Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/02036

 

 

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/02036

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/03293 дугаар шийдвэртэй,

А-гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/01182 дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч үүргээ гүйцэтгээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г-, Д- нарын өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 22 дугаар гудамжны *** тоот, хувийн сууцны зориулалттай 90 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг 69,445,549 төгрөгөөр, Р.Батхишигийн өмчлөлийн **** УБР улсын дугаартай, Тоёото ланд круйзер маркийн автомашиныг 133,000,000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах болсон тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4-149/10341, 4-149/10345 тот мэдэгдлүүдийг тус өдөр мэдэгдсэн. Дээрх үнэлгээг хийхэд нэхэмжлэгчийн саналыг асуугаагүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн. Мөн үнэлгээ хийсэн аргачлал тодорхой бус.

Тоёото ланд круйзер маркийн ****-УБР улсын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг үнэлсэн үнэлгээний тайлан дээр өртгийн хандлагын аргыг тооцоолохдоо тус тээврийн хэрэгслийг 1998 онд үйлдвэрлэгдсэн 23 жил ашигласан гэж үнэлгээг гаргасан. Тухайн тээврийн хэрэгсэл 2015 онд үйлдвэрлэгдсэн 7 жилийн хугацаанд ашиглагдсан. Тээврийн хэрэгслийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч н.Сэргэлэнгээс үнийн санал аваагүй, үнэлгээг түүнд мэдэгдээгүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн элэгдлийг тооцохдоо 60 жилээр, жилийн 0.6 хувиар тооцдог. Гэтэл үнэлгээчин элэгдэл, хорогдлыг тооцохдоо 2 хувиар тооцож үнэлгээг гаргасан. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн нэг м.кв-ыг Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 207 дугаар тушаалаар баталсан журмыг баримтлан 420,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл 2016 оны 420,000 төгрөгийг үнэлгээ одоогийн зах зээлээр бараа материалын үнэ өссөн байхад зах зээлийн хувьд хэт багаар үнэлж гарсан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/01182 дугаартай шийдвэрээр А-гаас 214,417,229 төгрөгийг гаргуулж Номунтабак ХХК-д, 328,783,503 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар А-гийн үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар барьцаалсан Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон газар, **** УБР дугаартай Тоёото ланд крузейр маркийн автомашиныг битүүмжилж, хураасан.

Төлбөр төлөгч А- болон тухайн эд хөрөнгийн өмчлөгч Г-, Д- нараас үнийн санал авахад үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг 100,000,000 төгрөгөөр, автомашиныг 115,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа ирүүлсэн. Уг саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй учраас шинжээч томилж, эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг 69,445,549 төгрөгөөр, автомашиныг 133,000,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтээ хариуцагч байгууллагад ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээд Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0118 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1157 дугаар магадлалаар А-гаас 213,193,000 төгрөгийг Номунтабак ХХК-д, Б ХХК-д 326,990,600 гаруулахаар шийдвэрлэсэн. А- шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд 8 төрлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар магадлалд тусгасан. Маргаан бүхий дээрх барьцаа хөрөнгийг төлбөр төлөгч буюу өмчлөгч нар хэт өндрөөр үнэлсэн байсан тул Б ХХК-ийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан.

Хүсэлтийн дагуу Бэсэг ХХК шинжээчээр томилогдож үнэлгээний тайланг ирүүлсэн. Б ХХК-ийн зүгээс хоёр үнэлгээ дээр маргах зүйл байхгүй. Мөн төлбөр төлөгчийн өөрийнхөн үнэлсэн үнэлгээнээс эд хөрөнгийг илүү үнээр үнэлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Бэсгэ ХХК-ийн дээрх үнэлгээ зах зээлийн бодит ханшид нийцээгүй хэт багаар үнэлсэн тул зөвшөөрөхгүй. Түүнчлэн үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхой бус, хэт их нуршсан дүгнэлт нь ойлгомжгүй, үйл баримтыг тогтоолгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайлбал, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дахь талын дээрээсээ 2 дахь хэсэгт ...хөрөнгүүдийг барьцаалах ...Батхишиг өөрийн өмчлөлийн, **** УБР улсын дугаартай Тоёото ланд крузейр маркийн автомашиныг төлбөр авагчийн төлөөлөгчид шилжүүлсэн, үүнд нь маргаагүй... хэмээн дурдсан нь шилжүүлээд байгаа хөрөнгө нь барьцаалсан эсхүл худалдсан эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтад харшилж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Маргаан бүхий хашаа, байшин болон автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэгдсэн. Б ХХК нь компанийн нэрийн өмнөөс байгуулах эрхийг өөрийн компанийн ажилтан Ж.Сэргэлэнд олгосон тул барьцааны гэрээний дагуу тухайн тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж авсан. Энэ тухай холбогдох бүх баримт хэрэгт авагдсан. Ж.Сэргэлэн нь компанийг төлөөлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцож, холбогдох хүсэлт баримтуудтай танилцаж байсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд Б ХХК эс зөвшөөрч маргасан.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/01182 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1157 дугаар магадлалаар хариуцагч А-гаас 213,193,313 төгрөгийг гаргуулан Номунтабак ХХК-д, 326,990,600 төгрөгийг гаргуулан Б ХХК-д тус тус олгож,

213,193,313 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Ч.Бат-Оюуны өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 хороолол, 14 дүгээр хороо, 13-А дугаар байрны 5 тоот, 40 м.кв, 3 өрөө орон сууц, 326,990,600 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Р.Батхишигийн эзэмшлийн 01303059 дугаар гэрчилгээтэй, Ланд круйзер 200 маркийн **** УБР улсын дугаартай хар саарал өнгийн тээврийн хэрэгсэл, Г-, Д- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202025785 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 22 дугаар гудамжны *** тоот хаягт байршилтай 90 м.кв хувийн сууц мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-2202017209 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрх, Ч.Батцэцэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205028115 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүннарангийн 11 дүгээр гудамжны 24-А тоот, 617 м.кв газар болон 40 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2205003012 дугаарт бүртгэлтэй 617 м.кв газар, Р.Батхишигийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203007351 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Х-100 айл, 2 дугаар байрны 23 тоот хаягт байршилтай, 11 м.кв, 1 өрөө орон сууц, А-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206054449 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа /17120/, 250 дугаар байрны 2 тоот, 38.1 м.кв орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэр, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гүйцэтгэх хуудас зэрэг баримт бичгийг үндэслэн шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Г-, Д- нарын өмчлөлийн 90 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай газар, Р.Батхишигийн эзэмшлийн Ланд круйзер 200 маркийн **** УБР улсын дугаартай автомашин зэргийг 2021 оны 12 дугаар сарын 16, 12 дугаар сарын 23-ны өдөр битүүмжлэх, 2022 оны 04 дүгээр сарын 20, 04 дүгээр сарын 27-ны өдөр хураах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн, уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй /хх 66-67, 69-70, 75-76, 78-79/.

 

4. Талууд дуудлага худалдаагаар худалдах хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/131, 4/12 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Бэсгэ ХХК-ийн үнэлгээчин С.Мөнхжаргалыг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулсан нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцжээ. /хх 85, 109/.

 

5. Шинжээч нь Г-, Д- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202025785 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 22 дугаар гудамжны *** тоот хаягт байршилтай 90 м.кв хувийн сууцыг 38,314,080 төгрөг, мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-2202017209 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай газрыг 30,520,000 төгрөг, нийт 69,445,549 төгрөгөөр,

Р.Батхишигийн эзэмшлийн 01303059 дугаар гэрчилгээтэй, Ланд круйзер 200 маркийн **** УБР улсын дугаартай хар саарал өнгийн тээврийн хэрэгслийг 133,000,000 төгрөгөөр тус тус үнэлжээ /хх 89-108, 113-128/.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо үнэлгээ зах зээлийн бодит ханшид нийцээгүй, үнэлгээний аргачлал тодорхой бус, тээврийн хэрэгслийг 1998 онд үйлдвэрлэгдсэн 23 жил ашигласан гэж үнэлгээг гаргасан, тээврийн хэрэгслийн өмчлөгч н.Сэргэлэнгээс үнийн санал аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 207 дугаар тушаалаар баталсан журмыг баримтлан зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн, н.Батхишигийн тээврийн хэрэгслийг барьцаалсан, эсхүл худалдсан эсэх нь тодорхойгүй гэж тайлбарладаг.

 

6. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-9 дүгээр зүйлд заасан үнэлгээ хийх арга, аргачлал, тавигдах шаардлагыг хангасан үнэлгээг шинжээч хийсэн, үнэлгээнд хүчин төгөлдөр үйлчилж буй Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм, Сангийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 207 дугаар тушаалаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг санхүүгийн тайлагналын зориулалттай дахин үнэлэх аргачлал зэргийг өртгийн хандлагын тооцоололд баримтлахаас гадна зах зээлийн жишиг үнийн харьцуулалтыг хийсэн байна.

 

Үнэлгээний тайланд Ланд круйзер 200 маркийн **** УБР улсын дугаартай хар саарал өнгийн тээврийн хэрэгслийг 1998 онд үйлдвэрлэгдсэн гэж бичсэн байгаа боловч энэ нь техникийн алдаа болох нь үнэлэх хөрөнгийн тодорхойлолт, зах зээлийн хандлагын тооцоолол, үйлдвэрлэсэн оны итгэлцүүр, үнэлгээний үр дүн зэргээр нотлогджээ. /хх 117-120/

Иймд хувийн сууц, газар, тээврийн хэрэгслийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

7. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/01182 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1157 дугаар магадлалаар үүргийн гүйцэтгэлийг 01303059 дугаар гэрчилгээтэй, Ланд круйзер 200 маркийн **** УБР улсын дугаартай хар саарал өнгийн тээврийн хэрэгслээр хангуулахаар шийдвэрлэхдээ уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Р.Батхишиг болохыг дүгнэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал дахин нотлохгүй тул Ж.Сэргэлэнгийн нэр дээр бүртгэлтэй эсэхээс үл хамааран дээрх тээврийн хэрэгслийг Р.Батхишигийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж үзэх ба түүнээс үнийн саналыг авсан байна.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх тул нэхэмжлэгчийн **** УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан, эсхүл худалдсан эсэх нь тодорхойгүй гэх гомдол үндэслэлгүй.

Мөн Ж.Сэргэлэн нь төлбөр авагчийн төлөөлөгчийн хувиар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохдоо тээврийн хэрэгслийн үнийн санал өгөх ажиллагаанд оролцсон байна.

 

8. Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлахдаа техникийн алдаа гаргасныг залруулах замаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/03293 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...117.1... гэснийг ...177.1... гэж,

2 дахь заалтын ...57 дугаар зүйлийн 57.1... гэснийг ...56 дугаар зүйлийн 56.1... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ