Х.Э нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга,
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган
дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон
шалгаруулсан Үнэлгээний хороонд тус тус
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: М.Батсуурь,
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа,
Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/639 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0332 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 476 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Б.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан,
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0332 дугаар шийдвэрээр: Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 19 дүгээр зүйлийн 19.6, Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.1, 151.2, 151.6-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Х.Э нараас гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/639 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 476 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0332 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.10, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3, 19 дүгээр зүйлийн 19.5.2, 19.5.3, 19.5.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Э, Д.У, Ю.О, Б.С нараас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/639 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
- Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э хяналтын гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс маргаанд хамааралгүй нөхцөл байдлыг дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүхээс үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, алдааг нь зөвтгөөгүй тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаагүй.
- Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэсэн хуулийн үндсэн зорилгын хүрээнд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “нийтийн эрх ашгийг эрхэмлэх”, 5.12-т “олон нийтийн оролцоог хангах” гэж заасан зарчмуудыг баримтлан 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох сонирхогч этгээдийн оролцох боломжоор тэгш хангаж, сонгон шалгаруулалттай холбоотой гүйцэтгэх ажлын товч агуулга, ерөнхий болон тусгай шаардлага, санал авах хугацаа, төсөл хэрэгжүүлэх талбайн хэмжээ зэргийг зааж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж оролцох сонирхолтой этгээдүүдийн санал, төслийг хүлээн авч бүртгэн мөн зүйлийн 19.5.1-д “санхүүгийн чадавх”, 19.5.2-т “хүний нөөц, удирдлага, ажлын туршлага”, 19.5.3-т “төсөл нь энэ хуулийн 20 дугаар зүйлийн шаардлагыг хангасан эсэх”, 19.5.4-т “сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага” гэсэн шалгуур хангаж буй эсэхэд хариуцагч нараас дүгнэлт өгч төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулж, холбогдох захиргааны актыг гаргах ёстой байтал энэ үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлж чадаагүй баримтууд тухайн хэрэгт авагдсан бөгөөд дараах нөхцөл байдлуудыг нотолдог.
- Тухайн төсөл хэрэгжих талбайн хэмжээ “0.14 га” байхаар сонгон шалгаруулалтын баримт бичгүүдэд заасан. Гэтэл хариуцагчаас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Өдрийн сонинд зард “0.06 га” гэж илтэд багасган нийтэлсэн. Энэ нь шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдүүдийг багасгах, оролцох тэгш боломжийг алдагдуулсан. Учир нь ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгаж, дахин барилга барих ажлын үндсэн гол үзүүлэлт нь сонирхогч этгээдийн хувьд талбайн хэмжээ маш чухал бөгөөд тухайн талбайд ямар төслийг хэрэгжүүлэх, оролцоход ашигтай байх эсэх, санхүүгийн болон туршлага, хүний нөөцийн чадавхаа тодорхойлох зэрэг олон чухал ажиллагааг төлөвлөх гол зүйл нь бөгөөд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч хуулийн этгээдийн саналыг хүлээн авах талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ хил зааг, зориулалтыг тогтоох шийдвэр гаргаснаас хойш 14 хоногийн дотор нийтэд мэдээлнэ” гэж зааснаас тодорхой харагдаж байна.
- Гэтэл давж заалдах шатны шүүхээс уг зөрчилтэй асуудалтай хамааралгүй төсөл хэрэгжүүлэх талбай сонгох тухай мөн хуулийн 20 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагчийг зөвтгөсөн нь үндэслэлгүй. Үүнээс гадна уг шалгаруулалтын эцсийн үр дүн шууд нөлөөлөх нь орон сууц өмчлөгч нэхэмжлэгч нар байхад тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтын баримт бичгийн 3.1-д “Дараах тохиолдолд оролцох санал гаргагчид тавих ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Үүнд: 3.1.7-д “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны хувьд уг тусгай зөвшөөрөл авах шаардлагыг хангаагүй байх”, 2.4-т “Шаардлагатай тусгай зөвшөөрөл: ...1.2.2...” гэж заажээ. Хэрэгт авагдсан “Э к” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөс үзэхэд энд заасан “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах” тусгай зөвшөөрөл байхгүй. Сонгон шалгаруулалтын материалд “Хатанбаатар” ХХК-д уг тусгай зөвшөөрөл байгаа боловч энэ нь оролцогч биш тул мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 20 дугаар зүйлд заасныг зөрчсөн, тавигдсан шаардлагыг хангаагүй байхад үүнээс хойших нөхцөл болох төслийг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагад нөлөөлөхгүй гэж буруу дүгнэсэн.
- Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтын баримт бичгийн 1.2.7-д “Түншлэл гэж төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтад оролцож байгаа хуулийн этгээдийн нэгдлийг” ойлгохоор заасан. Гэтэл гуравдагч этгээд болон хариуцагч нарын шүүх хуралдаанд тайлбарласнаар уг ажиллагаанд “Э к” ХХК нь түншлэлгүй дангаар оролцсон эсэх, эсхүл хамтран ажиллах гэрээг нь түншлэл гэж ойлгож дүгнэсэн эсэх дээр хариуцагч Үнэлгээний хорооны зүгээс тайлбар гаргаж чадаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд дангаар төсөл хэрэгжүүлэгчээр эсвэл түншлэлээр оролцоод байгаа нь баримт бичгүүдийг хольж бүрдүүлсэн нь наад захын шалгуурыг хангасан төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах зорилгодоо нийцээгүй. Өөрөөр хэлбэл, “Э к” ХХК-ийн тайлбарлаж байгаагаар түншлэл болж оролцоогүй бол барилга угсралтын гэрээ, зураг төсөл боловсруулах зэрэг ажил гүйцэтгэх гэрээгээр олон этгээдүүдийг төслийн ажилд оролцуулсан нь буцаад орон сууц өмчлөгчдийн өмнө хүлээх хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй, төслийн явцад хэн хяналт тавих, ямар байдлаар оролцох, шалгуур үзүүлэлтийг хэн нь хэрхэн хангаж байгааг хянах эсэх нь тодорхойгүй бөгөөд ийм байдлаар төслийн баримт бичгээ бүрдүүлсэн нь уг компанийг тухайн төслийг гүйцэтгэх техникийн чадавхгүй, ажлын туршлагагүй хүний нөөц, удирдлагын чадавхгүй болохыг илтгэж баримт бичгийн 4.2.3-т заасан шаардлагыг хангаагүй болохыг нотолж байна.
- Хуулийн зорилгын хүрээнд төсөл хэрэгжүүлэгч, түүнийг сонгох сонгон шалгаруулалт гэдэг нь зүгээр нэг барилгын зураг төслийн компани, барилга угсралтын компани, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанитай хамтран ажиллах гэрээ байгуулах “зуучлагч” этгээдийг сонгох нь чухал бус бөгөөд хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгын хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих үүргийг бие дааж эсхүл түншлэл байдлаар сонгон шалгаруулалтад оролцож, төслөө гүйцэтгэж чадах шаардлагыг хангаж байгаа эсэхийг хариуцагч хянах, хэрэв хангаж байгаа тохиолдолд зохих шатны захиргааны актыг гаргаж үйл ажиллагаа, төслийг хэрэгжүүлэх боломжийг олгохыг ойлгоно. Гэтэл энэ тохиолдолд хуулийн шаардлага хангаагүй, үндсэн зорилгодоо нийцээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэлтэй байх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн оршин суугчид өөрсдийн орон сууцыг хуульд заасан шаардлагад нийцсэн этгээдээр дахин бариулахаар захиргааны байгууллагад итгэж, сонгон шалгаруулалт явуулахыг дэмжиж зөвшөөрлөө өгсөн байхад хууль бусаар шалгаруулалт явуулсан нь иргэд нэхэмжлэгчдийн хувьд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хөндөгдөнө.
- Дээрхээс үзэхэд, анхан болон давж заалдах шатны шүүх Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19, 20 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
- Шүүхүүдийн шийдэл үндэслэл бүхий болжээ.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;”, 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:” гээд 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар аливаа этгээдээс хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь нэг талаас хууль бус байхын зэрэгцээ нөгөө талаас маргаж буй хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байж гэмээ нь шүүх хүчингүй болгох хуулийн зохицуулалттай.
- Энэхүү маргааны тухайд, нэхэмжлэгч Х.Э нараас “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг буулган дахин барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гүйцэтгэгчийг шалгаруулсан шийдвэр болон уг шийдвэрийг үндэслэж гарсан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/639 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага гаргаж, “төсөл хэрэгжих хугацаанд нэхэмжлэгч нарын түр суурьших асуудлыг шийдвэрлээгүй, сонгон шалгаруулах баримт бичгийн шаардлага хангаагүй, барилгын туршлага, техникийн чадамжгүй, төслөө гүйцэтгэх чадамжгүй төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулсан нь төслийн хэрэгжилт удаашрах, нэхэмжлэгч нар олон сар жилээр орон гэргүй хохирох байдал үүсээд байна” гэж үндэслэлээ тайлбарлажээ.
- Хавтаст хэрэг авагдсан баримтаас үзэхэд шүүхүүдийн дүгнэсэнчлэн: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны 02-01/03 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53 дугаар байрыг ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй гэж ашиглахыг хориглосны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20/19 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөн”-д ашиглалтын шаардлага хангаагүй тухайн орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөхөөр тусгасан; улмаар тухайн орон сууцны эзэмшигч, өмчлөгчдийн 80-иас доошгүй хувийн зөвшөөрлийг авч Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/87 дугаар захирамжаар дээрх 53 дугаар байрыг буулган, дахин төлөвлөж барилгажуулахаар шийдвэрлэсэн; мөн Өдрийн сонины 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дугаарт төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зар нийтлэгдэж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороог байгуулж, үйл ажиллагааны удирдамжийг баталсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.
- Эдгээр нь Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.1-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно”, 151.2-т “Сууц өмчлөгчид нь мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн орон сууцыг цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаархи шийдвэрийг хүлээн авмагц дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтийг сууц өмчлөгчдийн олонхийн саналаар гаргаж, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ”, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 11.1.1-д “Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс гаргасан саналыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хүлээн авах, хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргана”, 14.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч хуулийн этгээдийн саналыг хүлээн авах талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох шийдвэр гаргаснаас хойш 14 хоногийн дотор нийтэд мэдээлнэ”, 16 дугаар зүйлийн 16.4-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгах, дахин төлөвлөх шийдвэр гаргана”, 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороог байгуулж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулна” гэж тус тус заасан хуулийн зохицуулалтад нийцжээ.
- Улмаар Үнэлгээний хороо (бүрэлдэхүүнд тус байрны оршин суугч, Соёлч 40 мянгат СӨХ-ны дарга Х.Э оршин суугчдын төлөөллөөр оролцсон) 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, хуралд оролцсон нийт гишүүдийн саналын дундаж 72.6 оноогоор тухайн 53 дугаар байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Э к” ХХК-ийг шалгарсан талаар дүгнэлт гаргаж, энэ талаар Нийслэлийн Засаг даргад танилцуулахаар шийдвэрлэсэн; Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/639 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар Үнэлгээний хорооны дээр дурдсан дүгнэлтийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 53 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр “Э к” ХХК шалгарсныг батламжилж, тус компанид газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй гэрээ байгуулах эрх олгож, 2 дахь заалтаар төсөл хэрэгжүүлэгчид төслийн бэлтгэл болон төлөвлөлтийн үе шатны ажлуудыг тусгасан төлөвлөгөө боловсруулж, батлуулахыг Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн газарт даалгаж, 3 дахь заалтаар төсөл хэрэгжүүлэгч нь үйл ажиллагааг тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд захирамжийг хүчингүй болсонд тооцохыг дурдсан нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан “төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа” гэсэн зүйл болон Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.4-д “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны өмчлөгчийн төлөөлөл багтана”, 4.8-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган 2 талт гэрээ байгуулах албан ёсны эрхийг шалгарсан этгээдэд олгоно” гэж тус тус заасанд нийцсэн байхын зэрэгцээ өмнө дурдсанаар дээрх дүгнэлт, захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлэгчээр “Э к” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт болон түүнд гэрээ байгуулах эрх олгосон Засаг даргын захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тодорхойгүй байна.
- Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлийг авч үзвэл: Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ““сонгосон талбай” гэж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд төсөл хэрэгжүүлэхээр бүхэлд нь эсхүл хэсэгчлэн сонгосон газрыг” гэж заасны дагуу төслийг сонгосон талбайд бүхэлд нь, эсхүл түүний тодорхой хэсэгт хэрэгжүүлж болох бөгөөд хариуцагч нараас “ ... төсөл хэрэгжүүлэх талбайн хэмжээгээр тодорхойлсон ...”[1] гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч нарын “төсөл хэрэгжих талбайн хэмжээ “0.14 га” байхад “Өдрийн сонины” зард “0.06 га” гэж багасгаж нийтэлсэн” гэх гомдол няцаагдаж байгаа; мөн давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “Э к” ХХК нь барилгын угсралтын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр авснаас хойш барилгын чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн туршлагатай талаар холбогдох баримтыг Үнэлгээний хороонд бүрдүүлэн өгсний зэрэгцээ төсөл хэрэгжүүлэгчийн хувьд Хот, суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан үүргийг дангаар бүрэн хариуцах тул түүний барилгын зураг төслийг “Хатанбаатар” ХХК-иар, барилга угсралтын ажлыг “Бүти” ХХК-иар гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан нь төсөл хэрэгжүүлэгчийн хувьд оршин суугчдын өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй, энэ үндэслэлээр сонгон шалгаруулалтыг хууль бус гэж гаргасан гомдол мөн үгүйсгэгдэнэ.
- Түүнчлэн, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь төслийн бэлтгэл, төлөвлөлтийн болон шийдвэр гаргуулах, хэрэгжүүлэх болон хэрэгжүүлж дуусгах гэсэн дөрвөн үндсэн үе шатаас бүрдэх бөгөөд маргаан бүхий Үнэлгээний хорооны дүгнэлт болон Засаг даргын гэрээ байгуулах эрх олгосон захирамж нь төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийн болон шийдвэр гаргуулах үе шатанд хамааралтай; “...төсөл хэрэгжих хугацаанд нэхэмжлэгч нарын түр суурьших асуудлыг шийдвэрлээгүй, орон байргүй болох, амьдрах орон сууцаа алдаж хохирох шууд үр дагавартай ...” гэсэн үндэслэлийн тухайд, дурдсан зүйлийн 14.7.2.а-д “Газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, газраараа хувь нийлүүлэх, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө боловсруулах”, 14.7.2.б-д “Энэ хуулийн 14.7.2.а-д заасан төлөвлөгөөг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган эцэслэн боловсруулах”, 14.7.2.г-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулах” гэж, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.10-д “Энэ журмын 4.8 дахь хэсэгт заасан гэрээ байгуулах эрх олгосон хуулийн этгээд нь тухайн орон сууцны өмчлөгчидтэй 2 талт гэрээ байгуулна. 2 талт гэрээ нь 3 талт гэрээний хавсралт байна”, 4.11-д “2 талт гэрээнд заавал дараах зүйлийг тусгана” гээд 4.11.5-д “Нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон зардал, түр суурьшуулах талаар заавал тусгана” гэж тус тус зааснаар төлөвлөгөө батлах, гэрээ байгуулах явцад шийдвэрлэх боломжтой асуудал байх тул энэ талаар гаргасан гомдлыг мөн хүлээн авах боломжгүй юм.
- Дээрх байдлаар, маргаан бүхий Үнэлгээний хорооны дүгнэлт, түүнийг үндэслэн гарсан Засаг даргын захирамж нь холбогдох хууль болон эрх зүйн хэм хэмжээний акт зөрчөөгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, энэ талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон; давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг зөв тодорхойлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байх тул нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 476 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
[1] III хавтаст хэргийн 53 дахь тал