Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/02065

 

 

 

 

 

 

 

 

 

М- ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/03251 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.М-, Ё.Э-нарт холбогдох,

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, гэрээний зүйлийг биет байдлаар шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 000 м.кв бүхий Ү-000000 дугаартай орон сууц, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Нарны зам гудамж 403 дугаар байрны, зоорийн давхар 0000 м.кв бүхий Ү-1111111 дугаартай автозогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах тухай хариуцагч Г.М-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагч Ё.Э, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагч Г.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга: М- ББСБ ХХК нь Ё.Э-тай 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан. Тус зээлийн гэрээгээр хариуцагчид 15,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 3.5 хувь байхаар харилцан тохиролцож зээлдүүлсэн.

Дээрх гэрээтэй холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 20190920/06000008 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, Л- 400 Эйч /Lexus RX 400H/ маркийн, арлын JTJHW31U160032434 дугаартай, 00-00 УБЗ улсын дугаартай, суудлын авто машины өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн, авто машин нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байгаа болно.

Мөн хариуцагч Ё.Э-тай 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 20190930/03000007 дугаартай зээлийн гэрээг байгуулсан, тус зээлийн гэрээгээр хариуцагчид 60,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 3.5 хувь байхаар харилцан тохиролцсон.

Дээрх зээлийн гэрээтэй холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Г.М-тэй 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 20190930/03000007-1, 20190930/03000007-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г тус тус байгуулсан. Тус гэрээний дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 000 м.кв бүхий Ү-000000 дугаартай орон сууц, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Нарны зам гудамж 403 дугаар байр, зоорийн давхар 0000 м.кв бүхий Ү-1111111 дугаартай авто зогсоолыг тус тус барьцаалж, барьцааны гэрээг байгуулсан.

М- ББСБ ХХК нь хариуцагч Ё.Э-т холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 20190920/06000008 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 20190930/03000007 дугаартай зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00203 дугаартай шийдвэрээрЁ.Э-аас 106,198,272.59 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2022/00668 дугаартай магадлалаар хариуцагч Ё.Э-аас 88,495,310 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн.

Иймд хариуцагч Ё.Э-нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2022/00668 дугаартай магадлалын дагуу нэхэмжлэгчид 88,495,319 төгрөгийг төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 000 м.кв бүхий Ү-000000дугаартай орон сууц, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Нарны зам гудамж 403 дугаар байр, зоорийн давхар 0000 м.кв бүхий Ү-1111111 дугаартай авто зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 20190920/06000008 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ фидуцийн зүйл болох 00-00 УБЗ улсын дугаартай Л- 400 Эйч /Lexus RX 400H/ маркийн автомашиныг нэхэмжлэгч компанид биет байдлаар шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Ё.Э-ын татгалзал, тайлбарын агуулга: Би М- ББСБ ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 20190920/06000008 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай зээлсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор тус өдөр 20190920/06000008 дугаар фидуцийн гэрээг байгуулж 00-00 УБЗ дугаартай, Л- /Lexus RX 400H/ маркийн суудлын авто машиныг нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн.

Мөн М- ББСБ ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 20190930/03000007 дугаар зээлийн гэрээг байгуулж, 60,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай зээлсэн бөгөөд дээрх зээлийн гэрээтэй холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор хариуцагч Г.М-тэй хамт тус өдөр 20190930/03000007-1, 20190930/03000007-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 29 м.кв бүхий Ү-000000дугаартай орон сууц, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Нарны зам гудамж, 403 дугаар байр, зоорийн давхар 0000 м.кв бүхий Ү-0000000 дугаартай авто зогсоолыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан.

Дээрх гэрээний үүргийг хангуулах зорилгоор нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00203 дугаар шийдвэрээр Ё.Э-аас нийт 106,198,272.59 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2022/00668 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,Ё.Э-аас нийт 88,495,310 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйлийг биет байдлаар шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

Мөн 20190920/06000008 дугаартай фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн 00-00 УБЗ дугаартай, авто машиныг нэхэмжлэлийн шаардлагын дагуу буюу М- ББСБ ХХК-д биет байдлаар шилжүүлэх боломжгүй юм.Учир нь удаан хугацаанд үргэлжилсэн Ковид-19 цар тахал, улсын хил хаасан зэрэг шалтгаанаас хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ өссөн.

Тухайн үед үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаанд тавих өөр эд хөрөнгө байгаагүй учир Л- /Lexus RX 400H/ маркийн автомашиныг нэхэмжлэгч компанид шилжүүлсэн. Өнөөдрийн зах зээлийн үнэлгээ нь авсан зээлийн хэмжээнд буюу 15,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд орлуулан өгөх боломжгүй эд хөрөнгө юм. Нэхэмжлэлийн шаардлагад тус авто машиныг яг хэдэн төгрөгөөр тооцож авах нь тодорхойгүй, бичигдээгүй байх учир шууд биет байдлаар хүлээлгэн өгөх боломжгүй. Үнэхээр биет байдлаар шилжүүлэх шаардлагатай гэж үзвэл автомашинд үнэлгээ тогтоолгох шаардлагатай гэж ойлгож байна. Нэг үндэслэлээр хоёр өөр шийдвэр гаргуулах нь үндэслэлгүй юм. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэр болон энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд давхар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах асуудал гарч байна гэжээ.

3.Хариуцагч Г.М-ийн татгалзал, тайлбарын агуулга: Ё.Э-нь М- ББСБ ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 20190930/03000007 дугаар зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээтэй холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор 20190930/03000007-1, 20190930/03000007-2 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 29 м.кв бүхий Ү-000000дугаартай орон сууц, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Нарны зам гудамж, 403 дугаар байр, зоорийн давхар 0000 м.кв бүхий Ү-1111111 дугаартай автозогсоолыг барьцаалсан.

Дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор М- ББСБ ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч Ё.Э-аас нийт 88,495,130 төгрөг гаргуулахаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байдаг.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 88,495,310 төгрөг гаргуулах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйлийг биет байдлаар шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

Түүнчлэн, Ё.Э-нь нэхэмжлэгч компанид төлбөр төлөхгүй гэж огт хэлж байгаагүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчтэй ярилцаж хэрхэн яаж төлбөрөө төлөх тухайгаа хэлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож байхад дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй. Үүнээс гадна давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд магадлалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй талаар анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж дурдсан байгаа. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

4.Хариуцагч Г.М-ийн сөрөг нэхэмжлэл, түүний агуулга: Хариуцагч Ё.Э-ын зээл авахад барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гэх гуйлтаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 000 м.кв орон сууц, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Нарны зам гудамж 403 дугаар байр, зоорийн давхрын автомашины зогсоолыг барьцаанд тавьж, зээл авах итгэмжлэлийг өгсөн. Зээлийн мөнгөнөөс Г.М- хувьдаа ашиглаагүй бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Иймд барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг М- ББСБ ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч М- ББСБ ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: Зээлийн гэрээг байгуулсны дараа Г.М- болон нэхэмжлэгч байгууллага нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан. Уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатаар гэрчлүүлж, хүчин төгөлдөр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт хамааралгүй. Нэхэмжлэгч байгууллага тус орон сууцанд ороод амьдарсан асуудал байхгүй, орон сууцыг эзэмшиж байгаа этгээд нь Г.М- байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Ё.Э-нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хэлэлцээд 102/ШШ2022/00203 дугаар шийдвэрийн дагуу 88,495,310 төгрөгийг М- ББСБ ХХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г.М-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Нарны зам гудамж, 403 дугаар байр, зоорийн давхар 0000 м.кв талбайтай, Ү-1111111 дугаартай автозогсоол, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, Ү-000000 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасныг баримтлан 00-00 УБЗ улсын дугаартай Л- /Lexus RX 400H/ маркийн тээврийн хэрэгслийг биет байдлаар нэхэмжлэгч М- ББСБ ХХК-д шилжүүлэн өгөхийг Ё.Э-т даалгаж, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т заасныг баримтлан Г.М-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Нарны зам гудамж, 403 дугаар байр, зоорийн давхар 115 тоотод байрлах, 18 м.кв талбай бүхий автозогсоол болон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч байгууллагад даалгах тухай Г.М-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 210,600 төгрөг, хариуцагч Г.М-ийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Э-аас 210,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М- ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

7.Хариуцагч Ё.Э-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч өмгөөлөгчтэй оролцсон байхад хариуцагч тал өмгөөлөгчгүй оролцсон. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш эрхийн зарчимд зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид эдлэх эрх, үүргийнхээ дагуу адил нөхцөл, боломжоор хангагдах ёстой. Гэтэл шүүх хариуцагчийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан боловч хангаагүй. Шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг ноцтой зөрчиж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг зөрчиж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-гийн хариу тайлбарын агуулга: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. Хариуцагч нарын тайлбарласнаар танай гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас иргэний хэрэг хэзээ үүсгэж, шийдвэрлүүлсэн нь тодорхой харагдаж байна. Анхан шатны шүүхэд хариуцагч талын гаргасан хүсэлтээр удаа дараа хойшлогдсон. Иймд хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

9.Хариуцагч Г.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч тал уг асуудлаар өмнө нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00203 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/00668 дугаартай магадлалаар хариуцагч Ё.Э-аас 88 495 310 төгрөг гаргуулан М- ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Уг асуудлаар Г.М-т холбогдуулан шүүхэд дахин нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх сөрө нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний үүргийгЁ.Э-аас шаардах ёстой. Учир нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6, 243 дугаар зүйлийн 243.10 дахь хэсэгт тодорхой заасан байх тул Г.М-ээс шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-гийн хариу тайлбарын агуулга: Г.М-ээс 6 сарын хугацаатай итгэмжлэл олгосон бөгөөд тухайн хугацаанд барьцааны гэрээ үйлчилж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэх үндэслэлгүй тайлбар гаргасан. Иймд хариуцагч Г.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын болон нэхэмжлэлийн зарим хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч М- ББСБ ХХК нь хариуцагч Г.М-, Ё.Э-нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, фидуцийн зүйлийг биет байдлаар нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, өмнө шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй гэх үндэслэл заан маргажээ.

3.Хариуцагч Г.М- Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 000 м.кв бүхий Ү-000000дугаартай орон сууц, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Нарны зам гудамж 403 дугаар байр, зоорийн давхар 0000 м.кв бүхий Ү-1111111 дугаартай автозогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. /хх-76/

4.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээний зүйл болох 00-00 УБЗ улсын дугаартай Л- /Lexus RX 400H/ маркийн автомашиныг нэхэмжлэгч компанид биет байдлаар шилжүүлэхийг хариуцагч Ё.Э-т даалгаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Харин барьцааны зүйл болох хариуцагч Г.М-ийн өмчлөлийн орон сууц болон автозогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтыг зөв үнэлж, хуулийг зөв хэрэглэсэн байна.

4.1.М- ББСБ ХХК нь Ё.Э-т холбогдуулан шүүхэд хандан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 106,198,272 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00203 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2022/00668 дугаартай магадлалаар тус тус шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна. /хх 21-29/

Магадлалд ... нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг гаргуулан авахыг хүсээгүй, харин уг зүйлээс үүргийг хангуулах агуулгаар нэхэмжлэлээ тодорхойлж мөнгө шаардсан тохиолдолд нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний эрхээс татгалзсан гэж үзнэ гэсэн дүгнэлт хийсэн байна. Иймд уг асуудлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэх тул 00-00 УБЗ улсын дугаартай Л- /Lexus RX 400H/ маркийн автомашиныг биет байдлаар шилжүүлэхийг хариуцагч Ё.Э-т даалгах тухай нэхэмжлэгч М- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийн заасанд нийцнэ. Энэ талаар гаргасан хариуцагч Ё.Э-ын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

4.2. Хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч М- ББСБ ХХК нь хариуцагч Ё.Э-тай барьцааны гэрээ байгуулаагүй тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардах эрхгүй, харин 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 20190930/03000007-1, 20190930/03000007-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний үүргийг өмчлөгч Г.М-ээс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдаж шийдвэрлэсэн байна. /хх 21-29/

4.3.М- ББСБ ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Г.М-тэй 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 20190930/03000007-1, 20190930/03000007-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулж, түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Нарны зам гудамж, 000 байр, зоорийн давхрын 0000 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-1111111 дугаартай автозогсоол, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 46 байр, 00 тоотод байрлах 29 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-000000дугаартай орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-15-20/ Г.М- нь Ё.Э-т дээрх орон сууц болон автозогсоолыг зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээ хэлцэл хийж төлөөлөн гарын үсэг зурах эрхийг итгэмжлэлээр олгосон болох нь хэргийн 54-55 дахь талд авагдсан 2019 оны 09 дүгээр сарын 05, мөн сарын 19-ний өдрийн итгэмжлэлүүдээр тус тус тогтоогджээ.

4.4.Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн М- ББСБ ХХК, Г.М- нарын хооронд барьцааны гэрээний харилцаа үүссэн, мөн гэрээний шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч Г.М-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасныг зөв хэрэглэжээ.

4.5.Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг дурдаагүй байгааг зөвтгөн анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй.

5.Хариуцагч Г.М- нь барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

5.1.Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болохоор заажээ.

5.2.Хариуцагч Ё.Э-нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00203 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2022/00668 дугаартай магадлалыг сайн дураа биелүүлээгүйн улмаас албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /хх 21-24, 25-29, 40-45/

Иймээс хариуцагч Ё.Э-зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн барьцааны эрх дуусгавар болоогүй гэж үзнэ.

6.Дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоотод байрлалтай, 29 м.кв талбай бүхий орон сууц болон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Нарны зам гудамж 403 дугаар байрны зоорийн давхрын 115 тоотод байрлалтай, 18 м.кв талбай бүхий автозогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч М- ББСБ ХХК-д даалгах тухай хариуцагч Г.М-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Энэ талаар гаргасан хариуцагч Г.М-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

7.Хариуцагч Ё.Э-давж заалдах гомдлын нэг үндэслэлээ хэргийн оролцогчийн өмгөөлөгчтэй оролцох эрхийг шүүх ноцтой зөрчсөн гэжээ.

7.1.Анхан шатны шүүх хариуцагчЁ.Э-т нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн талаар мөн өдөр тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан байна. /хх 31, 34, 35/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нийт 4 сарын хугацаанд явагджээ.

7.2.Хариуцагч Ё.Э-нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэхээр 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгчийн 102/ШЗ2022/13867 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг мөн оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. /хх 63/ Тус өдрийн шүүх хуралдааныг хариуцагч Г.М-ийн хүсэлтээр мөн хойшлуулжээ. Дээрх хугацаанд хариуцагч Ё.Э-нь өмгөөлөгч авах эрхээ эдлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. ХариуцагчЁ.Э-ын гомдол хуулийн үндэслэлгүй.

8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ё.Э-ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Г.М-ийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/03251 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.Э-нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00203 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2022/00668 дугаартай магадлалыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Г.М-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Нарны зам гудамж, 000 дугаар байр, зоорийн давхар 0000 м.кв талбайтай, Ү-1111111 дугаартай автозогсоол, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, Ү-000000дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу фидуцийн зүйл болох 00-00 УБЗ улсын дугаартай Lexus RX 400H маркийн тээврийн хэрэгслийг биет байдлаар нэхэмжлэгч М- ББСБ ХХК-д шилжүүлэн өгөхийг хариуцагч Ё.Э-т даалгах тухай нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ё.Э-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Г.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.М-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ё.Э-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ч.ЦЭНД