| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0164/Э |
| Дугаар | 176 |
| Огноо | 2018-09-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 176
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Ч.Энхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галбадрах,
Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,
Хохирогч Б.У,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,
Гэрч Д.Г,
Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* Тойн овогт Г.Ц-д холбогдох эрүүгийн 1826000790112 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* тойн овгийн Г.Ц
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй шатахуун түгээх станцын орчим хохирогч Б.У-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би эргүүлд явж байгаад шатахуун түгээх станц дээр Д.Г-тэй таарсан. Би бичиг баримтаа шалгуулчих гэхэд амандаа нэг юм хэлчихээд давхиад яваад өгсөн. Тэгээд би араас нь очоод буугаад ирэхээр нь чи бичиг баримтаа шалгуул гэсэн. Тэгээд цаашаа явах гэхээр нь цамцнаас нь татсан. Тэр үед цамц нь урагдсан. Тэр үед зодсон юм байхгүй. Гэтэл Б.У дарга гарч ирсэн. Б.У даргыг гарч ирэнгүүт нь энэ хүмүүстээ хэл, хууль ёсны шаардлага биелүүлэхгүй байна гэж хэлээд явсан. Тэгээд би гадуур явж байтал ахиад шатахуун түгээх станцын тэнд машин явж байхаар нь очтол Б.У дарга, иргэн Д.Г-тэй хамт явж байсан. Тэгээд би зогсоогоод бичиг баримтаа шалгуул гээд ойрттол архи үнэртэж байсан. Тэгэхээр нь “чи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм биш үү бичиг баримтаа шалгуулчих” гэсэн чинь “шалгуулахгүй надад бичиг баримт байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машины түлхүүрийг нь булааж аваад “бичиг баримтаа гаргаад ир” гэсэн чинь гаргаж өгөхгүй гэсэн. Тэгээд “түлхүүр өгөөдөх” гээд Д.Г нь гар булаацалдаад хуруу мушгихаар нь би хуруугаа татаж авсан. Тухайн үед Б.Ур даргыг машинаас гарч ирсэнийг би хараагүй. Би ардаа нүдтэй биш, би ажил үүргээ гүйцэтгэж явсан. Тэгээд төд удалгүй Б.У дарга машины араас бууж ирснээ чи наад машины түлхүүрийг нь өгөөдөх яах гээд байгаа юм бэ? гэсэн. Тэгэхээр нь би энэ хүн чинь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Би “хууль ёсны дагуу шалгаад аймаг руу авч явж үлээлгээд согтууруулах ундааны зүйл тогтоогдвол машиныг нь журамлана” гэтэл У “...дарга чи чаддаг юм бол үлээлгэдэг төхөөрөмжөө авчираад үлээлгэ, явахгүй, би мэдэж байна...” гээд намайг татсан. Би энэ хүнийг тохойлдож зодсон зүйл байхгүй. Тэгээд би жижүүртээ мэдэгдсэн. Гэтэл “чи очоод удаагүй байгаа юм чинь наад асуудлаа наагуураа зохицуулчих” гэсэн. Тэгээд би шатахуун түгээх станц руу яваад орсон чинь У дарга М даргыг “алив чи бичлэг хийгээдэх намайг Ц зодсон, Г-г ч бас зодсон” гэсэн. Би түүнийг зодоогүй, тэр бичлэг нь утсан дээр нь байгаа. Энэ хүмүүс тухайн үед өөрсдөө шал согтуу байсан учраас тэр бичлэгээ үзүүлэхгүй байгаа юм. Маргааш нь У, Г хоёр согтуу Ц-г зодох гээд байсан гэсэн яриа гарсан байсан. Тэгээд би тухайн үед мотоциклио унаад явсан. Гэтэл энэ хүмүүс машинаа өөр түлхүүрээр асаасан уу яасан мэдэхгүй асаагаад явсан байсан. Би энэ хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө ажилласан. Харин зодсон юм байхгүй. Маргааш нь Г надаас түлхүүрээ авъя гээд ирсэн. Тэгэхээр нь би дахиж битгий зөрчил гаргаарай хэн хэнтэйгээ хүндэтгэлтэй харьцая гэж хэлсэн. Өөр зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Б.У шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Г ахмадын өргөөний барилга дээр жижүүрээр хонох ёстой байсан. Д.Г-г хүлээгээд сууж байтал гадаа мотоцикль давхиад ирсэн. Араас нь машин ирсэн. Гараад хартал Д.Г-н хувцсыг нь урчихсан байсан. Г.Ц надад юу ч хэлээгүй давхиад явсан. Би Д.Г-с юу болсныг асуутал Г.Ц намайг зодчихлоо гэсэн. Яагаад зодсон юм бэ? гэхэд аюулгүйн бүсээ бүслээгүй юм байлгүй одоо бүслэе гэж хэлсэн. Тэгсэн чинь араас давхиж ирээд үгийн зөрүүгүй намайг зодчихлоо гэсэн. Тэгтэл Д.Г-н эхнэр залгаад хүүхдийн памперс машинаас аваад ир гэсэн. Бид хоёр памперсийг нь хүргэж өгөх гээд шатахуун түгээх станцын хойд талаар явж байтал урдуур нэг мотоцикль маш хурдтайгаар ирээд зогссон. Д.Г машинаас гарахад Ц машины түлхүүрээ аваад ир, согтууруулах ундаа хэрэглэсэн үү? гэж асуусан. Д.Г уугаагүй гэж хариулсан. Тэгтэл Ц чи айраг уусан биз дээ гэж Г-с асуусан. Харин Д.Г өдөр айраг уусан гэж хариулсан. Гэтэл Ц одоо тэгвэл аймаг явж үлээлгэнэ гэж хэлсэн. Тэгээд би машинаас гараад наад түлхүүрийг нь өг бид нар ажилтай байна гэтэл зайлаарай чи миний ажилд оролцохгүй шүү би өөрөө ажлаа мэдэж байна гээд намайг тохойлдсон. Тэгээд Ц цагдаагийн байр луугаа давхиад явсан. Би Д.Г-тэй хамт эмнэлэг орсон. Эмнэлэг дээр очоод Б эмчид үзүүлтэл та аймаг орж зургийг нь авахуулсан нь дээр гээд өвчин намдаах эм бичиж өгсөн. Б.Г бид хоёр эмнэлгээс гараад машинаа авсан. Дараа нь Ц ирээд шатахуун түгээх станцруу яваад орсон. Араас нь бид нар ороод яагаад чи бид нарыг зодож байгаа юм бэ? хүн зоддог хэн юм бэ? гэтэл Ц санамсаргүй зодчихлоо таньсангүй, уучлаарай гэж хэлсэн. Тэгээд Б.Г-г жижүүрлэж хонох газар луу нь явуулаад бид нар тус тусдаа харьж амарсан. Маргааш нь Б.Г-г өмсөж байсан хувцасаа аваад ир гэтэл Ц надаас уучлалт гуйгаад байна яахын бэ гэсэн. Тэгээд би хувцсаа аваад ир гэж хэлсэн. Б.Г хувцсаа авч ирсэн. Ц тухайн үед уучлалт гуйгаад байсан учраас би чамайг хоёр, гурав хоног харъя гэсэн. Тэгээд би аймаг явсан. Аймаг дээр байж байтал Б.Г над руу Ц-н траншейны нүх бөглөж байгаа зургийг явуулсан. Түүнээс хойш НАМЗХ-ны шинэ жилд оролцох гэж байгаад бичлэгтэй утсыг алдсан. Утсыг нь саяхан олсон форматласан байсан. ...Би анхнаасаа Г.Ц-г уучилсан учраас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгч, холбогдох эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг цуглуулаагүй юм. Нэр төрөө сэргээлгэхийг хүсч байна. Мөн сэтгэл санааны хувьд энэ асуудлаас болж их хохирсон учраас Г.Ц-с үүнтэй холбоотой хохирлоо нэхэмжилнэ гэж бодож байна. Одоогоор шууд үнэлгээ гаргаж тэдэн төгрөг гэх байдлаар нэхэмжилж байгаа дүнг хэлэх боломжгүй байна. Цаашид нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжилнэ...” гэв.
Гэрч Д.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрээс гараад явж байтал шатахуун түгээх станцын урд мотоцикльтой хүн дохиод байхаар нь очтол Г.Ц байсан. Бүсээ зүүдэггүй юмуу гэсэн. Тэгээд би бүсээ зүүчихээд ахмадын өргөөн дээр жижүүрт хонож байгаа гэж хэлээд ахмадын өргөөн дээр ирсэн. Хөнжил, гудсаа машины араас аваад буух гэтэл Г.Ц араас татаад цамц урсан. Гэтэл гэр дотроос Б.У дарга, П.М хоёр гараад ирсэн. Гэтэл Г.Ц мотоциклио асаагаад яваад өгсөн. Тэгээд эхнэр залгаад машинд хүүхдийн памперс мартчихжээ аваад ирээч гэхээр нь Б.У даргатай явж хүргэж өгчихөөд буцаад шатахуун түгээх станцын хойд талаар явж байтал мотоцикльтой хүн давхиад ирсэн. Би буугаад юу болж байна гэтэл Г.Ц шууд түлхүүр булааж авсан. У дарга Г.Ц чи ингэж болохгүй шүү дээ гэтэл даргыг Г.Ц тохойлдсон. Дарга тэр үед эвхэрээд унасан. Тэгээд Г.Ц түлхүүр аваад явсан. Б.У дарга бид хоёр эмнэлэгт очиж үзүүлтэл зөөлөн эдийн гэмтэл байж магадгүй аймагт даруйхан очиж үзүүл гэсэн. Би өглөө нь 9 цагт ажилдаа иртэл Б.У дарга намайг өрөөндөө дуудаад урагдсан цамцаа аваад ир гээд би цамцаа аваад иртэл Б.У даргын өрөөний үүдэнд Г.Ц-тай таарсан. Тэгээд Г.Ц надад түлхүүр, үнэмлэх өгөөд уучлалт гуйсан...” гэв.
Хохирогч Б.У-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний хувьд гомдолтой байна. Г.Ц-г анх ажил төрлөөсөө халагдчихна, битгий гомдол гаргаач, гомдолгүй гэж хэлж өгөөч, мориноос унаад биедээ гэмтэл авсан гэж мэдүүлэг өгөөч, би ажил үүргээ сайн гүйцэтгэх болно гэж гуйсан болохоор нь би залуу хүнийг дэмжих үүднээс цаашид хамтарч ажиллаж чадна гэж бодсон учраас түүнийг уучилж, удаа дараа гомдолгүй гэсэн мэдүүлгийг өмнө нь өгч байсан. Г.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр анхнаасаа цагдаагийн байгууллагын ажилтны зүгээс тавих хууль ёсны шаардлагыг бидэнд тавиагүй, багийн дарга Д.Г-тэй зүй бус харьцсан. Түүний энэ үйлдлийг таслан зогсоох гээд машинаасаа бууж ирээд Ц-н ард нь очоод түүнийг Г-с салгах гэхэд миний цээжин хэсэгт 1 удаа тохойлдсон. Би түүний цохилтонд нь арагшаа савсан бөгөөд миний ард машин тулсан учраас би буцаад Г.Ц-н араас нь татахад "чи миний ажилд оролцдог хэн бэ, цаашаа зайлаарай" гээд дахин 1 удаа миний цээжин хэсэгт тохойлдсон. Г.Ц нь тухайн үедээ намайг тохойлдож гэмтэл учруулснаа мэдэж байсан бөгөөд маргааш өглөө нь миний албан өрөөнд ирээд 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө 10 цагаас 13 цаг хүртэл өрөөнөөс гарахгүй цагдаагийн газрын даргад битгий хэлээч, битгий гомдол гаргаач гэж гуйсан. Мөн тэрээр уг буруутай үйлдлээ ойлгоод ахмадын хорооны барилгын траншейны нүхийг сайн дураараа ухсан байсан. Би энэ талаар нь аймагт явж байхдаа сонсож мэдээд түүнийг буруутай үйлдлээ ойлгосон гэж бодсон учраас аймагт оччихоод өөрийгөө ч эмнэлэгт үзүүлэлгүй, цагдаагийн газраар ч оролгүй буцаад ирсэн юм. П.М-г бичлэг хийсэн утсаа алдсаныг Г.Ц мэдээд та намайг одоо яаж ч чадахгүй гэсэн байр суурьтай болсон бөгөөд намайг тухайн цаг хугацаанд гэмтэл аваагүй гэж ярих болсон. Түүний энэ байдлыг хүлээн
зөвшөөрөхгүй байгаа учраас би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Д.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын дундуур ******* сумын 4 дүгээр багийн нутагт ахмадын өргөөний барилга баригдаж байхад ээлжээр жижүүрлэж хонодог байсан юм. Тухайн өдөр миний ээлж болоод орой 21 цаг өнгөрч байхад өөрийн “Приүс-10” маркийн автомашинтай гэрээсээ гараад жижүүрийн гэр дээр очиж явах замд “*******” шатахуун түгээх станцын урд мотоцикльтой хүн гэрлээрээ дохиод байхаар нь очтол сумын цагдаа Г.Ц амрыг эрье гэж мэндлээд та хаа хүрэх вэ яагаад бүсээ зүүгээгүй юм бэ гэж асуухаар нь миний машины бүс гацчихсан байгаа маргааш янзалчихъя уучлаарай гэж хэлчихээд явсан. Жижүүрийн гэр дээр ирээд автомашин дотроос хөнжил пүүгээгээ аваад машинаа цоожлох гэтэл цагдаа Г.Ц араас ирээд үг дуугүй миний өмд цамцнаас чирээд хоолой боогоод ноцолдож байтал гадаа гэрэл асаад гэр дотроос засаг дарга Б.У гүйж гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэтэл Г.Ц үг дуугүй мотоциклио асаагаад явсан. Би гэрт ороод сууж байтал эхнэр утсаар яриад памперс аваад ир гэхээр нь дарга Б.У-тай хамт гэртээ оччихоод буцаж явах замд сумын цагдаа машины урдуур мотоцикльтой ирж зогсоод буугаад ир гэхээр нь машинаасаа гартал машины түлхүүр буцааж аваад цагдаагийн кабон байр луугаа явчихаад буцаж ирээд яахаараа шаардлага биелүүлдэггүй юм гэж хэлэхээр нь би түрүүн үнэн учраа чамд хэлсэн. Ядаж чи машины гэрэл унтраачих гэж хэлтэл унтраахгүй байхаар нь би түлхүүрээ авах гээд ноцолдсон чинь машин дотроос засаг дарга Б.Ууганбаяр бууж ирээд "юу болоод байгаа юм бэ" гэж хэлтэл "чи хэн юм" гээд тохойлдсон чинь Б.Ууганбаяр дарга дуу алдаад явчихсан. Тэгтэл Г.Ц шатахуун түгээн станц руу гүйгээд явсан. Тэр үед Б.У дарга П.М-тэй утсаар яриад намайг сумын цагдаа нүдчихлээ ирээд бичлэг хийгээд өгөөч гэж ярьтал П.М ирээд бичлэг хийж байснаа Г.Ц-тай уулзана гээд шатахуун түгээх станц руу Б.У даргатай хамт орсон. Удалгүй Б.У дарга гарч ирээд эмнэлэг явъя гээд сумын их эмч Б-д үзүүлсэн. Б эмч гадна талаасаа мэдэгдэх юм алга гээд өвчин намдаах эм өгөөд бид хоёр гэр гэртээ харьсан. Маргааш өдөр нь ажил дээрээ 10 цаг өнгөрч байхад иртэл Г.Ц тааралдахад “...хоёулаа уулзаадхая...” гээд намайг “...өрөөндөө дагуулж очоод надаас уучлалт гуйгаад хоорондоо эвтэй зохицож...” ажиллая. Танихгүй байснаас ийм юм болчихлоо. Та “...даргаас гуйгаад өгөөч...” гэхээр нь миний үгэнд орохгүй байх ямар ч байсан “...хэлээд үзье...” гэж хэлсэн. Би ажил дээрээ ирээд дарга Б.У-д хэлтэл “...одоо тийм юм байхгүй, аймгийн цагдаагиин дарга дээр очиж өргөдөл...” өгнө чи уруулсан “...хувцсаа аваад...” ир гэж хэлсэн. Дараа нь Г.Ц засаг даргын өрөөний үүдэнд суучихсан уучлалт гуйгаад байсан. Ямар ойлголтод хүрсэн талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19 дугаар хуудас/,
Гэрч П.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын хэдний өдөр байсан гэдгийг нь бол санахгүй байгаа. Ямар ч байсан 09 дүгээр сарын дунд үе байсан. дарга Б.У над руу залгаад намайг сумын цагдаа Г.Ц зодчихлоо шатахуун түгээх станц дээр хүрээд ир гэхээр нь очтол багийн дарга Д.Г-г зодоод дараа нь намайг сумын цагдаа Г.Цр зодчихлоо. Аймгийн цагдаагийн даргад нь үзүүлэх гэж байгаа юм. Энд байгаа процессыг бичээдэх гэхээр нь өөрийн “Sамsung S8 plus” маркийн гар утсаар бичлэг хийсэн. Дараа нь шатахуун түгээх станц руу ороод Г.Ц-тай Б.У дарга уулзаад “чи намайг яагаад зодож байгаа юм” гэтэл “...санамсаргүй зодчихсон шүү дээ...” гэж хэлсэн. Би “хүнийг санаатай зодох, санамсаргүй зодох гэж байдаг юм уу...” гэж асуутал “...сүртэй юм болоогүй шүү дээ, би таниагүй...” гэж хэлсэн. Тэгээд Б.У дарга “...хамт эмнэлэг явъя би үзүүлмээр байна...” гэж хэлтэл хамт гараад цагдаагийн кабон байр луугаа алхчихсан. Тухайн үйл явцыг мөн би гар утсан дээрээ бичиж авсан юм. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн “Алтан сарнай” шинэ жилийн арга хэмжээнд оролцож байхдаа гар утсаа цүнхтэйгээ алдчихсан. Энэ талаар аймгийн цагдаад тэмдэглүүлсэн байгаа. Тухайн үеийн бичлэг болон зураг миний гар утсан дээр л байгаа...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч Х.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сард ажил тарснаас хойш оройн 21 цагийн үед байх над руу залгаад ажил дээрээ байна уу гэж асуусан, “...байна...” гэж хэлсний дараахан Д.Г-н хамт өрөөнд орж ирсэн. Б.У нь цээжин хэсэг болон хэвлийн хэсэг рүүгээ заагаад өвдөөд байна, үзүүлмээр байна гэсэн. Анхны үзлэгээр хавирга хугарсан байх магадлалтай шинж тэмдэг илэрсэн учраас түүнийг рентген зураг авахуул гэж хэлсэн. Тэрээр надаас тодорхойлолт бичүүлж авч болох уу, авмаар байна гэж байснаа болиод үзүүлчихээд гараад явсан. Үүнээс хойш бараг 2 сарын дараа надтай уулзахдаа "нөгөө цээжний хэсэг дэх өвчин хөндүүр арилахгүй өвдөөд байна, яасан нь дээр вэ" гэж асуусан. Миний хувьд рентген зургаа авахуулсны дараа онош тодорхой болно, хавирга хугарсан байх магадлалтай учраас алтангагнуур уухыг зөвлөсөн юм. Алтангагнуур нь ясны бороололтонд сайн. 2017 оны 12 дугаар сард рентген зургаа авахуулсан чинь хавирга хугарсан байна гэж надад хэлж байсан. Би зургийг нь бол үзээгүй. Хавирга хугарсан тохиолдолд бороололтын хугацаа нь хугарсан байдал болон тухайн хүний наснаас их шалтгаалдаг. Зарим хүнд хугарлууд 2 сараас дээш хугацаанд ч бороолдоггүй. Б.У-н цээжний 2 талаас мөн өвчүү болон сээр нурууны 2 талаас алгаар шахаж цээж, хавирганы уян чанарыг нь үзэхэд нэлээд өвдөлттэй байсан учраас би хавирга нь хугарсан байна гэж бодсон. Оношоо баталгаажуулахын тулд түүнийг рентген зургаа аймгийн эмнэлэгт очиж авахуул гэж хэлсэн. Дээрх шинж тэмдэг нь хавирганы хугарал, цээжний гэмтлийн үед илэрдэг юм. Надад тодорхой юм яриагүй. Надад үзүүлж байхдаа Д.Г-тэй хоорондоо энэ хавь руу цохих шиг болсон гэсэн юм яриад байх шиг байсан. Тухайн үед би хүнд цохиулсан юм болов уу гэж бодсон. Яг хэдний өдрийг сайн санахгүй байна. Ахмадын өргөө ашиглалтанд орохоос өмнөхөн байсан. Г.Ц цагдаагаар томилогдож ирээд удаагүй байхад л ирж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Мөрдөгчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шинжээч томилсон тогтоолоор бусдад зодуулсан гэх Б.У-н биед үзлэг хийсэн. Б.У-н биед баруун 6, 7 дугаар хавирганы бороолсон хуучин хугарал гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх бөгөөд гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарах гэмтэл байсан. Дээрх гэмтлийг цаг хугацааны хувьд хэдийд учирсан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Ерөнхийдөө хүний биед учирсан 6, 7 дугаар хавирганы хугарал 1 сарын хугацаа өнгөрөхөд бороолж эдгэдэг бөгөөд хуучин хугаралдаа тооцогдоод явна. 6,7 дугаар хавирга нь хүний биеийн цээжний хэсэгт хөхний ойролцоо оршдог хавиргууд юм. Хавирга хугарсан тохиолдолд цээж хөндүүрлэх, хөдөлгөөн хязгаарлагддаг бөгөөд ханиалгах үед мөн цээжний хэсгээр өвдөлт зовиур өгдөг. Гэхдээ дээрх шинж тэмдгүүд нь эхний 1 сарын хугацаанд үргэлжилдэг бөгөөд 1 сараас дээш хугацаанд зовиургүй эсвэл бага зэргийн зовиуртай байдаг. Биеийн гадна талд зарим тохиолдолд хугарал үүссэн хэсэгт хөхрөлт үүсдэг. Ихэвчлэн ил харагдах ямар нэгэн шинж тэмдэг байдаггүй юм. Цээжний хэсэг 1 удаагийн тохойлдох үйлдлээр ч гэсэн уг гэмтэл үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2376 дугаартай: “... Б.У-н биед баруун 6, 7 дугаар хавирганы бороолсон хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун 6, 7 дугаар хавирганы бороолсон хугарал гэмтэл нь цаг хугацааны хувьд хэдийд учирсан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 591 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: “... Б.У-н биед баруун 5,6 дугаар хавирганы хуучин бороолж эдгэсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ясны хугарал нь тухайн ясны бат чанарын хэмжээ хязгаараас хальсан хүчний нөлөөллөөр үйлчлэх үед үүсэх ба хавирганы хугарлаар цохилтын хүчийг шууд тогтоох боломжгүй. Б.У-н биед учирсан баруун 5,6-р хавирганы хугарал нь гараар /тодорхойлох/ хөлөөр өшиглөх, эд зүйлээр цохих үйлчлэлийн аль алинаар нь үүсгэгдэх боломжтой. Б.У-н биед учирсан 5,6-р хавирганы хуучин бороолж эдгэсэн хугаралыг хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Хавирганы хугарал нь дунджаар 4-5 долоо хоногт бороолж эдгэрэх боломжтой гэж үздэг ба энэ нь тухайн ясны том жижиг, хугарлын янз төрөл, байрлал, гэмтлийн хэлбэр, тухайн хүний нас, биеийн ерөнхий байдал, хугархайг зөв эвлүүлж хөдөлгөөнгүй байрлалд оруулах зэргээс шалтгаалж харилцан адилгүй хугацаанд бороолж эдгэрнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ясын хугарлыг эмнэлзүйд /үзлэгээр/ дор дурьдсан магадгүй болон гарцаагүй шинж тэмдгүүдийг үндэслэж, мөн рентген, КТГ-н шинжилгээгээр ясны хугарлын оношийг тогтоодог. Хавирганы хугарлын үед хугарлын хэсгээр хавдах, хэлбэр дүрс өөрчлөгдөх, үйл ажиллагаа алдагдал /магадгүй/, өвдөлт өгөх, хавирч дуугарах /гарцаагүй/ шинж тэмдгүүдээс илрэх ба багажийн шинжилгээгээр /рентген, КТГ7 оношийг бүрэн тогтооно. Гэмтэл авсны дараа тодорхой хугацаанд цээжийг хүчтэй эргүүлэх, мушгих, мөн хөдөлгөөн хийхэд зовиур ихтэй байх ба өвдөлтийг намдаах зорилгоор албадмал байрлалтай байж болно. Шүүх эмнэлгийн ойлголтоор ерөнхий хөдөлмөрийн чадвар гэдэг нь өөрөө өөртөө үйлчлэх энгийн дадал хэвшлийг авч үздэг ба зүүн талын 5, 6-р хавирга эгэмний шугамаар хугарсан тохиолдолд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Б-н гаргасан №2376 тоот дүгнэлтийн 1, 3 заалттай санал нийлэхгүй, 2, 4, 5 заалттай санал нэг байна. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн цээжний хөндийн КТГ-н зургийг Шүүх эмнэлэг шинжилгээний газрын дүрс оношилгооны эмч Оюунбаясгалангаар давтан уншуулахад баруун 6, 7-р хавирга биш 5, 6-р хавирга хугаралтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 38-40 дүгээр хуудас/.
Шүүгдэгч Г.Ц-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 51-88, 92 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Ц-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Ц-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй шатахуун түгээх станцын орчим хохирогч Б.У-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.У-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би машинаас гараад наад түлхүүрийг нь өг бид нар ажилтай байна гэтэл зайлаарай чи миний ажилд оролцохгүй шүү би өөрөө ажлаа мэдэж байна гээд намайг тохойлдсон. Тэгээд Ццагдаагийн байр луугаа давхиад явсан. Би Д.Г-тэй хамт эмнэлэг орсон. Эмнэлэг дээр очоод Б эмчид үзүүлтэл та аймаг орж зургийг нь авахуулсан нь дээр гээд өвчин намдаах эм бичиж өгсөн. ... Дараа нь Ц ирээд шатахуун түгээх станцруу яваад орсон. Араас нь бид нар ороод яагаад чи бид нарыг зодож байгаа юм бэ? хүн зоддог хэн юм бэ? гэтэл Ц санамсаргүй зодчихлоо таньсангүй, уучлаарай гэж хэлсэн...” гэсэн, гэрч Д.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... Тэгээд би буугаад юу болж байна гэтэл Г.Ц түлхүүр шууд булааж авсан. У дарга Г.Ц чи ингэж болохгүй шүү дээ гэтэл даргыг Г.Ц тохойлдсон. Дарга тэр үед эвхэрээд унасан. Тэгээд Г.Ц түлхүүр аваад явсан Б.У дарга бид хоёр эмнэлэгт очиж үзүүлтэл зөөлөн эдийн гэмтэл байж магадгүй аймагт даруйхан очиж үзүүл...” гэсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.У-н “...Шүүгдэгч Г.Ц-д зодуулсан талаараа...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч Д.Г-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хохирогч Б.У-г машинаас бууж ирээд “юу болоод байгаа юм бэ” гэж хэлтэл “...чи хэн юм...” гээд тохойлдсон чинь Б.У дарга дуу алдаад явчихсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19/, Гэрч П.М-н “...дарга Б.У над руу залгаад намайг сумын цагдаа Г.Ц зодчихлоо шатахуун түгээх станц дээр хүрээд ир гэхээр нь очтол багийн дарга Д.Г-г зодоод дараа нь намайг сумын цагдаа Г.Ц зодчихлоо, дараа нь шатахуун түгээх станц руу ороод Г.Ц-тай Б.У дарга уулзаад “чи намайг яагаад зодож байгаа юм” гэтэл “...санамсаргүй зодчихсон шүү дээ...” гэж хэлсэн. Би “...хүнийг санаатай зодох, санамсаргүй зодох гэж байдаг юм уу...” гэж асуутал “...сүртэй юм болоогүй шүү дээ, би таниагүй...” гэж хэлсэн талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 20/, Гэрч Х.Б-н “...Б.У нь цээжин хэсэг болон хэвлийн хэсэг рүүгээ заагаад өвдөөд байна, үзүүлмээр байна гэсэн. Анхны үзлэгээр хавирга хугарсан байх магадлалтай шинж тэмдэг илэрсэн учраас түүнийг рентген зураг авахуул гэж хэлсэн. Хавирга хугарсан тохиолдолд бороололтын хугацаа нь хугарсан байдал болон тухайн хүний наснаас их шалтгаалдаг. Зарим хүнд хугарлууд 2 сараас дээш хугацаанд ч бороолдоггүй. Б.У-н цээжний 2 талаас мөн өвчүү болон сээр нурууны 2 талаас алгаар шахаж цээж, хавирганы уян чанарыг нь үзэхэд нэлээд өвдөлттэй байсан учраас би хавирга нь хугарсан байна гэж бодсон. Оношоо баталгаажуулахын тулд түүнийг рентген зургаа аймгийн эмнэлэгт очиж авахуул гэж хэлсэн. Дээрх шинж тэмдэг нь хавирганы хугарал, цээжний гэмтлийн үед илэрдэг юм. ...2017 оны 12 дугаар сард рентген зургаа авахуулсан чинь хавирга хугарсан байна гэж надад хэлж байсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 23-24/, Шинжээч эмч Ц.Бадралын “... Б.У-н биед баруун 6, 7 дугаар хавирганы бороолсон хуучин хугарал гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх бөгөөд гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарах гэмтэл байсан. ...Цээжний хэсэг 1 удаагийн тохойлдох үйлдлээр ч гэсэн уг гэмтэл үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-29/, Шүүгдэгч Г.Ц-н үйлдлийн улмаас хохирогч Б.У-т хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2376 дугаартай дүгнэлт /хх-ийн 37/, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 591 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-40/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* Тойн овогт Г.Ц-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* Тойн овогт Г.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Г.Ц-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүндэвэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Т.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй шатахуун түгээх станцын орчим хохирогч Б.Ууганбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.У нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Г.Ц-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* Тойн овогт Г.Ц-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Ц-д Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй. хохирогчид баримтаар төлөх төлбөргүй. Хохирогч нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4. 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.