Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/98

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Л-ын М-т холбогдох эрүүгийн 1817000900061 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Х овогт Л-ын М /РД:ЗМ76061917/, Дундговь аймгийн Хулд суманд 1976 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Цэрдгэр гэх газар оршин суух, мал аж ахуйн эрхэлдэг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх, 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Л.М нь согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Цэрдэгэр гэх газар иргэн Г.Э-тай маргалдан түүнийг /хавсарч газарт унаган өшиглөж/ зодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Л.М нь согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Цэрдэгэр гэх газарт байрлах худаг дээр Г.Э-ны масктай малгайг нь авч шидэж, хэрүүл маргаан үүсгэн түүнийг хавсарч газарт унаган цээжин тус газарт нь өшиглөн зодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Э-тай маргалдсандаа гэмшиж байна. Эхлээд би маскыг нь хуулж аваад хулгайч хүн маск зүүдэг юм гээд маскыг нь шидсэнээс болоод Э уурлаж бид хоёр маргалдаад би хавсарч унагаасан. Их согтуу байсан болохоор өшиглөснөө болон цаашаа юу болсныг мэдэхгүй байна. О-тай 0,5 литрийн 1 шил архи уугаад, дараа нь 0,75 литрийн 1 шил архи уусан. Мөрдөн байцаалтын явцад хийсэн хэргээ хүлээвэл ял нь хөнгөрдөг гэж мөрдөн байцаагч тайлбарлахаар нь газар унагаагаад, өшиглөсөн гэж мэдүүлэг өгсөн. Мэдэхгүй байгаа болохоор өшиглөж зодсон гэдэг дээрээ эргэлзээд байгаа. Хүү З, ах М нар нь О та хоёр хүн зодох тэнхэлгүй согтчихсон байсан. Харин ч та хоёр Э-нд зодуулаад байсан гэж хэлсэн. Хохирол төлбөрийг барагдуулсан гэв.

 

1.2. Хохирогч Г.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн үед хонио услах гээд малчныхаа хамт худаг дээр очиход М, М, О, З нар байж байсан. М-ынх хонио услаад гарч байсан ба манай эхнэр Г хонио хориод айлын мал гарахыг хүлээгээд бид нараас 200-300 метрийн зайтай байсан. Ж бид хоёр худгийн моторыг асаах гэтэл бензингүй болсон байхаар нь мотоциклиос бензин авах гэж байтал М ирээд миний зүүж явсан масктай малгайг авч шидээд чи энэ худгаас зайлаарай цагаач минь гээд агсарч эхэлсэн. Би өөдөөс нь адилхан хүмүүс шүү дээ чи Дундговийнх би Өмнөговийнх гэтэл М намайг хоёр гараараа бариад авахаар нь би өөдөөс нь гарыг нь түлхээд цаашлуулаад байсан. Тэгэхэд М мөрөн дээрээс барьж байгаад баруун хөлөөрөө миний зүүн хөлийг хавсарч газарт унагаасан. О миний араас татаад гурвуулаа газарт унасан. М түрүүлж босоод дээрээс болон хажуу талаас хавирга, бөөр, цээж рүү өшиглөөд байсан. Хэдэн удаа өшиглөснийг санахгүй байна, олон удаа л өшиглөсөн. Манай эхнэр Ганцэцэг ирж бид нарыг салгаад намайг хонио хорьж бай гэхээр нь би хонь руугаа яваад эргээд хартал манай эхнэрийг Мөнхбаатар үсдээд газарт унагаад Отгонбаатар дээр нь гараад суухаар нь эргэж очоод салгасан. Тэгтэл Мөнхбаатар дахиад намайг зуурч аваад миний зүүн хөл рүү хавсарч газарт унагаагаад баруун талын цээжний хэсэг рүү өшиглөөд байсан. Өшиглүүлсэн газарт маш их өвдөж байсан. М-ыг түүний ах М салгаад аваад явсан. Миний биед учирсан гэмтлүүдийг М учруулсан. Дараа нь хонио усалж байхад л хөндүүрлэж өвдөөд эхэлсэн. М намайг 2-3 удаа унагаасан. Гараараа бол цохиогүй, 4-5 удаа өшиглөсөн. Унагах болгондоо 1-2 удаа өшиглөсөн. Түүнийг өшиглөснөөс болж баруун талын гурван хавирга хугарсан. О-ын миний дух руу мөргөснөөс болж миний биед хохирол учраагүй. О өөрөөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй. О нь М-тай нийлж намайг бүлэглэж зодоогүй. Тухайн үед гол руу жаахан өвдсөн. Маргааш нь цээж даагдахгүй, босож чадахгүй байсан. 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шинжээч эмч Ж дээр очиход хот явж КТГ-ын зураг авахуул, гэмтэл ихтэй байна нарийн шинжилгээ хийлгэ гэж хэлсэн. Би тэр өдрөө Улаанбаатар хот явж Натур эмнэлэг дээр КТГ-ын зураг авахуулахад таны гурван хавирга хугараад уушиг руу нэвтэрсэн, уушиг хавантай байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30, 63-64, 129-130 хуудас/

 

1.3. Гэрч Р.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 14-15 цагийн үед хонио услахаар худаг дээр очсон. Би худгаас 300-400 орчим метр зайтай хонио хориод зогсож байтал манай нөхөр Э, Ж нар мотоцикльтой худаг дээр ирээд мотороо асаах гэж байтал М, О хоёр манай нөхөр дээр очоод өмсөж байсан малгайг нь авч шидээд М арагш нь татаж газарт унагаад дээр нь гарчихаад байгаад байсан. Яг яаж зодож байгаа нь холоос харж байсан болохоор сайн харагдахгүй байсан. Э-ыг босоод ирэхээр нь л дахиад унагаагаад байсан. Хажууд байсан хүмүүс салгах шинжгүй болохоор нь машинаа асаагаад давхиж очоод нөхрийгөө М-ын доороос салгах гээд татахад М над руу дайраад заамдаад авсан. Тэгэхээр нь би цагдаа дуудъя гэж хэлэхэд З ирээд аавыгаа татаад надаас холдуулсан. Э тухайн хэрэг болсноос хойш хүнтэй маргалдаж муудаагүй. Зодуулсныхаа дараа гэртээ очоод эмнэлэгт маргааш нь хандсан. Ямарч байсан тэр өдөр худаг дээр эрүүл саруул хүн очоод М-т зодуулаад бэртэж гэмтсэн. М, О нар нь согтуу байсан. Намайг цагдаад дуудлага өгсөний дараа  Э-ыг худгийн баруун талд баруун тийшээ толгойгоо харуулаад хажуу тийшээ хараад нүүрээ дарсан байдалтай хэвтэж байхад нь М хөлөөрөө энд тэндгүй өшиглөөд цохиод байсан. Ямар ч байсан цээжний баруун хэсэг рүү нь өшиглөөд байсан. Түүнийг нь би харсан. О М нар нь Э-ыг бүлэглэж зодож байхыг бол хараагүй. Э-ыг М-т зодуулсны дараа бид хоёр гэртээ харьсан. Э надад миний бүх бие өвдөөд байна гээд байсан. Хэвтэхдээ хүртэл их зовиуртай байсан. Цагдаад хандсаны маргааш нь шүүх эмнэлэгт үзүүл гэсний дагуу Чойрын шүүх эмнэлэг дээр Ж гэдэг хүн дээр ирэхэд гэмтэлтэй байна хот явж нарийн шинжилгээ хийлгэж КТГ-ын зураг авахуул гэж хэлсний дагуу нөхөр бид 2 тэр өдрөө Улаанбаатар хот руу явж Натур эмнэлэгт зураг авахуулахад 3 хавирга хугарсан, уушиг хавантай байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 9-10,31-32, 65, 131 хуудас/

 

1.4. Насанд хүрээгүй гэрч М.З мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Аав худгийн мотороо худаг дотор хийх гээд очиход Э аавыг хараад зогсож байсан. Аав Э-ыг хонхороосоо хулгай хийдэг хулгайч гэж хэлэхэд Э чамд хамаагүй гэж хэлсэн. Аав Э-ны зүүж явсан маскыг нь авч шидээд зүүн хөлөөрөө хавираад газарт унагах гээд чадаагүй. Харин өөрөө согтуу байсан учир доор нь ороод унахад О Э-ыг аавын дээрээс татаж авсан. Тэгэхэд эхнэр Ганцэцэг нь хонио хорьж байгаад худаг дээр ирээд аав болон О хоёртой яагаад манай нөхрийг зодоод байгаа юм бэ, бөөнөөрөө нийлж дээрлэхлээ гээд хэрэлдээд байсан. Э-тай аав зодолдох гээд өөрөө түүнд зодуулаад байсан. О ч бас зодуулаад байсан. Э-ыг аав, О хоёр нэг их зодож цохисон зүйл байхгүй. Э-ны биед хэн гэмтэл учруулсныг би мэдэхгүй байна. Хэрүүл маргаан болсны дараа тэр зүгээр л хонио хориод яваад байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35-36 хуудас/

 

1.5. Гэрч Б.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би өөрөө согтуу байсан болохоор яг нарийн сайн санахгүй байна. Би Э-аны толгойд нь хоёр удаа мөргөсөн. Өөрөөр бол зодоогүй. Харин тэр хоёрыг зууралдаад байхаар нь салгах гэж л дундуур нь орж яваад давхралдаад унаад байсан. Э намайг зодож цохисон зүйл байхгүй. М ах л Э дээр очоод өмсөж явсан маскыг нь авч шидсэнээс болоод муудсан юм билээ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 38 хуудас/

 

1.6. Гэрч В.Ж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед хонио услах гээд Цэрдгэрийн худаг дээр очиход хоёр эрэгтэй хүн архи уугаад сууж байсан. Би мотоциклиос бензин тосоод худгийн моторт хийх гээд байж байхад М гэдэг нь Э дээр ирээд энэ мотор хэний мотор вэ гээд өшиглөөд байсан. Э манай мотор байгаа юм гэхэд М чи муу хулгайч яахаараа эндээс малаа усладаг юм бэ гээд хэрэлдээд эхэлсэн. М Э-ыг баруун хөлөөрөө зүүн хөл рүү нь ташиж газарт унагахдаа дээрээс нь дарж давхралдаж унасан. М-ын хүү З, О-тай хамт ирээд салгаад хоёр тийш нь болгоход хоорондоо нэг нь хулгай хийж баяжсан биз дээ гээд нөгөөх нь би юу хулгай хийсэн юм бэ гээд байсан. Би мотоциклиос бензин авч болохгүй болохоор нь машинаас бензин авахаар арай холдсон. Тэгэхэд Э, М хоёр хоорондоо ноцолдоод газраар өнхрөлдөөд байгаа бололтой байсан. Хажууд нь байсан хүмүүс салгах гээд бөөгнөлдөөд байсан. Би өөрөө бензин авах гээд тонгойж байсан болохоор яг хэн нь хэнийгээ зодож байгааг хараагүй. М, О хоёр согтуу байсан. Тухайн хэрүүл маргаан болсны маргааш өглөө нь Э-д очиход Э босож чадахгүй орон дээрээ ганцаараа хэвтэж байсан. Тэгэхээр нь би Э-нд унинд сураар татаж босдог юм хийж өгөөд байж байтал Г ирээд тэр хоёр Чойр луу эмнэлэгт үзүүлэхээр явсан. Э ууц, нуруу эвгүй болчихож өчигдөр М-т зодуулаад ийм болсон гэж байсан. Хөдөлж чадахгүй машинд суухдаа надаар өргүүлж суугаад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39-40 хуудас/

 

1.7. Гэрч Т.З мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянтал сумын 1 дүгээр баг Цэрдгэрийн худаг гэх газар хүмүүс хоорондоо маргалдаж муудалцаад байна гэх дуудлаганд ганцаар очиход малчин Э мал дээрээ хонио хорьсон, М М-ыг дарчихсан дээр нь суусан, хажууд нь О зогсож байсан ба Г саарал өнгийн машин дотор сууж байсан. Г надад худаг дээр хонио услах гээд ирсэн чинь манай нөхрийг М, О хоёр хэл амаар доромжлоод зодчихлоо гэж хэлсэн. М, О хоёр нилээн согтолттой байсан учир хэлж байгаа юмыг ойлгох ч сөхөөгүй байсан. Би Г-т та гомдол саналтай байгаа бол маргааш цагдаагийн хэсэг дээр өргөдлөө авч ирээд уулзаарай энэ хоёрыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөөд явуулъя гэж хэлсэн. Г-ийн үс нь өрвийсөн байдалтай энэ хоёр намайг бас үсдэж зодсон гэж байсан. Э надаас 100 гаруй метрийн зайд байсан болохоор өвдөж ёолсон эсэхийг нь бол мэдээгүй. Нуруугаа үүрсэн байдалтай хонио хашаад зогсож байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 41 хуудас/

 

1.8. Гэрч А.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Рентгений зураг авалтаар хавирганы хугарал тодорхойлогдохгүй байх боломжтой, зургаар бүрэн төгс оношлогддоггүй. Рентген зураг авалт, харалт гэж хоёр тусдаа ойлголт. Авалт гэдэг нь хэвтээ босоо байрлалаас нэг удаа л зураг дарж түүнийгээ хэвлэн гаргаж байгаа юм. Харин харалт гэдэг нь зогсоож байгаад амьсгалуулж, амьсгалын хөдөлгөөнд олон талаас бодитоор хэлж байгаа юм. Намайг рентген зураг авахад Г.Э-ны хавирганд хугарал мултралын шинж илрээгүй гэж би бичсэн байна. Э-ны хувьд КТГ-аар хавирганы хугарлууд оношлогдсон байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 68 хуудас/

 

1.9. Гэрч Т.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сарын сүүлээр Э гэдэг хүн Баянтал сумын эрүүл мэндийн төвд 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Энэ хүний эмчилгээг би хариуцан ажилласан. Картан дээр өвчний түүх болон онош тодорхой байгаа. Биеийн байдлын хувьд хүндэвтэр цээжээр өвдөнө, амьсгаа авахад хэцүү, ууц нуруу хэвлийгээр өвдөнө, үе мөч янгинана гэсэн зовиуртай байсан. Э Улаанбаатар хот руу явж КТГ-ын шинжилгээ хийлгэж ирсний дараа оношийн үндэслэл хэсэгт КТГ-ын шинжилгээний хариу бичихэд 8, 9, 10 дугаар хавирганууд тус тус зөрүүтэй хугаралтай гэсэн дүгнэлт байсан. Үүнийг нь би өвчний түүхийн оношийн үндэслэлд тусгаж авсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 69, 132 хуудас/

 

1.10. Шинжээч Л.Ж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Цээжний баруун талд хүч үйлчилж байж баруун талын хавирганууд хугарч, түүний доор байгаа уушиг няцарсан гэсэн үг. Иймээс энэ хоёр гэмтлийг хооронд нь салгаж тус тусдаа хүчнээс болж үүссэн гэж ойлгож болохгүй. Хэрэв уушигны няцралгүй дангаараа хавирга хугарсан бол 8, 9, 10 дугаар хувирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цээжний баруун хажуу талаарх зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун уушигны доод дэлбэнгийн арын сегментийн, зүүн уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний баруун хөндий дэх цус хуралдалт гэмтэл нь хавирга хугарсан даруйд үүснэ. Зовиур илрэхгүй байна гэж байхгүй. Автомашин жолоодох, явган явах гэх мэт үйлдэл хийж болно. Гэхдээ мэдээж эрүүл хүн шиг зүв зүгээр хийхгүй. Ямар нэгэн байдлаар зовиурласан, цээжээ дарсан гэх мэт байдалтай байна. Уг гэмтлүүд мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Унах, цохих үед үүссэн байх боломжтой. Би Э-ны биед үзлэг хийж Натур эмнэлэгт үзүүлсэн цээжний хөндийн КТГ-ын зураг тайлбарыг үндэслэж дүгнэлтийг гаргасан. Энь КТГ-ын зураг, тайлбар бичгийг эх хувиар нь авч ирсэн. Дүгнэлтэнд хавсаргахдаа канондож авч үлддэг ба эх хувийг нь тухайн хүнд нь буцааж өгдөг болно. Э нь тухайн учирсан гэмтлийг 2018 оны 03 дугаар сарын 21-нд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой. Цээжний хөндий дэх цус хуралтын хэмжээ харьцангуй бага голтын эрхтэнүүд шахагдаагүй байсан учраас 7 хоног гэртээ байх боломжтой. Энэ гэмтлийг авсан үед тухайн хүний бие өдрөөс өдөрт муудах буюу хугацаа өнгөрөх тусам өвчин эмзэглэл улам ихэсч байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 66-67, 104-105, 133-134 хуудас/

 

1.11. Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 113 дугаар дүгнэлтэнд: “Г.Э-ны биед цээжин баруун талын 8, 9, 10 дугаар хавирганы далны шугамаарх зөрүүтэй хугарал, баруун уушигны доод дэлбэнгийн арын сегментийн, зүүн уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний баруун хөндий дэх цус хуралдалт, баруун бөөрний цуллагын цус хуралт, цээжний баруун талаарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун уушигны доод дэлбэнгийн арын сегментийн, зүүн уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний баруун хөндий дэх цус хуралдалт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д зааснаар амь биенд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөх эсэх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна.”

 Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 23 хуудас/

 

1.12. “Натур эмнэлэг” цээжний хөндийн компьютерт томографийн шинжилгээ /х.х-ийн 24 хуудас/

 

1.13. Хохирогч Г.Э-ы өвчний түүх, бусад холбогдох баримт /х.х-ийн 72-82, 144-145 хуудас/ зэрэг болно.

 

   Иймд шүүгдэгч Л.М-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Л.М-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь гэм буруугийн дүгнэлтэндээ: “шүүгдэгч Л.М-ыг хөл дээрээ тогтохооргүй согтуу байсан, хүнийг зодох нь байтугай өөрсдөө зодуулсан, тухайн өдөр сүртэй маргаан, зодоон болоогүй, хэрүүл маргаан дууссаны дараа Г.Э нь нуруугаа үүрээд хэвийн явж байсан, тухайн өдөр авто машинаа жолоодоод явсан, эмнэлэгт үзүүлэхээр явахдаа машинаа бариад явж байсан” болох нь гэрч Л.М, М.З, В.Ж, Т.З нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Гэрчүүдийн мэдүүлэг болон хавтаст хэргийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.М-ын үйлдлийн улмаас хохирогч Г.Э-ны биед хүнд хохирол учирсан болох нь нотлогдохгүй, хохирогч Г.Э нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 28-ны хооронд, өөрөөр хэлбэл эмнэлэгт үзүүлэх хүртэл хугацаанд өөр ямар нэгэн байдлаар гэмтэл авсан байж болзошгүй эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн хохирогч Г.Э, гэрч Р.Г нар нь мөрдөн байцаалтанд Л.М-ыг буруутгахын тулд Г.Э-нд учирсан гэмтэлтэй нь нийцүүлж өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгийг удаа дараа өөрчилж өгсөн, мөрдөгч шүүгдэгч Л.М-аас яллагдагчаар мэдүүлэг авахдаа түүнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгөх юм бол ялаас хөнгөлнө гэж хэлж төөрөгдөлд оруулж мэдүүлэг авсан болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл мөрдөгчийн зүгээс яллах талыг баримталж хэт нэг талыг барьж нотлох баримт цуглуулсан нь хавтаст хэргээс харагдаж байна. Иймд шүүгдэгч Л.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: шүүгдэгч Л.М-ын хохирогч Г.Э-ыг хавсарч газарт унаган өшиглөсөн үйлдлийн улмаас түүний бие махбодид цээжин баруун талын 8, 9, 10 дугаар хавирганы далны шугамаарх зөрүүтэй хугарал, баруун уушигны доод дэлбэнгийн арын сегментийн, зүүн уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний баруун хөндийн дэх цус хуралдалт, баруун бөөрний цуллагын цус хуралт, цээжний баруун талаарх зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдаж хэрэгт цугларсан нотлох баримт болох хохирогч Г.Э-ны мэдүүлэг, гэрч Р.Г, В.Ж нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 113 дугаар дүгнэлт, шинжээч Ж.Ж-ын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

Мөн хохирогч Г.Э-ны биеийн байдалд нь хэрэг болсон цаг хугацаанаас хойш шинжээчийн дүгнэлт гарах хүртэл хугацаанд ямар зовиур шаналгаа илэрч болох болон илэрч байсныг түүнтэй хамт байсан, уулзсан, эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн гэрч нарын мэдүүлэг, эмнэлгийн холбогдох бичиг баримтуудаар тогтоогдож байх тул гэмтэл авсан цаг хугацаанд эргэлзээ үүссэн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

ХОЁР. Шүүгдэгч Л.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Гэрч Н.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “М нь 1999 онд манай дүү С-той нэг гэр бүл болж байсан. Энэ хоёр дундаасаа 4 хүүхэдтэй. Хамгийн том нь сая хавар цэрэгт явсан. Хамгийн бага нь одоо 3 настай. Түүний эхнэр С нь БНХАУ-д хулгайн хэрэгт холбогдоод хоригдон шалгагдаж байгаа. М нь 3 хүүхдээ хараад хөдөө малаа маллаад амьдарч байна. М нь хувийн зан байдлын хувьд үг дуу цөөтэй, даруухан, хүнтэй эвтэй найрсаг харьцдаг, архи байнга уугаад байдаггүй, хааяа л уудаг. Архи уугаад агсам согтуу тавиад байдаггүй. Хүний үгнээс гардаггүй, хүүхдүүддээ халамж анхаарал сайн тавьдаг, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 42 хуудас/

 

2.2. Гэрч Э.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “М бид хоёр найзалж нөхөрлөөд 5-6 жил болж байна. М архи уух нь уудаг, тааруулж хэрэглэдэг. Амьдрал ахуйн хувьд боломжийн амьдралтай, ааш зангийн хувьд үг дуу цөөтэй, төлөв даруу зантай. Нутгийн ард түмэн, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, хүн чанартай хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 43 хуудас/

 

2.3. Гэрч Н.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Мр бид хоёр анх 1999 онд танилцаж байсан. 2000 оноос хойш нэг гэрт хамт амьдарч байгаа. Бид 2 дундаасаа 4 хүүхэдтэй. М нь үг дуу цөөтэй, даруухан, нийтэч зантай, нутгийн ард түмний дунд нэр хүнд сайтай хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 135 хуудас/

 

2.4. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /х.х-ийн 113-116 хуудас/

 

2.5. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 44-47 хуудас/

 

2.6. Хохирогч Г.Э-нд хохирлыг шилжүүлсэн Хаан банкны зарлагын баримт, депозит хуулга, хохирогч Г.Э-ны гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн хүсэлт /х.х-ийн 141-142, 150 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Л.М-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч Л.М-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа шүүгдэгч Л.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Мөн шүүгдэгч Л.М-ын гэр бүлийн хүн болох Н.С нь БНХАУ-д гэмт хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа учир 3-16 насны хүүхдүүдээ харж хандаж байгаа. Шүүгдэгч Л.М нь хувь хүнийхээ хувьд нутагтаа танигдсан, нэр хүнд сайтай, нийтэч, олон жил мал маллаж байгаа, 700 гаруй малтай, төлөвшсөн хүн гэдгийг гэрчүүд мэдүүлсэн байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч Л.М нь гэр бүлийн хамт мал аж ахуй эрхэлж амьдардаг ба нийт бог, бод нийлсэн 749 толгой малтай болох нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Л.М-ыг сар бүр тогтсон орлоготой гэж үзэх боломжгүй тул шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдан ирсэн компьютер томографийн оношлогооны 43*35,6 см хэмжээтэй зураг 2 ширхэг, 28*17,5 см хэмжээтэй рентген зураг 1 ширхэгийг тус тус хохирогч Г.Э-нд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Л-ын М-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мөнхбаатарыг 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-т оногдуулсан 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргагдан ирсэн компьютер томографийн оношлогооны 43*35,6 см хэмжээтэй зураг 2 ширхэг, 28*17,5 см хэмжээтэй рентген зураг 1 ширхэгийг тус тус хохирогч Г.Эрдэнэсайханд буцаан олгосугай.  

 

6. Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТТУЛГА