зэргээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-д зааснаар Ж.Г-д оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож 45 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 45 хоногийн хугацаагаар хорих ялыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 9 сар 25 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жил 09 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Гнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,
Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Г-н цагдан хоригдсон 7 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ж.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Г, Ж.Г нар нь гомдол, саналгүй, хохирогч Д.Г нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч Ж.Г нь гэм хорын хохиролд 449.870 төгрөг нэхэмжилсэн ба энэ талаарх баримт шүүхэд авагдсан /хх-ийн 16-18/ үүнийг шүүх нотлох баримтаар тооцох үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-с 449.870 төгрөг гаргуулж хохирогч Ж.Г-д олгож шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч ******* овогт Ж.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Д.Г-г 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Шүүгдэгч ******* овогт Ж.Г-г 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Ж.Г-д оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож 45 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 45 хоногийн хугацаагаар хорих ялыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 9 сар 25 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-д оногдуулсан 2 жил 9 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-с 449.870 төгрөг гаргуулж хохирогч Ж.Г-д олгосугай.
7. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Г, Ж.Г нар нь гомдол, саналгүй, хохирогч Д.Г нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Г-н цагдан хоригдсон 7 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ж.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ж.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.