Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02017

 

 

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/02017

 

 

М ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Золзаяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2022/02806 дугаар шийдвэртэй,

М ХК-ийн нэхэмжлэлтэй Т ХХК-д холбогдох,

Гэм хорын даатгалын гэрээний нөхөн төлбөрт 1,325,468 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Орон сууцны даатгалын 211054251341 тоот гэрээт даатгуулагч Б-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Премиум 136а-***тоот байранд 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр сантехникийн гэмтэл буюу 00-ын өрөөний суултуурын почкины уян шланк холбоос хэсгээрээ задарснаас болж их хэмжээний ус алдаж том, жижиг өрөөний паркетин шал норж пөмбийн, 00-ын өрөөний хана, таазны эмульс хуурч шарлан ашиглалтын шаардлага хангахгүй болсон байх бөгөөд нийт 1,325,468 төгрөгийн хохирол учирсан. Б-ийн эд хөрөнгөд учирсан 1,325,468 төгрөгийн хохирлыг М ХК-аас барагдуулсан. Дээрх хохирол учирсан болохыг хариуцагч байгууллагын Тэргүүн өргөө ХҮТ нотолж өгсөн.

Тус орон сууцыг барьсан байгууллага нь Т ХХК бөгөөд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.8-д барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах үүрэгтэй гэж заасны дагуу сантехникийн гэмтлийн улмаас гарсан хохирлыг хариуцах үүрэгтэй байна. Иймд гэм хорын төлбөр болох 1,325,468 төгрөгийг Т ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компани нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Премиум Улаанбаатар-136 дугаар байрыг барьж Улсын комиссын байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Тус орон сууцны ариун цэврийн өрөөний сантехникийн гэмтэл нь хэрэглэгчийн ашиглалтын буруугаас буюу суултуурын почкины уян холбоосын механик үйлчлэлээр үүссэн гэмтэл гэж үзэж байгаа. Мөн уян шланк холбоос нь манай компанид нийлүүлэгч байгууллагаас бэлнээр авч угсардаг эд анги бөгөөд баталгаат хугацаа тогтоох боломжгүй. Манай байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ гэмтэл гарсан гэх баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-д холбогдуулан 1,325,468 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шийдвэрийн 4 дэх хэсэгт гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг хэмээн үндэслэсэн. Уг үндэслэлээс гэм хорын хохирлын үйлдэл нь зөвхөн бодит үйлдэл байхаар тайлбарласан байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д гэм хорын хохирлын үйлдэл нь үйлдэл болон эс үйлдэхгүй байхаар зохицуулсан. Эс үйлдэхүй гэдэг нь тухайн этгээд хуулиар хүлээсэн үүргийн дагуу хийх ёстой байсан үйлдлийг хийгээгүй байхыг ойлгодог. Манай байгууллага нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Т ХХК-ыг өөрийн хуулиар хүлээсэн үүрэг буюу Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.8-д заасны дагуу үүргээ биелүүлээгүй улмаас уг хохирол үүссэн буюу эс үйлдэхүйгээр хохирол учруулсан гэж үзсэн. Гэтэл шүүхээс энэ талаар дүгнэлт, тайлбар гаргаагүй байна.

Мөн Т ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Премиум 136 дугаар байрыг Улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд уг даатгалын тохиолдол нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бий болсон. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 40 дүгээр зүйлийн 40.1.8-т заасны дагуу барилга зүгшрүүлэх 3 жилийн хугацаанд багтан уг даатгалын тохиолдол бий болсон. Т ХХК нь уг байранд засан сайжруулалт хийх, 3 жилийн хугацаанд орон сууцны эвдрэл гэмтэл болон чанарын баталгааг хангах хуулиар хүлээсэн үүрэгтэй учир хохирлыг бүрэн хариуцах ёстой байна. Хариуцагч хариу тайлбартаа суултуурын почкины уян холбоосны гэмтэл нь хэрэглэгчийн ашиглалтын буруугаас үүссэн гэмтэл гэх боловч энэ тухайгаа шүүх хуралд нотлоогүй болно. Энэхүү даатгалын тохиолдол нь хэрэглэгчийн шууд буруутай үйлдэл буюу усны крант нээлттэй орхих зэрэг үйлдлээс болоогүй бөгөөд даатгуулагчийн гэр эзэнгүй байх үед орон сууцны сантекникийн эд ангиас болж ус алдсан. Т ХХК нь уян шланк холбоос нь манай компанид нийлүүлэгч байгууллагаас бэлнээр авч угсардаг эд анги бөгөөд баталгаат хугацаа тогтоох боломжгүй гэжээ. Манай даатгуулагч нь уг орон сууцыг "Т ХХК-аас худалдан авсан бөгөөд тухайн эд ангийг бэлтгэн нийлүүлэгчээс хохирол шаардана гэдэг нь боломжгүй байх бөгөөд худалдагч талтай байгуулсан гэрээ, сантехник худалдан авсан баримт болон баталгаат хугацаа заасан баримт зэргийг хавсаргаж өгөөгүй юм. Иймээс Т ХХК нь тухайн барилгын сантехникийн чанар, доголдлыг хариуцах үүрэгтэй байна.

Манай байгууллага нь даатгалын нөхөн төлбөр олгоход мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэдэг бөгөөд даатгуулагч Б-ийн гэрт ус алдах болсон шалтгааныг Т ХХК-ийн харьяа Тэргүүн Өргөө ХҮТ хэмээх байгууллага нь дүгнэлт гаргаж өгсөн байдаг. Уг байгууллага нь өөрийн барьсан орон сууцныхаа орон сууцны контор буюу мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг Тэргүүн-Өргөө ХҮТ нэрийн дор эрхэлдэг. Ийнхүү Т ХХК нь ус алдсан даатгалын тохиолдолд тодорхойлолт гаргахдаа өөрийн хариуцах үүргийг дурдаагүй нь ашиг сонирхлын зөрчилтэй болохыг харуулж байна.

Иймд М" ХК-ийн нэхэмжлэлтэй Т ХХК-д холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдлын эсрэг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Т ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, контор болон СӨХ-ны үйл ажиллагаа эрхэлдэггүй. Маргаан бүхий 136 дугаар байр нь Улаанбаатар төмөр замын ашиглалтын шаардлага хангахгүй суурин дээр баригдсан ба эрчим хүч, ус, дулааныг Улаанбаатар цахилгаан түгээх газар болон Улаанбаатар төмөр замын эрчим хүчний 1 дүгээр анги хангадаг. Барилга барьсан компани нь 3 жилд бүх зүйлийг хариуцах боломжгүй, учир нь барилгын дотор эд ангийг үйлдвэрлэдэг компани биш, гаднаас орж ирсэн барааг худалдан авч суурилуулдаг. Барилгын тухай хуульд ямар тохиолдолд хэн, ямар хариуцлага хүлээх талаар заасан. 3 жилийн хугацаанд хэрэглэгчийн үйлдлээс бий болсон гэмтэл болгоныг барилгын компани хариуцахгүй. Т ХХК-ийг ямар шинжээчийн дүгнэлтээр, юунд буруутгаж, хэн тогтоож байгаа нь тодорхойгүй. Манай компанийн анх суулгасан хоолой мөн эсэхийг мэдэхгүй байна. Магадгүй эзэмшигч, өмчлөгч нь механик гэмтлээр гэмтээж дахин суурилуулсан эсэх талаар баримт байхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 1,325,468 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ...ус алдсан гэм хорын хохиролд манай компани хамааралгүй... маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг баримталсан байна.

 

4.а Иргэн Б- нь М ХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг байгуулж, уг гэрээгээр даатгуулагч нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Нарны зам гудамж 136 а байр ***тоот хаягт байрлах 38.93 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг даатгуулж даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдолд үүсэхэд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх үүргийг тус тус хүлээжээ /хх 6-7/.

 

4.б Даатгуулагч Б-ийн дээрх орон сууцанд 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр сантехникийн гэмтэл буюу 00-ын өрөөний суултуурын почкины уян шланк холбоос хэсгээрээ задарснаас болж их хэмжээний ус алдаж том, жижиг өрөөний паркетин шал норж пөмбийн, 00-ын өрөөний хана, таазны эмульс хуурч шарлан ашиглалтын шаардлага хангахгүй болсон буюу даатгалын тохиолдол бий болсон нь эд хөрөнгийн даатгалын тохиолдлын тодорхойлолт, Тэргүүн өргөө" ХҮТ-ийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 03/037 тоот албан бичиг зэргээр, даатгуулагчид учирсан 1,620,000 төгрөгийн хохирлоос даатгагч даатгалын нөхөн төлбөрт 1,325,467.8 төгрөг төлсөн болох нь Кости-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, шилжүүлгийн мэдээлэл зэргээр тус тус тогтоогджээ /хх 9-10, 13-17/.

 

4.в Нэхэмжлэгч М ХК нь даатгуулагч Б-ид даатгалын нөхөн төлбөр төлснөөр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, даатгалын гэрээний 1.4.2/6/-д зааснаар буруутай этгээдээс нөхөн төлбөрийг шаардах эрх шилжсэн байна.

 

5. Гэвч Тэргүүн Өргөө ХҮТ-ийн гаргасан тодорхойлолтод тулгуурлан даатгуулагч Б-ийн орон сууцанд 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр сантехникийн гэмтэл буюу 00-ын өрөөний суултуурын почкины уян шланк холбоос хэсгээрээ задарсан үйл баримтад хариуцагч Т ХХК-ийг гэм буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

6. Гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх тохиолдолд буруутгагдаж буй этгээдийн санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас гэм хор учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй тогтоогдсон байх ёстой. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.8-д заасан хэм хэмжээ нь барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа талуудын хооронд буюу гэрээний үүргийн харилцаанд хамаарах зохицуулалт болохоос эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол арилгах харилцаанд хэрэглэгдэхгүй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7. Хуульд заасан журмын дагуу томилогдсон иргэдийн төлөөлөгч Г.Гантулга нь шүүх хуралдаанд ирээгүй боловч зохигчид түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн тул хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт нийцсэн байна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2022/02806 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ