Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 173

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: У.Анхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,

Шүүгдэгч: Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Б.Л-д холбогдох 1826002440207 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн урьд Өвөрхангай аймгийн ******* дэх сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/124 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.1, 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар хоёр зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******* овогт Б.Л

Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Л ,шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирол төлбөрт 360000 төгрөг төлсөн гэв. 

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ганцаараа явж байгаад Б-той таараад гэрт нь очсон. Би Б-д Б болон бас нэг танихгүй залуутай 3-уулаа 2 шил Нутгийн буян нэртэй архи ууж байхад манай урд байдаг Л гэх залуу бас нэг танихгүй залуутай хамт орж ирээд бид нарын ууж байсан архинаас хамт уусан. Л бид хоёр Гандангийн хороололд нэг айлын хашаанд хамт орсон. Л-тай юунаас болж маргалдсанаа би сайн санахгүй байна. Тэр айлын хашаанд Л миний хоолой, энгэр хэсгээс барьж авсан. Тэгээд нэг мэдэхэд би Л- зодуулаад зүүн талын хөмсөг язарсан, хоёр нүд хавдчихсан байсан. Намайг ухаан ороход нүүр ам нэлэнхүйдээ цус болчихсон байхаар нь *******ийн гол орж нүүрээ угаачихаад С гэдэг дүүгийндээ ганцаараа очсон. Тэгээд тэр орой эмчид үзүүлж зүүн талын хөмсөгний язарсан шархандаа хоёр оёдол тавиулсан. Хохирол төлбөрт нийт 360000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 15-16 хуудас/,

Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Б ах нэлээн согтуу манайд орж ирээд хүнд зодуулсан талаараа хэлсэн. Тухайн үед ахын нүүр нь нэлэнхүйдээ хавдчихсан байсан. Тэгээд тэр өдрөө эмнэлэгт үзүүлнэ гээд явсан. /хх-ийн 17 хуудас/,

Гэрч Н.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Л нь хүний үгэнд оромтгой, үрэлгэн зөрүүд зантай. Надтай хамт амьдардаг. Эхнэр хүүхэд байхгүй. Л аймагт байхдаа архи байнга хэрэглэдэг. Л-д өөрийн гэсэн орлого байхгүй. Өвөлдөө ахынхаа мужааны цехэд ажилладаг. Зун тогтсон ажил хийдэггүй. Тухайн өдөр Б утсаар дуудаад байна, уулзчихаад ирье гээд Л гараад явсан. Шөнө 01 цагийн орчим 2 цагдаа манайд орж ирээд Л-г сураад Б гэдэг хүнийг зодсон гэж хэлэхэд нь би энэ талаар мэдсэн. /хх-ийн 19-20 хуудас/,

Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Л нь хүний үгэнд оромтгой, үрэлгэн зантай, одоогоор тогтсон амьдралгүй, ээж Д-тай хамт манай хашаанд амьдардаг. Л байнга архи хэрэглэдэг. /хх-ийн 21-22 хуудас/,

Гэрч Ц.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 05 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Би Б-тай хамт Б-н гэрт очиход тэднийд Б, Б, Л нар 2 шил архи ууж байснаас 1 шил архийг нь уугаад дууссан байсан. Тэр архинаас хамт ууж дуусгаад би Б-тай хамт гэр рүүгээ явсан. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй. Сүүлд Л-тэй таарахад би Б-г зодсон гэж ярьж байсан. /хх-ийн 26 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээнйй албаны 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №351 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:... Д.Б-н биед тархи доргилт, 2 ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт шарх, тус шарханд мэс заслын 2 ширхэг оёдол, баруун зүүн нүдний салст, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархай, зүүн хацрын төвгөр баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын төвгөр, хамрын нуруу цээжний зүүн хэсэг бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралт, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Толгойн орой хэсэг, баруун чамархай хэсэгт шарх, баруун, зүүн чамархай, зүүн гарын сарвуу, хуруу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ямар нэгэн хүндрэл өгч биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. /хх-ийн 31-32 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Б.Л-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 36-37, 40-41 хуудас/,

Шүүгдэгч Б.Л-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 55, 67-68 хуудас/,

Шүүгдэгч Б.Л-н урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тус хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Б-н 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Л миний хоолой, энгэр хэсгээс барьж авсан. Тэгээд нэг мэдэхэд би Л-д зодуулаад зүүн талын хөмсөг язарсан, хоёр нүд хавдчихсан байсан. Намайг ухаан ороход нүүр ам нэлэнхүйдээ цус болчихсон байсан. Гэрч Д.С-н Б ах нэлээн согтуу манайд орж ирээд хүнд зодуулсан талаараа хэлсэн. Тухайн үед ахын нүүр нь нэлэнхүйдээ хавдчихсан байсан. Гэрч Н.Д-н тухайн өдөр Б утсаар дуудаад байна, уулзчихаад ирье гээд Л гараад явсан. Шөнө 01 цагийн орчим 2 цагдаа манайд орж ирээд Л-г сураад Б гэдэг хүнийг зодсон гэж хэлэхэд нь би энэ талаар мэдсэн. Гэрч Ц.П-н Л-тэй таарахад би Б-г зодсон гэж ярьж байсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээнйй албаны 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №351 дугаар шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Б.Л-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Б.Л-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч Б.Лхагвасүрэнгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Б.Лхагвасүрэн нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Мөн шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Д.Б хохирол төлбөрт 360000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Б.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Д.Б-д хохирол төлбөрт 360000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.