Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 124/2016/0043/з |
Дугаар | 02 |
Огноо | 2017-01-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 02
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын .... баг, иргэн Р. Ө ,
Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,
Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 сарын 08-ны өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх “ тухай 1/05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, Р.Ө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд биеэр оролцуулж, адил тэгш боломж олгон мөрийн хөтөлбөрийг нь дахин хэлэлцүүлэхийг даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Ө , хариуцагч Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Д , түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь иргэний сонгох, сонгогдох эрхийнхээ дагуу сумын засаг даргад нэр дэвшин ажиллах хүсэлтээ танилцуулга, мөрийн хөтөлбөрийн хамт сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд гаргаж 21 төлөөлөгч хүлээн авсан. Гэтэл нэр дэвшигчдийн санал хураалтын хуудсанд миний нэрийг оруулаад 3 хүний нэрийг бичсэн мөртлөө намайг биеэр хуралдаанд оруулахгүй, нэр дэвшигч бүрийг нэг бүрчлэн нягтлан хэлэлцээгүй, адил тэгш боломж олгоогүй.
Намайг хуралдаанд оролцуулахгүй ялгаварлан гадуурхаж, үг хэлэх, асуулт хариултанд оролцоход санаатайгаар саад учруулж, ард түмэнд үйлчлэх эрх үүргээ хэрэгжүүлээгүй, миний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан ба иргэдийн хурал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11-р зүйлийн 11.2.3-д заасан”иргэн, аж ахуйн нэгж, төр олон нийтийн байгууллагаас тавьсан санал, өргөдөл, гомдол шийдвэрлэх заалтыг ноцтой зөрчиж, уг хуулийн 26.4-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй тогтоол шийдвэр гаргасанд гомдолтой байна.Хурлын нарийн бичгийн дарга Б.О намайг хуралдаанд оролцуулахгүй 5 удаа буцаасан байдаг.Иргэдийн хурал гэх байгууллага нам, залуучуудын, ахмадын байгууллага гэх мэтээр явж ирсэн. Бидний дуу хоолойг сонсдог байгууллага байхгүй байгаа учир үүнийг ирээдүйд таслан зогсоохын тулд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Наранбулаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016.11.08-ны өдрийн 1/05 тоот тогтоолыг хүчингүй болгож, Р.Ө намайг хуралдаанд оролцуулан адил тэгш боломж олгон , мөрийн хөтөлбөрийг дахин хэлэлцүүлэхийг даалгаж өгнө үү “ гэжээ.
Хариуцагч Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөн дарга С.Д шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болсон. Эхлээд хурлын дарга сонгоход хоёр хүн нэр дэвшээд , сонгогдсон шинэ дарга миний бие хурал удирдаж явуулсан. Бид 11 дүгээр сарын 08-ны өглөө хуралд ороход иргэн Р.Ө мэдээлэл ирээд бид нар танилцсан. Засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдаж эхлэхэд бид нар Р.Ө г нэрсийн жагсаалтанд нэрийг нь оруулаад, өөрийг нь утсаар дуудаж саналыг нь сонсъё гээд хурлын нарийн бичигт хэлэхэд Р.Ө тай утсаар холбогдсон боловч хуралдаанд ирээгүй гэсэн. Бид нар Р.Ө г хэсэг хугацаанд хүлээсэн, тэгээд ирэхгүй байгаа учраас Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа үргэлжилж гурван хүн болох Ц.З , Ч.Б, Р.Ө нарын нэрийг дэвшүүлсэн. Засаг даргад нэр дэвшүүлээд тооллогын комиссын хүмүүсээ сонгож байгуулаад санал хураах үйл ажиллагаа явагдсан. Санал хураалтын дүнд нэр дэвшигч Ч.Б 11 хүний санал авч, Ц.З 9 хүний санал, харин нэг санал хоосон байсан ба Р.Ө ганц ч хүний санал аваагүй. Санал хураалтын дүн, санал хураалт явуулсан тооллогын комиссын тогтоол, МУЗЗНДНТУТХуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг үндэслэн Ч.Б г сумын Засаг даргад уламжилж, аймгийн Засаг даргад нэрийг нь илгээсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна “ гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улс Бүгд найрамдах засаглалтай улс. Өөрөөр хэлбэл төрийн эрхийг сонгуулиар олонхи болсон нам, эвсэл барьдаг. Тэгэхээр орон нутгийн сонгууль болж өнгөрсний үр дүнд Наранбулаг суманд Монгол Ардын нам олонх болж ялсан. Үүний дагуу сумын иргэдийн Хурал шинээр байгуулагдаж анхдугаар хуралдаанаас Засаг даргад нэр дэвшүүлэх, Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар засаг даргад төлөөлөгч өөрийнхөө болон өөр хэн нэгний нэрийг дэвшүүлэх эрхтэй байдаг. Нэр дэвшүүлэх асуудал дээр олонхи суудал авсан нам нь эхэлж нэрээ дэвшүүлдэг. Дараа нь эвсэл буюу бүлэг нэрээ дэвшүүлдэг дэс дараалалтай. Тэгэхээр Р.Ө ын хувьд хурлын төлөөлөгч биш, өөрөө тухайн өдөр хуралд суугаагүй. Р.Ө ыг хуралд суудал бүхий Монгол Ардын нам болон Ардчилсан намаас нэрийг нь дэвшүүлээгүй.Монгол Ардын намаас иргэн Ч.Б ын нэрийг дэвшүүлсэн. Заалнаас хурлын төлөөлөгч Ч.С төлөөлөгч Ц.З нэрийг дэвшүүлсэн. Харин Р.Ө хурлын төлөөлөгч нарт өөрийн материалыг өөрөө тарааж өгсөн. Мөн хуулийн 24 дүгээр зүйлд хуралд асуудал оруулах эрхийг дурдсан байна. Өөрөөр хэлбэл иргэн Р.Ө хуралд асуудал оруулах эрх байгаагүй. Нэгэнт Р.Ө нэрийг дэвшүүлээгүй, өөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлж оролцсон боловч хурлын Төлөөлөгчдийн саналаар Р.Ө ын сонгох сонгогдох эрхийг хүндэтгэж байна гэж үзээд нэр дэвшигчийн нэрийн жагсаалтанд бичиж гурван хүн дээр санал хураалт явуулсан. Хэдийгээр Р.Ө сонгох сонгогдох эрх гэж ярьж байгаа боловч тус сумын Засаг дарга нээлттэй сонгон шалгаруулалтаар болдог биш, энэ бол улс төрийн албан тушаал учраас хурал дотор аль олонхи болсон нам эвсэл нь хүнээ дэвшүүлээд сонгогдоод явдаг зарчимтай байдгийг Р.Ө андуурч ойлгоод байна. Засаг даргын сонгон шалгаруулалт нээлттэй болж байна гэж ойлгоод өөрийнхөө нэрийг дэвшүүлэх эрхтэй гээд оролцсон. Харамсалтай нь энэ нь хуулиар хязгаарлагдсан байгаа. Үнэхээр Р.Ө олонх хүлээн зөвшөөрсөн, сумын иргэдийн хуралд өрсөлдөж ялсан, эсхүл намаас нь нэрийг нь дэвшүүлсэн бол Р.Ө нэрийг хэлэлцээгүй байвал үнэхээр сонгох сонгогдох эрхэнд нөлөөлсөн байна гэж үзэх байсан. Тийм учраас Р.Ө нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Ч.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ МУЗЗНДНТУТХуульд Засаг даргад нэр дэвшигч нь аливаа нэг нам эвсэл,эсвэл аль нэг хурлын төлөөлөгчөөр дамжуулан нэр дэвших эрхтэй бөгөөд тухайн нэр дэвшигч Р.Ө нь аливаа нэг нам эвсэл, төлөөлөгчөөр дамжин нэр дэвшээгүй бөгөөд мөн сумын хурлын ажлын албаар мөрийн хөтөлбөр нэр дэвших тухай материалаа дамжуулан оруулаагүй юм.Иймд тухайн өдрийн 1/05 тоот тогтоолыг хүчинтэй гэж бодож байна ” гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүхэд нэхэмжлэгч Р.Ө нь Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 сарын 08-ны өдрийн “ Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх “ тухай 1/05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, Р.Ө г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд биеэр оролцуулж,адил тэгш боломж олгон мөрийн хөтөлбөрийг нь дахин хэлэлцүүлэхийг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргажээ.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р.Ө нь “ Сонгох, сонгогдох эрхийнхээ дагуу сумын Засаг даргад нэр дэвшин ажиллах хүсэлтээ танилцуулга, мөрийн хөтөлбөрийн хамт сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд гаргасныг хүлээн авч миний нэрийг санал хураалтын хуудсанд бичсэн мөртлөө хэлэлцүүлэгт биеэр оролцуулахгүй зөвхөн 2 нэр дэвшигчийн тухай хэлэлцэн надад адил тэгш боломж олгоогүй“ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “ Р.Ө нэрийг санал хураалтын хуудсанд оруулан санал хураахад нэг ч төлөөлөгчийн санал аваагүй “ гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Увс аймгийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн буюу 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдсан Хурлын Анхдугаар хуралдаан 2016 оны 11 сарын 08-ны өдөр болж, уг хуралдаанаар сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож, мөн сумын Засаг даргыг сонгох үйл ажиллагаанууд явагджээ.
Хуралдааны явцад Ардчилсан намаас сумын Засаг даргад нэр дэвшүүлээгүй, Монгол ардын намаас сумын Засаг даргад хурлын төлөөлөгч Ч.Б нэрийг , хурлын төлөөлөгч Ч.С төлөөлөгч Ц.З нэрийг тус тус дэвшүүлсэн байх ба иргэн Р.Ө өөрийн нэрийг сумын Засаг даргад дэвшүүлэн мөрийн хөтөлбөрөө ирүүлснийг хэлэлцээд төлөөлөгч Ю.Б Р.Ө нэрийг дэвшүүлж санал хураалтанд оролцуулах санал гаргаснаар Наранбулаг сумын Засаг даргад Ч.Б , Ц.З , Р.Ө нарын нэр санал хураалтын хуудсанд бичигдсэн байна.
Мөн Хуралдаанаас санал хураалтыг зохион байгуулах тооллогын комиссыг байгуулан санал хураалтыг явуулахад нэр дэвшигч Ч.Б 11 төлөөлөгчийн, Ц.З 9 төлөөлөгчийн санал авч Р.Ө төлөөлөгчид санал өгөөгүй нь Сумын ИТХ-ын 7 дахь удаагийн Анхдугаар хуралдааны тэмдэглэл, Наранбулаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 1/02 дугаартай “ Тооллогын комисс байгуулах тухай “тогтоол, Тооллогын комиссын 2016.11.08-ны өдрийн 02 тоот тогтоол, тооллогын комиссын санал хураалтын үйл ажиллагааны тэмдэглэл, гэрч Б.О нарын мэдүүлэг зэргээр тогтоогджээ.
Нэхэмжлэгч Р.Ө нь нэхэмжлэлдээ сумын хурал нь МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11.2.3-д заасан хуралд асуудал хэлэлцүүлэх эрхийг зөрчсөн гэж дурдсан ба уг хуульд 11.2.3 дахь хэсэг байхгүй бөгөөд харин тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д “Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тухайн шатны Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно“ гэж заасан байна.
Сумын Засаг даргыг сонгох журмыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “ ....сумын Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно “ гэж тусгайлан, нарийвчлан заасан байх тул мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д заасныг үндэслэн Р.Ө нь сумын Засаг даргад нэр дэвших боломжгүй юм.
Гэхдээ 2016 оны 11 сарын 08-ны өдрийн Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Анхдугаар хуралдаанд хурлын төлөөлөгч Ю.Б Р.Ө нэрийг дэвшүүлж, саналын хуудсанд нэрийг нь оруулахаар санал гаргасныг хурлын төлөөлөгчид хүлээн авсан тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасны дагуу Р.Ө нэрийг хурлын төлөөлөгчийн зүгээс сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Сумын Засаг даргад нэр дэвшсэн Р.Ө хуралдаанд биечлэн оролцуулаагүй ба түүний танилцуулга, мөрийн хөтөлбөр хурлын төлөөлөгчдөд тараагдаж танилцуулагдсан талаар нэхэмжлэгч тайлбартаа дурдсан, хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, мөн гэрч Р.О энэ талаар мэдүүлжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сумын Засаг даргад нэр дэвшигчдийг хуралдаанд биеэр заавал оролцуулж мөрийн хөтөлбөрийг хэлэлцүүлэх талаарх шаардлагыг тавиагүй ба санал хураалтын явцад зөрчил, маргаан гараагүй,хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдоогүй, Р.Ө хуралдаанд оролцуулаагүй нь санал хураалтын дүнд нөлөөлсөн гэж үзэх боломжгүй юм.
Иймд нэр дэвшигч Ч.Б , Ц.З , Р.Ө нарын авсан санал хураалтын дүнг хууль бус гэж дүгнэх боломжгүй, Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 1/05 дугаартай “ Сумын засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г-д заасан Засаг даргыг томилуулахаар санал гаргах онцгой бүрэн эрхээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн байна гэж шүүхээс дүгнэв.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Ө “Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 сарын 08-ны өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх “ тухай 1/05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, Р.Ө г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд биеэр оролцуулж, адил тэгш боломж олгон мөрийн хөтөлбөрийг нь дахин хэлэлцүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Р.Ө улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ