| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0154/Э |
| Дугаар | 00161 |
| Огноо | 2018-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 00161
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Шаарийд холбогдох 163/2018/0154/Э индекстэй, эрүүгийн 1815002870161 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Б.Ш
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ш нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Т маргах явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.
1815002460147 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Г.Туулын өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр миний төрсөн дүү Гантулгын бие нь муу байна гэхээр нь Орхон аймгаас такси бариад Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвд ирсэн. Манай дүү Гантулгынх хөдөө байдаг би гэрийг нь сайн мэдэхгүй болохоор таксины жолооч Батсүх өөрийн танидаг хүн Цогоог сумын төвөөс аваад, бид нар Хишиг-Өндөр сумын 2 дугаар баг “Харцагын суурь” гэх газарт байгаа Гантулга дүүгийндээ 16 цагийн орчимд очсон. Тэгээд дүүгийндээ ортол манай дүү Гантулга унтаж байсан. Тэгээд намайг ороход сэрээд боссон. Тэгэхэд их сонин сэтгэцийн өвчтэй хүн шиг болчихсон байсан. Тэгээд би дүүдээ эм өгөөд “Эрдэнэт явъя яаралтай эмнэлэгт хэвтье гэсэн, дүү Гантулга тэгье” гээд хувцас хунараа аваад байж байтал эхнэр Б.Ш нь “чи тэр чигээрээ зайлаарай” гээд уурлаад байсан. Тэгээд эхнэр Б.Ш нь галынхаа урд сууж байгаад босч ирээд намайг шууд хоолойноос багалзуурдаад нүүр лүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр би “чи ингэж хүн зодож болохгүй, би өвчтэй групптэй хүн шүү. Хүн зодох юм бол хуультай шүү” гэж сануулсан. Тэнд хамт явсан таксины жолооч Батсүх, Цогоо, манай дүү Гантулга 3 байсан. Тэд нарт “Б.Ш намайг зодсоныг харсан, та нар гэрч шүү” гэж хэлсэн. Гантулга хувцасаа аваад гэрээс гараад би араас нь гартал Б.Ш намайг араас үсдэж аваад газар унагаагаад толгой руу хэд хэдэн удаа цохиод, хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Би гарнаас нь мултарч зугтаагаад Цогоог “чи наад хүнээ бариад аваач” гээд Цогоогийн ард ороход Цогоо Шаарийг бариад “болиоч” гэхэд би машинд орж суусан. Тэгээд араас ирээд машины хаалганаас зуурчихаад онгойлгох гээд байхаар нь би дотроос нь татаад байсан. Орой 22 цагийн орчимд Эрдэнэтэд гэртээ хариад байж байхад бие өвдөөд байхаар түргэн дуудаж үзүүлсэн. ...Маш их гомдолтой...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,
Гэрч П.Батсүхийн өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би Орхон аймгийн Дөмөг таксины зогсоол дээр зогсож байсан. Тэгээд 2 хүүхэн ирээд Булган аймгийн Хишиг-Өндөр сум руу машин хөлсөж явна гэсэн. Тэр хоёрын нэг хүүхэн нь явж хүн авчирах гэж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би хөлсөө тохироод Хишиг-Өндөр сум явсан. Хишиг-Өндөр сумын төвд очтол хөдөө байгаа гэсэн. Хөдөө явна гэсэн надтай хамт явсан хүүхэн хаана очихоо мэдэхгүй байсан болохоор би найз Цогтгэрэлийг газарчлуулахаар авч явсан. Хишиг-Өндөр сумын 2 дугаар баг “Харцагын суурь” гэх газарт нэг айлд очсон. ...Тэгээд надтай хамт ирсэн хүүхэн “дүүгээ аваад явна” гэсэн чинь нөгөө айлын эхнэр “явуулахгүй” гэснээс хэрүүл маргаан болж, эхлээд надтай хамт Эрдэнэтээс ирсэн хүүхэн гэрээс гараад явсан. Ардаас нь нөгөө айлын эхнэр гараад тэр 2 гэрийн гадаа маргалдаад байсан. Цогтгэрэл бид 2 гэрээс гараад машиндаа суугаад юм яриад байж байсан. Тэгээд надтай хамт ирсэн хүүхэн тэр очсон айлын эхнэртэй маргалдаад байсан. Нэг харсан чинь нөгөө айлын эхнэр хамт ирсэн хүүхнийг баруун гараараа толгойг нь уургалаад барьчихсан, нөгөө хүүхэн айлын эхнэрийг үсдээд унагаачихсан байсан. Тэгээд би “Цогтгэрэлийг салга” гэхэд Цогоо очиж салгасан. Хамт ирсэн хүүхэн гүйж ирээд машинд суусан. Ардаас нь нөгөө айлын эхнэр ирээд машины хаалганаас татсан. Хамт ирсэн хүүхэн машины дотроос хаалга татсан, тэгээд байж байтал нөгөө айлын нөхөр нь цүнхтай хувцсаа аваад гарч ирсэн. Цогтгэрэл тэр нөхөр рүү нь танай эгч эхнэр 2 маргалдаад зодолдоод байна гэсэн чинь нөхөр нь юу ч хэлээгүй шууд машинд суусан. Нөгөө хамт ирсэн хүүхэн шууд явъя гэсэн. Тэгтэл нөгөө хүүхэн “та нар буцаж битгий ирээрэй” гэж хэлээд үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
Шүүгдэгч Б.Шаарийгийн яллагдагчаар өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар баг “Харцагын суурь” гэх газарт гэртээ нөхөр бага охины хамт байж байтал өдрийн 17 цагийн орчимд манай нөхрийн эгч Туул хоёр хүний хамт ирсэн. Тэгээд тэд нар орж ирээд Туул эгч манай нөхөр Гантулгыг авч явна гэсэн. Туул эгч “манай дүүг чи аллаа“ гээд надтай хэрүүл хийсэн. Тухайн үед манай гэрт Туул эгч бид хоёр байсан. Манай нөхөр хажуугийн байшинд байсан. Туул эгч гэрээс гарахдаа гэрийн босгонд тээглээд гэрээс гарсан. Тэгээд би араас нь гараад байшин руу орох гэж явсан чинь Туул эгч миний араас үснээс зулгаасан. Тэгээд эргээд хартал үсдээд доош нь дарсан. Тэгэхээр нь би араас нь барьж аваад түлхсэн. Туул эгчийг машинд суух гээд явж байхад нь би ардаас нь очоод баруун гараараа толгойноос нь хүзүүдэж аваад байж байхад Цогоо ах ирж бид хоёрыг салгасан. Өөр цохиж зодсон зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 31-30 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 232 тоот:
1. Г.Т биед тархи доргилт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохол зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 22 тал/,
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, тэмдэглэл /хх 2-3 тал/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-31-37 тал/ болон хэргийн материал танилцуулсан баримт /хх-40 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ш нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг “Харцагын суурь” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Т маргах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Туул, гэрч П.Батсүх нарын хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан болон учирсан хор уршигийн талаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 232 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Б.Ш гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Шаарийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Шаарийгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Г.Т нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Б.Шаарийд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б. Ш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ш мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ш авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД