Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 00163

 

    Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,

шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатад овогт Мягмарсүрэнгийн *******д холбогдох 163/2018/0148/Э индекстэй, эрүүгийн 1815001750142 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт М.Т

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

1815001750142 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.*******ын өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн орчим 2 дагавар охин болон хүү М.Т нарыг авахаар Булган аймгийн Шунхлай ШТС-ын хажууд зогсож байгаад хүүхдүүдээ аваад шууд эргэж Хутаг-Өндөр сум руу өөрийн эзэмшлийн**-**БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан.  Замдаа “Түлүүгийн даваа”-ны гуанзанд орж бууз идчихээд цааш Уньт орж “Уран тогоо” гэдэг хүнсний дэлгүүрээс 2 охин мөхөөлдөс авна гээд байхаар нь би жолооны араас буугаад хамт орсон юм. Тэгээд бид гурвыг гарч ирэхэд миний хүү М.Т машиныг хөдөлгөөд явчихсан цаана зогсож байсан. Бид нар алхаж очиход надаас “ааваа би жолоо барьж явъя” гээд гуйгаад байхаар нь би жолоогоо бариулсан юм. М.Т 100-120 миллийн хурдтай явж байсан ба би түүнд удаан явах талаар хэлж байсан ч тэр анзаараагүй явсан. Тэгээд Уньт багийн нутаг “Их булаг”-ийн рашааны гүүр гарч явах үед М.Т машиныг эсрэг урсгал руу дарж замын хажуу далан руу онхолдож машин өнхөрөх үед би цонхоор нь шидэгдсэн. Би хохирол барагдуулах талаар ярьж холбогдоогүй, миний хүүхэд болохоор би хохирол төлүүлэх талаар надад санаж бодож байгаа зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/, 

Насанд хүрээгүй хохирогч Х.*******гийн өгсөн: 2018 оны 06 сарын 17-ны өдөр миний хойд аав миний төрсөн эгч *******, М.Т бид 3-ийг Булган аймгийн төвд байдаг Шунхлай колонкийн хажууд байхад аваад  буцаад Хутаг-Өндөр сум руу явахдаа Уньт багт байдаг “Урантогоо” дэлгүүрт орж зайрмаг авч идсэн. Тэгээд машиндаа суух гээд очтол замаас ******* гэх охин Хутаг-Өндөр рүү хамт аваад явчих гэхлээр нь машиндаа суулгаад хөдлөх гэхэд М.Т жолоон дээр суугаад “би хэсэг жолоодож явъя” гээд жолоо бариад 120 км цагийн хурдтай яваад байхаар нь “хурдаа багасгаач” гэхэд бид нарын үгийг тоохгүй “би ингэж хурдтай явдаг юм” гэж яваад “Их булаг” рашааны гүүр өнгөрөөд эсрэг урсгал сөрж замын хажуу талын далан руу онхолдож машин хэд хэдэн удаа өнхөрсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.*******гийн өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Уньтаас Хутаг-Өндөр сум орохоор “Уран тогоо” хүнсний дэлгүүр лүү ороод зогсож байсан. Тэгээд зайрмаг авахаар 2 охин болон ******* нар орж  ирэхэд нь хамт явж болох талаар асуугаад бид 5 хамт Хутаг-Өндөр сум руу явсан.**-**БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй. Уньтаас хөдлөхөд М.Т ааваасаа жолоог нь авч хөдлөөд “Их булаг”-ийн рашааны гүүр гарч яваад гүүрний цаад хэсэгт машин донсолоход М.Т баруун тийш жолоог дарж, эргэж зүүн тийш огцом дарж замын хажуу руу орж унасан. Би хамгаалах бүс зүүгээгүй явсан. Машин хэдэн км цагийн хурдтай явсныг мэдэхгүй. Одоогоор дотор муухайрч, толгой өвдөж зүүн чих өвчтэй шуугиж байгаа, нойргүй хонож байна. Гэдсээр өвдөж байгаа. Надад одоо ямар  нэгэн хохирол, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

Гэрч Б.*******ийн өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Хутаг-Өндөр сумын 3 дугаар баг Уньтын “Их булаг” гэх газар рашаан орохоор засмал замаас гараад зогсож байхад машины дугуйны чихрах чимээ дугараад эргэж харахад зам дээр хар өнгийн тээврийн хэрэгсэл хөндөлссөн байдалтай яваад замын хажуу тал руу унаж нэг удаа эргэж 1 хүн шидэгдэж байгааг харсан. Тухайн газарт би очиход тухайн машинд 5 хүн явж байснаас 2 эрэгтэй, 3 эмэгтэй хүн явж байсан. 1 эмэгтэй хүний толгой нь хагарсан цус гарч байсан. 1 эрэгтэй хүн машинаас шигдэгдсэн, 1 эрэгтэй хүний хөл мөр хэсгээр өвдөлттэй хөдөлж чадахгүй байгаа талаар хэлж байсан. Нөгөө 2 эмэгтэй босож явж байсан биеийг нь асуухад гайгүй талаар хэлж байсан. Тэгээд байж байхад хамаатан садны улсууд ирсэн. Дараа нь цагдаа эмч ирсэн гэх мэдүүлэг /хх-28 тал/,

Гэрч Э.*******ы өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Уньт багт байдаг Саахарын рашаан дээр очоод Рашаан уух гээд зогсож байтал нэг машин тормос гишгээд бөөн дуу гарахаар нь хартал Хар хөх өнгийн жижиг оврын жип машин Булган аймаг талаасаа явж байгаад гүүрэн дээр гарч ирээд яах ийхийн зуургүй хоёр хөрвөөгөөд гүүрний зүүн тал руу унаж онхолдсон машин унаж явахад машинаас нэг хүн шигдэгдэж нилээн хол үсэрсэн тэгээд бид хэд “машин уначихлаа, очиж туслая” гээд машин дээр очсон. Машин дотроос 4 хүн гарч ирсэн. 17-18 насны гэмээр 3 охин байсан. Хажууд нь жолооч нь юм уу гэмээр залуухан эрэгтэй хүүхэд байсан. Тэр машин гүүрэн дээр унаад хоёр эргээд гүүрний цаад талын жалга руу унасан. Анх машин унахад шигдсэн хүн босч ирээгүй доошоо хараад хэвтэж байсан. Нүүр ам нь цус болсон муу байсан гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

Гэрч Ж.*******гийн өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгаас Хутаг-Өндөр сум орохоор аймгийн “Шунхлай” ШТСтанц дээр ******* ах өөрийн хүү *******гийн хамт байж байхад нь дүү ******* бид 2 очиж**-**БУА улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийн арын суудал дээр суусан. Тэндээс хөдлөөд бид дөрөв “Түлүүгийн даваа”-н дээр хоол идчихээд Хутаг-Өндөр сумын чиглэлд явахад ******* ах машиныг барьж явсан. Дараа нь Уньт ороод Урантогоо гэдэг дэлгүүрийн гадаа зогсож зайрмаг авчихаад *******, ******* ах бид гурвыг гарч ирэхэд М.Т машиныг хөдөлгөөд урд зогсож байсан. Тухайн орсон “Урантогоо” гэх дэлгүүрээс ******* гэх охин Хутаг-Өндөр орно гээд суусан. М.Т ******* ахаас “би жолоо барьчихъя” гээд гуйгаад ах зөвшөөрөөд явж байхад надаас “цагдаа байгаа юу” гэхэд би “Гуртын гүүр”-ийн тэнд  байж магадгүй” гэхэд “би тэр хүртэл жолоо барина” гээд барьж явсан. М.Т машин барьж явахдаа 120 милл хүргэж гишгээд аавдаа “таны машин дайвалзаад салганаад байна шдээ” гэж хэлэхэд “хурдаа хасаад яваа, манай машин муудсан байгаа юм” гэж хэлж байсан. Уньт багийн нутаг “Их булаг” гэх газар явж байхад М.Т хурдтай явсан бөгөөд би хойд талын суудал дээрээс “ядаж 100 миллтэй яваач” гэхэд “би машин барихаар давхичихаад байдаг юм аа” гэж хэлээд явж байхад машин дайвалзаад эсрэг урсгал руу жолоогоо залж замын хажуу руу машин унаж 2 удаа эргэж цаад талын эрэг дээр машин цохигдож эргэж 4 дугуйгаараа буусан. Хойно сууж явсан *******, ******* бид 3 бүс зүүгээгүй явсан. Урд сууж явсан ******* ах, М.Т хоёрыг бүс зүүсэн эсэхийг мэдэхгүй /хх-ийн 33 тал/,

Шүүгдэгч М.*******гийн яллагдагчаар өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би Булган аймгийн төвд байж байсан чинь аав ******* намайг Хутаг-Өндөр сумаас авах гээд ирсэн. Тэр үед Булганд манай аавтай суусан Баярчимэг эгчийн охин *******, ******* нар бас байсан. Тэгээд *******, ******* нарын хамтаар аав бид дөрөв Хутаг-Өндөр орох гээд явсан. Тэгээд Хутаг-Өндөр орох замдаа “Түлүүгийн даваа” дээр зогсож цайны газар руу орж хоол идсэн. Тэгээд цааш явж байгаад Хутаг-Өндөр сумын Уньт баг дээр ирээд “Ханиу” гэдэг нэртэй хүнсний дэлгүүрийн урд зогсоод юм авахаар аав, *******, ******* тэр 3 орсон. Би машины дотор байж байтал араас машин ирээд сигналдахаар нь би аавын машиныг жолоодоод цааш нь болгоод машинаасаа гараад байж байтал дэлгүүрээс аав, *******, ******* нар нэг танихгүй охинтой гарч ирсэн. Аав тэр охиныг Хутаг-Өндөр орох гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд аав намайг “миний хүү машин баримаар байгаа юм уу” гэж хэлээд “чи чадах юм уу”  гэж хэлэхээр нь “би чадна” гээд машин бариад аав урд талын жолооч талын хажуугийн суудал дээр суугаад *******, *******, танихгүй охин тэр 3 арын суудал дээр суусан. Тэгээд Уньтаас цааш Хутаг-Өндөр лүү явж байгаад ойролцоогоор 10 гаран км зайтай явж байтал замын голд 2 том нүх харагдахаар нь хянах самбараа харсан чинь 100 км цагийн хурдтай явж байхаар нь хурдаа хасаад 80 км цагийн хурд руу оруулаад тэгээд миний явж байсан урсгалд байсан нүхийг тойрч гарах гээд нөгөө урсгал руу ороод нүхийг тойрч гараад өөрийнхөө явж байсан урсгал руу орох гэтэл машины бөгс нь хэсэг гуйваад байсан. Тэгээд машин гортигдоод байхаар нь би тоормозоо гэшигсэн чинь сул гэшгэгдээд байхаар нь тоормозноос хөлөө аваад дахин гэшигтэл тоормозны пидаал түгжигдчихээд гэшгэгдэхгүй байсан. Тэгээд машин замын хажуу руу унасан. Тэгээд би цааш юу болсоныг санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 111 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 132 тоот:

1. Б.*******ын биед зүүн, баруун дал, зүүн, баруун эгэм яс, баруун талын 1,2,3 дугаар хавирга дан, баруун 4-5 дугаар хавирга давхар, баруун 6 дугаар хавирга дан, зүүн 1,2,3,4,5,6,7 дугаар хавирга дан, цээжний 5-7 дугаар нугаламын их бие, цээжний 6-8 дугаар нугаламуудын баруун хөндлөн сэртэнгийн хугаралууд, хугаралын улмаас цээжний хөндийд хий, шингэн үүссэн гэмтэл тогтоогдоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх 61 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 131 тоот:

1. Х.*******гийн биед  баруун эгэм ясны хугарал, баруун шанаа, чихний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг ундаан хугацаагаар сарниулах тжл гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 77 тал/,

Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн  2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн

1. Жолооч Мягмарсүрэнгийн М.Т /ГА00261012/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.

2. Жолооч М.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а заалт “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалт, мөн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 9.3 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна замд цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

3. Гэм бурууг шүүх тогтооно гэх дүгнэлт /хх-ийн 37 тал/ гэх дүгнэлт, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-44-55 тал/, түүнчлэн Ж.*******, М.Т нарын эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учирсаныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд /хх-68, 86-87тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-88-89, 115-121 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-112- 114 тал/ нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

        Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч М.Т нь 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр “MITSUBISHI AIRTREK” маркийн**-**улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а заалт “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, мөн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 9.3 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна замд цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Их булаг” гэх газарт осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.*******ын эрүүл мэндэд хүнд, Х.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учуулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдлын талаар хохирогч Б.*******, насанд хүрээгүй хохирогч Х.*******, гэрч Б.*******, гэрч Б.*******, Б.Уранчимэг, Э.*******, Ж.*******, М.Бат-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч М.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “зам тээврийн осол, хэрэг гарсан шалтгаан”-ыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.Т МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.*******, Х.******* нарын эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.                          

       Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, Шүүхийн шинжилгээний болон Зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

  Шүүгдэгч М.Т хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх ба автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

       Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч М.Т хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч М.Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шүүгдэгч М.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч М.Т холбогдох хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн өсвөр насны  Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн нэгдүгээр курсэд элсэн суралцаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.  

       Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.                 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт М.ТАвто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд  хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч М.Ттээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.Тмэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй,  хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД