Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 226/МА2022/00036

 

 

 

Э.У-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр

гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00157/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгч Э.У ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б ,

Гуравдагч этгээд Г.З ,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Т нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .... даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын ..... өдрийн ..........  дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.У-ын нэхэмжлэлтэй хариуцагч Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид холбогдох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А56 дугаар байрны 06 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Э.У-ын гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Э.У  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.У  надад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрт хураагдсан Э.У  болон эхнэр Г.З  бидний өмчлөлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг А56-р байрны 06 тоотод байрлах орон сууцанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд “Дамно” ХХК-иас үнэлгээ тогтоосон бөгөөд орон сууцны үнийг 100.868.625 төгрөг буюу 1 м.кв-г нь 2.037.750 төгрөгөөр үнэлсэн. Энэ орон сууцны барилга бетон карказ хийцлэлтэй, гурван давхар шилтэй, төмөр вакум цонхтой, аймгийн төвд А зэрэглэлийн байршилтай, сургууль цэцэрлэг, үйлдвэр үйлчилгээнд ойр байршилтай бөгөөд ашиглалтад ороод удаагүй орон сууц юм. Үнэлгээ хийхдээ эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй, бодит үнээс нь багаар үнэлсэн байна. Мөн манай байртай ойролцоох орон сууцууд нь 1 м.кв нь 3.000.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд миний орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс 32%-р бага үнэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангиас  томилсон  үнэлгээний  компанийн  манай  байрыг  үнэлж  гаргасан   үнэлгээ   нь

                                                                                                      

бидний зах зээл дээр харьцуулсан үнэлгээтэй нийцэхгүй, доогуур үнэлсэн учир тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байрны зэргэлдээ байрны метр квадратын үнэ нь 2.500.000, 2.800.000 төгрөгийн үнэтэй байгаа гэтэл манай байрыг 2.038.000 төгрөгөөр үнэлсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд тус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б  нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнийг үндэслэж, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Төлбөр төлөгч Э.У т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах хуудсыг удаа дараа гардуулахад Э.У  нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн биеэр оролцохгүй байнга эхнэр Г.З ийг явуулж, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж, төлбөрийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж 2.999.000 төгрөгийг хэсэгчлэн төлүүлсэн болно. Түүний эхнэр Зулцэцэг буюу одоогоор гуравдагч этгээд нь Э.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байсан. Э.У  нь 20,000,000 төгрөгийг өгье гэдэг. Манай байгууллага эвлэрүүлдэг байгууллага биш, харин шүүхийн шийдвэрийг биелүүлдэг байгууллага юм.

Мөн төлбөр төлөгчийн эд хөрөнгийг лавлагааг авахад өөрийн болон Г.З ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд илэрсэн боловч дээрх хөрөнгүүд нь Хаан банк, Төрийн банкны барьцаа хөрөнгүүд байсан. Төлбөр авагч Б.О нь амаар болон бичгээр удаа дараа гомдол гаргадаг. Иймд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хорооллын А56-06 тоотод байрлах 49.5мталбайтай орон сууцыг битүүмжлэх, хураах тогтоол үйлдэж баталгаажуулах ажиллагааг явуулж талуудаас үнийн санал авахад үнийн санал зөрсөн тул хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-иар хөрөнгийг үнэлүүлсэн. Тус үнэлгээг төлбөр төлөгчид танилцуулсан тул үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.З  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрт хураагдсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг А56-р байрны 06 тоотод байрлах орон сууц нь гэр бүл болсноос хойш 2016 онд бий болсон хөрөнгө юм. Манай нөхөр Э.У-ын нэр дээр бүртгэлтэй 9 үл хөдлөх хөрөнгө байгаа. Үүнээс ганцхан А56-6 тоот байрыг миний бие хамтран эзэмшдэг, тус орон сууцыг шийдвэр гүйцэтгэгч дур мэдэн сонгож, ажиллагаа хийсэн. Орон сууцны хууль ёсны өмчлөгч нараас санал аваагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн тодорхой зохицуулалтыг тухайлбал төлбөр төлөгч төлбөрт өгөх хөрөнгөө сонгох, санал болгох эрхийг зөрчсөн. Энэ хөрөнгө нь ганцхан Э.У-ын өмчлөл, эзэмшлийн орон сууц биш бөгөөд Г.З  миний бие хамтран өмчилдөг, бидний 3 хүүхэд амьдардаг байр юм. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь миний болон хүүхдүүдийн эрх ашгийг зөрчиж байна. Тус үл хөдлөх хөрөнгө нь Төрийн банкны орон сууцны зээлэнд хамрагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн тодорхой зохицуулалтыг тухайлбал “..төлбөрт авах хөрөнгийг сонгохдоо тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, төлбөрт авах хөрөнгийг сонгохдоо эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдээс санал, тайлбарыг нь авах , төлбөр төлөгч төлбөрт өгөх хураалгах хөрөнгийнхөө дарааллын талаар  хүсэлт гаргах, төлбөр төлөгчийн бусад хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусад барьцаалсан хөрөнгөөс төлбөр гаргуулах, төлбөр төлөгчийн дангаар өмчлөх өөрийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгүүд нь төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол түүний дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгөөс түүнд ноогдох хэсгээр нь төлбөрийг гаргуулна” зэрэг зохицуулалтыг шууд зөрчсөн, хууль бус ажиллагаа болсон. Мөн уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд баримтлах зохицуулалтууд болох хөрөнгө санал болгох, сонгох, хураан авах, битүүмжлэх дуудлага худалдаа явуулах зэрэг ажиллагааг гүйцэтгээгүй. Төрийн банкны үүргийн гүйцэтгэл хангагдаагүй, тус үнэлгээгээр орон сууцыг худалдан борлуулж, үүргийг гүйцэтгүүлнэ гэж үзэх бол орон сууцны зээл нь өнөөдрийн байдлаар 46.117.215 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Нийт орон сууцны үнэлгээ нь 100.868.625 төгрөг үүнээс зээлийн үлдэгдлийг хасаад барьцаа хөрөнгөө чөлөөлж аваад 54.751.000 төгрөг үлдэж байгаа. Үүнээс миний болон 3 хүүхдэд ноогдох хувийг өгөхөд Э.У-ын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хааж хүрэлцэхгүй. Өөрөөр хэлбэл тус орон сууцны 5/1 буюу 20 хувь нь Э.У-ын өмчлөлийн хэсэг юм.  Хэрвээ үүргийн гүйцэтгэлийг хангууллаа гэхэд 4 хүний эрх ашиг зөрчигдөж байгаа. Иймээс миний хувьд А56-6 тоот байранд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулмааргүй байна. Э.У-ын нэр дээрх өөр хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж өгнө үү” гэв.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 156/ШШ2022/00441 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Э.У-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангид холбогдох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг А56 дугаар байрны 06 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч Э.У  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Э.У  нь анх Б.Оюунмөнх гэж хүнээс 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 20.000.000 төгрөгийн зээлийг хүүгүйгээр 2 сарын хугацаатай нөхцөлөөр авсан. Уг өдрөөс 2 сарын дараа буюу 2020 оны 07 дугаар сарын 14-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан ба ингэхдээ өмнөх 2 сарын хүүнд 10.000.000 төгрөг нэмж бодож, анхнаасаа 30.000.000 төгрөг авсан байдлаар сарын хүү нь 10 хувь байхаар уг гэрээг байгуулсан. Ийм байдлаар анх 19.000.680 төгрөг авсан нь шүүхийн шатанд 35.600.000 төгрөг болж, уг үнийн дүн дээр эвлэрсэн гэдгээр Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №ШЗ2020/02156 тоот шүүгчийн захирамж гарсан.

Энэхүү захирамжид үндэслэн Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих анги дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар, тухайлбал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрт хураан авсан зүйл болон үнэлгээн дээр нэхэмжлэгч Э.У  нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг хэргийг шийдвэрлэсэн Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 156/ШШ2022/00441 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах тухай энэхүү гомдлыг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаж байна.

1. Миний эхнэр Г.З-нь уг хэрэгт холбогдуулан бие даасан шаардлага гаргасан бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлагыг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 156/ШЗ2022/01375 дугаар “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж гарсан бөгөөд энд миний эхнэр Г.З ийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн бүхий л эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон бөгөөд тухайн үед бие даасан шаардлага гаргаагүй оролцогч байсан Г.З  нь нэхэмжлэлийн шаардлагаа хэнд хандаж, ямар хэрэгт холбогдуулж гаргаж байгаагаа тодорхой бичсэн бөгөөд анхан шатны шүүхээс дээр дурдсан 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 156/ШЗ2022/01375 дугаар “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийг гаргахдаа хэргийн үйл баримтыг бүрэн судлаагүй, зориуд санаатайгаар энэхүү шийдвэрийг хэргийн нэг талын ашиг сонирхлын үүднээс шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Дээрх шүүгчийн захирамж нь хууль бус, хууль зөрчиж гарсан бөгөөд уг шүүгчийн захирамжийн үндэслэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн.

Миний эхнэр, тухайн үед гуравдагч этгээдийн шаардлага гаргаагүй байсан. Харин Г.З  нь бие даасан шаардлага буюу нэхэмжлэл гаргахдаа уг нэхэмжлэлд дараах хууль зүйн үндэслэлүүдийг дурдсан байсан. Үүнд:

 1. Дээр дурдсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой, зөвхөн Э.У-ын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн лавлагааг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар цуглуулсан байдаг боловч /эд хөрөнгийн лавлагааг хавсаргав/ түүнд заагдсан байгаа 9 үл хөдлөх хөрөнгөөс зөвхөн Төрийн банкинд нэхэмжлэлтэй, миний нэр орсон хамтран өмчлөх гэрчилгээтэй орон сууц /Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4-р баг Сариг А56-р байрны 06 тоот хаягт байршилтай, 000448869 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-1817004145/-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчтэй санал солилцохгүйгээр, шууд дур мэдэн сонгон авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн тодорхой зохицуулалтыг тухайлбал төлбөр төлөгч төлбөрт өгөх хөрөнгөө сонгох, санал болгох эрхийг зөрчсөн.

2. Энэ хөрөнгө нь ганц Э.У-ын өмчлөл, эзэмшлийн орон сууц биш бөгөөд Г.З  миний бие хамтран өмчилдөг, бидний 3 хүүхэд амьдардаг байр юм. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь нэхэмжлэгч миний болон миний хүүхдүүдийн Э.У аас гадна 4 хүний амьдрах эрхийг шууд хөндөж, зөрчиж байгаа хууль бус ажиллагаа болж байна. Гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, дээр дурдсан орон сууцанд амьдран суудаг тухай тодорхойлолт зэргийг хавсаргасан.

3. Дээр дурдсан үл хөдлөх хөрөнгө нь Төрийн банкны орон сууцны зээлтэй байр бөгөөд Э.У-ын нэр дээрх 9 үл хөдлөх хөрөнгөөс зөвхөн уг байрыг дур мэдэн, зориуд сонгож авсан нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн тодорхой зохицуулалтыг тухайлбал “..төлбөрт авах хөрөнгийг сонгохдоо тухайн  хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг  эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, төлбөрт  авах хөрөнгийг сонгохдоо эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдээс санал, тайлбарыг нь авах, төлбөр төлөгч төлбөрт өгөх, хураалгах хөрөнгийнхөө дарааллын талаар хүсэлт гаргах, төлбөр төлөгчийн бусад хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусдад барьцаалсан хөрөнгөөс төлбөр гаргуулах, төлбөр төлөгчийн дангаар өмчлөх өөрийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгүүд төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол түүний дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгөөс түүнд ногдох хэсгээр нь төлбөрийг гаргуулна..” зэрэг зохицуулалтыг шууд зөрчсөн, хууль бус ажиллагаа болсон билээ.

4. Мөн уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд баримтлах зохицуулалтууд, хөрөнгө санал болгох, сонгох, хураан авах, битүүмжлэх, үнэлгээ тогтоох, дуудлага худалдаа явуулах зэрэг бүхий л ажиллагаанд хууль зөрчигдсөн байдаг зэргийг дурдаж, уг гуравдагч этгээдийн бие даасан шаардлага буюу нэхэмжлэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд заасан хууль зүйн зохицуулалт, эрхийн хүрээнд анхан шатны шүүхэд хандан гаргаж байгаагаа дурдсан байсан болно.

Ингэж тухайн хэрэгт авагдсан нотлох баримтыг бие даасан шаардлага, нэхэмжлэлдээ хавсаргаагүй гэдэг үндэслэлээр миний эхнэрийн буюу гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага, нэхэмжлэлийг хүлээн аваагүй нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болно.

Дээр миний бие нэхэмжлэгч Э.У  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн оролцогчийн эрхийг дээр дурдсан байдлаар бүдүүлгээр зөрчсөн бөгөөд миний нэр дээр байх 9 хөрөнгөөс зөвхөн Төрийн банкны барьцаатай, хамтран эзэмшигчтэй ганц үл хөдлөх хөрөнгө болох  манай гэр бүл, үр хүүхэд бидний амьдран суудаг орон сууцыг хууль зөрчин сонгон авсанд бид гомдолтой байдаг бөгөөд уг хөрөнгийн үнэлгээг хийхдээ харьцуулалтын аргыг сонгон авсан үнийн судалгаа хийж, үнэлгээг гаргасан нь гэх боловч уг үнэлгээ гаргасан баримтад манай уг байр, үл хөдлөх хөрөнгийг өөр ямар нэгэн байртай харьцуулан судалж үнэлгээг нь тогтоосон нэг ч баримт байдаггүй. Иймд нэхэмжлэгч Э.У  миний зүгээс уг хууль зөрчиж тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан болно.

Дээр дурдсан байдлаар хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, хууль зөрчиж явагдсан хэргийн ажиллагаанд үндэслэн гарсан Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 156/ШШ2022/00441 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү..” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.             

Нэхэмжлэгч Э.У  нь хариуцагч Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид холбогдуулан Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А56 дугаар байрны 06 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

   Хариуцагч тал  тус хөрөнгийг үнэлүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу талуудад хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэлээр баталгаажуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

   Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх “...Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээний аргачилалд нийцүүлэн үнэлгээг гаргасан ...үл хөдлөх хөрөнгийн үнийг зах зээлийн хандлагын аргад тулгуурлаж, одоогийн үнэ ханшийг тогтоосон, дүгнэлт гаргахдаа ойролцоо ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг судалсан хэмээн шинжээч Ц.Т ...тайлбарласан ба ...Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “...Шинжилгээний явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт бүхий материал нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох ба гэрэл зургийн үзүүлэлтийг хоёр хувь үйлдэн нэг хувийг шүүхийн шинжилгээний байгууллагын архивт хадгалуулна...” гэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “...Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна...” гэж,  9 дүгээр зүйлийн 9.2.3-т “...хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх...” гэж, мөн зүйлийн 9.3.8-д “...Хөрөнгийн үнэлгээний тайланд ...хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг ...тусгана...” гэж тус тус заажээ.

Гэтэл “Дамно” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланд: ...Үнэлгээг хийхдээ уг объектын орчны шинжилгээнд тулгуурлан одоогийн иргэд хоорондын худалдах, худалдан авах үнэ, зах зээлийн мэдээлэл дээр судалгаа хийж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 2-р хороо орчимд байрлах зориулалт, чанар стандарт хийц бүтцийн хувьд ижил төстэй объекттой харьцуулалт хийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 2 дугаар хороо орчимд байрлах объектын худалдаж, худалдан авч байсан үнэтэй харьцуулан зах зээлийн жиших аргаар үнэлсэн үнэлгээг дараах хүснэгтээр харуулав /хавтаст хэргийн 195 хуудас/ гэсэн боловч хүснэгт №1/хавтаст хэргийн 196 хуудас/-д харьцуулах хөрөнгийн мэдээлэлүүд ойлгомжгүй, үнэлэгдэж буй байрыг чухам ямар байр, орон сууцтай харьцуулсан нь тодорхойгүй, ашигласан баримт, мэдээлэл, нотолгоог хөрөнгийн үнэлгээний тайланд тодорхой тусгаагүй, хоёр линк тусгасан боловч мэдээлэл нь харагдахгүй, тодорхой бус байх тул шинжээчийн дүгнэлтийг хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 156/ШШ2022/00441 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар... Хэнтий ............ үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар... Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг А56 байрны 06 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй...” гэснийг “...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангиас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                         О.БААТАРСҮХ      

                                                                                                Д.ГАНЗОРИГ