| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1489/э |
| Дугаар | 1560 |
| Огноо | 2018-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 1560
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: О.Багшбаяр
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.:
шүүгдэгч: У.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт У Т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806080311835 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогт У Т, 19 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
У.Т нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэртт үйл ажиллагаа явуулдаг Норжин худалдааны төвийн хажууд байрлах компьютер тоглоомын газарт насанд хүрээгүй хохирогч Т.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч У.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэмж тайлбарлах зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүгдэгч У.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 02–ны өдөр 21.00 цагийн үед миний ажилладаг ПС тоглоомын газарт гаднаас 2 хүүхэд орж ирээд цаг аваад тоглох гээд суусан. Миний нөгөө ээлжний админ цаг өгсөн. Интернэт болохгүй байна гээд манай нөгөө админтай маргалдсан. Нөгөө хоёр хүүхэд мөнгөө буцааж авъя гээд надаас мөнгөө нэхэхээр нь би цагынх нь мөнгөн дээрээс 200 төгрөг хасаад үлдсэн мөнгийг нь өгөхөд мөнгөө бүрэн авмаар байна гээд нэг хүүхэд нь намайг түлхээд зүүн эрүүрүү гараараа цохисон. Би зөрүүлээд тэр хүүхдийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаж байхад манай нөгөө админ Б салгасан. Нөгөө хоёр хүүхэд манай ПС-нээс гараад явсан .Ийм л явдал болсон гэжээ. /хх-ийн 7/
Насанд хүрээгүй хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 02–ны өдрийн орой Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо Норжин худалдааны төвийн хажууд байдаг ПС-ны газар өөрийн найз болох Т хамтаар 2 цаг интернэтээр тоглодог тоглоом тоглохоор орсон. Бид хоёр 10.000 төгрөг өгөөд хоёр хоёр цаг аваад суусан ба бид хоёрын хариулт 6.800 төгрөг өгсөн. Бид хоёр компьютерээ асаагаад суусан чинь тухайн газар интернэт байхгүй байсан. Тэгэхээр нь интернэт хэзээ ирэх талаар нь асуухад “удахгүй ирнэ” гэхээр нь бид хоёр суугаад 10 гаруй минут болоод дараа нь босоод танай интернэт ирэхгүй юм байна бид хоёр мөнгөө буцаагаад авъя гэж ажиллуулж байсан залууд хэлэхэд “манайх мөнгө буцааж өгдөггүй” гэхээр нь бид хоёр хоорондоо хэсэг маргалдаж байгаад дараа нь ажилуулж байсан залуу нь бид 2-т 3.200 төгрөг өгсөнөөс буцааж 2.800 төгрөгөө авах гэхэд 1.600 төгрөг л өгсөн. Би хэлэхдээ яагаад бид хоёрт 1.600 төгрөг өгч байгаа юм бэ гэхэд энэ цаг чинь над дээр бичигддэг юм гэж хэлээд дараа нь босож ирээд намайг заамдаад тэгээд миний хамар луу цохисон. Миний хамар луу цохихоор нь би хамраа бариад доошоо суусан ба тэгээд миний хамарнаас цус гарсан. Тэгээд би мөнгөө авч чадаагүй болохоор өөрийн найзтайгаа хамт гараад явцгаасан. Би өөрийн найзтайгаа хамт тухайн хүнийг харвал танина , пс-ны газрыг ажиллуулж байсан 172 см хавьцаа өндөртэй, богино хар өнгийн үстэй, дунд зэргийн мяраатай, 17-19 насны эрэгтэй миний хамарлуу нэг удаа цохисон. Цохисоноос болж миний хамарнаас цус гарсан.Одоогоор хөдөлгөхөд юм шажигнаж байгаа юм шиг шажигнаж байгаа. Би өөрийнхөө хамарыг хугарсан гэж бодож байгаа гэжээ. / хх-н 6-7/
Насанд хүрээгүй хохирогч Т.Б хууль ёсны төлөөлөгчөөр З.Ганзоригийг тогтоосон тогтоол /хх-н 5/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 11-12/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11994 дугаартай шинжээчийн дүгнэлт
1. Т.Б биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу,баруун, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1–т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэжээ. / хх-н 13/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12120 дугаартай шинжээчийн дүгнэлт
1.У.Т биед гэмтэл тогтоогдоогүй гэжээ. /хх-н 14/
Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 20 цаг 30 минутын үед найз Болорхүүтэй Норжин худалдааны төвийн хажууд байрлах S үсэгтэй пс тоглоомын газарт орсон. Орж суучихаад интернэтгүй гэдгийг нь мэдээд гарах гээд төлсөн мөнгөө авах гэсэн чинь админ 1.600 төгрөг өгнө гэхээр нь Б 3.000 төгрөг төлчихөөд 1.600 төгрөг авдаг юм уу гэж хэлэхэд нь энэ чинь над дээр дараа нь бичигддэг юм гэхэд Б урдаас нь тэр чинь надад ямар хамаатай юм бэ гэж хэлэхэд үгийн зөрүүгүй тэр админ нь босож ирээд Б нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохьсон. Тэр админы найз хоёр залуу нь босож ирээд нэг нь ирээд намайг буланд шахаад хавираад унагаасан. Унаад босоод ирэхэд Б хамар нь хугараад хамарнаас нь цус гарчихсан байсан. Цусыг нь тогтоочихоод бид хоёр гараад эмнэлэг явсан. Болорхүүгийн нүүрэн тус газар нь тэр админ цохисоноос болж хамар нь гэмтсэн гэжээ. / хх-н 15/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл : /хх-н 25-26/
У.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 16/, /хх-н 38/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 18/
У.Т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 29-30/
У.Т Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 19/, прокурорын тогтоол /хх-н 20-21/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-23/ зэрэг болно.
У.Т нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэртт үйл ажиллагаа явуулдаг Норжин худалдааны төвийн хажууд байрлах компьютер тоглоомын газарт насанд хүрээгүй хохирогч Т.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Бид хоёр 10.000 төгрөг өгөөд хоёр хоёр цаг аваад суусан ба бид хоёрын хариулт 6.800 төгрөг өгсөн. Бид хоёр компьютерээ асаагаад суусан чинь тухайн газар интернэт байхгүй байсан. Тэгээд тэр залуу энэ цаг чинь над дээр бичигддэг юм гэж хэлээд дараа нь босож ирээд намайг заамдаад тэгээд миний хамар луу цохисон. Миний хамар луу цохихоор нь би хамраа бариад доошоо суусан ба тэгээд миний хамарнаас цус гарсан. Одоогоор хөдөлгөхөд юм шажигнаж байгаа юм шиг шажигнаж байгаа. Би өөрийнхөө хамарыг хугарсан гэж бодож байгаа гэсэн мэдүүлэг / хх-н 6-7/
У.Т хамар орчимд нь гараараа цохиосоноос Т.Б биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун, зүүн зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1–т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11994 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-н 13/
Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Орж суучихаад интернэтгүй гэдгийг нь мэдээд гарах гээд төлсөн мөнгөө авах гэсэн чинь админ 1.600 төгрөг өгнө гэхээр нь Б 3.000 төгрөг төлчихөөд 1.600 төгрөг авдаг юм уу гэж хэлэхэд нь энэ чинь над дээр дараа нь бичигддэг юм гэхэд Б урдаас нь тэр чинь надад ямар хамаатай юм бэ гэж хэлэхэд үгийн зөрүүгүй тэр админ нь босож ирээд Болорхүүгийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохьсон. Тэр админы найз хоёр залуу нь босож ирээд нэг нь ирээд намайг буланд шахаад хавираад унагаасан. Унаад босоод ирэхэд Б хамар нь хугараад хамарнаас нь цус гарчихсан байсан. Цусыг нь тогтоочихоод бид хоёр гараад эмнэлэг явсан гэсэн мэдүүлэг / хх-н 15/
Шүүгдэгч У.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Интернэт болохгүй байна гээд манай нөгөө админтай маргалдсан. Нөгөө хоёр хүүхэд мөнгөө буцааж авъя гээд надаас мөнгөө нэхэхээр нь би цагынх нь мөнгөн дээрээс 200 төгрөг хасаад үлдсэн мөнгийг нь өгөхөд мөнгөө бүрэн авмаар байна гээд нэг хүүхэд нь намайг түлхээд зүүн эрүүрүү гараараа цохисон. Би зөрүүлээд тэр хүүхдийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 7/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
У.Т холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул У.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
У.Т нь насанд хүрээгүй хохирогч Т.Б эмчилгээний зардалд 450.000 төгрөг төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гомдол санал байхгүй гэсэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
У.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О овогт У Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Т нь торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Т нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. У.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, У.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол У.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН