Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/101

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Г.Э,

улсын яллагч Э.Н-т,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж. овогт Б-ийн У-т холбогдох эрүүгийн 1817000820037 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ж. овогт Б-ийн У /РД:......../, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 1990 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Сэвхүүлийн ....... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх, 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын сүүлээр, 2018 оны 02 дугаар сарын сүүлээр, 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 14-2-16 тоотод, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7-3-34 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Б-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас толгой, хүзүү, нуруу хэсэгт гараараа цохих, хоолойг боох зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7-3-34 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Б-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас түлхэж унагаах, үснээс зулгаах, толгой, нуруу хэсэгт гараараа цохих зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 2018 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7-3-34 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Б-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас хоолойг боож унагаах зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын сүүлээр, 2018 оны 02 дугаар сарын сүүлээр, 2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 14 дүгээр байрны 2-16 тоотод, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 3-34 тоотод тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Б-д агсам согтуу тавьж хэрүүл маргаан үүсгэн улмаар түүний толгой, хүзүү, нуруу хэсэгт гараараа цохих, үснээс зулгаах, хоолойг боох, түлхэж унагах зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

 мөн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 3-34 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Б-д агсам согтуу тавьж хэрүүл маргаан үүсгэн улмаар түүнийг түлхэж унагаах, үснээс зулгаах, толгой, нуруу хэсэгт гараараа цохих зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7 дугаар байрны 3-34 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Б-д агсам согтуу тавьж хэрүүл маргаан үүсгэн улмаар түүний хоолойг боож унагаах зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс хойшхи хэрэг нь О гэдэг хүнтэй холбоотой. Тэр хүнээс болоод бид хоёр байнга мууддаг байсан. Манай эхнэр О гэдэг хүнтэй явалдаад энэ хэрэг болсон. 2018 оны 12 дугаар сарын сүүлээр, 2018 оны 02 дугаар сард зодсон. Юунаас болж зодсоноо мэдэхгүй байна. Б бид хоёр 2009 оноос хойш хамт амьдарч байна. Б нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ааштай намайг элдэв үгээр хэлж хараагаад манайх байнга маргаантай байдаг байсан. Одоо Б өөрөө байхгүй 2 хүүхэд минь хадмынд байгаа. Том хүүхдийн минь бие өвдөөд хичээлдээ явж чадахгүй байгаа. 2 хүүхдээ хараад чөлөөтэй амьдармаар байна. Дахиж тэр хүнтэй хэл ам хийхгүй гэв.     

 

1.2. Хохирогч Э.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2009 онд У-тай гэр бүл болсон. Дундаасаа 2 хүүхэдтэй. У нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэртээ ажлынхаа 7-8 залуутай хамт 3 шил архитай орж ирээд ууж дуусаад шөнө 00 цаг өнгөрөөгөөд хамт уусан залуучууд нь бүгд гэр гэр лүүгээ харихаар явсан. У хардаад элдэв янзын үгээр доромжлоод үсдээд шилэн хүзүү доош нь дарж байгаад шилэн хүзүү рүү цохиод гэрийнхээ зурагтыг хагалчихаар нь чи яаж байгаа юм бэ гэсэн чинь би авчих чадалтай чамд хамаагүй гээд над руу агсраад байхаар нь би найз О, М хоёрыг шөнө 03 цагийн үед дуудаад 7 дугаар байранд хүргүүлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр У миний амьдарч байсан газар ирж О-тай хардаж намайг гичий минь айлын амьдрал үймүүлж ингэж янхандаж явж болохгүй гээд согтуугаар агсам тавьж ширээ рүү түлхэж унаган үснээс зулгааж дагз, нуруу, толгой руу гараараа цохисон. Миний зүүн гарын тохой шалбарч, хоёр гарын бугалга хөхөрсөн. 2018 оны 04 дүгээр сарын 25-ны шөнө 01 цагийн орчим У миний утас руу залгаад өнөөдөр гоё жүжиг болноо чи харж байгаарай гээд байсан. У хүүхдүүдтэйгээ уулзмаар байна гээд дахиад залгахаар нь би хүрээд ир гэсэн чинь У архи уучихсан согтуу ирээд бид хоёр юм ярьж байгаад чи миний амьдралыг сүйрүүлээ биз дээ чамайг алчихсан байхад хэн ч мэдэхгүй шүү би хоёр хүүхдээ тэжээгээд аваад явж чадна гээд миний хоолойг гараараа хоёр удаа боосон. Би хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд эмнэлэг орж хоолойгоо эмч Т-д үзүүлэхэд гинжний ором гараад шалбараад тав суусан байсан.  2018 оны 02 дугаар сарын сүүлээр цагаан сарын дараа У архи уусан халамцуу ирээд танайх баян цатгалан би ядуу хүүхэд гээд байхаар нь чи яахаараа дандаа ингэж байдаг юм бэ гэсэн чинь миний үснээс зулгаагаад газраар чирээд нуруун дээр дэвсэхэд хоёр хүүхэд сэрээд уйлсан. Тэгсэн чинь У хоёр хүүхдээ унт гэж хэлээд өөрөө унтсан. 2017 оны 12 дугаар сарын сүүлээр шинэ жил болох гэж байсан байх хоёр хүүхэдтэйгээ гэртээ байж байтал У согтуу орж ирсэн. Тэгээд хоорондоо маргалдаад намайг У үсдээд шилэн хүзүү рүү цохихоор нь би хоёр хүүхдээ дагуулаад таньдаг эгч Б-ийн гэрт 3 хоноод гэртээ харьсан. У-ыг зодоход дэргэд минь манай 2 хүүхдээс өөр хүн байгаагүй, намайг олон удаа зодож байсан. Өвлийн хүйтэнд ч гэсэн зодоод гэрээсээ гаргаж байсан. Би хоёр хүүхдээ бодоод У-ыг ажилтай юм даа ажил төрөлгүй болвол банкны зээлээ төлж чадахгүй балрах байх гэсэн дээ цагдаад хэлдэггүй байсан. У намайг зодохдоо үсдэж чирэх, унагаж байгаад дээрээс хөлөөрөө дэвсэх, шилэн хүзүү рүү гараа зангидаж байгаад цохих, номхон зогсоож байгаад зоддог. Голдуу намайг битүү зоддог, миний бие хөхөрдөггүй, хүндүүртэй болдог. У 3 жилийн өмнөөс бага охиныг гэдсэнд байхаас эхлээд зодсон. Намайг У гадаа гудамжинд зоддоггүй. Өөр хүмүүсийн хажууд зодож байгаагүй. У нь эрүүлдээ юм хэлдэггүй, архи уугаад согтохоороо араатан шиг болдог. Энэ хүнээс маш их айж байна, энэ хүнээс салмаар байна. Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-21, 22, 23, 73-74, 164-165 хуудас/

 

1.3. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 03 дугаар сарын 17-ны шөнө гэртээ унтаж байсан чинь шөнө 03 цагийн үед Б миний гар утас руу залгаад манай нөхөр агсам тавиад зодоод байна. Чи намайг ирээд гэрээс аваач гэхээр нь би эхнэр М-ийн хамт Б-ын гэрт яваад очсон чинь Ууганбаяр согтуу гэрийнхээ зурагтыг хагалчихсан хүүхдүүд нь айсан байж байсан. Манай эхнэр бид хоёр Б-ыг гэрээс аваад 7 дугаар байранд буулгаж өгөөд явсан. Б-ын баруун гар нь хөхөрсөн байгаа харагдаж байсан. Тухайн үед хоорондоо маргалдсан гэхээр нь санаа зовоод юу болсон талаар нь сайн асууж чадаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/

 

1.4. Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Сүүлийн үед хүргэн У нь архи уугаад хоорондоо муудалцах болсон. Таарч тохирохгүй байгаа юм шиг байна. Манай нөхөр Ууганбаяр намайг архи уугаад зодоод байна гэж 4-5 удаа ирж байсан. Би яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан 2018 оны 02 сард нэг удаа Б нөхөртөө зодуулсан гээд ирж байсан. Тухайн үед Б-ын биед ил харагдах шарх, сорви байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26, 169 хуудас/

 

1.5. Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Тухайн үед 2018 он гараагүй шинэ жил болох гэж байсан гэж бодохоор 2017 оны 12 дугаар сарын сүүлээр байсан шиг санаж байна намайг гэртээ байхад Б шөнийн 02 цагийн орчим 2 хүүхэдтэйгээ У зодоод байна, хөөгөөд байна гэж орж ирсэн. Тэгэхээр нь би ор засаж өгөөд унтуулсан. Манай гэрт 3 хоноод эв зүйгээ оллоо гээд 2 хүүхдээ аваад явсан. Б-ын биед ил харагдах шарх сорви байсныг хараагүй. Уйлж унжсан хүн орж ирсэн. У, Б нар хоорондоо нээх сайн харьцаатай биш юм шиг байна лээ би гэрт нь 2-3 удаа ороход бие биетэйгээ нэг л хөндий харьцаатай харагдсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29, 168 хуудас/

 

1.6. Гэрч М.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Саяхан гэр бүлийн маргаан болсон талаар сонссон. У нь эхнэр Б-ыг байнга зоддог байсан талаар мэдэхгүй байна. Хааяа маргалдаад эхнэр Б нь ээжийндээ очсон гэж сонссон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30 хуудас/

 

1.7. Гэрч Х.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “У надтай хамт ажилладаг. Бид нар хааяа гэрээр нь орж ганц нэг архи, пиво уудаг байсан. Миний хажууд эхнэрээ цохиж зодож байгаагүй. Сүүлд 2018 оны 04 сард гэрт нь манай ажлын хүмүүс архи уугаад гарсаны маргааш нь У-ыг эхнэртэйгээ муудалцсан гэж сонссон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 хуудас/

 

1.8. Гэрч Э.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Б эгч болон У ах нар суугаад 8 жил болж байгаа, 2 хүүхэдтэй, 2015 оноос тусдаа гарсан. Тусдаа гарсанаас хойш У ах манай эгчийг байнга согтуу гэртээ зоддог болсон. Манай эгч Б 7 хоногт 1-2 удаа манай гэрт өдөр оройн цагаар ирж нөхөр У агсам тавиад зодоод байна гэдэг байсан. Би 2016 онд хот руу сургуульд явсанаас хойш эгч Б утсаар яриад У согтуу ирээд зодоод байна гэж ярьдаг байсан. Юунаас болоод зодоод байдаг талаар мэдэхгүй. Согтуу орж ирлээ, зодлоо гэдэг байсан. Миний хажууд зодож байгаагүй. Миний мэдэхийн нуруу нь хөхөрсөн, хамар ам нь хавдсан ирж байсан. У нь архи уухаараа их агсам, эрүүлдээ юм дуугардаггүй сонин хүн. Гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд, юм мөргүүлсэн гэж ярьдаг байсан. Ер нь байнга л зодлоо гэдэг байсан болохоор сар өдөр цаг хугацааг нь тодорхой санахгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32, 170 хуудас/

 

1.9. Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би У, Б нарыг саяханаас хоорондоо ямар харьцаатай болсныг мэдсэн. Б нь хүнтэй явалдаад хардаж сэрдсэнээс болж хоорондоо маргалдсан гэдгийг нь сонссон. Би У-ыг эхнэрээ зодож байсныг сонсоогүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/

 

1.10. Гэрч Э.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 04дүгээр сарын 25-ны өглөө ажил дээрээ ирээд өрөөндөө байж байхад Э-ийн Б гэдэг эмэгтэй орж ирээд нөхөртөө зодуулчихлаа үзүүлье гэсэн. Би биеийг үзэж эмчийн тодорхойлолт бичиж өгсөн. Үзлэгт: биеийн байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, царай шаналсан байдалтай, амин үзүүлэлтүүд хэвийн, хүзүү хөшинг, хүзүү зүүн талдаа 8 см орчим халцарсан шархтай, толгой үстэй хэсгээр, хүзүүгээр эмзэглэлтэй. Цээжний зүүн хэсэгт эмзэглэлтэй байсан. Өөр ил харагдах шарх сорви байхгүй. Б нь гинж зүүсэн ба гинжний доогуур улаан ягаан өнгийн зулгаралттай байсан. Би Б-ын биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл гэсэн оношийг Б-ын өөрийн хэлсэн зовиур, тухайн хүний биеийн байдал, миний өөрийн бодит үзлэгээр тавьсан. Хүзүүний хөшилт нь Б-ыг цэх суулгаж байгаад хүзүүг суллуулан эрүүг өвчүүнд хүргэх гэтэл хүрэхгүй 1 хуруу зайтай байсан” гэсэн мэдүүлэг/ х.х-ийн 75, 146 хуудас/

 

1.11. Гэрч Б.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө 09 цагийн үед хохирогч Б-аас мэдүүлэг авахаар утас руу нь залгаж дуудсан. Б-ын зүүн талын хүзүү улайсан байхаар нь юу болсон талаар асуухад урд шөнө манай нөхөр У гэрт ирээд согтуу намайг боосон гэхээр нь би У-ыг дуудаж уулзаад чамайг би хохирогч Б-аас уучлалт гуйгаад ир гэж явуулж байхад яагаад Б-ын хоолойг боосон гэж хэлээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгадаг багажаар шалгахад 0,19 гарсан болохоор нь дахиж ийм зүйл хийж болохгүй талаар хэлж зөвлөж явуулсан. Би Б-д учирсан гэмтлийг үзээд шинжээч томилох тогтоол үйлдэж Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний албанд очиж үзүүл гэхэд би Төв аймгийн Заамар сум явна би шүүх эмчид үзүүлэхгүй гээд явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 76 хуудас/

 

1.12. Гэрч А.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 03 цагийн орчим нөхөр О бид хоёрыг гэртээ унтаж байхад Б миний утас руу залгаад нөхөр согтуу ирээд зодоод агсам тавиад байна, та хоёр хүрээд ирээч гэхээр нь бид хоёр Шивээговь сум ороод гэрт нь орсон чинь Б хоёр хүүхдийн хамт байж байсан. Нөхөр У нь гараад явсан гэж байсан. Тэгээд Б хувцас, юмнуудаа аваад хоёр хүүхдийн хамт гэрээсээ гарсан ба бид хоёр 7 дугаар байранд хүргэж өгөөд гэр лүүгээ явсан. У зодсон гээд 2 гарын тохой булчин нь хөхөрсөн байсан. Өөр ямар нэгэн ил харагдах, шарх, гэмтэл харагдаагүй. Урд нь зодож байсан талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 77 хуудас/

 

1.13. Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Хэзээ гэдгийг нь би сайн санахгүй байна манай охин Б хоёр ч удаа манай нөхөр агсам тавиад гээд гэрт ирж байсан. Тэгээд маргааш нөгөөдрөөс нь эвлэрээд явдаг. Сүүлдээ тэсэхээ болиод цагдаад өгсөн байх. Манай гэрт хоёр удаа ирэхэд нь биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй, надад гэмтэл шарх үүссэн гэж үзүүлж харуулж байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 160 хуудас/

 

1.14. Шинжээч эмч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Эмч Т-ийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б-ыг үзсэн эмчийн тодорхойлолтод хүзүү хөшилт, хүзүү зүүн талд 8 см орчим зулгарах, халцарсан шархтай. Мөн Сотрясения галовного мозга гэж бичсэн байсан. Энэ орос үг нь тархи доргилт гэсэн утгатай үг. Б-ын биед тархи доргилт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүнд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 147 хуудас/

 

1.15. Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 126 дугаар дүгнэлтэд: “Э.Б-ын биед зүүн бугалганд, баруун бугалганд, баруун өвдгөнд цус хуралт, дагз болон зүүн мөрөөр зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018 оны 04 дүгээр сарын 03-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно”

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 37 хуудас/

1.16. Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 192 дугаар дүгнэлтэд: “Э.Б-ын биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 83 хуудас/

 

1.17. Согтуурлын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 5 хуудас/

 

1.18. Аюулын зэргийн үнэлгээ, Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ /х.х-ийн 9-16 дугаар хуудас/

 

1.19. Хохирогч Э.Б-д үзлэг хийсэн эмчийн тодорхойлолтууд /х.х-ийн 38, 84 хуудас/

 

1.20. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 52-54 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Б.У-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.У-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг дурдлаа.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүгдэгч Б.У-ын 2017 оны 12 дугаар сарын сүүлээр, 2018 оны 02 дугаар сарын сүүлээр эхнэр Э.Б-ыг зодсон гэх үйлдлүүд нь цаг хугацааны хувьд нотлогдож тогтоогдоогүй, 2018 оны 04 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө зодсон гэх боловч 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шинжээч эмч гэмтлийн зэргийг тогтоосон нь эргэлзээтэй тул дээрх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдаж хэрэгт цугларсан нотлох баримт болох хохирогч Э.Б мэдүүлэг, гэрч Э.Т, Т.Б, Д.С нарын мэдүүлэг, шинжээч Б.С-ийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “У-аас нэхэмжлэх зүйл байхгүй” /х.х-ийн 20-21 хуудас/

 

2.2. Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “У, Б нартай танилцаад 4-5 жил болж байна. Бид нар гэр бүлийн найзууд. У нь төлөв даруу зантай, ажилдаа сайн, ямар нэгэн элдвийн ааш зан гаргаад байдаггүй. У хааяа архи уудаг, бид нартай архи уухаараа ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй, хүнтэй хэрэлдэж муудалцаад байдаггүй хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/

 

2.3. Гэрч М.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Ууганбаяр нь тайван мөртлөө заримдаа тавьтиргүй, гүйж хариасан зан байдал гаргадаг. Баяр ёслолын үеэр хааяа архи уудаг, байнга архи уугаад байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30 хуудас/

 

2.4. Гэрч Х.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би У-тай 3 жил уурхайд хамт ажиллаж байна. Эрүүлдээ ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй, ажилдаа сайн, архи уухаараа хүн хөгжөөсөн юм яриад явдаг. Хүнд агсам согтуу тавиад байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 хуудас/

 

2.5. Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ У нь аав, ээж дээрээ өсөөгүй, манай ээж Р дээр өссөн. У нь төлөв даруу, архи, тамхи хэрэглээд байдаггүй. ШОКХ-д 8 жил ажиллаж байна. Энэ хугацаанд ямар нэгэн хэрэг, зөрчилд орж байгаагүй, төлөв томоотой хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/

 

2.6. Гэрч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би У-тай 2014 оноос хойш хамт ажиллаж байна. У нь дуу цөөтэй, хүнтэй юм ярихдаа эгцэлж ярьж чаддаггүй,тамхи татдаггүй, архи хааяа уудаг, архи уухаараа ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 144  хуудас/

 

2.7. Гэрч Л.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би У-тай засварын хэсэгт 5-6 жил хамт ажиллаж байна. Анх ажилд ороход нь би шавиараа авч байсан. У нь дуу цөөтэй, даруухан, хүний үг сайн авдаг, хүний өөдөөс барагтай бол дуугардаггүй, тамхи татдаггүй, архи хааяа уудаг, архи уухаараа ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй, инээж хөхрөлдөөд явдаг хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 145 хуудас/

 

2.8. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 56 хуудас/

 

2.9. “Шивээ-Овоо” ХК-ны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт /х.х-ийн 64 хуудас/

 

2.10. Яллагдагчид Б.У-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай холбогдох баримтууд /х.х-ийн 86-90, 109-115, 149-157 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.У анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан хорих ял дээр, нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Ууганбаярт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 71 хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.У нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жид овогт Б-ийн У-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 40 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 7 /долоо/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан 7 /долоо/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ын цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Б.У нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.БАТТУЛГА