Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/102

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Р,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овогт З-ийн С-д холбогдох эрүүгийн 1817001460078 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б... овогт З-ийн С /РД:............/ Дорноговь аймгийн Айраг суманд 1977 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байрны .......... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх, 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч З.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сар, 2018 оны 05 дугаар сар, 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байрны 21-600 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай насанд хүрээгүй дагавар охин А.Б-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас хацар луу алгадах, хоолойг боох, хэвлий рүү нь өшиглөх зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байрны 21-600 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай насанд хүрээгүй дагавар охин А.Б-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас хацар луу алгадах, хоолойг боох, хэвлий рүү нь өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч З.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын дундуур, 2018 оны 05 дугаар сарын эхээр, 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус тус Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байрны 21-600 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай насанд хүрээгүй дагавар охин А.Б-т агсам согтуу тавьж, хэрүүл маргаан үүсгэн улмаар түүний хацар луу нь алгадах, хоолойг гараараа боох, аманд нь гараа хийн завжийг нь урах, төмөр алх, модон сандлаар цохихоор сүрдүүлэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн,

мөн 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байрны 21-600 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай насанд хүрээгүй дагавар охин А.Б-т агсам согтуу тавьж хэрүүл маргаан үүсгэн улмаар түүний хацар луу алгадах, хоолойг боох, хэвлий рүү нь өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч З.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр би айл нүүлгэж өгөөд тэр айлд 2 шил архи уусан. Тэгээд гэрт очоод ийм хэрэг болсон. 2018 оны 04 дүгээр сард зодсоноо санахгүй байна. Ямар ч байсан гэртээ очоод унаад толгойгоо хагалчихсан түүнээс өөр зүйлийг мэдэхгүй байна. 2018 оны 05 дугаар сард хоолой боож, орноос татаж унагаасан зүйл болсон. Би Б-ийг 2 удаа л зодсон. Өөрөөр Б-ийг зодож, цохиж байгаагүй. Б-ийг коллежид оруулсан чинь янз бүрийн ааш зан гаргаад юм хэлэхээр ээжийгээ загнаад, миний өөдөөс ч гэсэн хэг ёг гээд байдаг болсон. Би тэр үед нь чи наад ааш зангаа зас гэж хэлж байсан. Мөн ангийнхантайгаа нийлээд гадуур хэсээд яваад байдаг. Гэрт  очиход заримдаа ээж нь шалаа угаагаад зогсож байдаг. Ээж нь эд нарт юм хэлдэггүй тэгэхээр нь би загнадаг. Б нь миний дагавар охин 7 жил хамт амьдарч байна. Архи уугаад маргааш нь болсон явдлыг санадаггүй. Би жоншны ажил их хийж байсан, бас мориноос унаж чирэгдээд толгойгоо хагалж байсан. Одоо охинтойгоо хэвийн харьцаатай байгаа. Цаашид ахиж ийм хэрэг давтахгүй гэв.

 

1.2. Насанд хүрээгүй хохирогч А.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Манай хойд эцэг С ээжтэй ханилаад 7 жил болж байгаа. Хойд эцэг С байнга архи уудаг, архи уухаараа бид нарт байнга агсам согтуу тавьж муухай ааш гаргадаг. 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр  хичээлээ тараад 16 цагийн үед гэртээ ирэхэд хойд аав С согтуу ээжтэй зүүн талын орон дээр хэвтэж байсан. Орны өмнө мөнгөн дэвсгэртүүд хэвтэж байхаар нь энэ хэний мөнгө бэ гээд асуусан чинь ээж наад мөнгөөр чинь ундаа аваад уучихъя гэж хэлсэн. Тэгтэл хойд эцэг С үгүй би наад мөнгөөр чинь архи авч ууна гээд мөнгийг надад өгөөд  архи аваад ир гэсэн. Би надад насанд хүрээгүй гээд архи өгөхгүй ш дээ гэж хэлсэн. Ээж мөн хажуунаас нь юу гэж насанд хүрээгүй хүүхдэд архи өгдөг юм бэ гэж хэлсэн чинь хойд эцэг С уурлаад босч ирээд чамайг би ална гээд нэг удаа хацар луу алгадахаар нь би цагдаа дуудна гээд утсаа гаргаад иртэл миний утсыг булааж авах гэж байхдаа миний хэвлийн урд хэсэг рүү нэг удаа хөлөөрөө тийрээд утас авч гараад буцаж орж ирэхдээ төмөр иштэй алх барьж орж ирээд намайг цохих гээд далайхад алхыг нь ээж хажуунаас нь булааж авсан чинь нэг гараараа намайг боогоод нөгөө гараараа миний завьж руу хуруугаа хийгээд татсан. Тэгээд 2 гараараа хоолой боосон. Тухайн үед миний хоолой хэд хоног хөндүүр явж байгаад гайгүй болсон. 2018 оны 04 дүгээр сард хойд аав С архи ууж ирээд ээжид агсам тавиад байхаар нь би ээжийгээ өмөөрсөн чинь намайг нэг удаа гараараа хацар луу алгадаад, модон сандал аваад цохих гээд далайхад ээж хажуунаас нь булааж авч байсан. Миний хацар өвдөж байгаад зүгээр болсон. 2018 оны 05 дугаар сард хойд эцэг С мөн согтуу ирээд ээжид агсам тавиад байхаар нь би өмөөрсөн чинь миний хоолойг гараараа боогоод арагш нь түлхээд орон дээр унагаад хөлнөөс татаж орноос унагаж байсан. Тухайн үед миний баруун хөлний шилбэ улайсан байсан. Хойд аав С намайг нийт 3 удаа зодсон. Хамгийн сүүлд нь цагдаад хандсан. Өөрөөр дарамталж янз бүрийн асуудал гаргаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 74-75хуудас/

 

1.3. Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирсэн чинь хамтран амьдрагч С гэрт халамцуу баруун орон дээр хэвтэж байсан.  Удалгүй манай том охин гаднаас орж ирээд орны өмнө мөнгө хэвтэж байна энэ юун мөнгө юм бэ гэж надаас асуухаар нь би миний охин наад мөнгөөрөө ундаа авчихгүй юу гэж хэлсэн чинь С босч ирээд наад мөнгө чинь миний мөнгө би  архи авч уух гэж байгаа юм гэж хэлээд охин Б рүү чи яваад наад мөнгөөрөө 100 граммын Ерөөл нэртэй архи аваад ир гэж хэлсэн. Манай охин өмнөөс нь би 21 нас хүрээгүй юм чинь надад юу гэж архи өгөх  юм бэ гэж хэлсэн. Би мөн хажуунаас нь насанд хүрээгүй хүүхдэд юу гэж архи өгдөг юм бэ гэж хэлсэн чинь С охин руу уурлаад тэр хоёр хоорондоо хэрэлдээд С  Б-ийг нэг удаа алгадахад нь би наад С чинь согтуу байна цагдаа дууд гэж охиндоо хэлсэн чинь утсыг С булааж аваад гадаа гаргаад орж ирэхдээ гартаа нэг алх барьчихсан би тэр утсыг нь хагална гэж хэлж байгаа дуулдсан. Би  алхыг С-ын гарнаас нь авсан чинь охины хоолойг нь гараараа боогоод орон дээр хэвтүүлээд аман дотор нь гараа хийгээд завжийг нь дотор талд нь урсан. Өөр зүйл болоогүй цагдаа дуудаад С-ыг өгөөд явуулсан. Үүнээс гадна 2018 оны 04 дүгээр сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна С архи ууж ирээд надтай маргалдсан чинь охин Б намайг өмөөрөөд С-той маргалдаад муудалцахад С охиныг нэг удаа алгадаад гэрт байдаг явган сандал аваад цохих гэхлээр нь би болиулаад сандалыг гараас нь салгаж авсан. Мөн 2018 оны 05 дугаар сарын эхээр өдрийг мөн санахгүй байна С архи ууж ирээд намайг хий хардаад надтай маргалдсан чинь манай охин Б намайг өмөөрөөд С-той маргалдсан чинь охиныг барьж аваад хоолойг нь гараараа боогоод орон дээр хэвтүүлээд гараараа хөлнөөс татаж орноос унагасан. Дээрх хоёр асуудлыг цагдаад хэлэлгүй өнгөрүүлсэн. Манай охины биед ил харагдах шарх гэмтэл учраагүй байсан. Ер нь С архи уухаараа намайг хэн нэгэн хийсвэр хүнтэй хардсанаас болоод хоорондоо маргалдахаар манай охин намайг өмөөрөөд С-той муудалцдаг юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23, 100 хуудас/

 

1.4. Гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “С, А нар 6 жил орчмын өмнөөс нэг гэртээ амьдарч эхэлсэн. Гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа нэг хүүхэдтэй. С дагавар хүүхдүүдтэйгээ гайгүй харилцаатай юм шиг байдаг. Миний хажууд хүүхдүүддээ муухай авир гаргаж, гар хүрч зодож байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-17 хуудас/

 

1.5. Шинжээч Л.Ж  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “А.Б-ийн зүүн гарын алганы эдгэж байсан зүсэгдсэн шарх гэмтлийг дүгнэлтэнд хамааруулахгүйгээр тооцвол бусад гэмтлүүд болох хэвлийн доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хацрын доод салстын зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд нь нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах боломжтой” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 хуудас/

1.6. Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 212 дугаар дүгнэлтэд: “ А.Б-ийн биед зүүн гарын алганд зүсэгдсэн шарх, баруун гарын бугалганд цус хуралт, баруун завьжинд зулгаралт, хэвлийн урд доод хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр 2018 оны 06 дугаар сарын 09-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.”

Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 26 хуудас/

1.7. Аюулын зэргийн үнэлгээ, Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /х.х-ийн 4, 87-99  хуудас/

 

1.8. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /х.х-ийн 4-5 хуудас/

 

1.9. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолт /х.х-ийн 47 хуудас/

 

1.10. Насанд хүрээгүй хохирогч А.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 77-78 хуудас/ зэрэг болно.

 

            Иймд шүүгдэгч З.С-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч З.С-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй гэснийг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч З.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Насанд хүрээгүй хохирогч А.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би эхэндээ гомдолтой байсан. Хойд аав С надаас уучлалт гуйгаад буруугаа ойлгосон учраас одоо гомдол санал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 74-75  хуудас/

 

2.2. Гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “С архи дарс нээх их уугаад байдаггүй, баяр ёслолын үеэр хамт олонтойгоо хааяа нэг ууж иддэг талаар нь түүний эхнэр А-ээс сонсож байсан. А-ийн яриагаар С нь ганцаараа гадуур ажил хийгээд хэдэн төгрөг олж ирдэг, С-ыг байхгүй бол манайх гэдэг айл хэцүүдэнэ дээ гэж хэлж байхыг сонсож байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/

 

2.3. Насанд хүрээгүй хохирогч А.Б-ийн шүүхэд гаргасан хүсэлт

 

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 38 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч З.С-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа шүүгдэгч З.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй хохирогч А.Б-ээс уучлалт гуйн нэг нэгнээ уучилсан, эхнэр Г.А нь элэгний хүнд өвчтэй ба шүүгдэгч З.С нь ажил хийн амьдралаа авч явдаг, насанд хүрээгүй хохирогч А.Б шүүхэд миний аавд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан зэргийн харгалзан үзэж аль болох ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч З.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-д оногдуулсан хорих ял дээр, нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч З.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч З.С нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт З-ийн С-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч З.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 30 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-д оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч З.С нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТТУЛГА