Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 226/МА2022/00037

 

 

 

 

Э.Г-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.З-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00036

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Т нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 156/ШШ2022/00451 дугаар шийдвэртэй Э.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.З-д холбогдох “Зээл 9,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч Э.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Э.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.З бид хоёрын хооронд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн харилцаа үүссэн. Ингэхдээ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 10%-ийн хүүтэй, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 5%-ийн хүүтэйгээр зээлэхээр тохирсон. Б.З 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр үндсэн зээл дээрээ нэмээд 480,000 төгрөгийг зээлсэн. Ингээд 10.400.000 төгрөгийн зээлийн гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би өөрийн эзэмшлийн гар утас дахь “Facebook” чатаар зээлийн гэрээ явуулж, Б.З зөвшөөрч гарын үсэг зурж над руу явуулсан. Мөн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, Б.З зөвшөөрч гарын үсэг зурсан. Бидний хооронд Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш бид гэрээгээ сунгаагүй, үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрөө төлөхийг шаардаж сануулсан. 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Монгол шуудан ХХК-иар дамжуулан шаардсан мэдэгдлээ түүний оршин суугаа хаяг руу илгээсэн. Үүнээс хойш ямар нэгэн хариу ирүүлээгүй төлбөрөө огт төлөөгүй байгаа.

Б.З нь зээлсэн мөнгөнөөс 3.600.000 төгрөгийг бэлнээр төлсөн, 6.800.000 төгрөг үлдсэн. Үүндээ 10%-ийн хүү нэмээд 9.000.000 төгрөг болсон. Миний хувьд Б.З-г өрөнд оруулж, илүү мөнгө нэхээд байгаа зүйл байхгүй. Миний зээлсэн мөнгө 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны зээл юм. Б.З-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар дээр бичсэн намайг өөрт нь нийт 13.540.000 төгрөг зээлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин буцааж нийт 18.780.000 төгрөг төлсөн гэдгийг зөвшөөрөхгүй байна. Би Хаан банканд 5935196368 дугаарын данстай. Энэ дансаараа Б.З-д мөнгө шилжүүлсэн, бэлнээр мөнгө өгөөгүй. Мөн энэ дансаараа түүнээс мөнгө авдаг, өөр дансаар мөнгө аваагүй. Би Хаан банкнаас гадна өөр банканд олон данстай боловч дансны дугаарыг цээжээр мэдэхгүй байна. Миний Б.Золзаяатай тохиролцож хийсэн гэрээний үүргийг Б.З нь биелүүлэхгүй байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо нэхэмжилсэн 9.000.000 төгрөгийн 6.800.000 төгрөг нь  үндсэн зээл, 2.200.000 төгрөг нь хүүгийн төлбөр юм..” гэв.

Хариуцагч Б.З нь анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Э.Г эгчид өр төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Б.З нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 1,400,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 5.460.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4.700.000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 4.800.000 төгрөг нийт 13.540.000 төгрөг шилжүүлсэн байна. Харин Б.Золзаяагаас Э.Г-рүү 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Э.Г-т төлсөн мөнгө нь дансаар 15,180,000 төгрөг, бэлнээр төлсөн 3,600,000 төгрөг нийт 18,780,000 төгрөг байна. Зохигчид бэлнээр өгсөн 3.600.000 төгрөгийг аль аль нь хүлээн зөвшөөрч байна.

Э.Г-нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.З-г цагдаагийн байгууллагад өгнө гэж сүрдүүлэн мөнгийг хүлээлцээгүй байж, хуурамч гэрээнд гарын үсэг зуруулсан. Мөн Э.Г-с Б.З руу хүргүүлсэн мэдэгдэл гэх зүйлд 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10 хувийн хүүтэйгээр 10.400.000 төгрөгийг өмнөх үлдэгдэл зээлэн дээр 480.000 төгрөг  нэмж зээлэн зээлийн гэрээг 1 сарын хугацаатайгаар бичгээр байгуулж таны Хаан банкны 5954093879 тоот дансанд шилжүүлсэн” гэсэн боловч Б.З-ийн уг дансанд дээрх мөнгө орсон нь нотлогдохгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч онлайн гэрээ хийсэн гээд байгаа нь хуульд нийцээгүй. Нэхэмжлэгч нь 10.400.000 төгрөгөөс 9.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч 9.000.000 төгрөгийн тооцоолол тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүйг илтгэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа зээлсэн мөнгөнд гэрээ байгуулсан гэдэг боловч Б.З-ийн дансны хуулганаас харахад үндэслэлгүй байна. Мөн 9,000,000 төгрөгийг Э.Г-с Б.З нь хэрхэн зээлж байгаа талаарх баримт хэрэгт байхгүй. Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлүүдийг зөрчиж байх тул уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна..” гэв.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 156/ШШ2022/000451 дугаартай шийдвэрээр: “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч Б.З-с 3.155.000 /гурван сая нэг зуун тавин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.845.000 /таван сая найман зуун дөчин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.З-с 65.430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Г-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.З давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ Б.З миний бие Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 451 дугаартай шийдвэрийг аваад дараах гомдлыг гаргаж байна. Миний бие Э.Г-т төлбөр төлөх үндэслэлгүй байхад надаас 3.155.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Бидний хоорондын мөнгөний талаарх харилцаа дансаар нотлогдож байгаа.  Анхан шатны шүүх буруу дүгнэсэн гэж үзэж байна.

Иймд Э.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Нэхэмжлэгч Э.Г-нь зээлийн гэрээний үүрэгт 9.000.000 төгрөг гаргуулахаар  шаарджээ.

 

Хариуцагч Б.З “Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Э.Г-т өр төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Хэнтий аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагч Б.З-с 3.155.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж бол зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно.

Нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд мөнгө зээлдүүлэхээр амаар тохиролцон хариуцагчийн дансанд мөнгөө шилжүүлж, хариуцагч хариу төлбөр болох зээлээ буцаан төлж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд харин хүү тооцсон эсэх, бичгээр гэрээ байгуулсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч гаргадаг бөгөөд зохигчийн маргааны зүйлд шүүхээс үйл баримт, хууль зүйн талаар дүгнэлт хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хангагддаг.

Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан байна. Гэтэл анхан шатны шүүх цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан зарчим, шаардлагын дагуу үнэлж, дүгнэж хэргийг бодитойгоор шийдвэрлэж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Г-нь анх нэхэмжлэл гаргахдаа “...Б.З-тай 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан, уг гэрээний үүрэгт 9.000.000 төгргийг гаргуулж өгнө үү...” гэж шаардсан боловч шүүх хуралдаан дээр шаардлагын үндэслэлээ өөрчилж “...Б.З нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн харилцаа үүссэн. Ингэхдээ 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 10%-ийн хүүтэй, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 5%-ийн хүүтэйгээр зээлэхээр тохирсон. Б.З 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр үндсэн зээл дээрээ нэмээд 480,000 төгрөгийг зээлсэн... зээлсэн мөнгөнөөс 3.600.000 төгрөгийг бэлнээр төлсөн, 6.800.000 төгрөг үлдсэн. Үүндээ 10%-ийн хүү нэмээд 9.000.000 төгрөг болсон...” хэмээн тайлбарласныг шүүх дүгнэхдээ “...Анхан шатны шүүх зохигчдын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гэрээ нь хуульд заасан стандарт шаардлагад нийцээгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин хариуцагч тал нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Э.Г-ийн Хаан банкны 5935196368, 5700628477, 5700537431, 5954484739 тоот дансууд руу 15.180.000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлан банкны дансны дэлгэрэнгүй хуулгуудыг хавсарган шүүхэд өгсөн боловч шүүх зөвхөн нэхэмжлэгч Э.Г-ийн эзэмшлийн 5935196368 тоот, хариуцагч Б.З-ийн эзэмшлийн 5954093879 тоот дансны хоорондох гүйлгээг түүвэрлэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 40 дүгээр зүйлүүдийн заалтуудад нийцээгүй байна.

 

Давж заалдсан гомдлын тухайд: 

Хариуцагч гомдолдоо “...надаас 3.155.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Бидний хоорондын мөнгөний талаарх харилцаа дансаар нотлогдож байгаа...” гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд өгсөн Хаан банк дахь 5954093879 тоот дансны хуулгыг шүүж үзэхэд нэхэмжлэгч Э.Г-ийн эзэмшлийн ХААН банк дахь 5935196368 дугаарын данснаас 12.040.000 төгрөгийн орлого орсон, 5935196368, 5700628477, 5700537431, 5954484739 тоот дансууд руу 15.180.000 төгрөгийн зарлага хийгдсэн болох нь тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч Э.Г-нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “...2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл мөнгө зээлж байсан... Бүх зээлсэн мөнгөө... 5935196368 тоот дансаас... 5954093879 тоот данс руу шилжүүлсэн... Би маш олон данстай, 5700-той дансны дугаар байгаа... /2хх-ийн 109 хуудас/..., 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Золзаяагийн төлсөн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. Өөрөөр хэлбэл Э.Г-нь хариуцагчийн төлбөр хийсэн гэх Хаан банкны бусад дансуудыг миний эзэмшлийнх биш гэж маргаагүй, хариуцагчийн төлсөн гэх төлбөрүүдийг эсэргүүцэж няцаагаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх үүрэгтэй” гэж, 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж, 42 дугаар зүйлийн 42.4-т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус заасан бөгөөд шүүхээс “...хариуцагч Б.З нь ...ямар нэртэй банкны хэдэн тоот данс руу шилжүүлсэн, уг шилжүүлсэн гэх данс нь нэхэмжлэгч Э.Г-ийн нэр дээрх данс мөн эсэхийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй...” гэсэн үндэслэлээр хариуцагчид төлбөр хариуцуулсан нь дээрх хуулийн заалтуудтай нийцээгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөө бүрэн төлсөн талаарх үндэслэл, нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгснийг нэхэмжлэгч тал няцааж чадаагүй байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч Б.З-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 156/ШШ2022/00451 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хариуцагч Б.З-с 3.155.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.845.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...Э.Г-ийн 9.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.З-с 65.430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Г-т олгосугай...” гэснийг “...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй...” гэж тус тус өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ДЭНСМАА

     ШҮҮГЧИД                                       О.БААТАРСҮХ

                                                           Д.ГАНЗОРИГ