Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/99

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,                                                                               

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                                                       

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ц-н Б-д холбогдох эрүүгийн 1817001810086 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 04-нд Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, хот хооронд таксигаар хүн тээвэрлэдэг ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж ...... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дундговь аймгийн шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2-н б-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжаар /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 14 хоногийн өмнө тэнсэн суллагдсан гэх Б овогт Ц-н Б /РД:............/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ц.Б нь 2018 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, төмөр замын 16-р зөрлөг гэх газраас иргэн Г.У-н 1 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Төмөр замын 16-р зөрлөг гэх газраас хохирогч Г.У-н 1 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос 16 дугаар зөрлөг рүү ээжийндээ очих гээд явж байхад 16-р зөрлөгийн орчим замын хажууд олон үхэр байхаар нэг үнээг барьж авч хийсэн. Тэгээд Улаанбаатар хотод найздаа аваачиж өгч борлуулсан гэв.

 

1.2. Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос найз М.У-н Тоёото виш маркийн 62-47 УБТ улсын дугаартай машинтай Замын-Үүд сум руу хүн авахаар төмөр замын вокзал дээр очсон. Замын-Үүд явах хүн олдоогүй. Манай ээж 2018 оны 07 дугаар сард “Алтан гадас” одон авсан. Тэрийг нь ах дүү нараараа нийлж найр хийж өгөхөөр хүүхдүүд бид нар хоорондоо яриад 300 000 төгрөг хүн бүрээс гаргахаар болсон юм. Мөн миний түрээсийн байрны мөнгө нэхэгдээд байсан юм. Тэгээд надад мөнгөний хэрэг гарсан. Манай ээж 16-р зөрлөг дээр байдаг юм. Ээж намайг ирж гэр орон янзалж өг гэсэн. Тэгээд 16-р зөрлөг рүү явж байтал 16-р зөрлөгийн хойд талд засмал замын хажууд нилээн олон тооны үхэр байсан. Тэгээд надад үхэр хийж мөнгө олъё гэсэн бодол төрсөн. Тэгээд тэр үхрийг машинаараа тууж бөөгнүүлж туугаад төмөр зам, авто зам хоёрын голд оруулсан. Тэгээд төмөр замын торон хашаанд тэр үхрүүдийг шахаж байгаад өөрийнхөө машины ар талд байсан улаан хүрэн өнгийн олсоор улаан цагаан зүсмийн тарлан жижиг биетэй үнээг бугуйлдаж барьж авсан. Тэгээд торон хашааны хажуу талын цахилгаан шонгийн модноос уясан. Үлдсэн үхрийг хөөгөөд явуулсан. Машинд байсан хул шар өнгийн модон иштэй хутгаар нядалсан. Үхэр уясан шонгоосоо зүүн урагш жоохон явж байгаад үхрээ нугасалж алсан. Тэгээд үхрийнхээ махыг 7 хөл болгоод машиныхаа ар талын багаажинд ачаад явсан. Мөн толгой, шийр, арьсыг нь мөн машиндаа ачаад аваад явсан. Хэргийн газар сэвсийг нь асгаж үлдээгээд гэдэс дотрыг нь мөн аваад явсан. Анх үхэр барьж авахад 00 цаг өнгөрч байсан. Үхрээ төхөөрөөд дуусахад 04 цаг өнгөрч байсан. Би тэндээсээ шууд Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод найз Б-тай утсаар яриад үхрийн мах борлуулаад өгөөч ээ гэсэн. Б гэрээсээ гарч ирээд надтай хамт Амгалан зах дээр очсон. Б Амгалан зах руу ороод махлаг дуу залуу дагуулж гарч ирээд үхрийн махыг үзээд авахаар болоод тэргэн дээр түрээд аваад явсан. Б Амгалан захаас гарч ирээд мөнгийг араас данс руу хийе гэж байна гэж хэлээд гарч ирсэн. Тэгээд би Улаанбаатар хотод түрээсийн байрандаа очоод байж байтал Б үхрийн махны мөнгө гээд 540 000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Би энэ мөнгөнөөс бэр дүү О-н данс руу ээжийн одонгийн найрны мөнгөнд өглөө шүү, үлдсэн мөнгийг нь бэлнээр өгнө гээд 160 000 төгрөг шилжүүлсэн. Мөн Г гэх залууд 260 000 төгрөгийн өглөгтэй байсан, тэрийгээ шилжүүлсэн. Үлдсэн 80 000 төгрөг дээр 60 000 төгрөг олоод ээжийн найрны мөнгөнд нэмээд бэлнээр нь өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч Г.У  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манайх Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас 14-р зөрлөгт Элгэн рашаанаас отор хийгээд буцаж явахдаа 2018 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө манай нэг тооны үхрийг 16-р зөрлөгийн төмөр замын хажууд бэлчээр дээр нь нядлаад аваад явчихсан байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

1.4. Гэрч С.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манайх Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг 18-р зөрлөгийн орчимд “Гүн жалганы худаг” гэх газарт отор хийж яваа юм. Манай нийт үхэр тугал нийлээд 75 тооны үхэртэй юм. Үүнээс 23 тугалтай. Өчигдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 22-ны орой 17 цагийн үед үхрээ услаад бүртгээд тоолоод гаргасан. Манай үхэр бүрэн байсан. Өнөөдөр өглөө манай нөхөр У хонь гэрийн гадаа хоноогүй байна гээд 04 цагийн үед босоод явсан. Би 05 цаг өнгөрч байхад босоод гэрээс гарахад манай үхэр гэрийн хойно хэвтэж байсан. 07 цаг болж байхад манай нөхөр үхрээ хураагаад хүрээд ирсэн. 2 үхэр дутсан байна. Нэг нь улаан толгойтой, улаан бөгстэй бүдүүн үнээ алга байна. Нөгөө нь ямар үхрийг нь мэдэхгүй байна, чи нэг хардаа гэхээр нь би тугалаа тоолоод үзсэн бүрэн байсан. Манайх 5 тооны эр үхэртэй юм. 5 эр үхрээ бүртгээд харсан чинь хар халзан хязаалан 2 тийшээ алцгар эвэртэй эр үхэр алга байсан. Тэгээд 2 үхрээ нөхрийнхөө хамт ойр орчимоор хайгаад олоогүй. Манай нөхөр ганцаараа орой үхрийнхээ байсан газраас эхлээд хайя гээд явсан. Удаагүй үхэр байсан газраас мөрийг нь хөөгөөд явсан чинь 1 үхрийг нь нядлаад сэвийг нь асгаад цуслаад аваад явсан байна, шийр, толгой, арьс нь байхгүй байна, аль үхрийг нядалсныг мэдэхгүй байна. Хажууд нь дан дугуйтай машины мөр байна, манай үхрийг төмөр замын торонд шахаж барьж авсан юм шиг байна. Мөн нэг жижиг олсны тасархай шонгийн модны хажууд хэвтэж байсан гэж хэлсэн. Би бодохдоо улаан толгойтой цагаан үхэр догшин, хэр баргийн баригдахгүй. Хар халзан хязаалан эр үхэр нь номхон юм байгаа юм. Хар халзан эр үхрийг нядлаад авч явсан байх. Хэргийн газар нэг ширхэг сэвс байна лээ. Улаан толгойтой цагаан үнээ нь зугтсан байж магадгүй гэж бодож байна. Одоогоор олдоогүй байна. Тэр хавьд манайхаас өөр үхэр байгаагүй….гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/

 

1.5. Гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Тэр өдрөөс өмнө Ц.Б Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо 1-11 тоотод байх манай гэрт 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 06 цагийн орчим 62-47 УБТ улсын дугаартай цагаан өнгийн Тоёото виш маркын машинтай ирээд 1 тооны үхрийн мах зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд бид 2 хамт яваад Баянзүрх дүүргийн Амгалан захад очоод ертөнцийн зүгээр Амгалан захын хойд хаалгаар ороод хамгийн зүүн талаасаа 2 дахь лангуун дээр байсан 30 орчим насны эрэгтэй, эмэгтэй үл таних хоёр хүнд авчирсан нэг үхрээ 540 000 төгрөгөөр зарсан. Үхэр нь нийт 135 кг болсон. Үхэр зарсан мөнгөө би өөрийнхөө Хаан банкны данс руу шилжүүлэн авч Ц.Б-н Хаан банкны данс руу 530 000 төгрөг шилжүүлсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 

1.6. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би нөхрийгөө лангуун дээрээ орхичихоод Амгалан захын 2 давхарт байдаг цайны газраас хоол авчихаад буугаад ирсэн чинь манай нөхөр байхгүй байсан. Тэгээд удалгүй тэргэн дээр үхрийн мах тавьчихсан энэ махыг үнэ тохироод авахаар боллоо гээд орж ирсэн. Тэгээд манай нөхөр жинлээд 135 кг мах болохоор нь би мөнгийг нь мобайл банкаар тэр хүнийг хажуудаа зогсоож байгаад данс руу нь шилжүүлсэн… Би 135 килограмм махыг нэг килограммыг нь 4000 төгрөгөөр бодож аваад 540 000 төгрөг данс руу нь шилжүүлсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

 

1.7 Гэрч Н.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2018 оны 08 дугаар сарын 23-ны өглөө лангуун дээрээ сууж байсан чинь өндөрдүү залуу үхрийн мах авах уу гээд хүрээд ирэхээр нь би мах авна гээд дагаад гарсан чинь Амгалан захын хашаан дотор цэнхэр өнгийн ачаа нь өндөрлөгөөтэй портер машин байсан. Тэгээд би махыг нь үзээд туранхайвтар болохоор нь нэг килограммыг нь 4000 төгрөгөөр худалдаж авъяа гэсэн чинь 4100-д өгөмөөр байна гээд байхаар нь би 4000 төгрөгөөр авна гэсээр байгаад  худалдаж авсан. Тэгээд би тэргэнд ачаад лангуу дээр аваачиж жинлэхэд 135 килограмм болоод нийт 540 000 төгрөг манай эхнэр М мах зарсан залууг хажуудаа байлгаж байгаад мобайл банкаар данс руу нь шилжүүлсэн. Би мах авахынхаа өмнө тэр залуугаас гарал үүслийн бичгийг нь асуухад надад “би адуу хамт хийж ирсэн юмаа тэгээд адуу үхэр 2-н гарал үүслийн бичгийг хамт хийлгэсэн байсан чинь адуу зарсан газар бичиг хураагаад авсан” гэж хэлсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

1.8. Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

16-р зөрлөгийн хойд талд саарал өнгөтэй жижиг машин байсан, гэрэл асаагаагүй, аваарын дохио асаагүй машин замын зам чөлөөлөөд зогссон байсан. Би бодохдоо машин нь эвдэрсэн бол аваарын дохио харагдмаар юм гэж бодсон… гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

 

1.9. Гэрч У.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 17 цаг өнгөрч байхад У-н үхрийг худаг дээр усалж өгсөн. У-н 3 хүүхэд нь явж байсан. Нэг улаан алаг үхэр харагдаж байсан, насыг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

 

1.10. Гэрч М.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Б миний эзэмшлийн Тоёото виш маркын 62-47 УБТ улсын дугаартай авто машиныг унаж явж байгаад Говьсүмбэр аймгийн Цагдаад журамлуулсан байсан. Би сая ирээд хулгайн гэмт хэргийн улмаас миний машиныг хураалгасан гэдгийг мэдлээ. Би энэ машиныг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Нет Капитал лизинг ХХК-иас авто машины лизингээр 8 900 000 төгрөгөөр худалдаж авсан. Би одоо машиныхаа лизинг 412 242 төгрөгийг сар бүр өөрийнхөө цалингаас төлдөг. Тухайн үед хамтран эзэмшигч заавал хэрэгтэй гээд байхаар нь найз Ц.Б-г гуйгаад хамтран эзэмшигчээр оруулсан… гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

 

1.11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12 дугаар хуудас/

 

1.12. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Сүмбэр сумын Үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/

 

1.13. 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 65-66 дугаар хуудас/

 

1.14. “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 72-76 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.Б-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч Г.Э нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Б-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Ц.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч М.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Ц.Б-н хувьд хүнд их тусархуу, их цайлган зантай. Тийм учраас би итгэж машинаа өгсөн. Ажил хөдөлмөрийн хувьд тодорхой ажил хийдэггүй. Ээж Ц-тай хамт хэдэн мал малладаг. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг... гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

 

 2.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/

 

2.3.  Дундговь аймгийн шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-61 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Б нь урьд Дундговь аймгийн шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2-н б-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжаар /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 14 хоногийн өмнө тэнсэн суллагдаж байсан боловч /2015 оны/ Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн этгээдийн ялтай байдлыг тоолох зохицуулалт хуульчлагдаагүй тул шүүгдэгч Ц.Б-г анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, шүүгдэгч Ц.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зөв гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан алаг өнгөтэй үзүүртээ гогцоо зангидсан 33 см урттай олсыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгуулахаар Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Виш маркийн цагаан өнгийн 62-47 УБТ улсын дугаартай автомашины үнэ болох 8 500 000 /найман сая таван зуу мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.Б-с гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Тоёото Виш маркийн цагаан өнгийн 62-47 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтын шатанд Тоёото Виш маркын цагаан өнгийн 62-47 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь М.У болох нь гэрч М.У-н мэдүүлэг, НэтКапитал Финанс корпорацитай хийсэн зээлийн гэрээ, НэтКапитал Финанс корпорацитай хийсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг эзэмшигч М.У олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц. нь хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ц-н Б-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н овгийн Ц-н Б-г хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан алаг өнгөтэй үзүүртээ гогцоо зангидсан 33 см урттай олсыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгуулахаар Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Виш маркийн цагаан өнгийн 62-47 УБТ улсын дугаартай автомашины үнэ болох 8 500 000 /найман сая таван зуу мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.Б-с гаргуулж улсын орлого болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Тоёото Виш маркийн цагаан өнгийн 62-47 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Тоёото Виш маркийн цагаан өнгийн 62-47 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч М.У-т олгосугай.

 

9. Шүүгдэгч Ц.Б нь хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.ЭНХМАНДАХ