| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2018/0089/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/100 |
| Огноо | 2018-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/100
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ачмаа,
улсын яллагч Э.Нямбилэгт,
насанд хүрээгүй хохирогч Г.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б,
шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Н-н О-т холбогдох эрүүгийн 1817001150085 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 18-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баян-Нексус ХХК-д тогооч ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг, Цагаан усны .......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх Т зуун овогт Н-н О /РД:............/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.О нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 1 дүгээр 12 жилийн сургуулийн баруун талын шатан дээр бага насны 11 настай Г.Х-н толгойн тус газар 1 удаа гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Н.О нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 1 дүгээр 12 жилийн сургуулийн баруун талын шатан дээр бага насны 11 настай хохирогч Г.Х-н толгойн тус газар 1 удаа гараараа цохиж бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр энэ хэрэг болсон. Өмнө нь манай хүүхдийг сургуулийн коридорын баруун талын шатны хажууд Г.Х 2 удаа алгадсан байсан. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өглөө хүүхдийнхээ шүдийг үзүүлэх гээд сургуулиас аваад гартал Г.Х-тай таарсан. Тэр үед 10 цаг 10 минут болж байсан. Г.Х-с яагаад манай хүүхдийг алгадсан юм бэ? гэж асуусан. Тэр үед Б гэдэг хүүхэд байгаагүй. Б-н хичээл 1 цаг 30 минутаас ордог. Г.Х-д ахиж манай хүүхдийг битгий алгадаарай. Юунаас болж алгадсан юм бэ? гэхэд Г.Х дуугүй зогсоод байсан. Тэгтэл Т, Т 2 пирошки бариад доороос гарч ирсэн. Нилээн харж зогсож байгаад тэр 2 анги руугаа явсан. Г.Х цохиж зодсон зүйл байхгүй. Бид 2 хоорондоо нилээн зайтай зогсож байсан. Өглөөний 10 цагийн үед Б гэдэг хүүхэд байгаагүй. Манай хүүхдийг 2 удаа алгадсан байхаар нь олон удаа хэлж байсан. Дараа нь Дугуй дэлгүүрийн урд ээжтэйгээ явж байхад нь яагаад хүүхэд алгадсан юм бэ? гэхэд тиймээ би алгадсан ахиж алгадахгүй гэж хэлсэн. Эх үүсвэр нь энэнээс эхэлчхээд яагаад намайг хүүхэд алгадсан гээд эмчид үзүүлээд яваад байгаа юм бэ?. Тэр Б гэдэг хүүхэд өглөө сургууль дээр байгаагүй. Ямар нэгэн дугуйланд явдаггүй гэж багш нь хэлсэн. Т гэдэг хүүхэд 10 цаг 25 минут болж байхад доороос орж ирсэн. Би яагаад цаг хараад байсан бэ? гэхээр эмч нар ирсэн гээд хүүхдээ үзүүлэх гээд цаг авчихсан байсан болохоор яарч явж байсан гэв.
1.2. Насанд хүрээгүй хохирогч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Н.О эгч надтай таарсан. Тэнд манай ангийнхан, нөгөө ангийнхан бүгд тойроод зогсчихсон байсан. Наад буланд Б байсныг би өөрөө харсан. Б эгчдээ гэрийнхээ түлхүүрийг өгдөг эсвэл ээждээ түлхүүрээ өгдөг. Ээж нь Б цэцэрлэгт ажилладаг. 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр манай дүүгийн үсэглэлийн баяр болох гээд би сургуулийн цайны газар ортол Н.О эгч намайг загнаад араас яваад байхаар нь би тоохгүй яваад байсан. Л багш гарч ирээд болиулсан гэв.
1.3. Насанд хүрээгүй хохирогч Г.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 12 цаг өнгөрөөгөөд хичээл тараад 2 давхарын шатаар ганцаараа буугаад явж байхад урд талд О эгч мөн шатаар бууж байсан. Тэгэхээр нь би харчихаад буцаад дээшээ гарсан. Тэгтэл О эгч намайг араас дуудсан би би зогсоод эргээд харахад О эгч буцаж гарч ирээд чи манай хүүхдийг 5 удаа алгадсан гээд загнасан. Тэгээд О эгч намайг загнаад зогсож байгаад миний дух руу гараа тэнийлгэж байгаад нэг удаа цохисон. Тухайн үед миний хүзүү хойшоо болоод сонин болсон. Тэгээд О эгч намайг танай ээж чинь цагдаагаар заргалдаад яваад байгаа бол би ч бас хүүхдээ аваад явж чадна гэсэн. Чи очоод ээждээ хэлнэ биз гэсэн. Тэгээд О эгч доошоо буугаад явсан. Тэгээд би гэртээ очоод болсон асуудлын талаар ээждээ хэлсэн… Надад гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/
...Отгонцэцэгтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Урьд нь таньдаггүй байсан. Одоо зүс мэдэх болсон. О-н хүүхэд намайг 1-р сургуулийн 00-ийн өрөөнд танай ээж чинь мангар гэх зэргээр намайг доромжлоод байхаар нь чи жоохон юм байж ямар олон үгтэй юм бэ гээд нэг удаа цээж рүү нь түлхсэн. Дараа нь энэ асуудлаас болоод намайг ээжтэйгээ явж байхад О чи хүүхдийн чих рүү алгадсан байна гээд намайг загнасан. Тэрнээс хойш зүс мэдэх болсон. Хүүхдийн чихэнд гарсан зүйлийг алгадаад хагалсан байна гэж загнаж байсан. Би тухайн үед чих рүү алгадаагүй гэдгээ хэлээд уучлалт гуйсан. Өөр асуудал бид хоёрын дунд болоогүй … гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
1.4. Насанд хүрээгүй гэрч А.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны хэдэн сарыг нь санахгүй байна. Хичээл амрах дөхөж байхад би ангийн Т-н хамт анги руугаа орох гээд нэг давхараас дээшээ гарах гээд явж байхад сургуулийн дотор талын баруун талын 2 давхарын шатан дээр нэг эгч Х-г загнаад зогсож байсан. Х-г тэр эгч юу гэж загнаж байсныг санахгүй байна. Тэгээд Т бид хоёр шатаар дээшээ гараад явсан. Тэр эгч Х хоёр үлдсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
1.5. Насанд хүрээгүй гэрч Ц.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 3 дугаар сарын сүүлээр 10 цаг өнгөрч байхад үдийн цайнд орчихоод анги руугаа орох гээд баруун талын шатаар гарах гээд нэг давхарт явж байхад манай ангийн Х нэг эгч чи манай хүүхдийг яагаад зодсон, дахиж зодож болохгүй шүү гээд загнаад зогсож байсан. Тэгээд би хараад зогсож байсан чинь тэр эгч Х дагуулаад дээшээ хоёр давхар луу гараад явсан. Тэгээд би явсан хойно анги руугаа орсон. Тэгээд би анги дотроо ангийн хүүхэд М-той юм яриад байж байхад удаагүй араас Х орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
1.6. Насанд хүрээгүй гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны сар өдөр цагийг санахгүй байна. Хавар намайг сургуулийн цайны газраас идэх юм авчихаад анги руугаа орох гээд баруун талын шатаар гарах гээд нэг давхарын шатаар өгсөж байхад 2 давхарын шатан дээр О гэдэг эгч Х-г чи яагаад манай хүүхдийг зодсон бэ дахиж зодвол хохь чинь шүү гээд гараараа Х-н толгой руу нэг удаа цохичихоод явсан. Тэгэхээр нь би Х-с юу болсон талаар асуусан чинь намайг энэ эгчийн хүүхэд нь дээрэлхээд байхаар нь би нэг удаа цохисон чинь тэр хүүхэд ээждээ намайг цохисон гэж хэлсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
1.7. Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 03 дугаар сарын 22-ны өглөө намайг ажил дээрээ хүн үзээд байж байхад нэг эмэгтэй хүүхдээ дагуулж ирээд манай хүүхдийн толгой өвдөөд унжийгаад байна үзүүлэх гэж ирлээ гэсэн. Би уг Х гэх хүүхдийг үзэхэд толгойн судас тэгш бус тархи доргилтын шинж тэмдэг илэрч байсан. Оношоо бататгахын тулд 10 хурууны шугаман үзлэг хийхэд хуруунууд зөрүүтэй байсан. Уг хүүхдийн тархи доргисон байсан. Хуруу зөрүүтэй байна гэдэг нь тархи доргилтын шинж байдаг юм. Би уг хүүхдээс унаж ойчсон уу, толгойгоороо юм мөргөсөн үү гэж асуусан чинь хүүхэд дуугарахгүй дуу муутай асуухад хариулахгүй байсан. Би ээжээс нь юу болсон талаар асуусан чинь хүн манай хүүхдийн толгой руу алгадсан гэлүү цохисон гэж байсан. Тэгээд би уг эмэгтэй хүүхдийн толгойг бариад маргааш нь ээжийг нь картаа авчраад бичилт хийлгээрэй гээд явуулсан. Тэгээд маргааш ээж нь ирээд картаа өгөхөөр нь би картан дээр нь анхны үзлэгийн бичилт хийгээд хийгдэх эмчилгээг нь бичээд явуулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
1.8. Гэрч Л.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Б 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Цагдаагийн хэлтэс дээр өргөдөл барьчихсан охин Хулангийн хамт “манай охиныг О гэх эмэгтэй зодсон, тархи толгойг нь бариулаад явж байна” гэж хэлэхээр нь зөрчлийн удирдах албан тушаалтантай уулз, мөн охин Г.Х-г шүүх эмчид үзүүлэхдээ тархины зургийг нь авхуулж авчраарай гэж зөвлөгөө өгсөн. Тэгээд Б явсан, өөр зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
1.9. Гэрч Ж.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Надад 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр манай ангийн сурагч Т, Т нар Х-г О шатан дээр загнаад зогсож байсан талаар хэлээгүй. Харин Х-н ээж Б цагдаад О Х-г зодсон талаар мэдэгдсэний дараа О сургууль дээгүүр ирээд хэрүүл хийгээд яваад байсан. Тэгэхэд би О Х-г зодсон гэдгийг мэдсэн. Тухайн үед Х ч надад О-г зодсон талаар хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/
1.10. Гэрч Б.Б-г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Сүмбэр сумын хамтарсан багт 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаартай Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас “2-р багийн иргэн Н.О насанд хүрээгүй Г.Х удаа дараа сургуулийн орчимд болон хичээлээс гадуур явж байхад элдвээр хэлж сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж байна гэсэн өргөдлийн дагуу энэхүү кейсийг шилжүүлж байна. Кейсийн нөхцөл байдлыг судалж, кейсийн талаар авч хэрэгжүүлсэн явцын тайланг 2018 оны 03 дугаар 30-нд албан тоотоор ирүүлнэ үү” дарга Ц.О гэсэн тоот ирсэн. Энэ тоотын дагуу 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Б охин Х нарыг дуудаж өрөөндөө уулзаж юу болсон талаар асууж тодруулахад Н.О манай охин Х-г байнга хэл амаар доромжилдог. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай охин Х толгой руу нь цохисон. Тэгээд би Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар өргөдөл гаргасан. Толгой руу нь цохисоныг харсан хүн байгаа гэж хэлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр О-г дуудаж уулзсан. О би тэр хүүхдийг зодоогүй. Хулан манай хүүхдийг нэг удаа алгадсан. Би Х-д дахиж хүүхэд битгий зодоорой гэж хэлсэн гэж байсан. Тэгээд О хүүхэд хамгаалал, хүчирхийллийн талаар ярьж сурталчилан дахиж хүүхэд сэтгэл санааны болон биеийн хүчний хүчирхийлэл үйлдэхгүй байх талаар хэлж өгсөн. Тэгээд Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар луу тоотын хариуг явуулсан… гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
1.11. Хууль ёсны төлөөлөгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай охин Х хичээлээсээ тарж ирээд надад нөгөө О эгч намайг сургуулийн шатан дээр таараад намайг загинаад толгой руу гараараа нэг удаа цохисон гэж хэлсэн. Тэгээд тэр оройноос эхлээд толгой нь өвдөөд халуураад хэвтээд байсан. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 22-ны өглөө охин Х-г аваад өрхийн эмнэлэгт очоод үзүүлсэн чинь эмч үзээд тархи нь хөдөлсөн байна гээд Х-н толгойг бариад эм бичиж өгөөд 3 хоног бариулаарай гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан… гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/
1.12. Гэрч Б.Цг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Х ээжийнхээ хамт ирэхдээ эрүүл мэндийнхээ дэвтэртэй ирсэн байсан. Өвчний картаа авчраагүй байсан. Маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Х-н өвчний картыг ээж нь авчираад бичилт хийлгэхгүй бол болохгүй байна гэсэн. Би оношыг картан дээр бичээд явуулсан. Би картан дээр бичихдээ бичилт хийсэн өдрийнхөө он сар өдрөөр нь бичсэн байна. Үзлэг хийхдээ 2018.03.22-ны өдөр хийсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/
1.13. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 161 дугаартай дүгнэлтэд:
- Г.Х-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2018.03.20-нд үүсгэгдсэн байх боомжтой.
- Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /хх-ийн 30 дугаар хуудас/
1.14. Шинжээч Л.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2018.04.30-нд 11 настай Г.Х гэх хүүхдийн биед үзлэг хийхэд толгой нь өвдөнө гэх зовиуртай биед нь ил харагдах гэмтэлгүй байсан. Харин Г.Х гэх амбулаторын картанд 2018.03.23-ны өрхийн Ц гэх эмчийн үзлэгт тархи доргилт гэсэн онош тавигдсан байсан. Уг үзлэг нь хүүхэд гэмтэл авснаас хойш 3 хоногийн дараа хийгдсэн байсан учир уг үзлэгийг үндэслэж хөнгөн зэргийн гэмтэл гэсэн дүгнэлт гаргасан… гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/
1.15. Насанд хүрээгүй хохирогч Г.Х-н амбулаториороор эмчлүүлэгсдийн картын нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 69 дүгээр хуудас/
1.16. Насанд хүрээгүй хохирогч Г.Х-н төрсний гэрчилгээг нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 70 дугаар хуудас/
1.17. Насанд хүрээгүй хохирогч Г-н Х-н нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Н.О-г 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Г.Х-н биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулаад, улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Насанд хүрээгүй хохирогч Г.Х-н биед хөнгөн хохирол учирсан гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр бүрэн нотолж, тогтоосон зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй байх юм бол дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нөхцөл байдал, хэргийг үнэн зөв бодитоор мэдүүлэхэд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байна гэж үзэж байна...
Тухайн гэмт хэрэг нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр болсон гэдэг боловч насанд хүрээгүй гэрч Т, Т нарын мэдүүлэг дээр байдаг. Хүүхдүүдийн мэдүүлэг дээр Н.О нь чи яагаад манай хүүхдийг зодсон юм бэ? гэдэг асуудлаас болоод загнаж байсан гэдгийг гэрчүүд тодорхой мэдүүлдэг. Сая нэмэлтээр асуухад насанд хүрээгүй хохирогч Г.Х Б буланд зогсож байсан гэж байна. Хэрвээ тэр буланд зогсож байхыг харсан юм бол тэр хүүхдүүд яагаад Г.Х цохиж байгааг хараад гэрчлээгүй юм бэ? Цохиж зодож байхыг хараагүй, гэрчлээгүй гээд байдаг. Гэрч Б-н мэдүүлгийг бодитой үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байдаг. Г.Х хэлэхдээ 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Б байсан, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгаагүй гэдгийг гэрчилдэг. Хууль ёсны төлөөлөгч хохирогчид нөлөөлж байна. Тухайн үйл явдал нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт болсон гэдэг. Гэтэл гэрч Б-н хичээл нь 1 цаг 30 минутаас ордог. Тэр үед сургууль дээр хичээлгүй байсан. Ямар холбоотой гэдгийг нь тодруулаад асуухад найзынх нь дүү гэж байгаа учраас тухайн хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн нь эргэлзээтэй.
Тухайн хэрэг маргааны талаар хууль ёсны төлөөлөгч 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргасан байдаг. 40 хоногийн хугацаанд гомдол гаргаагүй. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр цохиулсан гэж байгаа боловч 03 дугаар сарын 22-ны өдөр өрхийн эмч Ц-т үзүүлсэн байдаг. Тэр эмч 10 хурууны шугаман үзлэг хийсэн гэж байгаа. Энэ үзлэгээр энэ хүний гэм буруутайг тогтоож байгаа нь үнэхээр харамсалтай байна. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эмчид үзүүлэхдээ тархи доргилт гэж тогтоосон бол нарийн мэргэжлийн үзлэг хийлгээд энэ хүний гэм буруутай эсэхийг тогтоох байсан...
...Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэрэг нь эргэлзээтэй байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан боловч шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Насанд хүрээгүй хохирогч Г.Х нь мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О нь “...миний дух руу гараа тэнийлгэж байгаад нэг удаа цохисон...” гэж удаа дараа тогтвортой мэдүүлсэн. Мөн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Г.Х нь “...намайг О эгч толгойн тус газар цохиход хажууд манай найз Х-н дүү Б байсан...” гэж мэдүүлсэн ба энэ нь мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин насанд хүрээгүй гэрч А.Т, Ц.Т нар тухайн үед шүүгдэгч Н.О нь насанд хүрээгүй хохирогч Г.Х-тай хамт байсныг харсан гэрчүүд юм.
Насанд хүрээгүй хохирогч Г.Х нь гэмт хэрэг үйлдэгдсэн он, сар, өдрийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт 2018 оны 03 дугаар сарын 09, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэж мэдүүлсэн боловч уг гэмт хэрэг нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Г.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б нараас 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт шүүгдэгч Н.О-н талаар өргөдөл гаргаж шалгуулсан талаарх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан бичиг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт насанд хүрээгүй хохирогч Г.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б нараас гаргасан өргөдөл, Д.Б-тэй ярилцсан тэмдэглэл, Н.О-н өргөдөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт явуулсан албан бичиг зэрэг баримтууд мөн шинжээч Л.Ж-н 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өгсөн “...Харин Г.Х гэх амбулаторын картанд 2018.03.23-ны өрхийн Ц гэх эмчийн үзлэгт тархи доргилт гэсэн онош тавигдсан байсан. Уг үзлэг нь хүүхэд гэмтэл авснаас хойш 3 хоногийн дараа хийгдсэн байсан учир уг үзлэгийг үндэслэж хөнгөн зэргийн гэмтэл гэсэн дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан тул шүүхээс шүүгдэгч Н.О-н үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.О-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Н.О бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Н.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Манай дүү О 1979 онд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн. Багадаа Сүмбэр сумын 1-р цэцэрлэгээр хүмүүжиж 1978 онд Сүмбэр сумын 1-р сургуульд орж 10-р ангийг 1997 онд төгссөн. Тэгээд аймгийн Онцгой байдлын газар дуудлага хүлээн авагчаар ажиллаж байгаад Хилийн цэргийн дээд сургуульд сурч 4 жил болоод төгссөн. Тэгээд ажилгүй байж байгаад Хорих 425-р ангид тогооч хийж байгаад гарсан. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа. 3-н хүүхдийн хамт амьдардаг. Өрх толгойлсон эх байгаа юм. Төлөв даруу зантай, уг нь хүнтэй нээх маргаад муудалцаад байдаггүй хүн байгаа юм. Ажилсаг амьдралын төлөө явж байгаа хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/
2.2. Насанд хүрээгүй гэрч О.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би Говьсүмбэр аймгийн 1-р сургуульд А багшийн ангид сурдаг юм. Би сар өдрийг нь сайн санахгүй байна. /Ээжийн хэлснээр 2018.03.07-ны өдөр/ Тэгээд хичээл дээрээ очсон. Манай анги сургуулийн 2-р давхарт байдаг юм. Манай ангийн хажуу талд 00-н өрөө байдаг юм. Би 00-н өрөөнд бие засахаар ортол миний зүс таних эгч Х намайг харчихаад танай ээж тэнэг мангар гэхээр нь би зөрүүлээд танай ээж чинь адилхан тэнэг мангар гээд хэлсэн. Тэгтэл Х миний баруун хацар луу 2 удаа алгадсан. Тэгэхээр нь би анги руугаа зугтаагаад орсон. Тухайн үед миний хажууд Д байсан. Би Д-г зугтаагаарай гэж хэлээд гүйсэн. Хулан намайг алгадсаныг Д харсан. Миний чихэн дотор юм гарсан байсныг Х алгадаад тэр зүйл хагараад цус идээ гараад байсан. Би Х алгадуулсан талаараа айгаад ээждээ хэлээгүй. Ээж дараа нь Х-д а-г мэдээд сургууль дээр очоод багшид хэлээд эмчид үзүүлсэн. /Ээжийн хэлснээр 2018.03.09-ний өдөр мэдээд 2018.03.13-ны өдөр эмчид үзүүлсэн/ … гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/
2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/
2.4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 57-65 дугаар хуудас/
Шүүгдэгч Н.О нь урьд нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба уг ялаа бүрэн биелүүлсэн байна.
Шүүгдэгч Н.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Н.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.
Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Н-н О-г бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ