Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 174

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн,

Улсын яллагч У.Анхжаргал,

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Г.А-д холбогдох эрүүгийн 1826001720190 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 120а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, ******* овгийн Г.А.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүнс барааны захын баруун талд байрлах зогсоол дээрээс иргэн Р.А-н эзэмшлийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн LTM маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Г.Ашүүх хуралдааны хэлэлцүүлэгт: ...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Хохирлоо төлж барагдуулна гэв.

Хохирогч Р.А-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 17-18 цагийн хооронд байх ******* сумын хүнс барааны захын баруун талд засмал замаар явж байтал мотоциклийн бензин дуусаад зогссон. Мотоциклио данхраадчихаад бензинд явсан ба эргээд ирэхэд миний мотоцикль алга болсон байсан. А гэдэг хүнийг танихгүй, өмнө нь ганц нэг удаа харж байсан, зүс таних хүн байгаа юм. Миний мотоцикль цэнхэр өнгийн, улсын дугааргүй, баруун талын банк хэсэг нь бага зэрэг цааш хонхойсон байсан. А-г мотоцикль авсан гэдгийг мэдээгүй. Мотоциклийн үнэлгээг зөвшөөрч байна. Буруутай этгээдээс хохирлоо гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 хуудас/

Гэрч Г.П-н мөрдөн байцаалтанд өгсөн "...Манайх малчин авна гэж зар тавьж байсан.Тэр зарын дагуу А ирээд манай малыг маллаж байгаад явж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын дундуур байсан байх одоо он сар өдрийг нь яг хэдэн байсан гэдгийг нь санахгүй байна. А манай гэрт орой болж байхад нэг мотоцикльтой ирсэн. Тэгээд манайд 2 сар гаран мал маллаж байгаад буцсан. А нь ямар ажлаар ирсэн гэдгээ хэлээгүй. Зүгээр л хүрээд ирсэн. Тэгээд малыг чинь маллаад хэсэг байж байгаад явъя гэхээр нь би зөвшөөрөөд манайд байсан. Ирэхдээ цэнхэр өнгийн, улсын дугааргүй хуучин хятад мотоцикль унаж ирсэн. Их муудсан, муу мотоцикль харагдаж байсан. Манайд 2 сар болсон байх. 2017 оны 12 сард ирээд 2018 оны 02 сард цагаан сарын өмнөхөн шиг манайд унаж ирсэн мотоцикльтойгоо буцсан." гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,

Гэрч Б.М-н мөрдөн байцаалтанд өгсөн "...А нь одоо ээжтэйгээ хамт амьдардаг. Амьдрал ахуй бололцооны хувьд ядруухан амьдралтай байдаг. Гэрт нь ганц ажил хийж ээжийгээ тэжээж байгаа хүн бол А. Сургууль соёлд сурч боловсрол эзэмшээгүй болохоор энэ тэнд хар бор ажил хийж амьдралаа авч явдаг. Ааш зангийн хувьд хүнд их тусархуу, хөнгөн сэтгэлтэй хүн байгаа юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/,

Гэрч Л.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Миний хүү Г.А нь 1985 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн. Бага байхдаа Тарагт сумын ерөнхий боловсролын сургуульд сурч байгаад гарчихсан.Тэрнээс хойш сургуулиасаа гарчихаад энд тэнд хар бор ажил хийж л өдийг хүрсэн. Эхнэр хүүхэд байхгүй, одоо надтай хамт амьдарч байгаа. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, элдэв асуудалд орооцолдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/,

Шүүгдэгч Г.А-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ”...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би ******* сумын хүнс барааны зах дэр явж байгаад А-д гэх хүнтэй таарсан. Тухайн өдөр грушик хийгээд хэдэн цаастай болчихсон байсан.Тэр мөнгөөрөө А-тай нэг шил архи авч захын баруун талд хувааж уусан. Тэр үед А-д мотоцикльтой явж байсан. Архиа ууж дуусчихаад А-н мотоцикль дээр очсон. Мотоцикль нь захын баруун талын нүүрс зардаг зогсоол дээр байсан. А-д зах руу орчихоод гараад ирье гээд явсан. Би хүлээгээд байж байсан.А-д гарч ирэхгүй удаад гадаа гэгээ тасраад харанхуй болохоор нь би мотоциклийг нь унаад явчихсан юм. Тэр шөнөө А-н мотоциклийг унаад Сант сум руу явсан. Сант суманд П гэх айлд очиж хоносон. Энэ айлд би хоёр сар гаран малыг нь маллаж байсан. Тэгээд 2018 оны 02 сард цагаан сар болох гэж байхад эргэж аймагт ирсэн. Аймагт ирээд архи уучихсан мотоцикльтой явж байгаад мотоциклио журамлуулаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд 7 хоногийн баривчилгаа авсан. Баривчилгаанаас гарч ирээд А-н мотоциклийг журмын хашаанаас аваад таксинд хэсэг явж байгаад эвдэрчихсэн. Янзлах мөнгө байхгүй байсан учир задлаад тараагаад зарчихсан юм. А-г өмнө нь таньдаг байсан.Тийм дотно харилцаатай биш. Бусдын эзэмшлийн өмч хөрөнгийг зөвшөөрөлгүй авч явсан нь миний буруу.Хулгайн гэмт хэрэг болно гэдгийг би тухайн үедээ мэдээгүй байсан. Эргүүлээд мотоциклийг нь өгье гэж бодож байсан, гэхдээ чадаагүй.Бүгд миний буруу. Миний авч явсан мотоцикль одоо санаж байгаагаар цэнхэр өнгийн, улсын дугааргүй, хятад мотоцикль байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс" ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №04/13 дугаартай "...LTM-150 маркийн, улсын дугааргүй, цэнхэр өнгийн мотоциклийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 350000 төгрөг гэж дүгнэж байна." гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 11-12 хуудас/, Шүүгдэгч Г.А-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60/, Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1025 дугаартай тодорхойлолт /хх-37/ зэрэг болно. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.А нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүнс, барааны захын баруун талд байрлах зогсоол дээрээс иргэн Р.А-н эзэмшлийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн LTM маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 350000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. Шүүгдэгч Г.А нь хохирогч Р.А-н эзэмшлийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн LTM маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Р.А-н “...мотоциклио данхраадчихаад бензинд явсан ба эргээд ирэхэд миний мотоцикль алга болсон байсан. А гэдэг хүнийг танихгүй, өмнө нь ганц нэг удаа харж байсан, зүс таних хүн байгаа юм. Миний мотоцикль цэнхэр өнгийн, улсын дугааргүй, баруун талын банк хэсэг нь бага зэрэг цааш хонхойсон байсан...” /хх-53/, гэрч Д.П-н "... Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын дундуур байсан байх, одоо он сар өдрийг нь яг хэдэн байсан гэдгийг нь санахгүй байна. А манай гэрт орой болж байхад нэг мотоцикльтой ирсэн. ...Ирэхдээ цэнхэр өнгийн, улсын дугааргүй хуучин хятад мотоцикль унаж ирсэн. Их муудсан, муу мотоцикль харагдаж байсан. Манайд 2 сар болсон байх. 2017 оны 12 сард ирээд 2018 оны 02 сард цагаан сарын өмнөхөн шиг манайд унаж ирсэн мотоцикльтойгоо буцсан..." /хх-56/, шүүгдэгч Г.А-н яллагдагчаар өгсөн “...Архиа ууж дуусчихаад А-н мотоцикль дээр очсон. Мотоцикль нь захын баруун талын нүүрс зардаг зогсоол дээр байсан. А зах руу орчихоод гараад ирье гээд явсан. Би хүлээгээд байж байсан.А гарч ирэхгүй удаад гадаа гэгээ тасраад харанхуй болохоор нь би мотоциклийг нь унаад явчихсан юм. Тэр шөнөө А-н мотоциклийг унаад Сант сум руу явсан. Миний буруу...” /хх-33-34/ гэсэн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс" ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №04/13 дугаартай үнэлгээний тайлан /хх-11-12/, шүүгдэгч Г.А-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Г.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч ******* овгийн Г.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдаж, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй. Шүүгдэгч Г.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Р.А-н хулгайд алдсан цэнхэр өнгийн улсын дугааргүй, LTM маркийн мотоцикль нь 350000 төгрөгийн үнэтэй болох нь Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №04/13 дугаартай үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.А-с 350000 төгрөгийг гаргуулж, хохирогч Р.А-д олгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдаж, шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.7, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн Г.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Г.А-г 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.А-с 350000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.А-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.