Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 213/МА2022/00028

 

                   

Ө.Хашчулууны нэхэмжлэлтэй

Ж.Найдандорж, С.Сарантуяа  нарт холбогдох

иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Энхтөр, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 131/ШШ2022/00563 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ө.Хашчулууны нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Найдандорж, С.Сарантуяа нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 45.500.000 төгрөг, хүү 26.200.000 төгрөг, алданги 21.986.900 төгрөг нийт 93.686.900 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарантуяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг, нэхэмжлэгч Ө.Хашчулууны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хашчимэг /онлайн/. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарантуяа, түүний өмгөөлөгч Л.Бор нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Хашчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хашчимэг нарын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Жаргалсайханы Найдандорж болон түүний ээж Сааралын Сарантуяа нар нь 2018 оны 5 дугаар сараас эхлэн Ө.Хашчулуун надаас хүүтэйгээр мөнгө зээлж авдаг байсан. Надаас энэ 2 хүн зээл авах эхэн үедээ үндсэн зээл болон хүүг цаг тухайд нь өгч миний итгэлийг олж авсан. Би энэ 2 хүнд итгээд өмнө нь авсан зээл болон хүүгийн үлдэгдэлтэй байсан ч түүн дээр нь нэмээд зээл гарган өгч байсан юм. Ингээд нийт зээлийн үлдэгдэл 50.000.000 төгрөг болж 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төлбөр барагдуулах хэлцлийг Ө.Хашчулуун, Ж.Найдандорж, С.Сарантуяа нар хийж нотариатаар батлуулсан юм. Үүнээс 10.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн бөгөөд үлдэгдэл 40.000.000 төгрөг болсон. Мөн Ж.Найдандорж, С.Сарантуяа нар 5.500.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээлсэн. Ингээд үлдэгдэл 45.500.000 төгрөг болсон юм. Ж.Найдандорж, С.Сарантуяа нар 2020 оны 04 дүгээр сараас хойш хүү болон үндсэн зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Дараа нь Ж.Найдандорж 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Ө.Хашчулуун надтай уулзаж зээлийн гэрээгээ сунгасан. Энэ гэрээнд 2020 оны 4, 5, 6 дугаар сарын хүү 12.550.000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн дотор төлнө. Хэрэв үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги төлнө. Үндсэн зээлийн 45.500.000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл сарын 10 хувийн хүүтэйгээр төлнө. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож гэрээг Ж.Найдандорж өөрийн гараар бичиж. түүнийг нотариатаар баталгаажуулсан. Дээрх гэрээг нотариатаар батлуулах үед ээж С.Сарантуяатай утсаар ярьсан бөгөөд тэрээр би хөдөө ажлаар явж байна. Ж.Найдандоржтой тохироод гэрээгээ хийчих. би татгалзахгүй гэж хэлсэн юм. Энэ үед миний хажууд Ө.Хашчимэг байсан. Ж.Найдандорж 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр энэ гэрээг хийж. надад хадгалуулсан байсан Toyota Prius-30 автомашинаа аваад явсан юм. Иймд Ж.Найдандорж, С.Сарантуяа нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул 45.500.000 төгрөг. үндсэн зээлийн хүү 26.200.000 төгрөг. алданги 21.986.900 төгрөг буюу нийт 93.686.900 төгрөг гаргуулах... Манайхаас анх шүүхэд гаргасан тайлбарт данснаас шилжүүлсэн мөнгө 132.000.000 төгрөг байна. Үүнд бэлнээр өгсөн 34.000.000 төгрөг болж нийтдээ 166.000.000 төгрөг болсон юм. Үүнээс үндсэн зээлийн үлдэгдэл 45.500.000 төгрөг үлдсэн гэж нэхэмжлэл гаргасан. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад гүйлгээний утга дээр зээлийн хүү болон төлөлт гэсэн утга байгаагүй. Учир нь зээл болон хүүг тооцоолох боломжгүй гэж дурдсан байсан. Мөнгийг шилжүүлэхэд дараа нь банкнаас зээл хөөцөлдөхөд хүндрэлтэй болж зээл олгогддоггүй талаар хэлсэн учраас гүйлгээний утгыг нэр бичиж оруулдаг байсан. Шинжээчийн дүгнэлтэд 45.500.000 төгрөг гэдгийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан хэдий ч хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрч гэрээнд өөрийн гарын үсгийг зурсан. Зээлийн гол зорилго нь уурын зуухандаа засвар хийх зориулалттай гэж хэлж байсан. С.Сарантуяа нь өөрийн биеэр нэг удаа бэлнээр 4.000.000 төгрөгийг өгсөн байдаг. Цемент үнэ гэсэн гүйлгээний утгатай 15.000.000 мөнгийг зээлэхдээ блок авах зорилгоор зээлж уурын зуухандаа өргөтгөл хийсэн байдаг. Мөн хариуцагч нар зээлийн гэрээний үлдэгдэл 50.000.000 төгрөг гээд гарын үсэг зурсан гэрээ. бичлэг байхад нэхэмжлэлийн шаардлага нотлогдон гэж үзэж байна. Товлогдсон хурал болгон дээр өөр зүйлс ярьж байна. Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 45.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг нь Ж.Найдандорж маш сайн мэдэж байгаа өөрийн биеэр гарын үсэг зурж баталгаажуулсан зээлийн гэрээ байна. Мөн Ө.Хашбилэгтэй 45.500.000 төгрөгийг хэрхэн яаж төлөх талаар ярьсан бичлэг нь зээлийн үлдэгдэл 45.500.000 төгрөг байсныг нотлох баримт болно. Нэг удаа 4.000.000 төгрөгийг өгснийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс өөр бэлэн төлөлтийг хариуцагч талаас хийж байгаагүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Миний хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөр 2020 оны 12 дугаар сараас хойш оролцож байна. Энэ хэрэг нь 3 жилийн хугацаанд үргэлжилж байна. Хариуцагч талыг дансны тооцоогоо нийлүүлж мөнгөн дүн дээрээ зохицох тухай удаа дараа хэлж байсан. Хоёр удаа тооцоо нийлэх оролдлого хийсэн. Мөн Дорноговь аймгаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тооцоо нийлэх саналтайгаар ирсэн боловч хариуцагчид тооцоо нийлээгүй нь улмаар ковид 19 цар тахлын хөл хорионд хүртэл орж байсан. Тооцоо нийлэх хүсэл санаа зорилготой байсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдож байна. Тодруулан яривал нэхэмжлэгчийн тайлбар. хүсэлт. гэрч нарын мэдүүлэг. зээлийн гэрээ. эргэн төлөлтийн хуваарь болгоны тус бүрд нь цэгцтэй дансны хуулгаар өгч байсан. Үүн дээр хуулийн хүчин төгөлдөр гэрээнүүд гарын үсэг зурсныг баталсан шинжээчийн дүгнэлт байна. Эдгээр баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн нотлогдоно гэж үзэж байна. Харин хариуцагчийн хариу тайлбар няцаалтын хувьд хангалтгүй гэж хууль зүйн хувьд дүгнэж байна. Учир нь хариуцагчийн тайлбар бичгийн болон амаар гаргасан тайлбарууд нь цаг хугацааны хувьд өөрчлөгдөж байсан. Хамгийн анхны тайлбарт 260.000.000 төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн гэж тайлбарыг гаргаж байсан. Мөн нэхэмжлэгчийн эзэмшлийн дансны сүүлийн 1560 гэсэн тоот дансыг 1650 гэсэн тоот данс руу мөнгө шилжигдсэн гэж хэлж байдаг. Өмнөх мэргэшсэн нягтлан бодогчийн үнэлгээ. сүүлийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр ерөнхий тооцооллын чиг баримжаа гарсан. Үүнд 3 жилийн хугацаанд 10 хувийн хүүтэй олгосон зээлийн дүн буцаан эргэн төлсөн мөнгөн дүнд хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл сүүлд гаргасан дүгнэлтээр нэхэмжлэгч талаас 23 удаагийн үйлдлээр 124.000.000 төгрөгийг дансаар зээл олгосноос. 48 удаагийн эргэн төлөлтөөр 112.000.000 төгрөгийг хариуцагчаас буцаан төлсөн гэж дүгнэлт гарсан байна. Гурван жилийн хугацаанд 10 хувийн хүүтэйгээр мөнгийг зээлж хэрэглэчхээд зээлж авсан нийт мөнгөний үнийн дүн нь хариуцагчаас буцаан төлсөн эргэн төлөлтийн үнийн дүн нь хүрэхгүй хол зөрүүтэй байна. Энэ нь дүгнэлтээр нотлогдож байна. Мөн шүүх хуралдааны явцад 2.000.000 төгрөг, 6.000.000 төгрөгийг хүний дансаар нийтдээ 8.000.000 төгрөгийг авсан гэдгээ хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн. Үүн дээр манайхаас 10.000.000 төгрөг, 20.000.000 төгрөгийг бэлнээр олгож нийтдээ 162.000.000 төгрөгийн зээлийг олгосон. Үүнээс хариуцагч тал 48 удаагийн гүйлгээгээр 122.600.000 төгрөгийн зээлийг эргэн төлсөн. Үүнийг манайхаас хүлээн зөвшөөрч маргахгүй мөн нэг сая доторх гүйлгээнүүд бас байна. Эдгээр тооцооллоос үзэхэд үндсэн зээлийн үлдэгдэл 39.400.000 төгрөгийн зөрүү гарч байна. Тэгэхээр манайхаас гаргасан тооцооллоор үндсэн зээлийн үлдэгдэл 40.000.000 төгрөг байсан түүн дээр нэмэгдэж 5.500.000 төгрөгийн зээл авч нийтдээ 45.500.000 төгрөг болсон гэж хэлж буй үндэслэл тайлбар бодитой байх магадлал өндөр байна. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцэл байна. Үүний нэгдэх заалтад үндсэн төлбөрүүд нь өнөөдрийн байдлаар 50.000.000 төгрөг болсон бөгөөд дараах байдлаар төлбөрөө барагдуулна гэж авагдсан байна. Энэ гэрээний утга агуулгыг Ж.Найдандорж, С.Сарантуяа нар болон талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэ нь хэрэгт авагдсан аль ч гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна. Үүгээр гэрээ хэлцэл агуулгыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн С.Сарантуяагийн өмнөх болон сүүлд гаргаж буй тайлбарыг харахад 2018 онд 21.000.000 төгрөгийн зээл авсныг 29.000.000 төгрөг болгон төлсөн. Мөн 2019 онд 98.000.000 төгрөг авсныг 115.000.000 төгрөг болгож төлсөн. 2020 оны 12.500.000 төгрөг авч 47.000.000 төгрөг болгож төлсөн тухай ярьж байна. Хариуцагч талаас эргэн төлөлтөд 191.350.500 төгрөг төлсөн гэж ярьж байна. Тэгвэл энэ баримтыг шүүхэд нотлох баримт болгон гарган өгөхийг хүсэж байна. Хэрэгт 110.600.000 төгрөг төлсөн талаарх баримт авагдсан. Мөн 15.000.000 төгрөгийн 10.000.000 төгрөгийг өгсөн гэж үзвэл 120.600.000 төгрөгийг бодитой төлсөн байна. Эргэн төлөлтөд 191.350.500 төгрөг төлснийг нотлох баримт хэрэгт байхгүй гэдгийг хариу тайлбар болгон хэлье. Мөн сүүлийн 20.400.000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн гүйлгээгээр төлж дуусгасан гэж хэлж буй боловч сүүлд 2020 оны 02 дугаар сард үүнийг хүлээн зөвшөөрч гэрээ хийсэн юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Найдандорж. С.Сарантуяа нарын анхан шатны шүүхэд. итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарантуяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудын агуулга:

 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 115.420.000 төгрөгийг дансаар авч 156.599.000 төгрөг болгон төлсөн. Илүү төлсөн дүн 41.179.000 төгрөг. Үүнээс дансаар буюу бэлэн бус шилжүүлгээр төлсөн 109.800.000 төгрөг. бэлнээр 47.298.500 төгрөг төлсөн.

2019 оныг 2 тусад нь задалж харуулъя. яагаад гэвэл нэхэмжлээд байгаа 45.500.000 төгрөгөөс 40.000.000 төгрөгийг тодруулбал. 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөгийг авсан. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 30.000.000 төгрөгийн үлдэгдэл 20.000.000 төгрөг байгаа гэж Ө.Хашбилэг надад ам тооцоо хэлж байсан. Мөнгө гэж хэлсэн үед шаардуулахгүй төлөөд байгаарай гэж хэлсэн. Хүү гэж тодорхой яриагүй. Энэ үед нарийн тооцоо хийгээгүй учир 30.000.000 төгрөгөөс хэд нь төлөгдсөнийг сайн мэдэхгүй байсан. Гэтэл дансны хуулганаас төлсөн мөнгийг тооцоход 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 30.000.000 төгрөг бусад мөнгө нийлээд нийт 54.750.000 төгрөг авч 47.346.500 төгрөгийг төлж /-7.223.500/ төгрөг дутуу тооцоо гарч байна. Энэ нь нэг ёсондоо 30.000.000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл юм.

2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөгийг авсан өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 38.100.000 төгрөгийг төлсөн. Үүний 18.700.000 төгрөг нь дансаар. 19.400.000 төгрөг нь бэлэн мөнгөөр төлөгдөж. Нийт 18.100.000 төгрөг илүү төлөгдсөн байна.

2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 26.800.000 төгрөгийг дансаар авч 40.200.000 төгрөг төлснийг 27.900.000 төгрөгийг дансаар төлсөн. 12.300.000 төгрөгийг бэлэн мөнгөөр нийт 13.400.000 төгрөгийг илүү төлсөн.

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 12.500.000 төгрөгийг дансаар авч 48.200.000 төгрөг төлснөөс 28.700.000 төгрөгийг дансаар бэлэн бусаар. 19.500.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Нийт 35.700.000 төгрөг илүү төлсөн.

Эдгээр тооцооллыг нийт дүнгээр нь авч 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 127.920.000 төгрөг авч 204.799.000 төгрөг төлсөн. Үүний 138.500.000 төгрөгийг дансаар. 66.798.500 төгрөгийг бэлнээр төлсөн нь нийт 76.798.500 төгрөгийг үндсэн зээл дээр нэмэгдүүлэн төлсөн байгаа нь Ө.Хашчулуун. Хашбилэг нарт учруулсан хохирол байхгүй харин ч нийтдээ 76.879.000 төгрөгийн цэвэр ашиг олсон байна.

Мөн Ө.Хашчулуун. Ө.Хашбилэг нар нь банк бус санхүүгийн байгууллага биш байтлаа их хэмжээний өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж. зээлийн хүү нь зах зээлийн ханшнаас 2 дахин хүүгээр мөнгө хүүлж бусдыг хохироож байна. Хуулиар хориглоогүй ажил үйлчилгээг зөвшөөрөлгүй явуулж байгаа нь тусгай зөвшөөрлийн тухай хуулийг ч зөрчиж байна.

Авсан мөнгийг хэлсэн ёсоор шаардсан тухай бүрд хэлсэн хэмжээгээр төлж байсан. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 10 хувийн хүүтэйгээр төлөхөөр нөхөн гэрээ хийснийг бид хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Ө.Хашчулуун нь бэлэн мөнгөөр авсан мөнгөндөө хүлээн авсан тухай баримт бүртгэл хөдөлдөггүй. мөн төлсөн мөнгөний тооцоонд огт оруулаагүй байгаа нь санаатай зүйл юм аа.

Бид 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө хүү төлөх нь тодорхой бус хуваарь тооцоолол байхгүй учир тэдний шаардсанаар төлж байсан.

Бид дээрх мөнгийг төлөхдөө өөрсдийн бүх орлогоо мөн дээр нь хүмүүсээс мөнгө зээлж төлж байсаар эцэстээ төлбөрийн чадваргүй болоод зогсохгүй их хэмжээний мөнгөний өрөнд орж шүүхийн шийдвэр гарч Ж.Найдандоржийн өмчлөлд байсан Прадо 120 суудлын жийп автомашинаа 20.000.000 төгрөгт хураалгасан. Мөн одоо нэлээн их хэмжээний өглөг шүүхийн шийдвэр гарсан байгаа нь зээлдэгчийн эрхийг маш дордуулсан. Дээрх байдал нь бид үндсэн зээл гэх 45.500.000 төгрөг. хүү 26.200.000 төгрөг. алданги 21.986.900 төгрөг нийт 93.686.900 төгрөгийг төлөх үндэслэлгүй болно. Зээлийн төлөлтөд 76.879.000 төгрөгийг илүү төлсөн.

Бид нэгэндээ зээлсэн болон эргэн төлсөн мөнгөний 2018. 2019. 2020 онуудын түүврийг гаргасан байгаа. Харин нэхэмжлэгч талд эргэн төлөлтийг бэлэн мөнгөөр өгч байсан. Тэдгээр төлөлтийн журналууд болон бүртгэлийг гаргуулах талаар манайхаас хэлж байсан. Мөн нэхэмжлэгч талаас Ж.Найдандоржид 30.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн тухай ярьж байна. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрийн банкнаас зээл авч Ө.Хашбилэгт өнөөх мөнгийг өгөөгүй байдаг. Дансны хуулганы ард өөрийнхөн тэмдэглэл байдаг. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэлцэл гэх бичгийг машинаа суллаж өгөхдөө бэлнээр өгсөн тэр мөнгийг дурдаж ярихгүй байна. Бидний хувьд хүнээс мөнгө зээлсэн ч түүнийгээ төлж чадахгүй луйвардаж байгаа юм шиг бодож нэхэмжлэгч тал ярьж байна. Цемент үнэ гэсэн гүйлгээний утгатай 15.000.000 мөнгийг зээлэхдээ блок авах зорилгоор зээлж уурын зуухандаа өргөтгөл хийсэн байдаг гэж хэлж байна. Гэхдээ тухайн үед нэхэмжлэгч тал блок хийж байгаагүй. манайх уурын зуухны засварын ажил хийгээгүй байсан. 2019 оны 9. 10 дугаар сараас өргөтгөл хийсэн. Өөр газраас блок худалдан авч байгаад сүүлд 500.000 төгрөгийн блокийн мөнгийг нь төлж Өлзийжаргал гэх ааваас нь худалдан авсан байдаг. Хууль бус гарын үсэгтэй гэрээ гаргаж ирж биднийг мэхэлж луйвар явуулж байна. Миний өөрийн гаргасан дүгнэлт Аудитын байгууллагаас гаргасан дүгнэлттэй таарч байгаа. Зээлийн төлбөрөө хийхдээ Ө.Хашчимэг. Ө.Хашбилэг нарт аль алинд шууд мөнгийг өгдөг байсан. Бэлнээр өгч байсан мөнгийг нотолж өгөхгүй байна. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүчээр гарын үсэг зуруулсан. Мөн он сарыг нь тодорхой санахгүй байгаа ч гэсэн хэлцэл хийсэн болгож шүүхэд баримт өгсөн байна. Хүчин төгөлдөр гэрээнд үндэслэж төлбөр мөнгөний асуудал яригдаж гүйлгээ хийгдэх ёстой. Миний хувьд зөвшөөрөөгүй гэрээний дансны хуулганы баримтыг шүүхэд гарган өгсөн. Төлбөр тооцоо нийлье гэхээр харилцан ярилцаж тооцоо нийлдэггүй. Бэлэн мөнгөөр өгсөн дансны тооцоо журналаа гаргаад өг гэхээр гаргаж ирдэггүй. 20.000.0000 төгрөгийг авснаас хойш нийтдээ 31.700.000 төгрөгийн зээл авч өмнөх зээлийн үлдэгдэлтэй нийлээд 51.300.000 төгрөг төлсөн байна. 12 дугаар сарын 31-ний өдрийн 10.000.000 төгрөгийн зээл авч буцааж бэлэн мөнгөөр төлсөн. 01 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг. 2.000.000 төгрөг. 02 дугаар сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөгийн Ж.Найдандоржоос Ө.Хашчулуунд бэлэн төлж барьцаа prius-30 маркийн авто машиныг хоёр талаасаа тооцоо нийлэхгүйгээр гарын үсэг зуруулж авсан байдаг. Энэ 10.000.000 төгрөг нь бидний ярьж буй бэлэн төлсөн мөнгө юм. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөгийг төлсөн. Мөн 02 дугаар сарын сүүлээр уурын зуухны халаалтынхаа орлогыг авч нэхэмжлэгчийн гэрт өөрийн биеэр очиж 5.500.000 төгрөг өгсөн. Гэхдээ би он сарын санахгүй байна. Ө.Хашчулууны эхнэр төрөөд эмнэлгээс гардаг өдөр байсан. Хоол унд зөөгөөд завгүй байгаа тул Ө.Хашбилэгийнд үлдээчих гээд аваачиж өгсөн. Ө.Хашчимэг өөрөө бас тэр гэрт сууж байсан. 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Ө.Хашчулууны дансанд 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Дахин 2.000.000 төгрөг өгсөн. Ж.Найдандорж тооцоо санхүүгийн асуудалд муу учраас зээлийн мөнгө өгсөн хэр нь хүүгийн хамт төлөөд илүү мөнгө өгч байсан. Ингээд сар болгон 5.000.000 төгрөг хүүгүйгээр авч байсан. Мөн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөгийг Нармандах машиныг барьцаанд тавиулж Ж.Найдандоржоос авхуулсан юм. 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг өгсөн байна. 04 дүгээр сарын 16-ны өдөр 7.700.000 төгрөг. 04 дүгээр сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөгийг дансаар төлсөн байна. Нийтдээ 2020 онд 12.500.000 төгрөгийг зээлж авч 47.200.000 төгрөгийг буцаан төлсөн байна. Үүн дээр 34.700.000 төгрөгийг хүү болгон төлсөн байна. 2019 онд 98.270.000 төгрөгийг зээлж авч эргүүлээд 115.100.000 төгрөг болгон төлж. 12.330.000 төгрөгийн хүү төлсөн байна. 2018 онд 21.230.000 төгрөгийг зээлэн авч 29.050.500 төгрөг буцаан төлж. 8.420.000 төгрөгийн хүү төлсөн байна. Ийм төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн байхад он сар төлбөр мөнгийг зөрүүтэй тайлбарлан ярьж байна. Мөн дутуу өгөөгүй үлдсэн хүүд давхар хүү тооцон авч байна. Үүнийг мөнгө хүүлэх гэж ярих байх. Хэрвээ гэрээний хугацаа дууссан гэж байгаа бол албан ёсны сунгалтын гэрээ хийгдэх ёстой. Эдгээрээс тооцоолон үзэхэд нийтдээ 54.000.000 төгрөгийн хүү төлсөн байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Борын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Ө.Хашчулуун нь Ж.Найдандоржид 2018 оны 5 дугаар сараас 2020 оныг хүртэл хугацаанд өндөр хүүтэй мөнгийг бэлнээр эсхүл гэрээ хийх замаар олгож өгч байсан нь тогтоогдож байна. 2019 оны зээлээс хүү төлөгдөөгүйгээр 40.000.000 төгрөгийн зээл төлөгдөж дууссан. Гэхдээ үүнийг төлөхгүй гэхээр машиныг нь өгөхгүй талаар хэлж ээжийнхээ гарын үсгийг зурж гэрээ хий гэж хэлдэг байсан. Энэ хэлцлийг ингэж хийгдсэн байдаг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогддог бусад хөрөнгө шилжүүлэх зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд өгөх үүргийг тус тус хүлээж гэрээг хийдэг. Энэ 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээний шаардлага хангагдаагүй үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл 40.000.000 төгрөгийг зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд шилжүүлээгүй байна. Ийм учраас уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох ёстой гэж бодож байна. Мөн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаар дүгнэлтийг өмгөөлөгчийн хувьд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь талуудын орлого зарлагын баримтыг үндэслэж дүгнэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлтэд Ж.Найдандоржийг 127.600.000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзсэн. Харин тухайн дүгнэлтэд ороогүй зарим баримтуудыг С.Сарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт болгон хаан банкны дансны хуулгыг гарган өгч байна. Ж.Найдандоржийн өгсөн 4.000.000 төгрөг нь Ө.Хашбилэгийн дансны хуулганы тэмдэглэлээр эргэн төлөлтийг шилжүүлсэн гэж нотлогдож байна. Prius-30 маркийн авто машинаа барьцаанаас авахад 10.000.000 төгрөг өгч авсан. Мөн Ө.Хашчулуунд 5.200.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрийн банкны данснаас 4.000.000 төгрөгийг бэлэн нэгтгэн өгсөн байдаг. Ж.Найдандоржийн 30.000.000 төгрөгийг төрийн банкны данснаас авч Ө.Хашбилэгт өгсөн нь дансны хуулгаар нотлогдож байна. Иймд тооцоолоход 177.000.000 төгрөгийг нийтдээ өгсөн байна. Үүнийг нотлох баримт нь хэрэгт авагдсан нотлох баримт. дансны хуулга. түүвэрлэж хийсэн үндэслэлтэй баримтад тулгуурлаж байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.10., 56.5., 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээ. 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6.000.000 төгрөгийн зээлийн гэрээ. 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 8.000.000 төгрөгийн зээлийн гэрээ. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээ. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 18.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4.500.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 40.000.000 төгрөгийн төлбөр барагдуулах хэлцэл, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцэл, 2020 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож. хариуцагч Ж.Найдандорж. С.Сарантуяа нараас 17.700.000 /арван долоон сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Хашчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 75.986.900 /далан таван сая есөн зуун наян зургаан мянга есөн зуу/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.. 60 дугаар зүйлийн 60.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 626.385 /зургаан зуун хорин зургаан мянга гурван зуун наян тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж. хариуцагч Ж.Найдандорж. С.Сарантуяа нараас 246.450 /хоёр зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Хашчулуунд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар шинжээчийн зардал 1.120.000 /нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгөөс нэхэмжлэгч Ө.Хашчулуунаас 560.000 /таван зуун жаран мянга/, хариуцагч Ж.Найдандорж. С.Сарантуяа нараас 560.000 /таван зуун жаран мянга/ тус тус гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банк дахь 100900012005 дугаартай дансанд төлүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

Ж.Найдандорж болон түүний ээж С.Сарантуяа нар нь 2018 оны 05 дугаар сараас эхлэн Ө.Хашчулуунаас хүүтэйгээр мөнгө зээлж авдаг байсан. Энэ 2 хүн зээл авах эхэн үедээ үндсэн зээл болон хүүг цаг тухайд нь өгч итгэлийг нь олж авсан.

Ингэж итгэл төрүүлж байгаад зээлийн хэмжээгээ ихэсгэж хүүтэйгээр мөнгө зээлж авчхаад 2020 оны эхэн үеэс буцаан төлөхөө больсон юм. Зээлдүүлсэн мөнгөө буцаан авах талаар олон удаа шаардаж байсан ба тэд хэлэхдээ: “ удахгүй өгнө. ковидоос болоод төлж чадахгүй байна. халуун ус ажиллахаар өгнө. барьцаа хөрөнгө сулрахаар өгнө” гэх мэт шалтаг тоочсоор, сүүлдээ уулзахгүй, утсаа авахаа больсон юм.

2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр “ төлбөр барагдуулах хэлцэл”-г Ө.Хашчулуун. Ж.Найдандорж. С.Сарантуяа нар хийж нотариатаар батлуулсан юм. Энэ мөнгөний үлдэгдэл 40.000.000 төгрөг байсан. Мөн Ж.Найдандорж. С.Сарантуяа нар 5.500.000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээлсэн. Ингээд үлдэгдэл 45.500.000 төгрөг болсон юм.

Үндсэн зээл: 45.500.000 \2020 оны 06-р сарын 28-наас 2020 оны 09-р сарын 28-н хүртэлх хүүгийн төлбөр 13.650.000Ү 2020 оны 09-р сарын 28- наас 2020 оны 12-р сарын 17-ны хүртэлх 78 хоногийн алданги \45.500.000x0.5%= 227.500 төгрөг. 227.500 х78хоног= 17.745.000 төгрөг,

2020   оны 4.5.6-р сарын хүүгийн төлбөр 12.550.000 төгрөг. 12.550.000x0.2% алданги= 1 өдрийн алданги 25.100 төгрөг,

2020 оны 06-р сарын 28-наас 2020 оны 12-р сарын 17-ныг хүртэл 169 хоног. 169х 25100 =4241900 төгрөг,

Нэхэмжлэгч Ө.Хашчулуун нь зээлийн үйл ажиллагааг байнга эрхлэн явуулдаг. иргэдтэй байгуулсан гэрээний үр шимийг хүртэж зээлийн үйл ажиллагааг явуулж буйг хуулиар хориглоогүй ч тэрээр аж ахуйн нэгж үүсгэн байгуулж тусгай зөвшөөрөл авч улсад зохих татвар хураамж төлдөггүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1. 189.2. 189.3-т зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Ө.Хашчулуун нь зээлийн үйл

ажиллагаа эрхлэх ажлаа Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэрээр 2019 оноос жирэмсэн амаржсаны амралт авч зээлийн үйл ажиллагаа эрхлээгүй бөгөөд үүнээс хойш ковид-19 халдварт өвчин дэлхий нийтэд тархаж улмаар хөл хорио. төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хязгаарлалт тавигдсан байсан болно. Ийнхүү нэхэмжлэгч нь гэрээр хүүхдээ асарч байх хугацаандаа хуулиар хориглоогүй иргэний эрх зүйн харилцаанд оролцсон байдаг.

Мөн хариуцагч нарт зээлдүүлсэн мөнгөнөөс ашиг олж татвар төлөх бодит нөхцөл байгаагүй гэдэг тодорхой нотлогдсоор байтал шүүх ийнхүү шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл зээлдүүлсэн үндсэн мөнгөө бүрэн буцааж авч чадаагүй шүүхдэж байхад татвар төлөх үүрэг үүсээгүй байсан болно.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйл 39.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйл 40.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйл 41.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйл 189.1 дэх хэсэг, 198 дугаар зүйл 198.1 дэх хэсэг, 206 дугаар зүйл, 242 дугаар зүйл, 281, 282 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа болно.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум Дундын Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны 131/ШШ2022/00563 дугаартай шийдвэрт нэмэлт. өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  С.Сарантуяагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

...Үүнд:Ж.Найдандорж нь Ө.Хашчимэг. Ө. Хашбилэг нараас 2018 оны 5 дугаар сарын 29 ны өдрөөс 2020 оны 4 сарын 27 өдрийг хүртэл 23 удаагийн үйлдлээр 112 сая төгрөгийг . С.Сарантуяа дансаар дамжуулж 1 удаа 2019 оны 6 сарын 25 нд 20 сая төгрөг нийт 24 удаагийн үйлдлээр 132 сая төгрөг авсныг хоногийн болон сарын 10 %-ийн хүүтэйгээр бэлэн мөнгөөр буюу Найдандоржоос Ө.Хашбилэг, Ө.Хашчимэг нарын дансаар шилжүүлж төлсөн нь хэрэгт авагдсан дансны хуулга бусад баримт зэрэг зүйлээр бүрэн нотлогдоно. Хашбилэг .Хашчимэг нар нь зээлсэн бүх мөнгийг сарын болон хоногийн 8-10%ийн хүүтэйгээр тооцож өмнөх зээлийг бүрэн төлж дуусгаснаар дараагийн зээлийг өгч байсан байсны зэрэгцээ төлөгдөөгүй хүүг зээл авсан болгож гэрээнд нэмэгдүүлдэг. Бэлэн мөнгөөр төлсөн зээлийг журналд бичиж тэмдэглэж байсан боловч энэ бүртгэлээ анхан шатны шүүхэд гаргаж өгөхгүй байгаагаас нийт төлсөн мөнгө үнэн зөв гарахгүй байгаа боловч зөвхөн нотлох баримт бүхий авсан зээл, зээлийн төлөлтийг он тус бүрээр товчоолж жагсаалтын хамт хүргүүлэв.

Огноо

Нийт авсан зээл

Нийт төлсөн

Илүү төлсөн

Тайлбар

2018 он

8 удаа

21 230 000

14 удаа

29 050 000

29050

Жагсаалт

2019 он

14 удаа

98 270 000

36 удаа

115 100 000

12 330 000

Жагсаалт

2020 он

 2 удаа

12 500 000

12 удаа

47 200 000

34 700 000

Жагсаалт

Дүн

24

132 000 000

62

191 350 000

47 059 050.00

 

 

Бид 24 удаагийн 132 сая төгрөгийн зээл авсан нь Шүүхийн шинжилгээний төвийн 2022 оны 07 сарын 29-ний өдрийн 102-р дүгнэлтээр 127.600.000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзсэн. Харин тухайн дүгнэлтэд ороогүй Ж.Найдандоржоос Хашчулуунд өгсөн 4000 000 төгрөг Хашчулууны авсан мөнгөний жагсаалтад байгаа Найдандоржоос 2019 оны 01 сарын 07 нд Отгонжаргалын 5225331339 дансанд төлсөн 2000 000 төгрөг. 2019 оны 02 сарын 13-нд 5225331339 дансанд төлсөн 1250 000 төгрөг. 2019 оны 04 сарын 08 нд Найдандорж төрийн банкнаас бэлэн мөнгөөр авч Хашбилэгд бэлэн мөнгөөр өгсөн 30 000 000 төгрөг төрийн банкны хуулгыг нотлох баримтаар өгсөн. 4500 000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлснийг гэрчилсэн 2019 оны 09 сарын 27 ны зээлийн гэрээ бэлэн хаасан тэмдэглэл бүхий нотлох баримттай. 2020 оны 02 сарын 06 ны өдөр. Хашбилэгээс 2019 оны 12 сарын 31 -д авсан 10 000 000 бэлэн мөнгөөр төлж барьцаанд байсан Приус 30 маркийн авто машинаа авсан Энэ үед хяхан боогдуулах байдлаар хоорондын тооцоо нийлэхгүйгээр 40 сая төгрөг төлөх хэлцэлд гарын үсэг зуруулснаар батлагдана. Мөн 2020 оны 2 сарын эцэс үед Сарантуяа миний бие Хашчимэгийн хүү төл гэж удаа дараа нэхсэний улмаас Хашбилэгийн гэрт очиж Хашчулуунд 5500 000 төгрөг бэлнээр тоолж өгсөн. Энэ үед Хашчимэг төрөөд удаагүй бололтой хүүхдээ хөхүүлээд сууж байсан. мөн Хашбилэгийн эхнэр төрөөд одоо эмнэлгээс гарч ирж байгаа би зав муутай байна гээд баримт өгөөгүй. 2020 оны 04 сарын 01 нд Найдандорж бэлэн мөнгөөр 4000 000 төгрөг төлсөн нь Хашчулууны авсан мөнгөний түүвэрт байгаа.Ингээд нийт 57 250 000 төгрөгийг нотлон гэрчилж манай төлсөн мөнгөнд оруулж тооцоогүй ; бас 2019 оны 06 сарын 04-нд Хашбилэгт төлсөн зээлийн 15 000 000 төгрөгөөс 5 сая төгрөгийг Өлзийжаргалаас авсан цементийн мөнгө гэж нэг талыг барьсан ор үндэсгүй цемент авсан баримт ачсан машин техник хүн хүч огт байхгүй байтал мэдүүлгийг Хашчулуун нарын аав Өлзийжаргалаас авч зээлийн төлөлтөөс5000 000 төгрөг хассан нь Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гараагүйд гомдол гаргаж дээрх нийт 62 250 000 төгрөгийг төлсөн байдлыг хянан үзэж үнэн зөвөөр шийдвэрлээгүйд гомдол гаргаж байна. Мөнгө төлсөн жагсаалтын нотлох баримтуудтай тулган шалгаж үзнэ гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн  бүхэлд нь хүчингүй   болгож. хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв. Учир нь:

Нэхэмжлэгч  Ө.Хашчулуун нь Ж.Найдандорж, С.Сарантуяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 45.500.000 төгрөг. хүү 26.200.000 төгрөг, алданги 21.986.900 төгрөг нийт 93.686.900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн  шаардлага гаргажээ.

 Нэхэмжлэгч  Ө.Хашчулуун нь хариуцагч нарын зээлийн үлдэгдэл 50.000.000 төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төлүүлэхээр  төлбөр барагдуулах хэлцлийг Ө.Хашчулуун, Ж.Найдандорж. С.Сарантуяа нартай хийж нотариатаар батлуулсан. Үүнээс 10.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн бөгөөд үлдэгдэл 40.000.000 төгрөг болсон боловч Ж.Найдандорж. С.Сарантуяа нар нэмж 5.500.000 төгрөгийг зээлж, үлдэгдэл 45.500.000 төгрөг болсон.

2020 оны 4 дүгээр сараас хойш хүү болон үндсэн зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Ж.Найдандорж 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр надтай уулзаж зээлийн гэрээгээ сунгасан. Тус гэрээнд 2020 оны 4. 5. 6 дугаар сарын хүү 12.550.000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлнө. Хэрэв үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги төлнө. Үндсэн зээлийн 45.500.000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл сарын 10 хувийн хүүтэйгээр төлнө. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож гэрээг Ж.Найдандорж өөрийн гараар бичиж, түүнийг нотариатчаар батлуулсан  тул үндсэн зээлд 45.500.000 төгрөг, хүү 26.200.000 төгрөг, алданги 21.986.900 төгрөг нийт 93.686.900 төгрөг гаргуулна гэж.

 Хариуцагч талаас  бид 93.686.900 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Зээлийн төлөлтөд 76.879.000 төгрөгийг илүү төлсөн. Зарим зээлийн гэрээнүүд байгуулагдсан эсэх нь эргэлзээтэй. Мөн зарим зээлийн гэрээ байгуулсан гэх боловч мөнгө нь шилжиж ороогүй, дутуу орсон гэж  харилцан маргаан үүсгэжээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд;

 

Нэхэмжлэгч Ө.Хашчулуун нь Ж.Найдандорж, С.Сарантуяа нарт холбогдуулан зээлийн гэрээний  дагуу  үндсэн зээлд 45.500.000 төгрөг, хүү 26.200.000 төгрөг, алданги 21.986.900 төгрөг нийт 93.686.900 төгрөгийг хариуцагч  Ж. Найдандорж, С.Сарантуяа нараас  гаргуулахаар нэхэмжлэлийн  шаардлага гаргасан, анхан шатны шүүх   нэхэмжлэгч Ө.Хашчулууны  нэхэмжлэлийн дагуу хариуцагч  Ж. Найдандорж, С.Сарантуяа нарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэжээ.

 Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулж болно” гэж заасныг анхааралгүйгээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг хамтран  нэхэмжлэгчээр татаагүй байж  “...нэхэмжлэгч Ө.Хашчулуун нь  зээлийн үйл ажиллагааг байнга эрхлэн явуулдаг. иргэдтэй байгуулсан гэрээний үр шимийг хүртэж зээлийн үйл ажиллагаа явуулж буй.... Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.2, 189.3-т зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус  байна...” гэх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил гаргажээ.

Мөн  анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь уялдуулан харьцуулан үзэж үнэлээгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт хэргийн зохигч талуудаас шүүх хуралдаанд  шинжлэн судлуулсан нотлох баримт  бүр тодорхой бичигдээгүй, шүүх хуралдааны тэмдэглэлийг харахад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав гэж бичигдсэн хэдий ч  хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг  шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй байгаа нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр  гаргана” гэж заасантай нийцээгүй байна.

  Анхан шатны шүүхийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэх. хэргийн шийдвэрлэлтэд эрх зүйн дүгнэлт хийх, болон нэхэмжлэгч Ө.Хашчулууны гомдолд дүгнэлт хийх  боломжгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Ө.Хашчулууны давж заалдах журмаар гомдол гаргахдаа  анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 75,986,900 төгрөгийн үнийн дүнгээр буюу улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 246,450 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 291,434 төгрөг, нийт 537884 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 131/ШШ2022/00563 дугаар шийдвэрийг   хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 3-т  зааснаар  нэхэмжлэгч Ө.Хашчулууны  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537884 төгрөгийг  шүүгчийн захирамжаар төвлөрсөн төсвийн данснаас буцаан гаргаж, нэхэмжлэгч Ө.Хашчулуунд олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Л.НЯМДОРЖ